Дэлхийн хэд хэдэн улсад зэрэг зохион байгуулсан “Цэргийн наадам-2018”-д манай цомхон бүрэлдэхүүнтэй Зэвсэгт хүчний алба хаагчид амжилттай оролцоод ирлээ. Цэнхэр гарагийн хүчирхэг таван армийн гурав нь болох ОХУ, БНХАУ, Энэтхэгийн мэргэжлийн дайчидтай мөр зэрэгцэн ур чадвараа сориод чамгүй амжилт гаргасан Зэвсэгт хүчний дайчдаас энэ наадмын хүрээнд Беларусь улсад зохиосон “Снайперский рубеж” буюу “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд багийн ахлагч, тэмцээний шүүгчээр оролцсон ЗХЖШ-ын Ар талын газрын Цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатартай ярилцлаа.
ЗХЖШ-ын Ар талын газрын Цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар
-“Мэргэн буудагчийн зааг” тэмцээн энэ жил Беларусь улсад боллоо. Эл тэмцээнд манайх өмнөх жилүүдийн амжилтаа ахиулсан байна. Хэчнээн орон оролцов?
-Олон улсын “Цэргийн наадам” 2016 оноос Москвад зөвхөн танкийн биатлоны уралдаан явуулж, бусад төрөлд мэргэжлийн тэмцээнийг олон улсад явуулах шийдвэр гаргасан юм. Түүнээс хойш 20 гаруй төрлийн тэмцээнийг ОХУ, Беларусь, БНХАУ, Казахстан зэрэг улсад зохиох болсон. Энэ жил “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнийг Беларусийн Брест хот дахь шүхэр десантын цэргийн сургалт бэлтгэлийн төвд зохион байгууллаа.
1941 онд фашистын Герман ЗХУ-д халдахад хамгийн анх дайсны цохилтод өртсөн түүхт газар энэ тэмцээнийг зохион байгуулагч улс хийсэн. Манайхаас Багийн ахлагч, шүүгчээр би, дасгалжуулагчаар хурандаа С.Түвшинбаяр нарын 10-аад хүний бүрэлдэхүүнтэй очлоо. 2016 онд анх Казахстан улсад болоход 12 орон оролцож байлаа. Өнгөрсөн онд 17, энэ жил 18 улсын цэргийн алба хаагчид цэц мэргэнээ сорьсон.
-Энэ тэмцээн яг яаж явагддаг юм бэ. Зүгээр л бай буудаад байдаг юм уу. Оролцогчдод тусгай үүрэг даалгавар өгнө биз дээ?
-Мэргэн буудна гэдэг нь ухаан сорьдог ажил. Зөвхөн буудах биш, гарч буй сумыг холын зайг тооцох, тэр байнд хүргэнэ гэдэг маш нарийн онол шаардана. Дотоод, гадаад баллистикийн онол, бууны эд ангиа бүрэн судалсан байх ёстой. Энэ жил дасгал хүндэрсэн. Өмнөх жилүүдэд нэгдүгээр шатанд таван дасгал гүйцэтгэдэг байсан бол энэ удаа долоо болж нэмэгдсэн. 18 орны 72 хүн буудаж, хамгийн өндөр оноогоор шалгаруулсан.
Зөвхөн буудах бус, холын зайнд мэргэн буудна, урагш давшиж буудна, хамтарч, хамгийн богино хугацаанд гарч ирсэн байнуудыг устгана. Бай нь тэмцээний нөхцөлийн дагуу хаана илрэхийг мэдэхгүй. 400-гаас цаашлаад 700-800 метрт байрлах байнуудыг илрүүлж устгах, хэвтээ, суугаа, босоо, тохиромжгүй байрлалаас, буугаа хаалтад хүргэлгүй, хамтрагчаа тулгуур болгож, бие дээр нь тавьж байгаад буудах жишээтэй. Бас шөнийн буудлага ч хийлгэж байв. Энэ мэтээр дасгалууд өмнөх жилүүдийнхээс хүндэрсэн.
-Улс орнууд өөрсдийн зэвсэглэлд ашигладаг мэргэн буудагчийн буугаар бууддаг уу?
-Олон улсын цэргийн энэ том тэмцээний дүрмийн хүрээнд бүгд нэг төрлийн буугаар буюу Беларусь улсын Зэвсэгт хүчинд ашиглаж буй мэргэн буудагчийн шинэ винтов (СВД)-оор буудсан. Дадлага дээр буудсан, тэмцээний үеэр буудаж байгаа сумнууд нэг үйлдвэрт үйлдвэрлэсэн, нэг ижил цаг хугацаанд гарсан сумбайдаг. Түүгээр буудсан.
-Хэрэв тэгэхгүй бол сумны тусгалд нөлөөлнө биз?
-Тийм ээ. 1970-аад оны сум, 2000 онд үйлдвэрлэсэн сум хадгалалтын хугацаа өөр учраас физик үзүүлэлт нь ч ялгаатай. Тиймээс олон улсын тэмцээнд ижил сумаар буудах шаардлага тавьдаг юм.
-Та тэмцээний шүүгчээр ажилласан. Шүүгчдэд ямар шалгуур тавьж байна вэ?
-Олон улсын тэмцээний шүүлтийг зохион байгуулах тусгай заавартай. Зохион байгуулагч орон бүгдийг нь хариуцаж, ерөнхий шүүгчээ томилдог. Оролцогч орнуудаас тус бүр нэг хүн үндсэн шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллах ёстой. Талбай дээр явж буй шүүлтийг зохион байгуулагч орон хариуцна. Тэмцээнд маргаантай асуудал гарвал шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж шийддэг юм. Санал тэнцсэн тохиолдолд ерөнхий шүүгчийн саналаар шийддэг.
Мэргэн буудагчдын оноог дүгнэхэд буудахаас гадна хамгийн богино хугацаанд дасгалыг амжилттай гүйцэтгэснийг нь шалгаруулах онцлогтой. Буудагч маш сайн буудаж болно.
Харин дасгал 1-4 минутад багтаж буудах ёстой гэсэн хязгаартай. Нэг буудагч гурван минут хүлээж байгаад амжилттай буудаж болно. Гэтэл 30 гаруй секундэд амжилттай буудах ур чадвартай өөр нэг хүн хугацааны үзүүлэлтээрээ байр нь урагшилдаг юм. Мэргэн буудах ухаан гэдэг бол богино хугацаанд байг илрүүлж, салхины хурд, өндөр нам зэргийг хараагаараа тооцоолж, шийдвэр гаргаж, дайснаасаа өрсөж буудахыг чухалчилдаг.
-Мэргэн буудагч салхины хурд, хүчийг хүртэл тооцдог. Манай орны болон Беларусийн салхины чиглэл өөр байв уу?
-Тийм ээ. Монгол оронд ихэнхдээ баруун, баруун хойноос салхилдаг. Харин Беларусьт ой модон дунд мэргэн буудагчийн тэмцээн болсон юм. Нарс, царс, хуш модтой ойн чөлөөнд салхины хурдыг тодорхойлоход хүндрэлтэй байсан. Манай тал, хээр нутгаас өөр юм билээ. Тэнд очиж тэмцээнд оролцсоноор манай Зэвсэгт хүчний алба хаагч, тамирчид ой модон дотор мэргэн буудах дадлага, мэдэгдэхүүнтэй болсон.
-Манайхан ямар амжилт үзүүлэв. Нэг мэргэн буудагч маань медалийн тавцанд зогссон тухай мэдээллийг ОХУ-ын сувгаар “Цэргийн наадам-2018”-ын тойм үзэж байхдаа авсан.
-Тэмцээнд оролцсон 18 багаас дүрмийн дагуу нэгдүгээр шатанд эхний найман байр эзэлсэн баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болдог. Манай баг долдугаар байрт жагсаж, хоёрдугаар шатанд өрсөлдсөн юм. Харин шувтаргын шатанд дөрвөн орон оролцох ёстой учраас тавдугаар байрт шалгарсан манай баг шалгарч чадаагүй. Манай улс 12 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарлаа. Беларусь тэргүүлж, Казахстан удаалж, гуравт ОХУ, БНХАУ-ын баг жагссан. Узбекистан, Иран улс манайхтай адил оноотой байсан.
Харин мэргэн буудагчийн халз тулаанд 18 багаас тус бүр хоёр хүн оролцон, хамтрагчаа сугалж, нэг баг болно. Манай багийн тамирчин, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Б.Цэрэндорж, Бангладеш улсын тамирчинтай нэг баг болж, хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жил бид тавдугаар байрт шалгарсан бол энэ жил нэг байраар урагшилж, жилээс жилд амжилт ахиж байна. Монголын хүн ам, Зэвсэгт хүчний тоотой бусад улсынхыг харьцуулж үзвэл манайх чамлахааргүй амжилт үзүүлсэн.
-Энэ тэмцээнд оролцсон багийн бүрэлдэхүүнээ яаж сонгосон бэ?
-Манайд мэргэн буудагчийн албан ёсны сургалт гэж байхгүй. Бид заавар гаргаж, сонгон шалгаруулалт явуулсан. Энэ жилийн хувьд тавдугаар сарын сүүлчээр цэрэгжилтийн буудлагын тэмцээнүүд зохион байгуулж, үүнд хурдтай буудсан, шилдэг тамирчдаас нь сонгосон юм. Мөн өмнө нь “Мэргэн буудагчийн зааг”-т оролцсон тамирчдаасаа сонгосон. Тэд сар гаруй хугацаанд бэлтгэлээ хийсэн л дээ. Хэдийгээр богино хугацаанд бэлдсэн ч манай Зэвсэгт хүчинд ур чадвар бий гэдэг нь тэмцээний үр дүнгээс харагдаж байна. Монгол хүний алсын барааг харах чадвар өөр шүү дээ.
-Ирэх жил тэмцээн хаана болох вэ. Беларусь шиг ойн нөхцөлд тэмцээн болж болзошгүй учир манайх тийм бүс нутагт бэлтгэлээ базаавал илүү амжилт үзүүлэх магадлалтай биз?
-“Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд оролцсон багийнхаа хүмүүсийн саналыг тусгаж, ирэх жилийн бэлтгэлээ хийхээр төлөвлөсөн. Ирэх онд хаана ч болж магадгүй. Узбекистан, Серб улс дараагийн тэмцээнийг зохион байгуулах саналаа өгсөн байна лээ. Мөн бэлтгэлээ хоёр сарын өмнөөс базаах, энэ жилийн өгөгдсөн нөхцөл байдалд тохируулж дотооддоо тэмцээн зохиохоор төлөвлөж байгаа.
-Манай зэвсэглэлд байгаа буу, тэмцээнд оролцохдоо буудсан СВД-гийн хооронд он цагийн ялгаа их биз?
-Беларусийн Зэвсэгт хүчин 2018 онд үйлдвэрлэсэн буунууд авч тэмцээнд ашиглуулсан. Хүчин чадал, урт, богины хувьд адилхан. Шинэ гэдэг утгаараа гол төмрийн элэгдэл бага. Буудахад ямар ч хүндрэл учраагүй. Цаг үе нь өөр болохоор дуран хараа сайжирсан байна лээ.
Энэ дашрамд, танай сониноор дамжуулан олон улсын “Цэргийн наадам-2018”-д оролцуулах шийдвэр гаргаж, бэлтгэл сургуулилалт хийх нөхцөл боломж, баазаар хангасан БХЯ, ЗХЖШ-ынхандаа талархсанаа илэрхийлье.
-“Зэвсгийн мастерууд” гэдэг тэмцээнийг танайхан өнгөрсөн хавар зохион байгуулсан. Сая “Цэргийн наадам”-ын үеэр бас ийм нэртэй тэмцээн гарч байгааг Оросын “Звезда” сувгаар харж байлаа. Энэ тэмцээнд оролцох зорилго тавьж байна уу?
-Өмнө нь ОХУ-д зохион байгуулдаг байсныг бид мэддэггүй байсан юм билээ. “Цэргийн наадам” анх 2016 онд олон улсын тэмцээн болоход Зэвсэг засварын нэг салаа оролцох ёстой. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, засварын 20 гаруй машинтайгаар энэ тэмцээнд оролцож, их буу, зенитийн гээд буудлагын зэвсэг, хэрэгслээ засна. Мөн засварын машин ашиглаж, сая хэлсэн зэвсгийн шаардлагатай эд анги зорно, угсарна, буудаж туршина.
Бид тэр тэмцээний загвар, зааварт тулгуурлан, Зэвсэгт хүчний ангиудын офицер, ахлагчдынхаа ур чадварыг дээшлүүлье гэж зорин “Зэвсгийн мастерууд” тэмцээн өнгөрсөн зургадугаар сард зохион байгууллаа. Зэвсэгт хүчний анги салбарын зэвсэг хариуцсан бүх офицер оролцсон. Тэднийг эхэлж сургаж, мэдлэг чадварыг нь ахиулж байж бусдынхаа ур чадварыг дээшлүүлэх ёстой.
Энэ тэмцээний үеэр бүх төрлийн буудлагын зэвсэгт засвар хийх, эд анги олох, богино хугацаанд 4-5 төрлийн буу угсарч, буудан бай устгах зэрэг дасгалтай. Мөн хорт утааны баг өмсөж орж ирээд, зэвсгийн эд ангийг олох, нүдийг нь боож эд ангийг ялгах гэх мэт ур чадварын тэмцээн зохиосон.