ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг, өчигдөр болсон төмөр замын осол зэрэгтэй холбогдуулж, сайд Ж.Бат-Эрдэнэ “Миний толгойлсон ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн тул тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсье” гэсэн бол дэд сайд Б.Цогтгэрэл нар “Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлагаа хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллалаа” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн.
Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны гадаа ноцтой хүн амины хэрэг гарсныг ард иргэд мэдэж байгаа. Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд үерийн аюул болж, 300 метр газар төмөр замын суурь бүтэц эвдэрсний улмаас галт тэрэг осолдон зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирлоо.
Ийм хүнд, эмгэнэлтэй явдал тохиолдсонд, хүний эрдэнэт амь эрсэдсэн явдалд харамсаж буйгаа илэрхийлэн Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Бүх шатанд сахилга, хариуцлагыг сайжруулах ёстой. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөллөө. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна гэдгээ ард иргэддээ мэдэгдэж байна. Энэ гурван хүн ч хариуцлагаа ухамсарлан өргөдлөө өгснийг хэлэх нь зүйтэй” хэмээв.
Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэх юм. Мөн тус яамны долоон газрын даргыг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцсон байна.
ҮЙЛ ЯВДЛЫН МӨРӨӨР
ЗТХЯ дахь завхрал олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироов
Одоогоос жилийн гаруйн өмнө АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн яамыг шалгаж, тайланг нь тухайн үеийн сайдыг нь байлцуулан хэлэлцүүлэхдээ “Салан задгай, хариуцлагагүй байдал тус яаманд газар авсан” хэмээн дүгнэсэн билээ. Гэвч жилийн хугацаанд энэ байдал засагдсангүй. Бүр ч дордсоныг өнгөрсөн өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн яам болон тус яамны хариуцсан салбарт болж буй үйл явдлууд илчилж байна.
Болсон эмгэнэлт үйл явдлуудад хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар гаргасан. Харин УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлт гаргасан гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан ч өөрөө үгүйсгэсэн юм.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БАЙРАНД ХҮНИЙ АМЬ БҮРЭЛГЭСЭН ХЭРЭГ ХОЁР ДАХИА ГАРЛАА
Засгийн газрын XIII байр буюу Зам, тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргийн 21.45 цагт хүн амины хэрэг гарч, эл яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г амь үрэгдсэн юм. Түүнийг тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн гэж үзэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас цагдан хорьсон. Тухайн үед сэжигтэн, талийгаач болон ЗТХЯ-ны газрын дарга зэрэг нэр бүхий хүмүүс нийлж архи ууж, маргалдсанаас уг хэрэг гарсан юм.
Хэрэг гарах үед тэнд согтуу байсан бүх хүнийг цагдаагийнхан саатуулж, Б.Махбалыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон бол хамт байсан бусад газрын дарга нарыг Эрүүлжүүлэх байрандаа хонуулсан аж. Өнгөрсөн баасан гарагт Б.Махбалыг яллагдагчаар тооцон 30 хоног саатуулах шүүгчийн захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргасан юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр “Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа хүн нас барлаа гэх дуудлагын дагуу шалгахад иргэн Г-гийн амь насанд М халдсан болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т заасан хүний амь санаатай хөнөөсөн гэсэн зүйл заалтын дагуу хэрэг үүсгэн шалгаж байна. Талийгаач Г-гийн үхлийн шалтгааныг ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоох боломжтой” гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, сэжигтэн Б.Махбал анхны мэдүүлэгтээ “Яамны гадна хүмүүс хоорондоо зодолдоод дуусаж байхад нь би гарч, босооч гээд талийгаачийг өшиглөсөн” хэмээсэн байна.
Тэдний маргаан, зодооны талаар янз бүрийн мэдээлэл бий. Б.Махбал нь талийгаачийг “Ажлаа өг” хэмээн шахаж шаардан, бүр хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан ч үндэслэлгүй байсан гэх мэдээлэл бидэнд олдсон юм. Юутай ч Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдсоныхоо дараа багаа бүрдүүлэх нэрээр яамныхаа хэд хэдэн газрын дарга болон эрх бүхий албан тушаалтнуудыг “Ажлаа өг” хэмээн шахаж, шаардаж байсан бөгөөд ажлаа өгөөгүй цөөн хүний нэг нь талийгаач Т.Г байсан гэдгийг яамныхан нь хэлж байна.
Төрийн захиргаа, удирдлага, Төмөр зам, агаарын тээвэр хариуцсан газар хэлтсийнхээ дарга нарыг чөлөөлж, өөрийн багаа бүрдүүлсэн бөгөөд тэр багт нь ирсэн хүмүүсийн нэг нь Б.Махбал юм билээ. Бас хүн амины хэрэг гарах үед байсан нэг бус газрын дарга нь Ж.Бат-Эрдэнэ сайдын багт багтсан гэх.
Б.Махбалын тухайд архи уухаараа догшин авиртай, нэг уувал хэд хоногоор алга болдог тухай ч яамныхан нь ярив. Ж.Бат-Эрдэнэ хэдэн жилийн өмнө Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад тус яамны хоёр ч газрын даргаар Б.Махбал ажиллаж байсныг мэдэх олон хүн байна. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Уул уурхайн яаманд ТЗУГ-ын даргаар бас л бусдын дэмжлэгээр очсон гэдэг юм билээ.
Зарим хэвлэлд МАН-ын дотоод хагарал гэх мэтээр бичиж байгаа. Талийгаачийг Улаанбаатар төмөр замд 1000 вагон шахсан асуудлыг шалгаж байсан гэж ч зарим нь онцлов. Бид Улаанбаатар төмөр замд 1000 вагон шахсан гэх АТГ-т шалгаж буй хэргийн талаар тодруулахаар ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-тэй өнгөрсөн нэгдүгээр сард уулзахад “Сайд, эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрөлгүйгээр хэвлэлд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэж байсан юм.
Юутай ч МАН-ыг эрх барьж байх үед төрийн тусгай хамгаалалттай байранд төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүнийг бүрэлгэсэн хэрэг хоёр дахиа гарлаа. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Бадрааг ажил руугаа орж явахад нь ТТХГ-ын харуулын нүдэн дээр хөнөөсөн. Тэгвэл ЗТХЯ-нд үүрэг гүйцэтгэдэг ТТХГ-ын харуулын нүдэн дээр нэг газрынх нь дарга амиа алдаж, нөгөө нь хэрэгтний ширээнд суух болов.
ЗАМЫН ДАЛАН УСАНД ИДЭГДЭЖ БУЙГ САНУУЛСААР АТАЛ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ БУРУУТАН ХЭН БЭ
Зам, тээврийн салбарт хариуцлагагүй, салан задгай байдал газар авсныг ард түмэнд илчилсэн үйл явдал өчигдөр өглөө гарав. Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэрэг өчигдөр 04.50 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын нутаг, Цомог өртөөний 747 дугаар км-ийн IX зуут орчимд замаас гарч, осолдов. Өнгөрсөн шөнө орсон усархаг аадрын улмаас замын далан эвдэрснээс 328 зорчигч тээвэрлэж явсан галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан юм.
Энэ ослын улмаас өмнөд чиглэлийн гал тэрэгний хөдөлгөөнийг хаагаад байгаа. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэж албаныхан мэдэгдэж буй ч ийм осол гарахаас урьдчилан сэргийлэх боломж байсан гэдгийг УБТЗ-д ажилладаг хэд хэдэн эх сурвалж хэлж байна. Учир нь нийт нутгаар удаа дараа орж буй борооны улмаас төмөр замын далангийн шороо урсаж, замын дэр нь хөндийрч байгаа талаар замчид нь нэг бус удаа удирдах албаныхандаа мэдэгдэж байсан аж.
Гэвч дорвитой арга хэмжээ авалгүй байснаас ийм явдал болсон. Энэ сарын 8-нд төмөр замын дэр сольж байсан кран Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг, төмөр замын 1016 дахь км-т замын хажуу руу онхолдсоныг манай сонин өнгөрсөн пүрэв гаргийн дугаартаа мэдээлж байв. Борооны улмаас далангийн шороо нь суларч ийм явдал болсон гэж эх сурвалжууд хэллээ. Төмөр замын далангийн шороо усанд идэгдэж, суларсан тохиолдол Хонхор, Бумбат өртөө орчимд ч байгаа гэдгийг УБТЗ-д ажилладаг нэг бус эх сурвалж баталж байна.
Дорноговь аймгийн Айраг сумын нутаг, Цомог өртөөний орчимд уг осол болохоос 10 гаруйхан минутын өмнө тухайн замаар Эрээн-Бээжин чиглэлд олон улсын галт тэрэг явж өнгөрчээ. Суудлын 286 дугаар галт тэрэг осолдсоны улмаас 88 хүнийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж үзлэг хийсэн бөгөөд ЭМЯ-наас “Нэг хүний биеийн байдал хүнд, зөөлөн эдийн болон хөнгөн гэмтэлтэй зургаан том хүн, гурван хүүхэд байна.
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Айраг, Даланжаргалан сумын болон Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо, Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар дайчлагдан ажиллаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин газар дээр нь ажиллаж буй цагдаа, онцгой байдлын эх сурвалжууд “Хоёр хүний бие хүнд, нэг эмэгтэйн хэд хэдэн хавирга хугарч, уушгиа гэмтээсэн учраас Говьсүмбэрийн эмнэлэгт мэс засалд орсон.
Өөр нэг эрэгтэйн нуруу гэмтсэн, түүнийг УБТЗ-ын эмнэлэгт хүргэсэн. Хүний амь нас эрсдээгүй” гэлээ. Осол гарсан даруйд суудлын галт тэргэнд явж байсан, Төмөр замын цагдаагийн хэлтсийн хэв журмын хоёр цагдаа вагоны цонхуудыг хагалж, зорчигчдыг яаралтай гаргасан гэдгийг нэг явсан зорчигч нь мэдээлсэн юм.
Осолд орсон галт тэрэгний тээш ачдаг болон суудлын хоёр вагоныг дахин ашиглах боломжгүй болсон аж. Зүтгүүр нь 150 тн хүнд бөгөөд түүнийг УБТЗ-ынхан өөрсдийн өргөгч цамхгаар замаас гаргах гэсэн ч хүчин чадал нь хүрэхгүй байж. Тиймээс ОХУ-аас Сэргээн босголтын зориулалттай цувааг авчрахаар болсон. Энэ тухай УБТЗ-ын орлогч дарга Г.Халтар “Осолдсон галт тэргийг зайлуулж байж дараагийн зам засварын ажилд орно.
Энэ чиглэлийн замыг хааж засварын ажлаа хийнэ. Хамгийн аюултай нь байгалийн гамшгийг бид зогсоож дийлэхгүй. Энэ хавь бүхэлдээ үерт автсан. Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаад одоо шуурхай хуралд орлоо. ОХУ-ын засварын төвөөс нэмэлт хүч дуудсан” гэж мэдээлсэн юм. Уг цуваа 21.00 цагийн үед Улаанбаатар өртөөнд ирнэ гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм. Уг цувааны өргөгч цамхаг (кран) нь гэхэд 500 орчим тн-ын даацтай юм байна.
Өчигдөр ослын газарт Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Тэнд дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ зэрэг тус яамны эрх бүхий албан тушаалтнууд УБТЗ-ын орлогч дарга, ОБЕГ-ын удирдах албан тушаалтнууд, аврагчид, Дорноговь аймгийн Цагдаагийн газрынхан, эмнэлгийнхэн гээд 200 гаруй хүн өглөөнөөс орой болтол ажилласан бөгөөд тэднийг аврах ажиллагаа явуулж байхад бороо орж, үер бууж байсан юм.
Төмөр замд гарсан осолтой холбогдуулан Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгээс өмнөд чиглэлийн хөдөлгөөнд зохицуулалт хийж, Улаанбаатараас Чойр өртөө хүртэл галт тэрэг явуулж, Говьсүмбэрээс Айраг өртөөний хооронд зорчигчдыг автобусаар тээвэрлэх, цааш нь Замын-Үүд рүү галт тэргээр хүргэхээр болов. Уг зохицуулалтыг зөвшөөрөхгүй, тасалбараа буцаах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч, мөнгийг нь буцааж өгөхөөр болжээ.
Харин “Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр” гэгчээр энэ осолтой холбогдуулаад Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд хүн, ачаа тээвэрлэдэг ачааны машин, суудлын тэрэгнүүд үнээ нэмж, иргэдийг шулж байгаад бухимдсан хүмүүс олон нийтийн сүлжээнд их байлаа. Харин Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд явдаг автобус 39 600 төгрөгөөр буюу хуучин үнээрээ үйлчилж байгаа аж.
ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫНХНЫ ДУУЛИАНД ДАРАГДСАН ЗОЛГҮЙ ХЭРГҮҮД
Зам, тээврийн салбарт албан тушаалтнууд нь нэгнийхээ аминд хүрсэн, галт тэрэг замаас гарч олон хүн хохирсон зэрэг сүүлийн хэдэн өдрийн дуулианд зарим үйл явдал дарагдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд” группийн барьж буй “Хүннү” хорооллын барилгын талбайд ажиллаж байсан 17 настай хүү золгүйгээр амиа алдсан хэрэг сураг алдарч болзошгүй.
Тэнд ажиллаж байсан өргөгч цамхгийн ган татлага тасарснаас энэ осол гарсан бөгөөд “Хурд”-ынхан манайд хамааралгүй, туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байсан хэмээн өөрсдөөсөө зайлуулж буй юм. Туслан гүйцэтгэгч ч бай, ерөнхий гүйцэтгэгч нь ч бай хүний эрх, хүүхдийн эрхийг дээдэлж, насанд хүрээгүй хүнээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхад анхаарах ёстой байтал манайд хамаагүй хэмээн өөрсдөөсөө булзааруулж байгаа нь эмгэнэлтэй.
Үүнээс гадна өчигдөр галт тэрэг осолдсон Айраг суманд үер буусны улмаас хоёр хүн газар дээрээ нас барлаа. Хэнтий аймгаас Замын-Үүд рүү зорчиж явсан “Приус” маркийн машинд явсан зургаан хүнээс хоёр нь усны түвшнийг мэдэх гэж буугаад байхад нь яах ийхийн зуургүй үерийн ус урсан ирж живүүлсэн байна. Онцгой байдлын албаны аврагчид 19.00 цагийн үед талийгаач нарын цогцсыг гаргахаар ажиллаж байгааг газар орон дээр нь ажилласан аврагч, цагдаагийнхан хэлсэн юм. Мөн өчигдөр Айраг суманд үер буусны улмаас 10 айлын гэрийн тооно л уснаас цухуйж байсан гэх мэдээлэл бий.
Бэлтгэсэн: Г.Равжаа