А.Сэндэнхорол
Автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга, кадми, альдегид, диоксин зэрэг 260 гаруй хорт бодис агуулагддаг. Товчхондоо утаа хаядаг тээврийн хэрэгсэл олон байх тусам тухайн хот, суурины хүрээлэн буй орчин бохирдож, оршин суугчид нь өвчилдөг гэсэн үг.
Холбогдох албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Улаанбаатарын агаарын бохирдлын 10 хувийг тээврийн хэрэгсэл “үйлдвэрлэдэг” гэдэг. Хорт утааны 80 орчим хувийг нийтийн тээврийн автобуснууд ялгаруулдаг аж. Тиймээс автобуснуудын янданд утаа, тортогны шүүлтүүр суурилуулах шаардлага тулгарчээ.
Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн ЗДТГ болон Японы ЖАЙКА байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Нийтийн зорчигч тээврийн автобусанд тортогжилтын ялгарлыг бууруулахаар “DPF” шүүлтүүр суурилуулан хөө, тортгийн хэмжээг бууруулах” төсөл хэрэгжүүлэх болсон. Одоогоор уг шүүлтүүрийг 24 автобусанд суурилуулан, туршиж байгаа аж.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Улаанбаатарт өдөрт 1000 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Үүний хажуугаар түгээлтийн олон машин бараа хүргэхээр хөдөлгөөнд оролцож байгаа. Автобус болон том оврын машинууд агаар бохирдуулж утаа, тортог ихээр ялгаруулдаг. Тиймээс утааг нь шүүх шүүлтүүр суурилуулах арга хэмжээ авч байна. Турших шүүлтүүрний бүх зардлыг ЖАЙКА гаргасан. Монголын эрс, тэс уур амьсгалд тохирох, үгүйг судлаад цаашид бүх автобусанд суурилуулах, эсэхийг шийднэ. Мөн ийм шүүлтүүр өндөр үнэтэй учраас Монголд үйлдвэрлэх боломж байгаа, үгүйг судална” гэв.
Монголд уг төслийг гурав дахь удаагаа хэрэгжүүлж байгаа аж. Судалгааны урьдчилсан дүнгээр уг төхөөрөмж нь автобуснаас ялгардаг тортогжилтыг 80 хувиар бууруулж байгааг тогтоосон байна. Эл шүүлтүүр нь нано материалтай бөгөөд тортгоо цэвэрлэх төхөөрөмжид шатаадаг тул олон жил ашиглах боломжтой гэнэ. Тодруулбал, өдрийн турш үйлчилгээнд явсан автобусны шүүлтүүрийг авч цэвэрлээд, буцааж суурилуулна гэсэн үг.
Ашиглалтаас хамаарч эвдэрч, муудахгүй бөгөөд өөр машинд суурилуулах боломжтой гэдгээрээ уг төхөөрөмж давуу талтай аж. “Зориудаар эвдэхгүй л бол ашиглалтын хугацаа дуусна гэж байхгүй” гээд япончууд төхөөрөмждөө “хагас үүрдийн” гэх баталгаа өгчээ.