Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. “Энэ сарын 12-ны 05.00 цагийн үед Улаанбаатар төмөр замын 747 км-т суудлын 286 дугаар галт тэрэг Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байхад үерийн ус орж ирснээс замын ул шороо угаагдаж, ноцтой осол гарсан.
“Хоёр загал 009” гэсэн хоёр зүтгүүр, тээшийн болон суудлын вагон замаас гарсан. Эхний зүтгүүр замын хажууд, ачаа тээшийн вагон зам дээр хөндөлсөн унажээ. Бидэнд 05.15 цагт ослын мэдээ ирснээр галт тэрэгний хөдөлгөөнийг хааж, Улаанбаатар төмөр замын онцгой байдлын штабын гишүүд бүрэлдэхүүнээрээ цугларан, сэргээн босгох, тусламжийн ажлыг эхлүүлсэн. Замын хажууд унасан зүтгүүрийг өргөж, дугуйн дээр тавьчихвал сэргээн босгох ажил үндсэндээ дуусна.
Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгт 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Осол гарсан газарт 6800 шоо метр газар шорооны ажил хийлээ. Уг газрын хоёр талаар маш их хэмжээний ус хуримтлагдаж, хөрс нь намагжсан учраас түр зам тавьж, 200 метр газар шинээр төмөр зам барьсан. ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын Улаан-Үд дэх сэргээн босголтын галт тэрэгнийхэн бие бүрэлдэхүүнээрээ ирснээс гадна 486 хүн автосамосваль, ачигч, бульдозер, экскаватор зэрэг техник хэрэгсэлтэй газар дээр нь ажиллалаа.
Хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр гаргаж дуусаагүй. Эхний хоёр өдөр сэргээн босголтын ажилд 200 гаруй сая төгрөг зарцуулсан. Осол гарах үед зорчигчийн гурван галт тэрэг мөн тухайн замд явж байсан. Тэдгээр галт тэргээр зорчиж явсан 2000 орчим хүнийг зорьсон газарт нь 16 автобусаар хүргэлээ. Москва-Бээжингийн чиглэлийн олон улсын галт тэрэг мөн замд боогдсон. БНХАУ-ын төмөр замынхантай ярилцаж, автобусанд 170 орчим зорчигчийг суулган саадтай газрыг туулсны дараа цааш төмөр замаар аяллыг нь үргэлжлүүлсэн. Олон улсын ангиллын дагуу 50 мм-ээс илүү хур тунадас унавал гамшиг гэж үздэг.
Төмөр замын 747 дугаар км-т хэдхэн минутын дотор 82 мм хур тунадас буужээ. Хөрсөөр гулсаж ирсэн, хүчтэй даралттай, их хэмжээний ус төмөр замын суурь бүтэц рүү орж эвдсэн байна. 286 дугаар галт тэрэгний машинч, үйлчлэгч нар шуурхай ажилласан. Машинч яаралтай тоормос гишгэж, урд цонхоо хагалан гарч, зорчигчдыг аюулгүй газар аваачихад гар бие оролцсон” гэж Д.Жигжиднямаа ярив. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Та ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж үнэн үү. 1000 вагоны асуудал болон энэ осол нь таныг ажлаа өгөх шалтгаан гэж зарим хүн үзэж байна. Та үүнд хариуцлага хүлээх үү?
-Өнгөрсөн долоо хоног нэлээн хүнд өнгөрлөө. Би тэр үед төмөр замчдыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж байсан учир ажлаасаа чөлөөлөгдөх, хаяад явах сэтгэл байгаагүй. Жигжиднямаа гэж хүний хувийн асуудал бус, болсон үйл явдлын талаар мэдээлэл өгье гэж бодсон. Гэхдээ асуусан учраас хариулъя. Би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй. 1000 вагоны асуудалд ямар ч хамаагүй. 747 дугаар км-т болсон ослын гол шалтгаан нь үер ус. Хүний бус байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан гэсэн дүгнэсэн учир хэн нэгний болон өөрийн хариуцлагын талаар ярих болоогүй гэж бодож байна.
-Тээшийн нэ-Замын хажуу руу унасан вагоныг дахин ашиглах боломжгүй гэл үү. Төмөр замын хөдөлгөөнийг хаасантай холбоотой олон улсын болон дотоодын тээвэрт хэр хэмжээний хохирол учирсан бэ?г, зорчигч болон зүтгүүрийн тус бүр хоёр вагоны асуудал үүнд яригдаж байгаа. Зорчигчдын болон тээшийн вагоныг ашиглах боломжгүй болсон. Тэдгээр нь 1963, 1974, 1978 онд үйлдвэрлэсэн вагон учраас элэгдэл хорогдол ихтэй, үйлчилгээнээс хасагдах хэмжээнд хүрээд байсан юм. “Хоёр загал” зүтгүүрийг засаж болох, эсэхэд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргана. Ашиглаж болохгүй бол сэлбэгт хэрэглэнэ. Галт тэрэгний хөдөлгөөн ойролцоогоор 36 цаг саатсан учир хохирлын хэмжээ мэдээж багагүй. Гэвч эцэслэн тогтоогоогүй байна.
-Осол болсон газар нам доор учраас усанд автах эрсдэлтэй. Ийм осол дахин гарахгүй гэх баталгаа бий юү. Өртөөний ажилчид замаа шалгаж явахдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж байгаагүй юм уу?
-Төмөр замын суурь бүтцийг үер усны аюулаас хамгаалах тушаал УБТЗ-ын Удирдах газраас гаргаж, арга хэмжээ авдаг. Холбогдох ажилтнууд замын суурь бүтцийг шал
гах үүрэгтэй. Тэд аюулгүй байдлын талаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Наймдугаар сарын 12-ны өдөр зурвас газар нэлээн бороотой байсан гэсэн мэдээллийг 15.40 цагт хэсэг хариуцсан мастер авч, замын эргүүл гаргасан юм билээ. 16.40 цагт Айраг Бор-Өндөр чиглэлийн галт тэрэг явдаг замын наймдугаар км усанд автсан учраас зам хаасан. Цаад замаа шалгаж явтал автомашин нь шаварт сууж, явганаар эргүүл хийж байхад нь энэ осол гарчээ.
1957, 1983 онд яг энэ км-т үер бууж байсан юм билээ. Цаг уурын өөрчлөлттэй холбоотой усны голдирол, хэмжээ төмөр зам барьж байх үеэс өөрчлөгдсөн нь тодорхой харагддаг. Тиймээс дахин газрын гадаргуу, усны шинэ урсгалын чиглэл, аюултай газруудыг тогтоох ажил хийж байна. Байгалийн гамшгаас 100 хувь хамгаалж чадахгүй ч ус зайлуулах шугам, шинэ хоолой, гүүр барина.
-Төмөр замын осол гарахад дэр модны асуудал байнга яригдах юм. Дэр модыг шинэчилж байна уу?
-Төмөр замын суурь бүтцийн байдал сайнгүй байгаа нь үнэн. Ихэнх нь хуучны модон дэр дээр шороогоор чигжсэн зам. Энэ онд их засвар хийж дуусаагүй, 404 км зам дутуу. 747 дугаар км-т их засвар хийгээгүй, хамгийн сүүлд 1997 онд зассан. Өөрөөр хэлбэл, гол замуудад төмөр бетонон дэр суулгаж, хайргаар чигжиж амжаагүй байгаа.
-“Дархан-1” өртөөнд гарсан ослыг дэр мод муудсантай холбож байсан бол энэ удаа байгалийн гамшиг гээд төмөр замын удирдлага хариуцлагаас мултрах байдал ажиглагдаж байна. Та энэ асуудалд хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?
-Дарханд болсон ослын шалтгаан нь зөвхөн дэр мод муудсантай холбоотой бус, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хүлээсэн. Та ямар үндэслэлээр надад хариуцлага тулгаж байгааг ойлгосонгүй. Хэрэв ямар нэгэн эрх бүхий субъект миний үйлдэл болон эс үйлдэлд хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг тогтоовол би бэлэн байна.
-Түлшинд хэмнэлттэй “Хоёр загал” зүтгүүрийг монгол инженерүүд бүтээсэн. Үүнийг яагаад үйлдвэрлэхгүй байгаа юм бэ?
-Оросын зүтгүүрүүдийн “рам” буюу тэргэнцэр, явах анги дээр Америкийн хөдөлгүүр тавьсан. Анхнаасаа үйлдвэрлэгчийн бус, эрлийз төсөл. АНУ-ын “Женерал электрик” компаниас шинэ хөдөлгүүр худалдаж авсан юм. Тэдгээр 15 хөдөлгүүр нийлүүлэх гэрээ дууссан. Дараагийн гэрээг байгуулах гэтэл хөдөлгүүрийг өмнөх үнээс хоёр дахин илүү өртгөөр нийлүүлэх санал тавьсан. Тиймээс “Хоёр загал” зүтгүүр үйлдвэрлэхэд эдийн засгийн ашиггүй гэсэн тооцоолол гарсан учраас түр зогсоогоод байна. Үнийн санал буурвал цаашид үйлдвэрлэх боломжтой болох байх.