Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хичээлд нь зөөдөг тээврийн хэрэгслүүдэд өнгөрсөн даваа гаргаас эхлэн үзлэг шалгалт хийж эхэлжээ. Замын цагдаагийн алба болон нийслэлийн Тээврийн газар, Боловсролын газар хамтран “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгааг шалгахад эхний хоёр өдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн 20 тээврийн хэрэгсэл хамрагдахад ердөө тав нь тэнцсэн байна.
Энэ хоёр дүүрэгт нийт 27 сургуулийн 70 тээврийн хэрэгсэл үзлэг шалгалтад хамрагдахаас эхний өдрүүдэд ийнхүү 75 хувь нь бүдэрчээ. Тиймээс хамаарах аж ахуйн нэгжүүдэд нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар, стандартын шаардлага хангасан автобус, тээврийн хэрэгслээр тав тухтай, аюулгүй тээвэрлэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зөрчлөө арилгах зөвлөмж, шаардлага хүргүүлжээ.
Бэлтгэсэн: Л.Аргамжин