Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг ачиж, журамлах ажиллагаа үргэлжилж байна. Нийтийн эзэмшлийн талбайд гишгэх зай үлдээхгүй шахам эзэгнэдэг, чанаргүй хүнс борлуулж, орчноо бохирдуулдаг гээд хотын үе үеийн удирдлага арваад жил ТҮЦ-ийнхэнтэй ач тач үзэлцлээ. Нийслэлийн удирдлага “Дүрэм, журам зөрчиж байрлуулсан ТҮЦ-үүдийг ачиж, газрыг нь албадан чөлөөл” гэнэ.
Харин худалдаа эрхлэгчид мухлагаа ачуулахгүй гэсэндээ шатахуун ууж, хоолойдоо мэс тулгах зэргээр тэмцэнэ. Заримдаа Төв талбайд цуглаж, жагсах нь энүүхэнд. Эсвэл ТҮЦ-ээ өөр газарт аваачаад байрлуулчихна. Ингээд л нийслэлийн гудамжинд ТҮЦ байж болох, эсэх тэмцэл он жилүүдийг дамжин ирсэн. Харин энэ хооронд ТҮЦ хэмээх жижиг мухлагийн хийц, загвар хэдэнтэй хувирч, үнэ нь өснө. ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийн тоо цөөрөхгүй байгаагийн шалтгаанд энэ зүй ёсоор орно.
Хотын өнгө, үзэмж, тохижилтод сөргөөр нөлөөлөхгүй ТҮЦ-ийг гудамж, талбайд байршуулах нь зүйн хэрэг, буруутгах аргагүй. Гэвч үүнд тавих хяналт сулаас дурын хүн хүссэн загвараараа мухлаг хийгээд, “Энэ нийслэлээс баталсан загварт нийцнэ” хэмээн иргэдэд “шахдаг” болоод удлаа. Уг нь хотын удирдлага “Үзэмж сайтай, дотроо ариун цэврийн өрөөтэй, түүнд ашиглах цэвэр ус, үнэр дарагч болон халдваргүйжүүлэх бодисын нөөцтэй байх ёстой. Үйлчилгээ үзүүлэх талбай нь 10-15 ам метр байна” гэсэн цөөн үгээр загварыг нь баталсан.
Ингэхдээ цонх нь том, хажуудаа хаалгатай байх шаардлага тавьсан байдаг. Гэтэл аж ахуйн нэгжүүд шаардлагад дөхүүлсхийгээд л хийдэг аж. Том, жижгээс гадна өнгө, хэлбэр нь янз бүр. Тэдний “гар, хөл” болсон дүүргүүдийн Худалдаа үйлчигээний зохицуулах зөвлөлийнхөн бүтээгдэхүүнийг нь иргэдэд дөмөгхөн “шахдаг” гэх юм. Уг нь тэд иргэдэд зөвшөөрөл олгохдоо хорооны удирдлагаас санал асууж, боломжтой байршилд ТҮЦ тавиулах учиртай. Гэтэл хэн нэгэн хүний үйлдвэрлэсэн мухлагийг худалдахын тулд баруун, солгойгүй зөвшөөрөл олгодог болсныг иргэд хэлдэг.
Тухайлбал, 2015 онд Чингэлтэй дүүргийнхэн иргэдэд “Шинэлэг сууц” компанийн үйлдвэрлэсэн ТҮЦ-ийг авах санал тавьжээ. Энэ нь ч ёсоор болж. Гэтэл нэг жилийн дараа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхны (хуучнаар) баталсан загварт нийцэхгүй гэх шалтгаанаар тэр “байшинг” нь хэрэглээнээс халсан аж. Энэ талаар тус дүүрэгт ТҮЦ ажиллуулдаг эх сурвалж “Хуучин төмөр мухлагийг буулгахдаа Чингэлтэй дүүргийн тухайн үеийн удирдлага иргэдийг зодож, танхайрсан. Бид “Үнэхээр нийслэлээс гаргасан шийдвэр юм бол шинийг авъя гээд “Шинэлэг сууц”-д захиалга өгсөн.
Гэтэл жилийн дараа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан бидний авсан ТҮЦ-ийг “Баталсан загварт нийцэхгүй байна” гээд солихыг шаардсан. Нэг бол нүү гэсэн. Тэгээд арга буюу өөр компаниас мухлаг авсан. Гэтэл энэ дуулианаар өмнө нь харж байгаагүй хүмүүс ТҮЦ ажиллуулах болсон. Би “Шинэлэг сууц”- аас мухлагаа 3.5 сая төгрөгөөр авсан. Ажлын байраа алдчихгүйн тулд түүнийгээ өөр хүнд хоёр сая төгрөгөөр зараад “Контейнер хаус” гэх байгууллагаас долоон сая төгрөгөөр шинийг авсан” гэж ярив.
Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийнхэн өнгөрсөн жилүүдэд “Киг” компаниас ТҮЦ авахыг худалдаа эрхлэгчдэд тулгажээ. Тухайн үед тус компанийнхан зах зээлийнхээс хэт өндөр үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байж. Үйлдвэрлэсэн ТҮЦ нь багадаа долоо, дээд тал нь 20 сая төгрөгийн өртөгтэй байсан аж. “Стандартын шаардлагад нийцээгүй” гэх үндэслэлээр хоолноосоо салахыг хүсээгүй иргэд тус компаниас ТҮЦ авчээ. Харамсалтай нь, чанаргүй, шаардлагад нийцээгүй ТҮЦ хэт өндөр үнээр нийлүүлсэн байжээ. Тус компанид захиалга өгсөн, одоо хэр нь хохирлоо төлүүлж чадаагүй байгаа хүн олон аж.
Өдгөө “Стандартад нийцэхгүй байгууламжид, газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна” хэмээн ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байгаа. Худалдаа эрхлэгчид ийм зөрчил гаргасан бол хариуцлага хүлээлгэх нь зөв. Гэтэл олонх нь дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс өгсөн зөвшөөрөлтэй бөгөөд тэдний зааж өгсөн компаниас ТҮЦ-ээ авсныг юу гэж ойлгох вэ. Өдгөө тэр нь шаардлагад нийцэхгүй болсон гэнэ. Сураг сонсох нь ээ, холбогдох албаныхан ногоон өнгөтэй ТҮЦ-ийн зураг гаргачихсан “Үүнийг ав” хэмээн тулгаж байгаа аж. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс авхуулаад тохижилттой гудамжуудад мухлаг байрлуулж, худалдаа эрхлэх хүсэлт гаргасан хүнд ийм шаардлага тавьсан байна.
Уг нь ТҮЦ-т юу худалдаж болохгүйг хэдийнэ тодорхойлчихсон. Айж, ичихээ мэдэхгүй л биш бол худалдаа эрхлэгчид хориглосон бүтээгдэхүүн борлуулах нь харьцангуй багассан нь бүхний нүдэнд ил байгаа. Үгүй ядаж түргэн муудах бүтээгдэхүүнээ хөргүүрт хийдэг болоод тогтсон. Өнгөрсөн хавар нийслэлийн МХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газрынхантай шалгалтаар явахад зөвшөөрөлгүй ТҮЦ бараг байгаагүй.
Зөрчил цөөхөн илэрсэн юм даг. Товчхондоо, ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийн хандлага сайжирсан гэж болно. Гэтэл нийслэл дүүргийн холбогдох албаныхан өөрсдийн “халаасны” компанийн үйл ажиллагааг дэмжихийн тулд тэднийг боомилж байгаа нь зүйд хэр нийцэх вэ. Үүний уршгаар ТҮЦ-үүдийг албадан буулгах ажиллагаа төрийн албаныхны халаасаа “зузаатгах” гэсэн “шоу” төдий харагдаад байна.
Уншигч Та анзаарч л байгаа биз, ТҮЦ-ийн тоо өнгөрсөн хугацаанд огт цөөрөөгүй харин ч олширсон гэдгийг. Тэгэхээр төрийн албаныхан ТҮЦ-ээр далимдуулж, ашиг олоод байна уу гэж хардахад хүргэж байна. Байрны булан, тохойд нэг л өдөр ТҮЦ байрлуулаад, ажиллуулж эхэлдэг нь үүнийг нотолно. Бөхийн өргөө орчимд өнгөрсөн хоёр сарын хугацаанд гурван ч ТҮЦ шинээр нэмэгдсэн.
Иргэд ч түүгээр түвэгшээхгүй үйлчлүүлж байгаа харагддаг. Зам дагуу, үйлчилгээ нь түргэн, цаг хугацаа хэмнэдэг учраас тэр. Тиймээс нийгэмд байгаа эрэлтийг далимдуулж, ТҮЦ ажиллуулж буй хүмүүсийг нулимстай хутгаад эрх мэдлээ урвуулан ашигламааргүй байна. Нийслэлд түргэн үйлчилгээний 500 цэг байх боломжтой гэсэн судалгаа байдаг юм билээ. Холбогдох албаныхан зөвшөөрлөөр далимдуулж, ТҮЦ наймаалцдаг үйлдлээ болихгүй бол одоогийн 1045 хүн хоёр дахин үржих биз.
2001 онд ТҮЦ-үүд ийм байв. Нэг бүрийнх нь үнэ 150-250 мянган төгрөг. Энэ үед 3000 орчим хүн ТҮЦ ажиллуулж байсан.
2005 он. ТҮЦ ажиллуулдаг хүмүүс харьцангуй цөөрч 1500 орчим болсон. Хотын удирдлага шаардлага тавьсны дагуу дотроо зуухтай төмөр болон модон мухлагийг худалдаа эрхлэгчид үүгээр сольсон. Үнэ нь 800 000 төгрөг.
Зайрмаг, ундааг гадна худалдахыг 2006 оноос хориглож эхэлжээ. Үүний дагуу ТҮЦ-ийнхэн ажлын байраа томосгож, дотроо хөргөгчтэй байх ёстой гэсэн шаардлагад нийцүүлсэн. Хотын гудамжинд навсгар мухлаг байрлуулж болохгүй гэсний дагуу төмөр хийцтэй ТҮЦ “моод” болжээ. Тухайн үед ийм загварын ТҮЦ-ийг 600-800 мянган төгрөгөөр худалдан авч байв. Худалдаа эрхлэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс нь цөөрөөгүйг дурдах нь зүйтэй.
2014 он. Өдгөө гудамжинд байрлуулсан ТҮЦ-үүд зах зээлд хүч түрэн орж ирэв. 20 саяар төмөр ТҮЦ “шахсан” “Киг”-ийнхээс авхуулаад ийм мухлаг хийдэг аж ахуйн нэгж олшров. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан дотроо ариун цэврийн өрөөтэй, цэлгэр цонхтой ийм ТҮЦ л гудамжинд байрлуулах ёстой гэв. “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг энэ онд шинэчилж, шаардлагад нь энэ тухай тусгав. Нэг бүр нь 7-12 сая төгрөгийн үнэтэй ийм загварын ТҮЦ-ийг 1054 хүн бэлэн мөнгөөр болон зээлээр худалдан авчээ.
Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй гээд хоёр цонхтой, тэр нь “гоёлтой” ТҮЦ-ийг шаардлагад нийцнэ гэж хотын удирдлага үзэв. Ингээд тухайн загварыг Баруун дөрвөн замд байгуулсан “Хайрын төгөл”-д байрлуулав. Нэг бүрийнх нь үнэ 15-18 сая төгрөг. Иргэд үүнийг зөвшөөрөөгүй тул цөөн ширхгээр үйлдвэрлэж, худалджээ. Тухайн үеийн хотын ерөнхий менежер Б.Бадрал нийслэлийн хэмжээнд 1270 хүн ТҮЦ ажиллуулж байна хэмээн мэдээлж байв.
Энд тэндгүй замбараагүй байрлуулсан ТҮЦ-ийг журамлаж, мухлагийнх нь загварыг сайжруулах ажил 2010 оноос эрчимжжээ. Нийслэлийн тухайн үеийн удирдлага 1995 оноос мөрдөж эхэлсэн “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг ягштал мөрдөхийг шаардаж байв. Гэсэн хэдий ч төмөр хийцтэй ТҮЦ-ийг хэрэглээнээс халж чадаагүй. Харин үнэ нь нэмэгдэж хоёр сая орчим төгрөг болжээ. ТҮЦ ажиллуулж байсан 1000 гаруй хүний 60 орчим хувь нь ийм үнээр шинийг худалдаж авсан байдаг.
2012 онд хотын удирдлага гудамж, талбайд ТҮЦ байрлуулахгүй гэсэн лүндэн буулгав. Шаардлагатай цөөн хэдэн байршилд хотоос баталсан загвартай ТҮЦ байрлуулах болов. Хяналтын камер, гэрэлтдэг хаягтай эл ТҮЦ-ийг шаардлагад нийцнэ гэж үзжээ. Нэг бүрийнх нь үнэ 20 орчим сая төгрөг. “Киг” хэмээх компани үүнийг оруулж ирсэн аж. Тухайн үед мухлагт худалдаа эрхэлж байсан 1000 гаруй хүн худалдан авч чадахгүй хэмээн тэмцэж, цөөн хэд нь л үнийг нь “дийлсэн”.
Бэлтгэсэн: Г.Цэцэг