Дуртай нэг нь “амбаар” босгож, “авто угаалга”, “дугуй засвар” гээд хаяг хадсан л бол түүнд нь хэн ч халдашгүй өмч болчихдог байсан эмх замбараагүй авто угаалгын газрууд одоо л нэг цэгцэндээ орох нь. “Миний юм чамд хамаагүй”, “Амьдрах гэж ядарч явна” хэмээн хууль, дүрэм журам, стандарт байдгийг “мартсан” тэднийг нэгдсэн бүртгэлд хамруулан, стандартыг нь мөрдүүлэхээр Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Тээврийн газар ажиллаж эхэлжээ.
Зөвхөн авто угаалга, дугуй засвар бус авто засвар, зогсоол, сэлбэг худалдаа зэрэг автомашинтай холбоотой үйлчилгээ үзүүлдэг бүхий л аж ахуйн нэгж үүнд хамаарах аж. Авто үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг A, B, C гэсэн гурван ангилалд хуваах бөгөөд А ангилалд засвар, В ангилалд угаалга, С-д нь авто худалдаа багтах аж. Тиймээс байгууллагууд аль төрлөөр үйлчилгээ эрхэлдгээсээ хамаарч дээрх ангиллын бичгээ авах ёстой юм байна.
Уг нь ийм газрууд 2003 онд батласан MNS 5025:2010, MNS 5347:2003 гэсэн улсын стандарт мөрдөх ёстой. Мөн Авто тээврийн тухай хуульд эл чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад ангилал тогтоохоор тусгасан байдаг. Үүний дагуу 2016 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Авто үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад заавал ангилал тогтоолгоно” гэсэн захирамж баталсан байдаг аж.
Тиймээс нийслэлийн Тээврийн газраас энэ сарын 7-ноос ирэх сарын 1 хүртэл төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 833 аж ахуй нэгж, байгууллагад мэдэгдэл хүргүүлж, есдүгээр сарын 24-28-ны хооронд шалгалт хийх гэнэ. Уг нь эл ажил өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн ч бараг жилийн хугацаанд 100 орчим аж ахуйн нэгж, байгууллага л ангиллаа тогтоолгосон аж. Эхний ээлжинд авто угаалга, дугуй засварын газруудыг ангилах юм байна. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто угаалга, дугуй засварын газруудын өнөөгийн байдлыг сурвалжиллаа.
Хэдэн жилийн өмнөх шиг алчуур эргүүлж, гараар автомашин угаадаг хувь хүмүүс харагдсангүй. Харин сэндвичэн байшингийн үүдэнд “Авто угаалга 10 000” гэсэн бичигтэй газар олон байлаа. Баянгол дүүргийн XXII хороонд байрлах “Авто угаалга, дугуй засвар” гэсэн томоос том хаягтай газар руу орлоо. Бороо орох үе таарсан тул том хаалгаа хааж, дугуй засварынхаа хаалгыг нээсэн байв.
Чийг, хөгц үнэртэж, шавар шалбаагтаа хутгалдсан бохир орчинд үйл ажиллагаагаа явуулдаг аж. Мөн үүдэндээ хоёр ширхэг усны сав зэрэгцүүлж тавьсан нь дээврийн дусаалыг тосох “үүрэгтэй” байв. Дугуй засварын ажил эрхэлдэг 50 орчим насны эрэгтэй “Манайх энд арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Зөвшөөрлийн бичиг бий” гэх боловч ангилал тогтоолгох тухай сонсоогүй гэдгээ хэллээ. Цааш дамжин угаалгын газар руу нь нэвтрэхэд гурван залуу хоёр машин угааж байсан юм.
Уг нь MNS 5347:2003 стандартад “Угаагч нь ус нэвтэрдэггүй малгай, бээлий, гутал, ажлын хувцастай байна” гэж заасан ч эндхийн угаагч нар биеийн тамирын хувцас, пүүзтэй ажиллаж байв. Тэднээс стандартаа мэддэг, эсэхийг нь лавлахад “Бид нар оюутан. Зуны амралтаараа л түр ажиллаж байна. Зориулалтын хувцас тарааж өгдөггүй. Заримдаа л “Усны гутал өмс” гэсэн шаардлага тавьдаг. Усны гутлыг удаан өмсөхөөр биед муу юм билээ. Тиймээс хааяа л өмсдөг” гэв.
Стандартын дагуу ус зайлуулах хоолойд элс, тос баригч хийж өдөр бүр цэвэрлэснээр түүгээр гадагшлах бохир усны хорт бодис нь багасах учиртай. Гэвч тус газарт оронгуут л бохирын шугамын өмхий үнэр хамар цоргиж байсан юм. Үүнийг хамгийн сүүлд хэзээ цэвэрлэсэн талаар тэднээс асуухад “Өдөр бүр л цэвэрлэдэг” гэх боловч дагтаршиж хатуужсан шороо чулуу, тос, хөөс зэрэг нь “Ганцхан өнөөдрийнх биш” гэдгийг илтгэж байсан юм. Тус газрын ойролцоо яг иймэрхүү байдлаар үйлчилгээ үзүүлэгч 2-3 газар хаяа дэрлэн оршино. Яг замын хажууд, өөрөөр хэлбэл, явган хүний замтай тулгаж барьсан байгууллагууд орц, гарцаа зам сэтлэж шийджээ.
Уг нь мөрдөх ёстой стандартад нь гаднаа машины зогсоолтой, үйлчлүүлэгчдийн хүлээлгийн өрөөтэй байна гэж заасан байх юм. Даанч тэдэнд үүнийг мөрдөх “шаардлага байдаггүй” бололтой. Эндээс гараад тус дүүргийн X хороонд байрлах дугуй засварын газарт “зочиллоо”. Давчуухан зайд дөрвөн залуу үйлчлүүлэгч ирэхийг хүлээн сууна. Дугуй засахын зэрэгцээ тос, масло ч сольдог бололтой гадуур нь тус бүтээгдэхүүний сав хөглөж, газарт асгарч, шингэсэн хэсэг нь харлаж харагдаж байсан юм. Тэднээс мөн л дээрх стандарт, ангиллын тухай лавлахад эзэн нь гэх 30 орчим насны эрэгтэй “Би энд үйлчилгээ эрхлээд таван жил болж байна. Тийм юм мэдэхгүй. Харин татварынхан л ирж мөнгө аваад байдаг юм билээ” гээд хөөх шахам буцаалаа.
Галын аюулгүй байдал хангах шаардлага ганц авто үйлчилгээний газрууд биш, бүхий л байгууллагад хамааралтай. Гэхдээ хүний эд хөрөнгийг хариуцдаг, галын аюултай, шатамхай бодис ихээр хэрэглэдэг авто үйлчилгээний газрууд үүнийг дээд зэргээр хангасан байх ёстой. Ялангуяа авто засварын газарт тос солих үед асгарах тохиолдол их гардаг. Үүнд галын оч хүрэхэд л түймэр гарах магадлалтай, тиймээс дээрх газрын ажилчид болон, үйлчлүүлэгч нар байгууламжаас хол очиж тамхи татах үүрэгтэйг мэргэжилтэн хэлсэн.
Гэтэл дээрх газруудад үйлчлүүлэгч, ажилчин нийлээд тамхи татаад сууж байдаг нь ердийн зүйл болжээ. “Энэ их усны хажууд байхад гал гарахгүй байх” гэх хэнэггүй зан гаргах нь элбэг. Гэтэл автомашинаас асгарсан шингэн бодис нэгэнт галд автсан бол усаар унтардаггүй аж. Тиймээс наад зах нь зориулалтын газарт тамхи татах, мөн галын хороо үзүүлэн бус хэрэглээ хэлбэрээр хадгалдаг байх нь чухал. Дээрх хоёр байгууллагад яг адилхан зүйл ажиглагдсан нь галын булан.
“Галын самбар” нэртэй улаан үзүүлэнгийн хажууд тоос, шороонд дарагдаж, юу нь мэдэгдэхгүй болсон галын хор өлгөөстэй байв. Хананд хадсан хадааснаасаа галын хороо өлгөөд зогсохгүй хоолойг нь эвхэж давхар өлгөсөн нь хэзээ мөдхөн тасрах дөхсөн харагдана. Уг нь нийслэлийн Онцгой байдлын газраас жилд нэг удаа шалгадаг гэнэ. Тиймээс тэд жилд нэг удаа л шалгалтад бэлтгэх шаардлага гардаг байх нь. Олонх нь ийм дүр зурагтай байсан ч тэдэн дунд “гялтайж” харагдах ганц нэг нь ч бий.
Баянгол дүүргийн V хороо, X хорооллын замын урд талын явган зам дагуу “Car wash” гэж сум заасан газар руу эргэхэд 20 автомашины зогсоолтой, томоохон угаалгын газар байв. Тус байгууллага нь үйлчилгээний ханшаа үйлчлүүлэгчдэд тодорхой байлгах үүднээс ангилж, ханандаа өлгөж, мөн тэдэнд зориулсан хүлээлгийн өрөөндөө буйдан, ширээ тавьсан байв. Ажилчдын хувцас нь ч автомашины өнгөрийг гэмтээхээргүй гялгар материалаар хийсэн аж. Энэ мэт стандартаа бага ч болов биелүүлж ажиллаж байгаа байгууллага цөөн ч болов байгаа нь сайшаалтай.
Авто угаалгын газруудын асуудал дагуулдаг гол зүйл нь цэвэр усны хэрэглээ. Уг нь тэд бохир усаа цэвэршүүлж, дахин ашиглах үүрэгтэй. Эл шаардлагыг хэдэн байгууллага мөрдөж байгааг Ус сувгийн удирдах газрын хяналтын инженер Д.Баярмаагаас тодруулахад “Авто үйлчилгээ эрхлэгч 204 байгууллага манайхтай гэрээ байгуулан ажилладаг. Үүний 83 нь авто угаалгын үйлчилгээ эрхэлдэг.
Энэ оны гуравдугаар сарын 14-нд Засгийн газрын 073 тоот тогтоолоор байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг 2019 оны тавдугаар сарын 15-ны дотор хэрэгжүүлэхийг даалгасан. Үүний дагуу гэрээтэй авто угаалгын газруудад мэдэгдэл хүргүүлсэн. Одоогоор гурван байгууллага үүнийг хангасан” гэлээ. Юутай ч сайнаас саар нь давамгайлдаг авто үйлчилгээнийхнийг цэгцлэх ажил ийнхүү эхэлж байгаа аж. Мэдэгдэл хүргүүлсэн газруудад ирэх сарын 24-28-нд шалгалт хийж, шаардлага бүрэн биелүүлээгүй нөхцөлд хаах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох байгууллагууд сануулсан.