М.Оч
Улаанбаатар хотын дөрвөн том гүүрийг энэ жил БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шинэчилж буй. Бүтээн байгуулалтын явцын мэдээллийг хүргэе.
- Баянзүрхийн гүүрийг шинэчлэхээр “Бээжин Юни Констракшн групп Монголиа” компанийнхан ажиллаж байгаа бөгөөд барилгын ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 24.7 хувьтай, ирэх арваннэгдүгээр сард дам нурууг бүрэн цутгаж, нийт ажлын 60 хувийг нугалахаар төлөвлөжээ. Улмаар бүтээн байгуулалтыг он дамжуулан хэрэгжүүлж, ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад бүрэн оруулах юм байна.
- Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барих төслийн явцад газар чөлөөлөхтэй холбоотой хүндрэлүүд үүссэн нь нэлээд саад учруулж байгаа аж. Нийт төсөвт өртөг нь 42.38 сая ам.доллар бөгөөд гүүрийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд буюу хүйтрэхээс өмнө дам нурууныхаа гол суурийг хийж дуусгахаар ажиллаж байна.
- Яармагийн шинэ гүүр барих, хуучныг нь засах төсөл нэлээд урагштай, зарим хэсгийг нь ашиглалтад оруулсан билээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай гэнэ. Энэ өвлөөс урьтан, бүх ажлаа дуусгаж, хүлээлгэн өгөхөө гүйцэтгэгч байгууллагынхан мэдээлэв.
- Хан-Уул дүүргийн нутаг дахь Сонсголонгийн гүүрийг мөн шинэчилж байгаа. Одоогоор барилгын ажил 30 хувьтай бөгөөд сүүлийн үед хур бороо элбэг байгаагаас ажил нэлээд саатсан гэнэ. Ирэх жилийн Үндэсний их баяр наадмаас өмнө шинэ гүүрийг барьж дуусган ашиглалтад оруулж, түүнээс хойш хуучныг нь засах болжээ.