ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улсын баяр наадмаас хойш хүчтэй аадар орж, нийслэл төдийгүй орон нутагт үер бууж, айл өрх усанд автан, хүний амь эрсэдлээ. Хохирлын нийт хэмжээ гарсан уу?
-Сүүлд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт буусан үерийн голомтод манай байгууллага, орон нутгийн удирдлага хамтран ажиллалаа. Зургадугаар сарын дунд үеэс манай улсын ихэнх нутагт аадар орж, ихээхэн хохирол учруулсан. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зургадугаар сарын 14-нд орсон аадар бороо асар их хохирол учруулж, дөрвөн настай хүүхэд эндлээ. Дараахан нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд их хэмжээний үер бууж, багагүй хохирол учруулсан.
Архангай, Завхан, Сэлэнгэ, Булган, Орхон, Төв, Хэнтий, Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт үер буулаа. Аадрын улмаас олон айл усанд автаж, өндөр хүчдэлийн шон унаж, нэг дор мал олноор хорогдсон. Засгийн газар, Улсын онцгой комиссоос хохирол арилгах шийдвэр тухай бүрт нь гаргаж байв. Баян-Өлгий аймагт учирсан хохирлыг арилгуулахаар хөрөнгө гаргаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.
Орон нутгийн удирдлагаас хор уршиг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Үерийн гамшигт найман хүн амиа алдаж, 70 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон. Ер нь он гарснаас хойш усны осолд хоёр настай хүүхдээс авхуулаад бүх л насны 67 хүн амиа алдлаа. Айраг суманд орсон аадрын үеэр “Приус” маркийн машинтай явж байсан зургаан хүний хоёр эмэгтэй нь бууж, усны түвшин үзэх гэж байгаад үерт дайруулж нас барсан. Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарыг дуустал хүчтэй аадар бороо үе үе орно гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсээр байна.
Долоо, наймдугаар сард монголчуудын олонх нь амарч, орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Анхаарал болгоомжгүй, хайхрамжгүйгээсээ болж амиа алдах тохиолдол тасрахгүй байна. Архангай аймгийн Өгийнуурт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн усанд осолдлоо. Манай алба хаагчид цогцсыг нь гаргаж байтал нуурын цаад эрэгт дахин хүн эндсэн. Голын ай, сав үерийн түвшинд хүрчихсэн, савнаасаа халих л юм бол ойр хавийн айл өрх усанд автах эрсдэлтэй нөхцөл үүсээд байгаа. Энэ үед намрын налгар өдөр эхэлж, бороо татардаг. Гэтэл наймдугаар сарыг дуустал бороо орох төлөвтэй.
Бага талбайд их ус буудаг онцлогтой жил байна. Хэсэгхэн талбайд уулын хад чулуу, шороог урсган орж ирж байгаа учраас зам их эвдэрсэн. Ялангуяа уулын замыг шороо, лаг шавар их дарлаа. Байгалийн энэ мэт үзэгдэл бол зарим тохиолдолд давагдашгүй хүчин зүйл болдог. Үүнээс яаж урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах вэ гэдэг нь чухал. Иргэд мэргэжлийн байгууллагуудын өгч буй заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Тэнгэр цэлмэг сайхан байснаа гэнэт үүл хуралдаж, хүчтэй аадар орж, аянга бууж, малыг хэдэн зуугаар нь живүүлсэн тохиолдол нэг бус удаа гарлаа.
-Үерт найман хүн нас барж, 70 гаруй хүн гэмтсэн гэлээ. Манай улсад өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?
-Судалгаанаас харахад үерт найман хүн нас барсан тохиолдол гарч байгаагүй. Харьцангуй цөөн хүн амь үрэгдэж байж. Нар гарахаараа хэт халж, аадар орохоороо усархаг, хүчтэй үер бууж хэсэг талбайг хамарч байна. Энэ бүхэн цаг уурын өөрчлөлт, цөлжилт, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж буйтай холбоотой. Ганц манай улс гэлтгүй, дэлхий нийтэд ийм аюул их тохиолдож байна. Огт бороо ордоггүй газар үер усны аюул болсон. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцвэргүй байдал алдагдсаны дохио энэ мэтээр дэлхий нийтэд илрэх болов. Манай улсад л гэхэд зургадугаар сарын дундаас үргэлжилсэн аадар бороо хүн ам, дэд бүтэц, мал аж ахуй гээд бүх л салбарт хохирол учрууллаа.
-Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал манай улсад өнгөрсөн сарын эхээр болсон. Азийн орнуудад байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх хандлагатай байгааг хэлсэн. Улаанбаатар гамшигт тэсвэртэй хот байж чадах уу?
-Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот гэж улс орнууд их ярьж байна. Болсных нь дараа бужигнах биш, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, эрсдэлийг бууруулах, аливаа гамшиг тохиолдоход тэсвэртэй байх нь нэн чухал гэдгийг олон улс ойлгож, Засгийн газар, орон нутгийн удирдлага, иргэд нь дэмжин ажилладаг болсон. Энэ талын ойлголт, хандлага, соёл бий болсон гэсэн үг. Улаанбаатар гамшигт тэсвэртэй хот гэсэн хөдөлгөөнд нэгдсэн.
Манай улс үер ус, жорлонгийн бохирын асуудлыг жил бүр ярих юм. Дорвитой, зоригтой хөдөлбөл уг нь шийдэж чадах асуудал. Улаанбаатар хотын дэд бүтцийг бусад томоохон улсын хот төлөвлөлтийн дагуу шийдэх, газар доорх системийг дорвитой өөрчлөх хэрэгтэй. Машины хээ нь элэгдсэн дугуй багахан шавраас гарч чадахгүй хий эргээд байдаг. Манай улс ийм л байдалд байна. Одоо тэр шаврыг зад татаж, системээр нь өөрчлөхгүй бол гамшгийн энэ асуудал жилээс жилд хүндэрнэ. Засгийн газар, албан байгууллага, иргэд нэг зүг рүү харж, нэгэн бодлого дор зарчмаасаа ухрахгүй зүтгэх цаг болжээ.
Үүнийг байгаль хүртэл сануулж байна. Гэрийнх нь хажуугийн замыг засаж байвал очоод суваг, шуудуу нь хаана байна, үер болбол ус хаагуур урсахыг яагаад асууж, шаардлага тавьж болохгүй гэж. Иргэн өөрийн аюулгүй байдлын төлөө бусдадаа шаардлага тавьж, хөгжлийн төлөө дуугарах хэрэгтэй. Надад хамаагүй гэж явсаар зам эвдэрсний дараа бүгд шуугих юм. Зөвхөн үер ус ч биш, бүх зүйлд нэг нэгэндээ хяналт тавих цаг болжээ. Гамшигт тэсвэртэй хотод тавигддаг эхний зарчим ч ийм байдаг.
-Үүнд мэргэжилтнүүдийн судалгаа хэрэгтэй байх. Гамшиг судлалын хүрээлэн энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Гамшиг судлалын хүрээлэн гамшгийн эрсдэлийн чиглэлээр судалгаа хийдэг. Сүүлийн 10 жил Монгол Улсад ямар гамшиг хаагуур тохиолдож байна, хэр хэмжээний хохирол учруулав зэргийг судалж, шаардлагатай байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийдэг юм. Азийн сайд нарын бага хурлаар гамшиг нь зөвхөн онцгой байдлын байгууллагын асуудал биш, маш өргөн хүрээтэй гэдгийг онцлон ярьсан.
Дэд бүтцийн салбар хуралдаанд гэхэд онцгой бус, дэд бүтцийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд оролцлоо. Газар хөдлөлийн эрсдэлийн бичил мужлалын зураглалд заасны дагуу л барилга барих хэрэгтэй. Энэ мэт ажлаас л эрсдэлийг бууруулах, гамшигт тэсвэртэй хот байхын эхлэл тавигдах юм. Онцгой байдлынхан л үер ус, зуд, ой, хээрийн түймэрт ажиллаж, хаалганы цоожийг хүртэл гаргах ёстой гэсэн хандлага хавтгайрлаа. Уг нь байгууллага бүрийн хийх ажил тус тусдаа, зааг ялгаатай шүү дээ. Өөрөөр хэлбэл, салбар болгон дор бүрнээ хариуцлагатай байж л гамшигт тэсвэртэй хот байгуулж чадна.
Тухайлбал, үерийн далан, суваг шуудуу дээр байрласан айл нийслэлд олон. Хотын захиргаанаас нүүх шаардлага тавьдаг ч тухайн айл аюулгүй газар нүүхэд зам, дэд бүтэц, сургууль, эмнэлэг гээд төрөөс үзүүлэх үйлчилгээ нь бий юү. Энэ бол нэг айлыг жалганаас нүүлгэх асуудал биш. Хүнд үзүүлэх үйлчилгээ зэрэг олон зүйлийг цогцоор нь шийдэх ёстой. Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй сургууль барих олон улсын стандартыг судалж, гурван тулгуур асуудлыг гарган, олны хүртээл болгосон. Олон улсын тэр стандартыг манайхан дагаж мөрдөх нь чухал.
-Осол, гамшиг болоход л авран хамгаалах бус, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдгийг хаа хаанаа ярьж байна. Тухайлбал, газар олгохдоо газрын албаныхан ямар нэг дүгнэлт танайхаар гаргуулдаг уу?
-Онцгой байдлын албаныхан галын аюулгүй байдалтай холбоотойгоор барилгын зураг төслийг хянадаг. Газар олгох асуудлыг газрын албаныхан л хууль тогтоомжийн хүрээнд олгож байгаа. Бид ямар нэг дүгнэлт гаргаж өгдөггүй. Салбар салбараараа ажилдаа эзэн болж, хариуцлагатай байх хэрэгтэй. Ийм байж чадаагүйгээс одоо ярьж буй олон асуудал үүсээд байна. Нэг сайхан зам барьчихдаг дараа жил нь ямар нэгэн шугам татах гээд эвдэх юм.
-Баян-Өлгий аймагт 2016 онд үер буусан. Сая үер болоход ганц ч далан, суваг шуудуу бариагүй байсан нь өмнөхөөсөө сургамж аваагүйг харуулж байна. Урьдчилан сэргийлэх ажилд яагаад ингэж хойрго хандаж байна вэ?
-2016 онд Өлгийд болсон үерийн голомтод би ажилласан. Хэрэв дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсэн бол үерийн ус голдирлоороо урсаад Ховд гол руу цутгах байлаа. Гэтэл уулын налуугаар урсаад төв зам руу орсон. Ингээд шар элс, шавартай ус айлын хашаа руу урсаж, жорлон хальж, айлууд усанд автсан. Нэг талаараа байгалийн гамшиг гэж нэрлэж буй ч дэд бүтцээ шийдээгүйгээс ийм асуудал үүссэн юм.
Биднээс шалтгаалсан гамшиг. Өлгий сум дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн, ус дахин буух эрсдэлтэй учраас далан, суваг шуудуу байгуулах үүрэг чиглэл орон нутгийн удирдлагад нь өгсөн. Гэвч байдал яг хэвээрээ байсаар энэ жил мөн уулнаас буусан үерт Өлгий сум автлаа. Ганц удирдлагаа харалгүй, орон нутгийн иргэд нь өөрсдөө хүрз бариад нүх ухаж болно шүү дээ. Өлгий сум гэлтгүй, үер болсон, эрсдэлтэй бүх л газарт иргэд өөрсдөө санаачилгатай байж, суваг, шуудуу ухах ажилд оролцож, Засаг даргадаа шаардлага тавих хэрэгтэй. Төсөв мөнгөгүй гээд суугаад байвал байгалийн гамшиг хүлээхгүй шүү дээ.
-Дорноговьд болсон төмөр замын ослыг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Төмөр замын байгууллагынхан хяналт, шалгалтаа цаг тухайд нь хийсэн гэдэгт итгэж байна. Үерийн ус төмөр замын далангийн шороог хэсэгхэн газар урсгасан байсан. Тэнд 80 гаруй мм-ийн хур тунадас унасан, энэ нь байгалийн онц аюултай үзэгдэл. Үерийн хүчтэй ус далангийн шороо байтугай, барилга, байгууламж, төмрийг хүртэл тахийлгадаг. Улаанбаатар хотод газар маш хүчтэй хөдөлбөл бид хүчин мөхөстөнө. Бороо орж, зам дээр ус тогтоход л бид гамшиг болчихлоо гэж яриад байна. Нэг дор 100-200 мянгаараа хүн амиа алдахад яах вэ, хэрхэн авран хамгаалах вэ. Үүний зааг ялгааг сайн ойлгох хэрэгтэй.
-Улаанбаатарт газар хөдлөлийн чичирхийлэл нэмэгдэж байна гэдэг. Газар хөдлөх эрсдэл ойрхон байна уу?
-Газар хөдлөлийн чичирхийллийн давтамж, тоо нэмэгдсэн. Чичирхийллийг мэдэрдэг багажийг энд тэнд суурилуулсан. Тэр мэдээллээс харахад 10 жилийн өмнөхөөс хэдэн дахин нэмэгдсэн байна лээ. Хамгийн сүүлд гаргасан Газар хөдлөлийн идэвхжлийн мужлалын зураглалд үнэлгээ нь нэг баллаар нэмэгдсэн. Тэгэхээр Улаанбаатарт газар хүчтэй хөдлөх эрсдэл өндөр. Байшин барилгыг ингэж бөөр бөөрөөр нь нийлүүлээд бариад байж болохгүй, бат бөх байх ёстой гэсэн энгийн шаардлага тавигдаж байгаа юм. Газар хөдлөлийн идэвхжил дүүрэг бүрт харилцан адилгүй. Мөн дулааны шугамын асуудал анхаарал татаж буй.
Туркийн мэргэжилтнүүдээс туршлага судлахад манай дулааны системийг хараад толгой сэгсэрч байсан. Хэрэв өвөл газар хөдөлбөл дулааны шугамууд задарч, хөлдөх эрсдэлтэй гэсэн. Тус улсад нийтийн орон сууц, сургууль цэцэрлэгийн барилга барьдаг маш цөөхөн компани байдаг гэнэ. Манай ОБЕГ-ын барилга ч тэсвэр муутай, долоо болон түүнээс дээш баллд нурах аюултай. Харин манай Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв карказан барилгатай учраас газар хөдлөхөд нуралгүй үлдэх магадлалтай. Дэлхийн хөгжингүй орнууд шаардлагатай, чухал байгууллагынхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.
Машин, техник нь дарагдчихааргүй, алба хаагчдынх нь ар гэр аюулгүй орчинд байдаг. Барилга маань нурлаа гэхэд бичиг баримтаа хаана хадгалах, удирдлагаар яаж хангах вэ гээд олон асуудлыг урьдчилан тооцож ажиллаж байна. Гамшгийн шалгуур үзүүлэлт нь эхлээд хэдэн хүн амь үрэгдсэн, хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ гэдгийг авч үздэг. Бид их азтай. Нэг дор хэдэн арваараа хүн нас барсан тохиолдол ховор. Болгоомжгүй осол л тасрахгүй байна.
-Томоохон осол, гамшиг боллоо гэхэд онцгой байдлын хүн хүч, техник хэрэгсэл хэр хангалттай вэ?
-Төрийн нууцын тухай хуулиар онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, машин техникийн тоо нууцад хамаардаг. Гэхдээ бид гамшиг болоход байгаа хүн хүч, машин техникээ бүгдийг дайчилна. Шинээр барьж буй Аврах, гал унтраах ангийн барилгуудыг чанартай, тэсвэртэй байлгах гэж хичээж байна. Ядаж тэнд байгаа машин техник маань дарагдчихгүй, үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Сүүлийн 2-3 жилд Онцгой байдлын албыг Засгийн газраас сайн дэмжиж, орон нутагт эрэн хайх, аврах анги, бүлэг цөөнгүй байгуулсан.
150 км бүрт л манай анги, салбар, хүч хэрэгсэл байрлачихвал шуурхай ажиллах боломжтой. Тухайлбал, Говь-Алтайд тохиолдсон гамшигт төвөөс хүн хүч хуваарилахгүйгээр тэндхийн анги, алба хаагчид нь хариуцдаг болчихвол маш шуурхай ажиллана. Дэлхийн олон орон 150 км зайд онцгой байдлын салбар, анги, хэлтэс байгуулж байна. Манай улс ойрын хугацаанд ОБЕГ-таа онгоц, нисэх эскадрильтай болохоор төлөвлөсөн.
Энэ талаар Франц улстай ярилцаж, ОХУ-ын нисдэг тэрэгний үнэ ханш судалж байна. Сэлэнгийн Мандал суманд гарсан түймэрт Улаанбаатараас алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж өгчихөөд нэмэлт хүч татаж, дөрвөн цагийн дараа тус газар дахин очсон юм. Гэтэл манайхны ажиллаж байсан газрын эсрэг талд дахин түймэр гарсан байсан. Тиймээс таваас доошгүй нисдэг тэрэгтэй байх шаардлагатай. Тэгвэл түймрийн голомтод хэдэн талаас нь зэрэг ажиллаж, богино хугацаанд унтраах боломжтой. Цаг алдах тусам хохирол нэмэгддэг. Зөвхөн ой, хээрийн түймэр бус, зуд, усны ослын үед ч нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулна.