Уул уурхайн ашиглалтын талбай юу, суурьшлын бүс үү.
Заамар сумын Хайлааст баг 2017.10.26
Т.Энхбат, Ж.Сувдмаа
-Хариуцлагатай уул уурхайн эрэлд-
ШҮҮХЭЭС ИРСЭН “ЗАХИДАЛ”
Бид шүүхэд дуудагдлаа. “Өнөөдөр” сонины редакцад хэмээн хаягласан эл “захидал”-д компанийн нэр хүндэд халдаж, үйл ажиллагаанд саад болсон гэсэн үндэслэлээр биднээс 100 сая төгрөг нэхэмжилсэн тухай бичсэн байв. “Хашаа руу минь юу юугүй дайрч орох нь, уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон байна” хэмээн гомдоллож, цөхрөл, тэмцлийнх нь сүүлчийн найдвар гэж итгэн, сонинд хандсан нутгийн иргэдийн “захидал” уул уурхайн энэ компанитай биднийг анх учруулсан. Буруу, булхай бүхнийг уудлан илчилж, олонд хүргэх нь бидэнд ногдсон гол үүрэг учир тэдний үгийг үл ойшоон, хойш сууж түвдээгүй. Манай сурвалжлах баг Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийг зорьж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Аль нэг сум, багийн суурин гэхээс илүүтэй уурхайн ашиглалтын талбай, кэмпэд ороод ирэв үү гэлтэй сэтгэгдэл төрснийг нуугаад яах вэ. Айлуудын хашаанаас хэдхэн алхмын зайд хүнд машин механизм ажиллаж, ухсан нүх, карьер энд тэндгүй харлаж, цагаан тоос бужигнахыг хараад яаж ийм нөхцөлд хүн амьдарч байна гэж тэднийг өрөвдөх өмөөрөх сэтгэл зэрэгцэв. Нутгийн иргэд ч “Энэ компанийнхан биднийг нохой шиг үздэг. Юм хэлээд ч тоодоггүй.
Заамарт олон уурхай бий ч айлын хашаанд ингэтлээ тулгаж ухсан тохиолдол байхгүй. Уурхайнхан манай багийн нутгаар дайран өнгөрдөг улсын чанартай авто замын чиглэлийг өөрчилснөөс иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, цайны газар, дэлгүүрүүдийн дийлэнх нь хаалгаа барьсан. Нүүлгэн шилжүүлж, шинээр барьсан худгаас ус гарахгүй байна. Манай эндхийнхэн бүгд тоосноос үүдэлтэй өвчтэй болсон” хэмээн шогширч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж буй талаар ярьсныг бид ямар нэг нэмэлт, хачиргүйгээр уншигчдадаа хүргэсэн. Гэвч хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилохыг оролдсон, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх далд зорилготой шүүхийн зарлан дуудах хуудас хүлээж авах нь тэр.
Орон нутгийн иргэд болоод уурхайнхны дунд үүссэн эл зөрчлийн гол шалтгаан нь газрын маргаан юм. Уурхайнхан “Бид зөвшөөрөлтэй талбайдаа ажиллаж байна” гэдэг ч нидэр дээрээ үүнийгээ нотолж чаддаггүй. Харин иргэд “Эднийх тусгай зөвшөөрөлтэй байлаа ч суурьшлын бүс рүү халдах эрхгүй. Газар эзэмших албан ёсны бичиг баримттай айлууд ч бий” хэмээн цамнадаг. Үнэн мөнийг нь тогтоож, асуудлын зангилааг олох зорилгоор бид холбогдох байгууллагуудад хандаад ч нэмэр болсонгүй.
АМГТГ-ын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзахад ч хоёр өөр зүйл ярьж, төөрөлдүүлэв. Нэг мэргэжилтэн нь “Зөвшөөрөл олгохдоо тухайн хэсэгт давхцалтай, эсэхийг нягталдаг учраас ийм асуудал үүсэх боломжгүй” гэхэд нөгөө нь “Лиценз өгөхөд хэн нэгний өмчилж, эзэмшсэн газартай давхцуулж болохгүй гэсэн зохицуулалт хуульд байхгүй. Манай байгууллагад хамаатай асуудал биш” гэсэн эсрэг, тэсрэг зүйл яриад, нэр, албан тушаалаа хэлэхээс ч татгалзсан юм. Ингээд бид мухардав.
Заамар суманд үүссэн ганц энэ асуудалд ч биш, ерөөс уул уурхайн салбартай холбоотой зөрчил, маргаанд төрийн захиргааны байгууллагууд ийм байдлаар хандаж ирсэн жишээ олон. Энэ дутагдлаас хэзээ ангижрах вэ. Мэдээлэл өгөхөөс, нээлттэй, ил тод байхаас зайлсхийдэг, бурууг өөрсдөөсөө холдуулан, тэс хөндлөн зүйл ярьж төөрөлдүүлдэг, эсвэл өөр байгууллагууд руу чиглүүлдэг жигтэй тогтолцоог бид хэзээ халах вэ. Магадгүй энэ байдал хариуцлагагүй уул уурхайг цэцэглүүлэх таатай хөрс нь гэвэл үүнийг засаж, залруулах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.
Алтны уурхайнууд гол ус бохирдуулаад, ойг хяргаад, уулыг нураагаад нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн гомдол “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш тасраагүй. Одоо Орхон гол амь тавьж байна, Бөөнцагаан нуур ширгэх нь гэж дэмий гаслахын оронд байгаль орчинд сөрөг нөлөөгүй олборлолт хийдэг хөшүүрэг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй.
Шүүхээс ирсэн “захидал” бидэнд ийм сэдэл төрүүлсэн юм. Ингээд шороон ордоос алт олборлодог компаниуд яагаад хариуцлагаа уландаа гишгэдэг, төр, засаг байгаль орчныг нөхөн сэргээхээс эхлээд зохистой ашиглах бодлогоо хэрэгжүүлж чадаж байна уу гэдгийг тодруулах эрэлд бид дөрөө харшуулан мордов.
Монголбанкинд тушааж буй алтны 90 гаруй хувийг шороон ордоос олборлодог. Алтаа олборлох нь манайх шиг ам.долларын хомсдолтой улсын эдийн засагт аминдэм мэт нөлөөтэй. Нөгөөтэйгүүр шороон ордоос алт олборлож буй компаниуд байгаль дэлхийг ихээр сүйтгэж байна. Уул уурхайн бодлого судлаач Г.Дамдинням “Алтны олборлолт Монголын уул уурхайг нэлэнхүйд нь муухай харагдуулж байгаа” гэж ярьсан удаатай. Алт яагаад уул уурхайг муухай харагдуулаад байна вэ?
ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ
Бидний босгыг нь давсан хамгийн анхны “айл” Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байлаа. Яам бодлого боловсруулж, АМГТГ хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын хэрэгжүүлж эхлээд буй “Алт-2” хөтөлбөрийн танилцуулгаас авсан мэдээллээр манай улс алтны ашиглалтын 512 тусгай зөвшөөрөл олгоод буйгаас 447 нь шороон, 65 нь үндсэн ордынх. Эдгээрээс алтны 161 уурхай одоо алт олборлож байгаа аж. Үүнээс гурав нь л үндсэн, бусад нь шороон орд. Ийм статистик мэдээлэлтэй бид “хэрүүлийн алим” болсон алтны салбарыг эрүүлжүүлэх ямар арга байгааг сураглахаар салбарын яамны дөрвөн давхар өөд өгслөө.
Бидэнтэй уулзахыг зөвшөөрсөн, “Эрдэнэт үйлдвэр”, “Саусгоби сэндс” компанид ашиглалтын инженерээр ажилласан туршлагатай, өдгөө УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын даргаар ажиллаж буй Ж.Ганбаатар цэнхэр зангиагаа засаад “Би салбараа өмөөрнө шүү” хэмээн яриагаа эхлүүллээ. Үргэлж баалуулсаар залхсан янз түүний царайнаас илэрхий. Тохитой сандалд тухалсан тэрбээр “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт тавьж, хариуцлага тооцож чаддаг.
Харин хууль бусаар алт олборлогчидтой тэмцэж чадахгүй байна. Болж бүтэхгүй бүх зүйлийг техникжсэн “нинжа” нар хийдэг” гэж гэмтнүүдийг “цоллов”. Тус яамныхан уурхайн нээлтээс хаалт хүртэлх бүхий л “хөдөлгөөн”-ийг зохицуулах зорилготой Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулаад буй.
Тэрбээр “Шинэ хууль баталснаар байгаль орчныг нөхөн сэргээж, уурхайгаа хааж чадахгүй аж ахуйн нэгжид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй. Хаалтаа хийж чадахгүй бол уурхай нээх эрх өгөхгүй гэсэн үг” гэж нэмж хэллээ. Шинэ хуулийн үзэл баримтлал нь уул уурхайг хариуцлагажуулна гэдэгт найдаж байв. Харин хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол хэрхэх вэ? Манай төр хууль баталдаг ч хэрэгжүүлж чаддаггүй гажигтайг мартаж боломгүй.
Болж бүтэхгүй нөхдийн гар хөлийг яагаад боож хүлж чадахгүй, толгой дээрээ гаргачихаад байна вэ? Төв аймгийн Заамар сумын “Мөнх ногоон хас” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Энхтайван “Энд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд ямар ч хариуцлага байхгүй. Алт л авахыг бодно, байгаль орчин сүйтгэчихээд нөхөн сэргээхгүй хаячихдаг” гэж ярьсан. Уурхайнууд яагаад нөхөн сэргээлт хийхгүй байна вэ? Энэ асуултад Уул уурхайн бодлогын газрын дарга “Манай яам нөхөн сэргээлт хариуцдаггүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхнаас асуу” гэж хариуллаа. Тэгвэл байгаль орчныг сүйтгэж, хууль бусаар алт олборлодог техникжсэн “нинжа” нарыг хэн хянах вэ?
Алтаа олборлох нь эдийн засагт тустай ч “нинжа” хэмээх балаг таригчдыг дагуулдаг. Тэд алтыг нь аваад авдрыг нь хаядаг гэгчээр байгаль орчин сүйтгэчихээд зугтдаг, эрүүл газрыг ч онгичин олборлолт хийдэг, бусармаг этгээдүүд. Швейцарийн хөгжлийн агентлагаас “Тогтвортой бичил уурхай төсөл” хэрэгжүүлж, “нинжа” нарыг нөхөрлөлд нэгтгэж, хууль журмын хүрээнд ажиллуулахыг хичээж буй. Төслийнхний танилцуулснаар Монголд “нинжа” гэсэн хочтой 65 мянган иргэн бий.
Тэдний 10 хувийг нь нөхөрлөлд нэгтгэжээ. Нөхөрлөлүүд ч нөхөн сэргээлт хийж, хууль журмын дагуу ажиллаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Үүнийг яамныхан бүү хэл, даамай сайн мэргэ төлөгч ч хэлж чадахгүй. “Нинжа” нарын дураараа дургихыг хараад суух хэрэг үү. “Хулгайгаар алт олборлосон 20 этгээдийг хууль хяналтын байгууллагад барьж өгөөд хариуцлага тооцуулж чадаагүй. Яагаад чадаагүйг нь Хууль зүй, дотоод хэргийн яамныхнаас асуугаарай” гэж Ж.Ганбаатар дарга оньсого таалгав.
Мөнөөх этгээдүүд нь байгаль орчныг сүйдэлж, хууль бусаар алт олборлосныг цагдаагийнхан нотолжээ. Байгаль орчинд учруулсан хор хохирлыг нь үнэлж байж тэднийг гэсгээх хуультай. Гэтэл үнэлгээ хийдэг компани хөлслөн, хохирлын хэмжээг нь тогтоолгох төсөв төрд байсангүй. Ингээд хууль бусаар алт олборлож, байгаль орчныг сүйтгэж, ямар ч зөвшөөрөл авалгүйгээр, татвар хураамж төлөлгүйгээр нийтийн баялгаас хулгайлсан хүмүүст “дөнгө” зүүлгэж чадсангүй.
Хэн ч хариуцлага тооцож чадахгүйг мэдэрсэн “нинжа” нар намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ хэмээн даналзаж, “Хулгайлсан ч яадаг юм” гэж оодорч явна. Захаас нь барьж аваад шийтгээд эхэлбэл тэд эмээнэ биз дээ. Ж.Ганбаатар “Улсын мөрдөн байцаах газрын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг долоон ажилтан, хоёрхон машинтай. Техник хэрэгсэлгүй шахам цөөн хүн “нинжа” нартай тэмцэх боломжгүй” гэж шалтаг тоочив.
Чонотой нийлсэн нохой чоноос ч аюултай гэдэг. “Нинжа” нарт аймаг, сумын Засаг дарга дур мэдэн зөвшөөрөл олгож, нутаг усаа сүйтгүүлэх замыг нь засаж өгдөг нь энгийн үзэгдэл байлаа. Тэгвэл УУХҮЯ-наас энэ онд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам баталж, “нинжа” нарт зөвшөөрөл олгох эрхийг засаг ноёдод олгов. Одоо тэд дархан эрхтэй, “хомхой чоно” болсон. Уг нь сумын Засаг дарга нар хууль тогтоомж хэрэгжүүлэх үүрэгтэй, засаг захиргааны анхан шатны нэгжийн субъект.
Харьяа иргэд нь “нинжа” болж, байгалиа сүйтгэх явдал орон нутагт түгээмэл. Засаг дарга нар ч ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар нөхөрлөлүүдэд алт олборлох зөвшөөрөл олгож байна гэсэн мэдээлэл байнга чих дэлсэх боллоо. Нутгийн иргэд, удирдлагуудтайгаа нийлээд алт руу дайрчихаар хэн хяналт тавих вэ. Өөртөө ашиг хонжоотой учраас нутгийн удирдлагууд “нинжа” нарыг өмөөрч таарна. Ж.Ганбаатар “Орон нутгийн удирдлагууд алтны олборлолтыг завхруулж байгаатай санал нийлнэ” гэлээ.
Өөрөөр хэлбэл, чонотой нийлсэн нохой болсныг нь баталсан хэрэг. Яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ гэсэн асуулт дахиад л “ургана”. УУХҮЯ-нд нэг хуулийн төслөөс өөр уул уурхай, тэр дундаа алт олборлодог компаниудыг хариуцлагажуулах бодитой бодлого, санал, санаачилга алга. Чоно, нохой хоёрыг нийлүүлэх журам баталчихаад сууж байгаа яамныханд өөрсдийгөө өмөөрөх хэрэг юу сан билээ. Засаг даргын суганд хавчуулагдсан нөхөрлөлүүд түрийний бөөс толгойд гарахын үлгэр болох биз. “Байгаль орчинтой холбоотой асуудлаа БОАЖЯ-ныхнаас асуу” гэсэн зөвлөгөө бидний эрлийн зүгийг заав.
“ТЭМЦЭЛДЭХИЙН ОРОНД БИДНИЙ САНАЛЫГ ДЭМЖ”
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглуулахтай холбоотой бодлого тодорхойлогч төрийн захиргааны гол байгууллагын нэг БОАЖЯ-наас мэдээлэл авах нь тийм ч амар биш аж. Тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Нямдаваатай уулзахаар долоо хоног чаргууцалдаад аргаа барав. Тэр элдэв хурал цуглаанаар шалтаглан, бэрхшээл тоочсоор “хулжсан” юм. Түүнийг бидэнд цаг гаргахыг хүлээвэл багагүй хугацаа алдах нь тодорхой байсан учир дараагийн байгууллагын хаалгыг тогшив.
МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр “Би та нарыг хүлээж байлаа. Ярих зүйл бий шүү” хэмээн шийдэмгий, уриалгахан гэгч угтлаа. Бидэнтэй ярилцахаар товлосон мэргэжилтний өмнүүр орсныг бодоход түүнийг ямар нэг зүйл хүчтэй “хатгажээ”.
Тэрбээр “МХЕГ бүх асуудлыг шийддэг, шалгадаг, хариуцдаг мэтээр ойлгоод байх шиг. Бид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих эрхэм зорилготой” хэмээн яриагаа бухимдангуй эхлүүлж, уул уурхайтай холбоотой элдэв зөрчил, хууль бус үйлдэл сүүлийн үед гаарсан нь шат шатны байгууллагууд үүргээ биелүүлж чаддаггүйтэй шууд холбоотой хэмээв.
Түүний энэ шүүмжлэлийн гол бай нь БОАЖЯ. Ямар сайндаа л “БОАЖЯ-ныхан хууль тогтоомжоо сурталчлах, агентлагуудаар дамжуулаад хэрэгжилтэд нь санаа тавих ёстой. Гэтэл тэд бидний ажлыг булаацалддаг. Үе үеийн удирдлага нь “Бид бодлогоо ч тодорхойлно, хэрэгжилтийг нь ч хангуулна, хяналтаа ч тавина. Ингэж байж сайхан болно. МХЕГ-ынхан хусан дээр ургасан ур шиг илүү гэж ярьдаг. Бид тухайн уурхайн олборлолтын үйл явц хуулийн дагуу үргэлжилж байгаа, эсэхийг цогцоор нь хянадаг” гэв.
Түүнчлэн “Ингэж тэмцэлдэхийн оронд бидний тавьсан саналыг хэрэгжүүлээд, заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлуулчих. Хуульд ийм өөрчлөлт оруулахгүй бол болохгүй нь гэсэн саналыг тусгаад, цааш нь өргөн барьчих. Зөрчилтэй, хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон компанийн удирдлагуудад цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгээд, шоронд суулгачих. Ингээд шат шатандаа үүргээ биелүүлээд, ажиллавал болчих л асуудал” хэмээн яриагаа дэлгэрүүлсэн. Түүний яриа туждаа ёжтой, анзаарагдам бухимдалтай байлаа.
БОАЖЯ эрхийнхээ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл олгодог. Тэгвэл энэ ажил уул уурхайн салбартай холбоотой зөрчлийн дийлэнх хувийг эзэлдэг нь тэд ажлаа хэрхэн хийж байгаагийн илрэл гэдгийг Н.Батбаяр тодотгоод “Тус яамныхан өөрсдийгөө мэргэжлийн байгууллага гэдэг. Ямар чиг үүрэгтэй, шаардлага хангасан байгууллага юм, бүү мэд. Нөхөн сэргээлтийн зөвшөөрөл өгөх нэрийдлээр баахан цаас тараагаад өгчихдөг юм билээ.
“Үүнийгээ боль” гэж яам руу олон удаа албан бичиг явуулсан ч хариу ирүүлээгүй. Зөвшөөрөл нэмж олгосоор л байгаа. Хариуцлагыг нь дээшлүүлээд, шалгуурыг нь нэмэгдүүл гэсэн шаардлага тавьсан. Хариу алга” гээд толгой сэгсрэв. Түүний цухасхан ярианаас БОАЖЯ, МХЕГ хоёр хэзээнээсээ эв түнжингүй нь илэрхий мэдрэгдлээ. БОАЖЯ-ыг “будаа болгосон” түүний үг “Тэднээс их зүйл шалгаах хэрэгтэй шүү” гэсэн захиас мэт санагдав.
АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ЯАМ
БОАЖЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхан уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг Д.Нямдаваа дарга л мэднэ гэж тохооно. Бидний “шалгалт”-д унахаас айсан дарга нь уулзахаас улайм цайм бултана. БОАЖЯ мэдээлэл өгөхөөс татгалзсан гэж ойлгож болох уу гэтэл Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхан нь маш шуурхай “хөдөлж”, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбатыг уулзуулахаар цаг товлов. Уулзалтад очихоосоо өмнө бид уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой хууль, журмыг сайтар “нэгжлээ”.
Уншигч авхай танд хөтөч болгож, БОАЖЯ уул уурхайг хариуцлагажуулахад ямар үүрэг, оролцоотойг товч тайлбарлая. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, үүнтэй хамт жил бүр баталдаг байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр дамжуулж, эл яам хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд оролцдог хуультай. Менежментийн төлөвлөгөөний гол хэсэг нь нөхөн сэргээлт байдаг юм. АМГТГ-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулна.
Дараа нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ заавал хийлгэж, түүнийгээ БОАЖЯ-аар батлуулах шаардлагатай. Улмаар жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ч батлуулна. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргана гэсэн үг. Төлөвлөгөөнийх нь дагуу нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулах учиртай. Хэрэв орд ашигласан аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийхгүй бол яам байршуулсан мөнгөөр нь эвдэлсэн газрыг “эмчлэх” эрхтэй.
Цаасан дээр хараар бичсэн хууль, журмуудаас бид үүнийг шүүрдэв. Тэгэхээр А.Энхбат даргад тавих гол асуулт компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөхөн сэргээлт рүү чиглэх нь ээ.
БОАЖЯ-нд олон жил ажиллаж буй А.Энхбат “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг маш сайн шалгаж, баталдаг. Учир дутагдалтай хийсэн байвал буцаадаг” гэж ярилаа. Тэгвэл аж ахуйн нэгж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зохиож бичээд, ийм ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй компанийн тамгыг хоёр сая төгрөгөөр даруулчихдаг гэж Геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл ярьсныг дуулгавал тэрбээр “Тийм яриа байдаг” гээд дорвитой үгүйсгэсэнгүй. Эрлийнхээ замд бид уул уурхайн салбарт ажилладаг олон хүнтэй уулзаж, мэдээлэл солилцсон юм. Тэдний нэг нь ч, ялангуяа алт олборлодог компаниуд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ бодитойгоор хийлгэдэг гэдэгт итгэхгүй байлаа. Байгаль орчныг хамгаалах бодлого эхнээсээ худал хуурмагаар дүүрдэг хэрэг үү.
А.Энхбат даргаас компаниуд нөхөн сэргээлтээ бүрэн хийдэг, эсэхийг тодруулбал, “Баримжаалахад, эвдэлсэн талбайнхаа 50-60 хувийг л нөхөн сэргээдэг” гэж хариуллаа. Уг нь үл бүтэх этгээдүүдийн хаяад явсан талбайг тусгай дансанд байршуулсан мөнгөөр нь нөхөн сэргээх ёстой бус уу. Гэтэл тусгай данснаас нэг ч төгрөг зарцуулаагүй гэнэ. Дансанд мөнгө байхад яам яагаад нөхөн сэргээлт хийхгүй байна вэ? А.Энхбат “Манайхан компани бүрийн менежментийн төлөвлөгөөг баталдаггүй юм байна л даа” хэмээн байгууллагынхаа алдааг хүлээн зөвшөөрлөө.
Уг нь хуульд менежментийн төлөвлөгөө батлуулахгүй бол уурхай эрхлэхийг хориглосон заалт бий. Ашигт малтмал олборлож буй компаниудын хэчнээн нь ийм төлөвлөгөө батлуулсан бол. 2016 онд 137 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төлсөн баримт бий. Гэтэл АМГТГ-т 348 компани олборлолт хийх уулын ажлын төлөвлөгөөгөө ирүүлсэн байлаа. Тэгэхээр газрын хөрсийг сэндийчиж, ашигт малтмал олборлож буй компаниудын гуравны нэг нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулдаг байх нь.
Монгол орны байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланд уул уурхайн үйл ажиллагаанаас 27 мянган га талбай эвдэрсний 42 хувьд нь техникийн, 27-д нь биологийн нөхөн сэргээлт хийснийг дурджээ. Үндсэндээ эвдэрч, сүйдсэн газрын 27 хувийг нь л бүрэн “эмчилсэн” гэсэн үг. Компаниудын дийлэнх нь менежментийн төлөвлөгөө батлуулахгүй, тусгай дансанд мөнгө байршуулахгүй байхад эвдэлсэн газрыг нь нөхөн сэргээлгэнэ гэдэг нь харганын ноос түүж, эсгий хийхийн үлгэр болно. БОАЖЯ ажлаа яагаад хийхгүй, компаниудыг хуулиа мөрдөхийг шахаж шаардахгүй байна вэ. Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат ч “Манай улсын байгаль орчноо хамгаалах эрх зүйн орчин дэлхийн түвшинд хүрсэн. Гэвч хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай нь үнэн” гэж салбар нь хуулиа мөрдөж, шаардлагаа тавьж ажиллаж чаддаггүйг хүлээн зөвшөөрсөн юм.
Байгаль орчныг хамгаалах үйлсийн тэргүүн фронтод зүтгэх учиртай БОАЖЯ үнэн хэрэгтээ бодлогоо хэрэгжүүлэх чадамжгүй институц аж. Нэгэн жишээ хачирлая. Манайд нөхөн сэргээлт хийгээгүй, хариуцах эзэнгүй орхисон 4700 га талбай бий гэсэн статистикийг тус яамныхан танилцуулсан. Энэ нь ганц, хоёр ч биш, бүхэл бүтэн зургаан жилийн өмнөх статистик мэдээлэл. Ийм статистикт тулгуурлаж, бодлого хэрэгжүүлэхээр “бай”-гаа онохгүй нь ойлгомжтой.
МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаярын “БОАЖЯ-ныхан бидний ажлыг булаацалддаг” гэж хэлснийг А.Энхбат нотлох гэсэн аятай “Мэргэжлийн хяналтын эрх, үүргийг БОАЖЯ-нд шилжүүлбэл бодлогоо хэрэгжүүлээд, хяналтаа ч тавиад бэрхшээлээ шийдчих боломжтой” гэж уулзалтын төгсгөлд хэлсэн юм. Нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгддөггүйтэй адил байгаль орчны хяналтыг яам хариуцлаа гээд байдал дээрдэх үү. Мэргэжлийн хяналтынхантай арсалдаж, “ам хэлээрээ бяраа үзэж” суухын орон мэдээллээ хуваалцаад, уялдаатай ажиллахад барав биш үү.
МӨНГӨ АВЧИХСАН, ОДОО ЮУ Ч ЯРИХГҮЙ
Бид БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ-ын үүд сахиж, мэргэжилтнүүдийнх нь амыг татаж чангаан, цөөнгүй хоног таваргасны хүчинд ашигт малтмал олборлох үйл явц ном журмын дагуу хэрхэн өрнөх ёстой, ямар “но”, зөрчил түгээмэл байдаг, бодлого тодорхойлогчид хийгээд хууль, журмын хэрэгжилтэд санаа тавих үүрэгтэй байгууллагууд хэрхэн ажилладаг талаар илүү нарийн мэдээлэлтэй болсон юм. Уул уурхайгаар “амьсгалсан” өдрүүдэд олж мэдсэн, дуулсан бүхнээ хуваалцаж, газар нутгаа алтанд шунагсдаас хамгаалахын төлөө тэнхээ мэдэн зүтгэж буй нутгийн иргэдийн тэмцэлд цучил нэмэх зорилгоор “Тоосон” Заамар руу хүлгийн жолоо дахин заллаа.
Малчид, нутгийн иргэд “Алт олборлогчид байгаль орчин сүйтгэж, хууль бус үйл ажиллагаа явуулж байна” хэмээн гомдоллодог ч уул уурхайн хууль, журмыг сайтар мэддэггүйгээс чухам ямар зөрчил гаргадгийг нь тэр бүр нотолж чадахгүй, хүчин мөхөстөх нь түгээмэл.
Тиймээс бид энэ “дөнгө”- ийг мулталж, олсон мэдээллээ тэдэнтэй хуваалцан, алтны компаниудыг хариуцлагажуулахын төлөө гар нийлэхээр шийдсэн юм. Ядаж л олборлогч аж ахуйн нэгж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхдээ орон нутгийн иргэдийн саналыг заавал тусгах ёстойг, тэд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинээр батлуулж, нөхөн сэргээлтийн зардлын талыг нь тусгай дансанд байршуулах хуультайг мэдэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ алтны компаниудад тавих нутгийн иргэдийн шаардлага үндэслэлтэй болно.
Бараг сарын хугацаанд яам, тамгын газраар явж, цуглуулсан мэдээллүүд алт олборлогчдод аалзны тор шиг хэрүүлсэн Заамар сум, тэр дундаа Хайлааст багийн иргэдэд юу юунаас ч илүү үнэтэй хэмээн бодож, баяр бахдалтайгаар очсон бидэнд тэд үнэн нүүр царайгаа үзүүлэв. “Энэ компанийнхан биднийг нохой шиг үздэг. Юм хэлээд ч тоодоггүй. Заамарт олон уурхай бий ч айлын хашаанд ингэтлээ тулгаж ухсан тохиолдол байхгүй. Манай эндхийнхэн бүгд тоосноос үүдэлтэй өвчтэй болсон. Энэ компанийнхантай эцсээ хүртэл тэмцэнэ. Газар нутаг үгүй бол мөнгөөр яах юм бэ” хэмээн нулимс унаган ярьж байсан Э.Ягаанцэцэг хүртэл “Мөнгө авчихсан болохоор одоо юу ч яримааргүй байна” гэж нүдээ ч цавчилгүй, инээмсэглэн өгүүлэв. Ингэж хэлэхдээ тэр санаснаа гүйцэлдүүлж, сэтгэлээ амраасан хүн шиг жогтой гэгч харцаар биднийг ширтэж байлаа. Тэндхийн иргэд тус компанийн экскаваторын шанаганд сууж, сүрдүүлснийхээ ачаар хэдэн “цаас” салгасан, өмнө нь ч ийм аргаар мөнгө авсныг тэр ичгүүр сонжуургүйгээр ярив.
Хайлааст баг, Туулын гүүр орчимд оршин суугчдын сүржин тэмцэл санасандаа хүрээд намжжээ. Тэд мөнгө аваад амаа үүдүүлсэн ч бидний зорилго, тэмцэл цаашид ч үргэлжилнэ. Учир нь бидний тэмцэл газар нутгаа мөнгөөр худалддаг, хоёр нүүртэй Э.Ягаанцэцэг, дан ганц Туулын гүүр орчмын оршин суугчдын төлөө байгаагүйг дуулгая. Тиймээс газар шороогоо унаган төрхөөр нь, гол усаа цэвэр тунгалгаар хадгалан авч үлдэх, байгалийн баялгийг зохистой ашиглуулах, эх орныхоо ирээдүй хойчийн төлөөх тэмцэл маань дундрахгүй.
АРАА ШҮДНИЙ ГАЦАА
Эрлийнхээ явцад “Australian atlas of minerals resources mines & processing centres” буюу Австралийн Ашигт малтмал, уул уурхайн атлас боловсруулах төвийн цахим хуудастай танилцлаа. Тэгээд бид энэ л олсны үзүүрээс атгаж авсан юм. Олон жилийн өмнө манайхтай адил замбараагүй олборлолт хийдэг байсан Австрали улс өнөөдөр дэлхийд хариуцлагатай уул уурхайн жишиг болдог. Тэднийх ашигт малтмал, уул уурхайн холбогдолтой бүхий л мэдээллийг дээрх төвийнхөө цахим хуудсаар дамжуулан, дэлхий нийтэд ил тод хүргэдэг юм.
Энэ төвийг Австралийн Ашигт малтмалын зөвлөл, Эрчим хүч, аялал жуулчлалын яам хамтран 2003 онд байгуулжээ. Үүнээс хойш мэдээллийн төрлийг нь улам нэмэн, шинэчилсээр ирсэн. Уул уурхайнхны бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг өсгөх, газар ашиглалт, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уурхай эрхлэгчдийг хариуцлагажуулах, шийдвэр гаргагч болон хөрөнгө оруулагчдыг нээлттэй мэдээллээр хангахаар ийм атлас хийснээ тус төвийнхөн тодотгосон байв.
Тэгвэл манайд уул уурхайн олборлолттой холбоотой мэдээлэл олон нийтэд хэрхэн хүрч байна вэ. Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга төсөл хэрэгжүүлж, уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөл, гэрээ, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, борлуулалт, татвар, төлбөр, хураамж, орлогын хуваарилалт, зарцуулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хандив, байгаль хамгаалахад зарцуулсан зардал зэргийг мэдээлж байгаа. Гэхдээ мэдээлэл нь хоцрогдолтой, иргэдэд тэр бүр хүрдэггүй.
АМГТГ-ын цахим хуудаснаас геологи хайгуул, кадастр болон эрдэс баялгийн салбарын ерөнхий статистик мэдээллийг л авах боломжтой. БОАЖЯ дэргэдээ Байгаль орчны мэдээллийн төв ажиллуулдаг ч тэнд нь уул уурхайн олборлолт байгальд хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээлэл бараг алга. Байгаа нь ч зөрүүтэй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо гэхэд л АМГТГ-ын статистикаас 2000 орчмоор зөрөх жишээтэй. 22-хон компани нөхөн сэргээлт хийснийг тэнд бүртгэсэн нь тус мэдээллийн сан ор нэр төдийг илтгэнэ.
Зөрүүтэй, хагас дутуу, ерөнхий мэдээлэл уул уурхайг хариуцлагажуулахад хангалтгүй. Тиймээс компанийн үйл ажиллагаа, төсөв, төлөвлөгөөний нарийн мэдээллийг олон нийтэд дэлгэх талбартай болох нь уул уурхайг хариуцлагажуулах асар том алхам юм.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хууль, дүрэм хүрэлцээтэй ч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь төрийн эрх бүхий байгууллагуудын ажлын уялдаа маш муу, зарим нь сэтгэл, зүтгэлгүй, мэдээлэл дутуугаас шалтгаалдаг гэж бид дүгнэлээ. Товчхондоо, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх системийн араа шүд хоорондоо авцалдахгүй гацаад байна гэсэн үг. Тиймээс Австралийн жишгээр хариуцлагатай уул уурхайн нэгдсэн мэдээллийн сан ажиллуулбал системийн араа шүд авцалдаж эхлэх бус уу.
Цахим санд ордын хайгуулын үр дүн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн баталгааны хөрөнгийн мэдээллийг нь байршуулбал хариуцлагатай уул уурхай аандаа хөгжинө. Компаниудын олборлолтын төлөвлөгөө, орон нутагт өгч буй хандив, тусламж, санхүүгийн тайланг нь ч тэнд мэдээлж болно.
Ингэвэл тухайн компанийн талаар интернэтэд холбогдсон хэнбугай ч дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж бүрдэх нь дамжиггүй. Компаниудын мэдээллийг ил тод болгох нь төрийн эрх бүхий байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулахад, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангахад тустай. Ил тод, бодит мэдээлэл түгээвэл Э.Ягаанцэцэг шиг шунахай иргэдийн дарамтаас компанийг хамгаалах бамбай болох нь гарцаагүй.
Харин үнэн мөнийг хүргэхээр зорьж буй сэтгүүлчдэд хариуцлагатай уул уурхайн мэдээллийн сан баттай эх сурвалж болох юм. Алт хэмээх Монголын эдийн засагт тустай металлыг олборлох системийн араа шүдийг авцалдуулж, хариуцлагажуулахад мэдээллийн нэгдсэн сан ус агаар мэт чухал шийдэл болно. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас энэ шийдлийг зориглон хэрэгжүүлж, байгаль эхээ онгон дагшнаар нь хадгалах, баялгаа зүй зохистой ашиглах дэвшил авчраасай гэж хүсье.