ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачилгаар дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохиож буй цэргийн IV их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна. Тухайлбал, тус наадмын “Хээрийн гал тогоо” төрөлд оролцсон тогооч нар цомын эзэн болжээ. 12 улсын цэргийн тогооч нар АКМ-ын буудлага, 50 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр I, II хоол, зууш, хүйтэн ундаа, талх нарийн боов хийж, биеийн тамирын дасгалаар өрсөлдсөн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний тогооч нар Азербайжан, ӨАБНУ, БНХАУ, Ангол, Беларусийн багтай өрсөлдөн талх нарийн боовны төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ээлжийн тогооч, ахлагч О.Батцэцэг, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарын тогооч, дэд ахлагч Ц.Цэцэгсүрэн нар 13 төрлийн гурилан бүтээгдэхүүн 20 хүнд хүртээх даалгавартайгаар дөрвөн цагийн дотор хийн тэргүүлжээ. Мөн багаараа биеийн тамирын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 10 орныг ардаа орхин II байр эзэлсэн аж.
“Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд оролцсон манай Зэвсэгт хүчний тамирчид хагас шигшээд шалгарч, дараачийн шатанд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Москвад болж буй “Танкийн биатлон” тэмцээнд дэлхийн 22 орноос тус бүр гурван экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээд 12 орон шалгарсан байна. Манай Зэвсэгт хүчний 016, 311, 327, 336, 150, 186 дугаар анги, ҮБХИС-ийн офицер, ахлагч нараас бүрдсэн дөрвөн экипаж энэ жил хойд хөршийг зорьсон юм. Манай багийн I, II, III экипажийнхан тэмцээний эхнээс Ангол, Лаос, Венесуэлийн багийнхантай уралдаж, гараа бүртээ тэргүүлсэн. Манай танкчид энэ сарын 8-нд улаан өнгийн танкаар ОХУ, Армян, Венесуэлийн багтай өрсөлдөх сугалаа таарчээ.
Беларусь улсад болж буй “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд оролцож буй манай Зэвсэгт хүчний баг 330, 350, 016, 311 дүгээр анги, ҮБХИС-ийн мэргэн буудагчдаас бүрджээ. Тэд 18 улсын тамирчидтай цэц мэргэнээ сорьж, Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, БНХАУ, ОХУ, Узбекистаны хамт шилдэг наймд шалгарсан юм.