Өчигдрийн бага үдэд эхэлсэн Удирдах зөвлөлийнхөө хуралдаанаас урьтаж хийсэн УИХ дахь олонхын бүлгийн даргын мэдэгдэл МАН-д үүссэн ан цав улам бүр газар авч буйг нотоллоо.
Түүний мэдэгдэл хийсэн газраас хэдхэн алхмын цаана, Ерөнхий сайдын өрөөнд болсон Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд, парламент дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг “60 тэрбум”-ын гэх хэргийн “малгай” дор огцруулахаа намын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн нь дээрхийг илүүтэй лавшруулав.
Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсон гишүүн, сайд нарт хариуцлага тооцох тухай лав л өчигдрийн хуралдаанаар хөндөөгүй бололтой.
Удирдах зөвлөлийн гишүүн Д.Хаянхярваа хурал нь эхэлчихээд байхад хэвлэлийнхнийг цуглуулж, мэдэгдэл хийсэн нь ч учиртай биз. Намынх нь дарга өөрийнх нь талаар асуудал тавих гэж буйг мэдсэн хүний хийх мэдэгдэл байсан нь гарцаагүй.
Уг нь тэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх нараас шаардаж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга бус, жирийн гишүүний хувиар илэрхийлж байгаагаа тодотгосон. Үнэндээ улс төрийн шинжтэй, удирдлага руугаа илт эелдэг бус хандсан энэ мэт асуудлаар 65 (одоо 64 буй) гишүүнтэй бүлгийн байр суурийг дарга нь нэгтгэж илэрхийлэх боломж бүрдэхгүй болоод удаж байгаа.
Тиймээс ч УИХ дахь бүлгээ зангидаж чадахгүй байна гэдэг үндэслэлээр Д.Хаянхярваагаас албыг нь авна гэдэг нь үнэмшилгүй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн төлөө гар өргөж явсан Д.Гантулга парламентаас явснаар харьцаа нь 32:32 болж тэнцсэн олонхын бүлгийг өөр хэнбугай ч удирдсан, тэд зангидагдахаа нэгэнт өнгөрсөн. Харин ч Д.Хаянхярваа “эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй”, талуудад “тэгш” хандаж ирсэн гэх юм билээ.
Тиймээс ч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой дуулиан намжих нь бүү хэл, улам дэвэрч байгаа энэ үед “60 тэрбум”-ын гэх хэргийг сөхөж, далбаан дор нь нэр бүхий хүмүүст хариуцлага тооцож, огцруулна гэж байгаа нь Ардын намынхны хагарал аниагүй, харин ч газар авч, хүрээгээ тэлсний нотолгоо болж байна. “60 тэрбум”-ын гэх хэрэг Ардын намынхны хувьд ч “нохойд барьдаг мод” болчихсон юм даг уу даа.
Тийм ээ, “60 тэрбум”-ын гэх хэрэг өнөөгийн эрх баригчдын хувьд хамгийн эмзэг цэг, хэзээ ч үл арилах хар толбо. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой дуулиан ч үүнээс дутахгүй сул тал болж хувирах нь.
Энэ дуулианд нэр холбогдох улстөрч, албан тушаалтны тоо ирэх өдрүүдэд бүү нэмэгдээсэй гэж Ардын намынхан залбирч буй нь лавтай. Тиймээс ч тэдний хагарал, талуудын тавих “жүжиг”-ийн сценарь нь хүртэл дээрх хоёр сэдэвт баригдах болсон. Барим тавим баримтуудаас бултаж, үгүйсгэж чадахгүйгээс хойш буруутай хүмүүст нь хариуцлага тооцъё гэж хамгийн чангаар хашгирах нь Ардын намынхны хувьд ирэх сонгуулиас оноо зулгаах хувилбар болчихоод буй хэрэг.
Гэвч үүнийг У.Хүрэлсүх зангидаж чадахгүй байна. “Амь амиа бодоорой” гэдэг шиг тал талд ийн орилолдож байна, Ардын намынхан. Эрх мэдлийн амтанд шунаж, цаламдуулсан хүмүүст энэ улс орон байтугай нам, бүлэг, фракцын эрх ашиг ч үйлчлэхээ байж, гагцхүү амин хувийн сонирхлоо нэгдүгээрт тавьдаг гэдэг нь үнэн аж.
Атгасан гар шиг байх учиртай Ардын намынхан амь амиа бодон, тал тал тийш харахаас илүү хагарал гэж байх уу, ер нь. Ийм дүр зургийг УИХ-аас илүүтэй харж болохоор байгаа юм. УИХ өөрөө тарах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжих мэр сэр гишүүдээс бусад нь өөрсдийгөө хангалттай сайн ажиллаж байгаа гэх ч өдрөөс өдөрт нэр хүнд нь унаж буй парламентаас аль болох цэвэр үлдэж, тодрох гэсэн түшээдийн тоглолт илт анзаарагдах боллоо.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа намын дарга, Ерөнхий сайдтайгаа зөрчилдөөгүй, Засгийн газраа унагаах зорилгогүй гэж ч тайлбарлана лээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцсэн нэгдсэн хуралдааны үеэр, Засгийн газрын тэргүүнийг танхимд морилж амжаагүй байхад нь “Үндсэн хуулийн бус аргаар УИХ-ыг тараах гэж байгаа бол Ерөнхий сайд үүрэгт ажлаа өг” гэж хэлээд амжсан юм.
Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шийдсэний өмнөх өдөр буюу сайдаас нь чөлөөлөх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоох ажил анх амласан шиг нь амжилттай хэрэгжихгүй байгааг учирлаад, “Ардын нам асуудлаа ярина. Ард түмний итгэлийг дааж ажиллаж чадахгүй бол энэ УИХ, Засгийн газар тарах хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг, асуудал шийдэж, хариуцлага тооцож чаддаггүй” хэмээсэн нь түүнийг ийн хэлэхэд хүргэсэн хэрэг. Харин Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд “Та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал танд ч хамаатай.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн дуулиантай холбоотойгоор хариуцлага ярихад та миний зарчмын эсрэг байр суурийг удаа дараа илэрхийлж, ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй” хэмээн загнасан сурагтай.
Тэд ийн бие биеээ удаа дараа хэлсэн үгээр нь өөнтөглөн буруутгаж байна. “Салбарын сайдыг нь огцруулснаар асуудал намжихгүй” хэмээн нэг талаас сэвж, нэн шинэ дуулианд холбогдсон бүх сайдаа огцруулах саналаа УИХ-д яаралтай оруулж ирэхийг шаардаж байна.
Энэ нь “Засгийн газрыг огцруулах санаа алга, гарын үсэг цуглуулаагүй” гэх өчигдрийн үгүйсгэл өнөөдөр ор мөргүй алга болоход гайхах хэрэггүй гэсэн үг. Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барихад ердөө 19 гишүүний гарын үсэг байхад хангалттай. МАН-ын даргын хариуцлага ярихаа мэдэгдэж, ойрын үед хуралдуулахаа албан бусаар зарлаад буй бага хурлаас өмнө Засгийн газрын хувь заяа дэнжигнэж мэдэх нь.
Үүнийгээ ч өчигдөр намын даргынхаа эсрэг шулуухан хэлсэн сурагтай. Өмнөх Засгийн газрыг огцруулсан явдлыг өнөө хэр марталгүй, гомдол тээж явдаг гишүүн цөөнгүй. Тэдний гомдол тайлагдахгүй байгаа учраас Ардын нам дахь албан бус бүлгүүд татан буугдахгүй байгаа. Үнэндээ Б.Батзориг сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө ч гаргачихаагүй шүү дээ.
Өмнөх Засгийн газрын гишүүн байсан хүмүүс тал талаас нь боорлож байж Засгийн газрын тэргүүн түүнээр өргөдлийг нь бичүүлсэн юм. Өргөдлийг нь бичүүлэх ёстой өөр хүмүүс бийг тэд дахин сануулж байна. Үгүй бол өөрийг нь зүгээр байлгахгүй, танхимаар нь тонгорч орхихоо анхааруулж байна, тэд.