Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон өчигдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар худалдаачдад “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг баталтал ТҮЦ ажиллуулдаг иргэдэд ямар нэгэн дарамт учруулахгүй” гэж амлаж байснаа биелүүлсэнгүй. ТҮЦ-үүдийг хүч хэрэглэн албадан буулгаж, худалдаа эрхлэгчдийг хохироож байгааг тэд мэдээлэв. Тухайлбал, Сансарын ШТС-ын автобусны буудал орчимд байрладаг ТҮЦ-ийг Баянзүрх дүүргийн Газрын албаныхан албадан ачжээ. Худалдаа эрхлэгч нь “ТҮЦ-ээ авъя” гэсэн ч 320 000 төгрөгийн торгууль нэхсэн байна.
Иргэд хөдөлмөрлөж, төрөөс гуйлгүйгээр амьжиргаагаа залгуулах гэж зүтгэж байхад ийн хавчиж буйд гомдолтой байгаагаа хэлэв. Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “ТҮЦ-үүдийг албадан ачиж, буулгаж байгаа нь шинээр өөр ТҮЦ оруулж ирж, бизнес хийх арга” гэсэн юм.
Бэлтгэсэн: Ж.ОТГОНТУУЛ