ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр орны найрсаг харилцаанд олон жилийн турш чөдөр болж ирсэн асуудлыг нэлээд нухацтай хөндөж эхэллээ. Эхлээд зогсохгүй шийдвэрлэх арга замыг идэвхтэй эрэлхийлж байна. Энэ бол Курилийн арлууд юм. Японы тал Хаант Орос улстай 1855 онд байгуулсан хил хязгаар, худалдааны гэрээг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи гэсэн дөрвөн арлыг өөрийн нутгаа гэж үздэг. Харин ОХУ-ын тал Зөвлөлт, Японы 1956 онд байгуулсан декларацд үндэслэхийг хүсч байна. Уг декларацын дүнд дээрх арлуудыг ЗХУ өөрийн харьяанд шилжүүлэн авсан түүхтэй. Ингэх болсон үндсэн шалтгаан нь Хаант засгийн үеэс л толгойны өвчин болж ирсэн Алс Дорнодынхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад оршиж байв. Учир нь тэдгээр арлууд Оросын Алс Дорнодын нутгийг Номхон далай талаас хамгаалж сунайн оршдог. Дээр нь Курилийн арлуудыг өөрийн болгосноор Агнуурын тэнгист эзэн суух боломжийг олж авч, Номхон далайд атомын крейсерүүдээ шумбуулах хаалгыг оросууд нээж авсан юм.
Дээр нь онцгой үүрэг бүхий цэргийн хүчин, улсыг аюулаас хамгаалах өндөр ач холбогдолтой байгууламжуудыг байгуулсан байдаг. Тиймээс эдгээр арлыг уугуул эзэн япончуудад буцаан шилжүүлэх нь асар их эрсдлийг үзүүлэх тул оросууд Японы талаас тавих санал, шаардлагыг ЗХУ-ын үеэс л хүлээж аваагүй юм. Оросын цэргийн мэргэжилтнүүдийн баталж буйгаар Курилийн арлуудын ач холбогдол хэзээд өндөр байсан, цаашид улам нэмэгдэнэ хэмээн үзэж байна.
Ийм олон шалтгаан байгаа учраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ямар нэгэн урьдчилсан тохироогүйгээр Найрамдлын гэрээгээ байгуулчихья. Дараа нь маргаантай асуудлынхаа талаар тайван ярилцъя” гэсэн саналыг Алс Дорнодын эдийн засгийн форумын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэд тавьсан. Абэ ч юм хэлээгүй. Тэгээд эх орондоо очоод асар их шүүмжлэлд өртсөн. Япончуудын үзэж байгаагаар уугуул газар нутгийнх нь талаар ОХУ эргэлзээтэй санал тавьж байхад хариуг нь газар дээр нь шийдэмгий өгөх байжээ.
Наран улс Оросын талын санал болгож байгаа өөр нэг хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр нь зөвхөн Шикотана, Хабомаи гэх хоёр арлыг буцаан шилжүүлэх санал. Курилийн хамгийн жижиг арлууд юм. Зөвлөлтийн үед ч ийм саналыг хэлж байсан, Путины одоогийн байх суурь ч үүнээс зөрөхгүй байгаа. Уг арлууд нь усан цэргийн флот багтахааргүй жижиг учир орос иргэд дээрх хоёрыг япончуудад өгөхөд нэг их дургүйлхэхгүй нь мэдээж. Харин үүний хариуд Японы тал “2+2” гэсэн хувилбарыг хатуу байр суурьтай дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл эхлээд Шикотана, Хабомаи арлыг шилжүүлж аваад ОХУ-тай Найрамдлын гэрээ байгуулах. Дараа нь үлдсэн хоёр арал Итуруп, Кунаширыг шилжүүлэн авна гэсэн зарчмаар явах юм.
Японы хувьд Курилийн арлуудыг авах нь улс төр, эдийн засаг, нийгэм, газар нутгийн асар өндөр ач холбогдолтой. 126 саяд хүрсэн хүн амаа суурьшуулах шинэ боломжийг нээхээс гадна ашигт малтмалын баялагтай арлуудаар нутгаа тэлэх юм. Гэхдээ хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдлаа бүрэн хэмжээнд хангах боломжийг олж авах явдал. Дээрх дөрвөн арал Японы Хоккайдо аралтай бөөр бөөрөөрөө наалдах шахуу ойрхон байрладаг тул Хоккайдогийн хойд үзүүрт очсон хэн ч Хабомаи, Кунашир арлыг шууд хардаг нь Курилийн арлуудын ач холбогдлын түвшинг шууд илтгэнэ.
Маргаантай дээрх арлуудад өдгөө 17 мянган хүн оршин сууж байна. Хабомаи арал өөрөө жижигхэн авч дагуул арав гаруй бичил аралтай. Шикотан аралд Малокурильское, Крабозаводское гэсэн Оросын хоёр тосгон байх. ЗХУ-ын үед мандан байсан консервний аварга том үйлдвэр нь өдгөө жижиг, дунд бизнес болон уруудсан. Итурупт болохоор 1600 хүн ам бүхий Курильск суурин байх. 2014 онд Олон улсын нисэх буудалтай болсон нь бүс нутгийн хөгжилд том хувь нэмрийг оруулж байна. Кунаширт 7700 хүн амтай Южно-Курильск суурингаас гадна зургаан тосгон байх. Оросын цэрэг, армийн голлох анги нэгтгэлүүд,100 гаруй онцгой байгууламж тэнд мөн байрладаг.