Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг өнгөрсөн зургадугаар сараас энэ сарын дунд үе хүртэл хоёр үе шаттай зарлаж, аж ахуйн нэгж байгууллагуудыг ойр орчмынхоо хог ургамлуудыг цэвэрлэхийг уриалан ажиллаж байна.
Үүний хүрээнд нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компанийн зам, талбайн үйлчлэгч, сайн дурын иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, СӨХ-ныхон хашаан доторх болон гаднах шарилж, луулиа цэвэрлэж буй. Энэ сарыг дуустал төвийн зургаан дүүргийн үерийн хамгаалалтын далангууд дагуу 1200 гаруй иргэн шарилж “олборлох” тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт I-X хорооны 697 аж ахуйн нэгж, байгууллага, 152 бүлгийн 2040 иргэн нийтийн эзэмшлийн 9000 ам метр талбайг хөл газрын ургамлаас чөлөөлөөд байгаа аж. Харин Баянзүрх дүүргийнхэн Сэлбэ гол дагуух газар болон Баянзүрхийн Нэгдсэн эмнэлгээс “Нарантуул” захын хойд далан хүртэлх 2700 ам метр талбайгаас 23 тонн шарилж, лууль цэвэрлэжээ.