Улаанбаатараас Сайншандын чиглэлд зорчиж байсан 286 дугаар галт тэрэг Дорноговь аймгийн Айраг суманд энэ сарын 12-ны үүрээр байгалийн гэнэтийн гамшигт үзэгдлийн улмаас замаас гарч осолдсон билээ. Энэ үеэр эр зориг, авхаалж самбаа гарган, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн ОБЕГ, ЦЕГ, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг болон эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн одон медалиар шагналаа.
342 зорчигчтой суудлын галт тэрэгний зүтгүүр, ачааны тээш вагоноос гадна суудлын гурван вагон замаас гарсны улмаас 96 зорчигч осолд өртсөн юм.
Цаг агаарын хүнд нөхцөлд албаны болон иргэний үүргээ амжилттай гүйцэтгэж, осолд өртсөн ард иргэдэд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлж, сэргээн босголтын ажлыг шуурхай гүйцэтгэсэн хүмүүсийг Хөдөлмөрийн хүндэт медаль (долоон хүн) болон Цэргийн хүндэт медаль (долоон хүн), “Шударга журам” медалиар (26 хүн) шагнасан. “Хүн бүр албаны болон иргэний үүргээ Та бүхэн шиг чин шударгаар, хичээл зүтгэлтэйгээр биелүүлэхийн үлгэр жишээг үзүүлдэг байх цаг дор монголчууд, Монголын иргэд амгалан тайван амьдрах нөхцөл хангагдах болно. Та бүхний ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийт иргэдийнхээ өмнөөс та бүхэнд гүн талархлаа дахин дахин илэрхийлье” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах үеэр онцолсон.
Галт тэргийг хүмүүс “Хамгийн найдвартай унаа” хэмээн итгэж найддаг. Гэтэл гурвын гурван суудлын вагон замаасаа гарч, унасан сэртхийм ослын газарт ажилласан хүмүүсийн сэтгэл зүй ямар байсан бол. Золоор хүний амь эрсдээгүй ч энэ осол монголчуудад том сургамж болох учиртай. Энэ хүмүүс хэдийгээр Монгол Улсын Төрийн тэргүүнээсээ одон медаль гардаад баяртай байсан ч ослын тухай дурсахдаа зарим нь нүдэндээ нулимстай, хоолой зангируулан ярьж байна. Байгалийн давагдашгүй гамшиг ослын өмнө хүн байтугай нь хүчин мөхөстдөг хэдий ч “Дахиж ийм осол бүү гараасай билээ” хэмээн чин сэтгэлээсээ залбирмаар. Ингээд шагнуулсан зарим хүний сэтгэгдлийг сийрүүлэн хүргэе.
“Шударга журам” медаль хүртсэн О.БААСАНЖАВ: ВАГОНЫ ОРЫГ САЛГАЖ АВЧРУУЛААД, ТАВЦАН ГҮҮР БОЛГОЖ АШИГЛАСАН
(УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харьяа “Сайншанд” гал унтраах ангийн ачаа хамгаалагч)
-Тухайн үед би хот орж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдээд, 16 дугаар вагоноор буцаж явсан юм. Айраг өртөөн дээр бууж салхилчихаад, гадуур хувцастайгаа сууж байтал “тар няр” гээд их хүчтэй дуу гарсан. Гарман дээр том тэрэг ирээд мөргөчихөв үү дээ гэж бодтол байдал нэг л биш болоод явчихсан. “Үйлчлэгч ээ, хаалгаа онгойлго доо” гээд хартал яалт ч үгүй вагон уначихаад, овоорсон юмнууд харагдсан.
Тэгээд үйлчлэгчийг “Араас галын хор аваад хурдан ирээрэй” гэчихээд хар хурдаараа очсон. Илчит тэрэгнээс түлш гоожиж байсан учраас шатах эрсдэлтэй байсан гэсэн үг. Удалгүй үйлчлэгч нар, тэнд зорчиж явсан төмөр замын ажилтнууд, цагдаагийнхан ар араасаа гарч ирээд, маш хурдан зохион байгуулалтад орж ажилласан даа. Вагонуудын цонхыг хагалж, гаргасан хүмүүсээ нэг нэгээр нь гудсан дээр дамжилж зөөсөн. Усанд автсан вагоны зорчигчдыг зөөхдөө вагоны орыг салгаж авчруулаад, тавцан гүүр болгож ашигласан.
Хэдийгээр тухайн үед би энгийн зорчигчийн хувиар явж байсан ч цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ажилтны хувьд үүргээ л гүйцэтгэсэн хэрэг. Харин энэ үүргээ гүйцэтгэхэд сэтгэлээрээ хамтарч ажилласан ТЧ3-ын хангамжийн инженер, Замын III ангийнхан болон хамт зорчиж явсан ачаа зөөгч хоёр нөхөртөө, мөн үйлчлэгч нартаа маш их баярласнаа илэрхийлье. Манай үйлчлэгч эмэгтэйчүүд үнэхээр мундаг юм билээ. Гар, хөл нь хөхөрч, шалбарчихаад байхад л тэр их шавар шалбааг дунд унаж тусан гүйгээд, хэр баргийн эр хүнээс дутахгүй гүжирмэг байсан шүү.
“Шударга журам” медаль хүртсэн Э.МӨНХТӨР: ОСЛЫН ХАЖУУГААР БИД ҮЕРТ АВТСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН
(Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч)
-Айраг суманд болсон ослын газарт хүч нэмэгдүүлэх зорилгоор 06.00 цагт биднийг ажил дээр дуудсан. Аймгийн Онцгой байдлын газраас 10 гаруй хүн Айраг руу гарсан боловч тэр өглөө маш их бороо орж байсан учраас шаварт суухгүйн тулд нэг машин нь наана дуудлага хүлээж байх шаардлагатай болсон. Нөгөө хэсэг маань ослын газарт очиж, Говьсүмбэр аймгаас ирсэн аврах багийнхантай хамтарч ажилласан. Харин бид тэр хооронд Айраг сумын усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаа явуулсан. Тухайн үед зөвхөн галт тэрэгний ослоос гадна байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэлд өртөж, үер усны аюул нүүрлэсэн айл өрхүүдэд тусламж маш их хэрэгтэй байсан.
Хөдөлмөрийн хүндэт медальт Д.ЦООЛОЙМАА: ТЭР ОЛОН ЦОЧИРДСОН ХҮНИЙГ ХАРАХАД НҮД ХАЛТИРМААР ЮМ БИЛЭЭ
(Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч)
-Наймдугаар сарын 12-ны үүрээр 04.00 цаг өнгөрч байхад дуудлага аваад, манай эмнэлгийнхэн бараг бүгдээрээ Айраг руу очсон. Тэр олон цочирдсон хүмүүсийг харахад үнэхээр нүд халтирмаар юм билээ. “Намайг үзээтэхээч, миний хүүхдийг үзээд өгөөч” гээд тал талаас бүчээд байсан. Очингуутаа зорчигчдыг бэртлээр нь хүнд, хөнгөн гэж эрэмбэлэн ангилаад, яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүст нэн тэргүүнд үйлчилсэн.
Манайхан яараад усны гутал, цув ч үгүй явчихсан учраас тэр их усан борооноор шавхай туулаад л гүйгээд байсан. Сүүлд нь олон хүний хоолой өвдөж, зарим нь ханиад хүрсэн. Гэхдээ бид эмнэлгийн ажилтнууд учраас төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэндээ сэтгэл хангалуун байгаа. Би улсад 37 жил ажиллаж байна. Өнөөдөр төрийнхөө ивээл хүндэтгэлийг хүлээсэндээ их баяртай байна.
“Шударга журам” медаль хүртсэн А.ДАВААДУЛАМ: ЗОРЧИГЧДОО ТАЙВШРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ, ЦОНХООР НЭГ НЭГЭЭР НЬ ГАРГАЦГААСАН
(УБТЗ нийгэмлэгийн Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч)
-Би төмөр замын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн өдөр 286 дугаар галт тэрэгний тээшний арын буюу 21 дүгээр вагонд үйлчлэгчээр явсан. Манайх 29 зорчигчтой Улаанбаатар хотоос хөдөлж, Олон-Овоо өртөөн дээр хоёр, Айраг өртөөнд нэг хүн буулгаад, цаашаа хөдлөх гэж байхад ийм осол болсон. Азаар манай вагоны зорчигчид айхтар хүнд бэртэж гэмтээгүй. Гэхдээ энд тэндээ шалбарч, хөхөрсөн ил шархтай хүн олон байсан. Осол болоход бүгд л шоконд ороод, хэцүү
байсан ч бид зорчигчдоо аль болох тайвшруулж, тайван байлгахыг хичээсэн. Зорчигчдоо цонхоор нэг нэгээр нь гаргаж эхлэхэд хүмүүс тал талаас шавж үймэлдээд, үнэхээр хэцүү юм билээ. Хүүхдүүд харин унтаж байсан учраас харьцангуй тайван байсан. 30 жил ажиллахдаа ийм айхтар зүйлтэй анх удаа нүүр тулсан учраас “Энэ олон хүмүүсийг яана даа гэж сандрахын зэрэгцээ ард хүлээж байгаа гэр бүл, үр хүүхдүүд минь яана даа” гээд юм юм л бодогдсон (нулимс дуслуулав).
Хүнд зүйлийг даван туулсан төмөр замынхандаа, 31 дүгээр цувааныхаа хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.