Баянгол дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 1-нээс утаа ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслүүдийг дүүргийнхээ нутагт явуулахгүй, хязгаарлаж эхэлжээ.
Энэ талаар тус дүүргийн ЗДТГ-ын агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан мэргэжилтэн М.Галбадрахаас тодруулахад “Агаарын тухай хуулийн 20.5 дахь хэсэгт агаар хамгаалах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэн орохыг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хориглох буюу хязгаарлаж болно гэж заасан байдаг. Энэхүү эрх зүйн зохицуулалтыг мөрдөн, утаа их ялгаруулж буй тээврийн хэрэгслийг зорчуулахыг хориглон, байнга хяналт тавьж ажиллаж байна. Хязгаарлалтыг зөрчсөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэв.