Уруул нь омголтож, нулимс нь гоожсон, битүүрсэн хамар руугаа цацлага шүршсэн хүмүүс Улаанбаатараар дүүрэн байна. Шарилжнаас үүдээд нийслэлийн иргэд ийнхүү эрүүл мэндээрээ хохирох боллоо. Хоёр настай хүүхдүүд “харшлын гаралтай” гэх ханиад хүрээд эмээр “бөмбөгдүүлж” байгааг дүүргүүдийн Хүүхдийн түргэн тусламжийн эмч нар хэлдэг. Харин томчууд нь элдэв цацлага шүршиж, хамар, хоолойгоо үрэвсүүлээд эхнээсээ мэс ажилбар хийлгэх болж. Ургамлын харшилтай хүмүүст зуны гурван сар эрүү, шүүлт шиг л санагддаг нь гарцаагүй. Зулгааж, түүгээд байхад шарилжны “эзэлсэн” талбай улам тэлж, харшилтай хүмүүсийн тоо жилээс жилд олширсоор.
Нийслэл хот өндөр, ганган барилгатай болохын хэрээр хөрс талхлагдаж байдаг. Энэ нь шарилж ургах таатай нөхцөл бүрдүүлдэг аж. Мөн хур ихтэй байвал хөлийн газрын ургамал их хэмжээгээр ургана. Ингээд л нийслэлийг бүхэлд нь бүрхчихэж хэмээн ойлгож болохоор. Хүний эрүүл мэндийг хохироож буй эл ургамалтай манайхан чадах ядахаараа тэмцэж байгаа.
Улаанбаатар хотын үе үеийн ерөнхий менежерүүд шарилжтай тэмцэхээр аян өрнүүлж, түүлгэсээр ирсэн. Өнөө жил “Шарилжгүй Улаанбаатар-3” аян зохион байгуулж, одоогоор хоёр сая ам метр талбайн шарилжийг зулгаалгаад байна. Цөөн хэдэн аж ахуйн нэгжийг эс тооцвол нийслэлийн Хот тохижилтын газрын зам, талбайн үйлчлэгч болон дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний газрынхан л дээрх талбайг цэвэрлэсэн гэж болно.
Үнэндээ энэ хүмүүс л зуны турш шарилжтай “ноцолдов”. Харин сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн байгууллагаас авхуулаад хувийн хэвшлийнхэн уг аяныг үл ойшоож байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаа л гэхэд зэрлэг ургамлаар дүүрээд удлаа. Өвчнөө илааршуулахаар тэднийхийг зорьсон хүмүүс харшилтай болоод буцах нь энүүхэнд. “Өргөө” амаржих газрын хашаа ч мөн хогийн ургамалд “эзлүүлээд” хэдэн жилийн нүүр үзэв.
Дэргэдүүр нь өнгөрөх төдийд л хамар загатнаж, найтаалгах юм билээ. Бусад эмнэлэг ч үүнээс нэг их ялгарахгүй. Цонхоо дангинатал хаагаад, тоосонцор оруулахгүй байх арга хэмжээ авахгүй л бол нярай хүүхдүүд ч харшил авч мэдэхээр байгаа, Эрүүл мэндийн яамныхан очоод харна биз.
Мөн хэдхэн хоногийн дараа хүүхдүүдээ хүлээж авахаар зэхэж буй сургууль, цэцэрлэгийн хашаа ч хөлийн ургамлаасаа салаагүй байсаар. Шарилжаа цэвэрлэсэн цөөн хэд нь зулгаасан ургамлаа хашаандаа овоолчихож. Хэдийнэ хатаад, шарласнаас нь ажвал зулгааж орхиод нэлээд удсан байж таарна. Олны хөлийн газарт байрладаг, ойр тойронд нь үзвэр, үйлчилгээний газар бишгүй олонтой Барилгын коллежийнхон аян өрнүүлснээс хойш хоёр сар өнгөрчихөөд байхад шарилжиндаа “гар хүрсэнгүй”.
Энэ сарын 9, 10-нд болсон нэгдсэн арга хэмжээний үеэр гаднах талбайгаа багахан цэвэрлэсэн болоод “нүд хуурчихжээ”. Уг салбарыг толгойлсон яамныхан нь хашааныхаа зэрлэгийг зулгаагаагүй байхад тэд нийтийг хамарсан аяныг үл тоох нь мэдээжийн хэрэг биз. Угтаа тэд эрүүл, аюулгүй орчинд сурч, мэдэх хүүхдийн эрхийг дээд зэргээр хамгаалах байгууллага биш бил үү. Ер нь л энэ мэтээр хотын ерөнхий менежерийн үгэнд ордог байгууллага, иргэд гэж алга. Түүний гаргасан тушаал зүгээр л цагаан дээр хараар тэрлэсэн хэдэн үг төдий бололтой.
Шатахуун түгээх станцууд шарилжаа цэвэрлэдэггүй байгууллагуудыг түүчээлж байна. Чулуун-Овооны тойргоос Таван шар орох замд байрладаг арав гаруй шатахуун түгээх станцын нэг нь ч шарилжаа зулгаагаагүй байна билээ. Хотын зах орчмоор байрладгийнх нь шарилж худалч хүнд бутнаас өндөр ургачихаж.
Аймгуудын Засаг дарга нар захирамж гаргаад, шарилжаа цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд өндөр торгууль ногдуулж байгаа гэсэн. Үр дүнд нь Орхон, Булган зэрэг аймаг ямар ч шарилжгүй болсон талаар оршин суугчид нь ярьж байна билээ. Тэгэхээр нийслэлийн удирдлага ч иймэрхүү хатуу арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар шарилжнаас салахгүй нь.
БСШУСЯ-ны гаднах талбай
Барилгын коллежийн хашаа. Энэ сарын 9, 10-нд хашааныхаа зарим шарилжийг зулгаасан ч овоолоод орхижээ
МУБИС-ийнхан ч “Шарилжгүй Улаанбаатар-3”-т нэгдсэнгүй
Барилгын хөгжлийн төвийнхөн шарилжаа зулгаагүй байна
“Чойжин ламын сүм музей”-н өмнөх талбай
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Шарилжаа цэвэрлээч гэж уриалж, шаардаад ч хөдөлдөггүй
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Улаанбаатар шарилжин дундах хот боллоо. Ямар арга хэмжээ авч байна вэ?
-Жил бүр шарилж зулгаах ажлыг олон удаагийн давтамжтай зохион байгуулдаг. Өнөө жилийн хувьд хотын ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн шарилжийг зулгааж, цэвэрлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 29-нөөс эхлүүлсэн. Нийс-лэлийн Хот тохижилтын газар, дүүргүүдийн зам, талбайн 920 үйлчлэгч нийтийн эзэмшлийн гудамж дахь шарилжийг цэвэрлэж байна. Мөн тэд үерийн далан, шуудуунд ургасан шарилжийг ч зулгааж байгаа. Үүний хажуугаар сайн дурын 600 гаруй хүнд цагийн 3400 төгрөгийн цалин өгч, шарилж зулгаалгасан. Тэдний цэвэрлэсэн далан, шуудуу ямар ч хогийн ургамалгүй болсон.
-Албан байгууллагуудыг үүнд татан оролцуулдаггүй юм уу. Төрийн болон хувийн зарим албан байгууллага гаднах талбайнхаа шарилжийг цэвэрлэхгүй байна.
-Хог хаягдлын тухай хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх албан байгууллага гаднах орчноо цэвэрлэж, тохижуулах үүрэгтэй. Бүгдийг нь хамруулж болохгүй л дээ. Үлгэр жишээч байж, жил дараалан шарилжаа зулгаагаад зүлэг тарьсан байгууллага цөөнгүй. Харамсалтай нь, олонх нь үүнийг үл ойшоодог. Шарилжаа цэвэрлэ гэж уриалаад, удаа дараа шаардаад ч хөдөлдөггүй.
Зургадугаар сараас шарилж зулгаалгаж эхэлсэн шүү дээ. Энэ хугацаанд хоёр удаа нэгдсэн аян өрнүүлсэн. Улмаар энэ сарын 9, 10-нд болсон цэвэрлэгээний үеэр манай алба нийслэлийн Боловсролын газарт шаардлага хүргүүлж байж сургууль, цэцэрлэгийн орчны хогийн ургамлыг түүлгэлээ. Үр дүнд нь шарилж арай багассан. Энэ мэтээр байнга л хэлж, ярьж байж цэвэрлүүлж байна. Өнөө жил хур их орсноос шарилж нэлээд ургалаа. Нэг удаагийн цэвэрлэгээгээр гэхэд л 1000 орчим шоо метр шарилж зулгаасан.
-Тэдэнд хариуцлага ногдуулдаггүй юм уу?
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан шаардлага хүргүүлж байгаа. Уг нь албадуулж хийлгэх ажил биш шүү дээ. Гаднах орчин нь бохир байгаагаас болоод эрүүл мэндэд аюул учраад буйг ойлгох ёстой.
Бэлтгэсэн: Г.Цэцэг