Жуулчдад ээлгүй орнуудын хар жагсаалтад Монгол Улс бичигдсэн хэвээр л. 2017 оны “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс”-ийн судалгаагаар манай улс нэлээд доогуур байрыг эзэлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтэц, тус салбарын хүний нөөц, хөдөлмөрийн зах зээл, байгаль болон эдийн засгийн орчин зэрэг шалгууруудын нийт онооны дунджаар Монгол 3.3 оноотойгоор 102 дугаар байрт орсон байна. Ер нь бид тус индекст 100 дугаар байрнаас дээшилдэггүй учир “Хар жагсаалт”-д мөн бичигджээ. Тэр ч бүү хэл жуулчидтай холбоотой гэмт хэргийн гаралт, салбарын хөгжлийн индексээрээ 141 орноос 131-т эрэмбэлэгджээ. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ, Монголын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг болгоно, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлнэ гэж ярихад энэ тоо арай ичгэвтэр биш гэж үү.
Монгол улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч, манай улсын эдийн засагт 400 сая ам.долларын орлогыг оруулсан байна. Гэхдээ эдгээр жуулчид төлсөн мөнгөтэйгөө дүйцэхүйц үйлчилгээг авч чадсан болов уу гэх асуултыг арван хүнээс асуухад ес нь үгүй хэмээн хариулав. Үүнтэй ч санал нэг байна. Ядаж л Улаанбаатар хот минь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Гэхдээ тэдэнд үзэж харчихаар зүйл Сүхбаатарын талбай, Гандантэгчилэн хийд, Богдын музей гурваас өөр байхгүй гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ.
Хэдэн жилийн өмнө Гандантэгчилэн хийдэд нэгэн лам гадаадын жуулчдыг оруулахгүй гээд хаалга алдсан зогсоод мөнгө нэхэж байхтай таарч байсан юм. Учрыг лавлатал ингэдэг ёстой юм гэснээс өөр зүйл хэлэлгүй цааргалах маягтай одов. Уг нь ямар ч улсын бурхан шашны ариун газар үнэ төлбөргүй л баймаар юм. Ядаж байхад ганданд үзэж харчихаар зүйл Жанрайсиг бурханаас өөр зүйл байхгүй. Гэтэл шүтээнээ болгож ирсэн Жанрайсиг тоос тортгондоо дарагдаж, дуган доторх хүрдүүд мөн л ялгаагүй хүмүүсийн гарын хөлс, хир тоосондоо холилдож наалдсан байх нь гадны жуулчдын битгий хэл бидний ч сэжгийг төрүүлнэ. Уг нь Жанрайсиг бурхны өнгө нь алтан шаргал өнгөтэй юм гэнэ лээ. Гэтэл аль хэдийнээ үндсэн өнгө төрхөө гээжээ. Түүнийг тойрон хүрээлсэн мянган Аюуш бурхны жанч ч гэсэн хир тоос, хүж арцны утаа угаартай идэгдсэн байх юм. Ийм л зүйлийг харуулах гэж жуулчдаас хэдэн арваар нь доллар нэхдэг үү гэлтэй.
Зөвхөн нийслэлд ч биш манай улс онгон үзэсгэлэнт байгальтай ч үндсэн хэдхэн маршрутын хөтөлбөрөөс жуулчид уйдсан гэлтэй. Улиг болсон нөгөө л Элсэн тасархай, Эрдэнэ зуу хийд, Тэрэлж, Ёлын ам байхаар нэг ирсэн жуулчин дахиж ирэх хүсэл төрөхгүй байх нь ч аргагүй. Хэдэн жилийн өмнө 75 настай нэгэн япон өвгөн олон цаг машинаар давхиж давхиж Эрдэнэ зуу хийдийг үзчихээд “Ийм л зүйлийг үзэх гэж би ингэж зовсон юм уу” гээд асгартлаа уйлсан гэдэг.
Ёлын ам ч мөн адил олон цаг машинаар давхиж очно. Цаашаа жинхэнэ явган замаар явж өгнө дөө. Эсвэл жуулчдын компани морь санал болгоно. Монгол хүнд 10 мянган төгрөг, гадаадын жуулчнаас жингээс нь хамаарч 50-70 ам.доллар нэхнэ. Морь унуулахад монгол, гадны ялгаа гаргах хэрэг байна уу даа гэж тэрхэн үед бодож байснаа нуух юун. Ингээд мориор нэлээдгүй удаан явж явж зорьсон газраа очтол мэлтийсэн сайхан хадан хавцал л үзэгдэнэ. Хөтчүүд ч яахав номонд бичигдсэнээр нь аргал янгир, мөнх цаст уул бий гэж тайлбарлана. Нутгийн иргэдэд ч харагддаггүй ховор амьтад ганц ирж байгаа жуулчдад юу гэж үзэгдэх вэ дээ. Ядаж мөнх цасыг нь харъя гээд очтол хайлаад урсчихсан байх нь тэр. Ийм байхад яаж хүний сэтгэлийг татах вэ дээ. Дэлхий дээр онгон байгальтай, үзэсгэлэнт газартай улс ганц Монголоор дуусах биш дээ.
Энэ мэтчилэн манайхан гадны жуулчин харахаараа “ногоон” гэж хардаг зуршлаа засахгүй бол ирсэн цөөн хэдэн жуулчид нь үргээд дууслаа. Уг нь Монгол Улс баялаг соёл, үлгэрийн мэт байгаль, аюулгүй орчин, ард иргэдийн зочломтгой зан жуулчдыг татах үндсэн хөшүүрэг болдог гэлцдэг. Жуулчдад үзүүлдэг бидний үйлчилгээний чанар, соёл, нөөц доройтсоор ирлээ. Байгалиа онгоноор нь байлгаж, үйлчилгээгээ төгс болгодоггүй юм гэхэд зориод ирсэн зочдынхоо халаасыг үйлчилгээ гэх ядмаг үйлдлүүдээрээ тэмтэрмээргүй байвал сайн юмсан. Бусдын халаасыг тэмтрэхээсээ өмнө үзүүлж буй үйлчилгээнийхээ чанарыг тэмтрэх хэрэгтэй буй за.