Хэдэн жилийн өмнө танил эгч Баянзүрх дүүргийн нутаг, Офицеруудын ордны орчимд шөнө явж байгаад траншейны нүхэнд уначихсан юм. Зүүн гараа хугалж, бие нь энд тэндгүй шалбарч, хөхөрсөн байв. Үүнээс гадна нэлээд цочиж, сандардаг болчихсон байсан. Гэнэтхэн цөмөрснөөс маш их айж, хямралд орж цочих эмгэгтэй болсон гэнэ.
Траншей буюу инжнерийн шугам сүлжээний худаг яагаад таггүй байв, эмчилгээний зардлаа хэнээс нэхэмжлэх талаар ойлголтгүй тэрбээр хэл ам хийгээгүй юм билээ. “Анзаарагатай л явахгүй бол аюултай болжээ” гээд өнгөрсөн. Энэ мэт траншейны нүхэнд унаж гэмтсэн, амь насаа алдсан хүн нэлээд бий. Энэ аюул одоо ч байсаар. Бид таггүй траншей байна уу, таг нь шаардлага хангаж байгаа, эсэхийг тодрууллаа.
Монголын зохиолчдын эвлэлийн хорооны зүүн талын явган хүний зам дагуух нэг траншейны тагийг хазгай тавьсан, мөн бетоноор тагласных нь таг хагарч, үйрсэн байв. Хажууханд нь метр гаруй гүнтэй хогтой нүх байх аж. Монгол гуравдугаар сургуулийн замын урд талын нэг худгийн тагийг хажууд нь авч тавьсан, нэг худгийн амыг нимгэн, бетон хавтангаар хаасан, өөр нэгнийх нь тагны чих жижигдэн, холхисон байв.
Аль дээр нь ч гишгэсэн холбирч, цөмөрч унахаар харагдана. Дөлгөөн нуурын уулзварын зүүн хойд талын ус түгээх 54 дүгээр цэгийн хажуугийн траншейны тагийг мөчидхөн тавьсан, амсраар нь хог чихсэн байсныг ус түгээгчид хэлсэн. Аль байгууллага хариуцдагийг асуухад “Ус сувгийн удирдах газраас л хааяа ирж шалгадаг. Зузаан, ширмэн төмөр таг хазгай байсан ч гайгүй биз дээ.
Холбогдох ажилтныг нь олоод, сайн таглуулчихъя” гэсээр санаа амар сууна. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хойд талын явган хүний зам дагуух 2-3 худгийн тагийг маш нимгэн төмрөөр хийжээ. Гишгэнгүүт хотойж гулзайх, бүр цөмөрчихөөр найдваргүй харагдана. Мөн нэгнийх нь тагийг хазгай, мөчидхөн тавьсан байлаа. Тэр хавьд салхилж явсан иргэн Д.Гандолгор
“Эмнэлэгт хэвтэж буй хүүхдээ энд сууж салхилуулдаг. Хазгай гишгээд траншей руу уначих вий, нимгэн төмөр хаалт нь цөмөрчих вий гэж санаа зовох юм. Хэн хариуцдаг юм бүү мэд. Өөрсдөө л болгоомжтой байхгүй бол горьгүй” гэлээ. Түүнчлэн тус дүүргийн дөрөвдүгээр хорооны Өрхийн эмнэлгийн дэргэдэх явган хүний зам дээрх траншейны таг голдоо цөмөрч, нүх гарчээ. “Теди” төвийн зүүн талын нэг траншейны бетон тагийг нэлээд хазгай тавьсан байх юм.
Дээр дурдсан газрууд дахь траншейны таган дээр шөнө орой, үер устай, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед болон согтуу, хөлчүү нэгэн гишгэчих магадлалтай. Гишгэсэн хэн ч уначихаар харагдана билээ. Мөн дундаа нүх гарсан таганд хүүхэд хөлөө гацаан, бэртэж ч болох юм.
Шугам сүлжээний ашиглалт болон траншейны тагны бүрэн бүтэн байдлыг аль байгууллага хариуцдаг талаар тодрууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техник, хяналтын улсын байцаагч А.Цэцэгмаа “Цэвэр, бохир усны шугамын ашиглалт, худгийн таг, орчных нь аюулгүй байдлыг Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн хэвшлийн орон сууцны контор хариуцдаг. Манайхаас долдугаар сарын 10-нд тэдний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг шалгах үүрэг өгсөн. Гүйцэтгэлийн тайлан ирээгүй байна. Бид жилдээ 1-2 удаа нэгдсэн шалгалт хийж, гарсан зөрчлийг арилгуулдаг. Одоогоор шугамын худаг руу хүн унасан, бэртсэн гэж гомдол ирээгүй” гэлээ.
Траншейны тагийг сайжруулан, аюулгүй байдлыг нь хангаж, буй эсэхийг Ус сувгийн удирдах газрын цэвэр усны шугамын инженер О.Хашхүүгээс тодруулахад “Манайх нийслэлийн хэмжээнд 1800 гаруй худаг хариуцдаг юм. Нийт 50 ажилчин 10 бригад болж, хариуцсан худагтаа үзлэг, шалгалт хийдэг. Мөн иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээг авдаг. Цэвэр усны худгуудын тагийг ширэм, хуванцар, бетон зэргээр хийдэг.
Одоогоор хамгийн олон буюу дугуй бетон 632, ширэм 359, 4-5 тонны даацтай нягтаршуулсан хуванцар таг 51 ширхэгийг ашиглаж байна. Ширмээр хийсэн таг багадаа 500 000 төгрөгийн үнэ хүрдэг тул “нөхдүүд” хулгайлчихаад байх юм. Мөн энэ зун үер уснаас шалтгаалж нэлээд зам эвдэрлээ. Тиймээс зарим зам дээрх болон зам дагуух худгийн бетон хүзүүнд гажилт өгсөн. Тэдгээрийг засаж, сэлбэж байна.
Ер нь чанарын шаардлага хангаагүй тагийг аль болох хурдан сольж, сайжруулдаг” гэлээ. Тус газрын бохир усны шугамын техникч Т.Цэрэнчимэг “Манай алба бохир усны 3500 орчим худгийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцдаг. 36 ажилчин, зургаан хэсэг болон өдөр бүр хариуцсан талбайдаа хяналт тавьдаг. Ширмэн таг алга болох, машины “хөлд” байрнаасаа хөдлөх, хазгай тавьсан тохиолдол нэлээд гардаг.
Тэр бүрийг засаж, тэгшлэн, зөрчлийг арилгадаг. Өнгөрсөн хавар цагдаа нартай хамтран төмөрт тушаагдсан траншейны тагнуудыг цуглуулсан. 30 гаруй ширхгийг олж авлаа. Таггүй, байсан ч хазгай тавьсан, хүрээ нь элэгдэж, цөмөрсөн траншейны талаарх мэдээллийг иргэд бидэнд өгч байх хэрэгтэй” гэсэн юм.
Харин Орон сууц, нийтийн аж ахуйн газрынхан “Иргэдийн санал хүсэлтийн дагуу манайд харьяалалтай худгуудад засвар, үйлчилгээ хийдэг. Өдөр тутам хяналт, шалгалт хийгээд байдаггүй” хэмээв.
Бид төмөр тагтай, газар доогуурх шугам бүрийг траншей гэж нэрлэдэг. Гэвч цэвэр, бохир усны болон үерийн ус зайлуулах, холбооны гэсэн худгууд ч байдаг аж. Тус бүртээ хариуцсан эзэнтэй. Эздийнх нь хэлж буйгаар өдөр тутам хянаж, зөрчил дутагдлаа арилган ажилладаг гэнэ. Иргэд ч нийтийн аюулгүй байдлаа бодолцон, энд тэндхийн траншейны нүхний таг бүтэн, зөв тавьсан, эсэхэд анхаарч холбогдох газарт нь мэдээлж байх хэрэгтэй болов уу.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам