Баянбүрдийн тойрог. Зөөврийн машинууд бохироо нийлүүлж байгаа нь
Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг, Баянбүрдийн тойрог орчим буюу “Нандин” бизнес төвийн чанх урд, ТОСК-ын замын эсрэг талд нэгэн “амбаар” бий. Хажууд нь дугаарлан зогсох зөөврийн машинуудыг эс тооцвол анхаарал татах зүйлгүй, ашиглалтаас гарсан худаг, жорлон гэж эндүүрмээр тэр “амбаар” ойр хавийнхаа оршин суугчдын уурыг барах болжээ. Тэндээс тэсэхийн аргагүй өмхий ханхалдаг гэнэ. Ямар сайндаа л иргэд “Хотын төв дэх бага цэвэрлэх байгууламж” гэж жигшин, цэрвэдэг.
“Баянбүрдийн тойрогт бохир нийлүүлдэг цэг байна. Хотын төвд бохироо хадгалж болох уу” гэсэн зурагтай мэдээлэл хэд хоногийн өмнө цахим сүлжээнд тархаж, зарим иргэн энэ талаар гомдол мэдүүлсэнтэй холбоотойгоор уг байгууламжийг “илрүүлэв”. Өмнө нь тэр хавиар өчнөөн явахдаа огт анзаараагүй өнөөх шавар “амбаар”-ыг хоёр өдөр ажиглалаа.
Хажуудаа байнга “төмөр сахиулууд”-тай аж. Тэр нь бохир нийлүүлдэг машинууд. Заримдаа бүр тав, зургаагаараа ирж, дугаарлана. Зөөврийн ийм машинууд багадаа хоёр, гурав, дээшлээд тав, арван тоннын багтаамжтай учраас бохироо юүлэх гэж багагүй цаг зарцуулдаг юм байна. Төв цэвэрлэх байгууламжийнхаас дутахгүй “тансаг” үнэр энэ үед агаарт тархаж, оршин суугчид болон замын хөдөлгөөнд оролцогчдыг ухаан алдуулах шахна. Энэ нь иргэдийг ихээхэн бухимдуулдаг аж.
ТОСК-ын чанх хойно байрлах 34 дүгээр байрны оршин суугч Н.Ганбилэг “Яагаад заавал хотын төвд ийм цэг байгуулсныг ойлгодоггүй. Газар мундсан биш. Хажуугаар нь явахаар амьсгалах аргагүй болдог. Манайх замын эсрэг талд болохоор гайгүй. Яг дэргэд нь ажиллаж, амьдардаг хүмүүст хэцүү байх” гэв. Харин Г.Наранхүү “Ажилд явахдаа заавал хажуугаар нь өнгөрдөг. Дотор муухайрч, огино. Яаж ч бодсон авто замтай залгаа шахуу тэгээд суурьшлын бүсэд бохир хуримтлуулдаг байгууламж байж таарахгүй. Холбогдох байгууллагуудад хэл хүргэх сэн гэж бодож явсаар өдий хүрлээ. Цаг зав болохгүй юм” хэмээлээ.
Бохир нийлүүлдэг цэгээс холгүй, бидний нэрлэж заншсанаар “Нисдэг машин” авто худалдааны төв, Гэсэр сүмийн ойролцоо худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж сүүлийн үед олноор барих болсныг иргэд онцлоод, бохир хуримтлуулдаг өнөөх цэгээс болж үйлчлүүлэгчдээ үргээх вий гэж болгоомжилж буйгаа илэрхийлсэн.
Иргэдийг бухимдуулж, өмхий үнэрээр утдаг тийм цэг нийслэлд зургаа байдаг гэнэ. Гэвч Баянбүрдийнх шиг хотын төвд байрласан нь үгүй аж. Тэдгээр цэгт бохир нийлүүлдэг компаниуд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэд бохир усны шугамд холбогдоогүй айл, албан байгууллагуудын “үйлдвэрлэсэн” ялгадсыг тусгай машинаар соруулж тээвэрлээд, дээрх цэгүүдээр дамжуулан бохирын хоолойд нийлүүлдэг. Гэтэл сүүлийн үед ямар ч зөвшөөрөлгүй компани, иргэд Баянбүрд дэх цэгт бохироо нийлүүлж, “анхилам” үнэрт хувь нэмэр оруулах болжээ.
Өчигдөр 11.00 цагийн үед тухайн газарт очиход нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Долгорсүрэн бохир соруулдаг машинуудыг нэгбүрчлэн шалгаж байв. Тэрбээр “Ус сувгийн удирдах газраас манай байгууллагад ирүүлсэн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслүүдийн зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг шалгаж байна. Төвийн бохир усны 25 дугаар коллектор буюу Баянбүрд дэх цэгт зөвшөөрөлгүй 16 тээврийн хэрэгсэл бохир нийлүүлж байгаа нь энэ хавьд суурилуулсан камерын бичлэгээр тодорхой болсон. Тэдгээрийг илрүүлж, зөрчлийг арилгуулна. Тусгай зөвшөөрөлтэй ч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслүүдэд эхнээс нь дүгнэлт бичиж байна” гэв.
Байцаагч бүсгүйтэй ярилцах зуурт хэд хэдэн машин “ходоод”-оо суллаж амжлаа. Үнэргэж үнэхээр аймшиг. 20 минут хэртэй зогсоход дотор эвгүйрхэж, нулимс цийлэгнээд ирэв. Харин жолооч нар ер ажирсан шинжгүй бохирын хоолойгоо өнөөх “амбаар”-руу шургуулан, хүлээж зогсоно. Тэдний нэг “Арвай их тамга” компанийн жолоочтой цөөн хором ярилцсан юм.
-Танайх аль дүүрэг, хорооноос бохир нийлүүлдэг вэ?
-Тодорхой байршил заадаггүй. Дуудлагын дагуу хаана ч очиж соруулж болно.
-Зөвшөөрөлгүй машинууд бас завсраар нь “шургачихдаг” гэв үү?
-Мэдэхгүй. Манайх лав гэрээтэй.
-Аймшигтай үнэртэй юм. Таны дотор эвгүйрхэж байна уу?
-Хүмүүс “Пий паа” гээд л байдаг юм. Бид дасчихсан. Анхнаасаа ийм газар энд байгуулчихсан юм чинь яалтай билээ.
Энэ хооронд “Баянбулаг баян эх” компанийн жолооч байцаагч бүсгүйтэй ам зөрж, “Манайх найман жил ажиллаж байна. Тусгай зөвшөөрөлтэй, гэрээтэй. Хэзээ ингэж шалгадаг болчихсон юм бэ. Камер суурилуулчихсан байхад зөвшөөрөлгүй машинууд юу гэж ирэх вэ дээ” хэмээн бухимдаж байлаа.
Зөвшөөрөлтэй, эсэх тухай яриа энэ үед гол сэдэв байв. Харин “Хотын төвд олны хөлийн газар ийм байгууламж буй нь хэр нийцтэй вэ” гэдэг асуулт тэдэнд сонин байсангүй. “Бид хууль журмын дагуу л ажиллаж байна” хэмээн улиг болсон, хэзээд ам тагладаг хариултаа хэлэв.
Ингээд Ус сувгийн удирдах газрын 70157066 дугаарын утсанд холбогдож, иргэн хүний хувиар гомдол мэдүүлэв. “Танай Баянбүрд дэх бохир нийлүүлэх цэгийн үнэр хэтэрхий байна. Хотын төвд ийм цэг байгуулдаг нь ямар учиртай юм бэ” гэж асуухад “Бохироо хийж байгаа үед л үнэр гардаг. Улаанбаатарт ийм цэг хэд хэд бий. Бохир агуулсан машинуудыг хотын төвөөр ийш тийш, удаан хугацаанд явуулахгүйн тулд төвлөрсөн цэгт хуримтлуулдаг” гэв.
Шалтгаан нь ердөө энэ гэнэ. Түүний хэлсэн нь үнэн бол нийтээрээ хохирохгүй гээд нэг хэсэг иргэнд халтай шийдвэр гаргасан болж таарах нь.
“Бид байнга ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг” хэмээн дээрх мэргэжилтэн тайлбар хэлсэн. Ялгадасны үнэр ариутгалын бодис цацах төдийд дарагдаж, үгүй болдог гэвэл үүн шиг худал зүйл үгүй. Гэтэл тэд өөрсдийгөө хаацайлан, ингэж ярьж байна. Харин иргэд “Өмхий үнэртэж байна” гэж гомдоллож байв.
Өөрсөдтэй нь холбоотой аливаа мэдээлэлд тун эмзэглэдэг Ус сувгийн удирдах газрынхан стандарт, шаардлага ярин утас цохих нь гарцаагүй. Та бүхнээс дахин асууя. Хууль ёсны дагуу байлаа ч хотынхоо төвд бохир, баас, шээс нийлүүлж, иргэдээ бухимдуулах нь хэр оновчтой вэ. Ялангуяа орчны бохирдолтой холбоотой түмэн зовлонд нэрвэгдсэн Улаанбаатарт.