- Бүтээн байгуулалтын газрыг үнэлж аваагүй гэв –
Хотын удирдлага, алба хаагчид Яармагт очих тухай мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас гарч эхэлсэн. Энэ хугацаанд хотын захиргааны шинэ барилгыг яг хаана, хэдий хэмжээний хөрөнгөөр барих нь тодорхойгүй байв. Тэгвэл эцсийн шийдвэр гарч, хотын захиргааныхан Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Наадамчдын гудамжинд очихоор болжээ. Шинэ барилгын ажлыг ч эхлүүлсэн байна.
Барилгын зураг төслийн төсөвт өртөг нь 1.6 тэрбум төгрөг бөгөөд “Арткон” компани гаргаж буй аж. Захиргааны шинэ байр нийтдээ 62 мянган ам метр талбайтай гурван хэсэг бүхий цогцолбороос бүрдэх бөгөөд таван га газрыг хамруулахаар зургийг нь баталжээ. Өдгөө суурийг нь цутгаж эхэлсэн А блок нь 17 мянган ам метр талбайтай байх аж. Нийслэлийн төр захиргааны барилгын ажлыг “Тэмп ланд” компани гүйцэтгэж байгаа гэнэ. Тус компанийнхан барилгын ажлыг өөрсдөө гүйцэтгэх нөхцөлтэйгөөр хотын захиргаанд эзэмшил газраа үнэгүй өгч буй юм.
Энэ талаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “Нийслэлийн төсөвт газар худалдаж авах хөрөнгө байхгүй учир бид бүсчлэл гаргаж, БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлээд, бичиг баримтын зөрчилгүй, таван га газар эзэмшдэг компаниудын мэдээллийг авсан. 5-10 га талбай эзэмшдэг гурван компанийн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Тухайн компанийн удирдлагатай уулзахад хоёр нь “Газраа худалдана” гэсэн.
Харин “Тэмп ланд”-ынхан эзэмшил 9.5 га газрын нүүрний хэсгийг төлбөргүй өгч, барилгын ажлыг өөрсдөө гүйцэтгэх санал тавьсан юм. Ингээд гэрээ байгууллаа. Тэд “Эхний ээлжинд шаардлагатай хөрөнгийг өөрсдөөсөө гаргаж байя” гээд суурь цутгаж байна” гэсэн юм. “Тэмп ланд” компанийнхны хэлж буйгаар барилгын гүйцэтгэлийг маш бага буюу ам метрийг нь нэг сая 250 мянган төгрөгөөр барьж буй гэнэ. Урьдчилсан байдлаар хотын захиргааны барилгыг барихад 90 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Зураг эцсийн байдлаар гарсны дараа, төсөвт өртөг нь хэлбэлзэх аж. Санхүүжилтийг хаанаас, хэрхэн гаргах нь ч одоогоор тодорхойгүй байна.
Бэлтгэсэн: Г.Цэцэг