Нийслэлийн авто замын түгжрэлийн улмаас жолооч нар шатахуун үргүй зарцуулахын зэрэгцээ, автомашины халсан агаар, агааржуулагчийн хий (ферион)-гээр амьсгалж уушгиа өвчлүүлэн, элдэв өвчинд өртөж буй. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахгүй бол 2030 он гэхэд нийслэл сүйрлийн ирмэгт тулах төлөвтэй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын даргын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багийнхны хийсэн судалгаанд үндэслэн тэргүүлэгчид замын хэт ачааллыг бууруулах цогц бодлого хэрэгжүүлэхээр тогтлоо. Үүний хүрээнд нэн тэргүүнд есөн арга хэмжээ хэрэгжүүлэх тогтоол батлав.
Түгжрэлийг бууруулахын тулд хамгийн эхэнд дэлхийн улс орнуудын 1980-аад оноос хэрэгжүүлж эхэлсэн “Yellow box junctions” буюу “Шар дөрвөлжин”-г авто замын гурван уулзварт хийх нь. Ингэснээр уулзвар дээрх түгжрэл 90 хувиар буурах гэнэ. Хоёрдугаарт, худалдаа, үйлчилгээний газруудыг ачаа, бараагаа ажлын цагтай давхардуулалгүй, 23.00-06.00 цагийн хооронд татаж байхаар зохицуулах болжээ.
Үр дүнд нь дугаарын хязгаарлалтын улмаас түгээлтийн үйлчилгээнд гарч чаддаггүй машинууд нь хөдөлгөөнд оролцож, байгууллагын үргүй зардал буурах тооцоо гарсан аж. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх гурав дахь арга хэмжээ нь захуудаас бараа авахаар орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийн хот руу орох цагт хязгаар тогтоох явдал. Тодруулбал, “Нарантуул”, “Барс”, “Хүчит шонхор”, “Хархорин” захаас бараа авах иргэд машинаа 01.00-07.00 цагт хотын хөдөлгөөнд оролцуулна гэсэн үг. Дараагийн арга хэмжээ нь замын хөдөлгөөний нөхцөл байдал, ачааллыг цаг тутам жолооч нарт мэдээлэх. Энэ үүргийг богино долгионы радиогийнхон хүлээх нь.
Харин тавдугаарт, орон сууцны хороолол доторх авто замын хөдөлгөөнийг нэг чигийн болгохоор тогтоолд тусгажээ. Ингэснээр зогсоолын тоо нэмэгдэх тооцоог нийслэлийн ИТХ-ын даргын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багийнхан гаргасан аж. Зургадугаарт, хөдөлгөөний урсгалыг уян хатан болгож эгнээний тоог өөрчлөх бол долдугаарт, тэмдэг заалтын үйлчлэх цагийг хязгаартай болгоно. Тодруулбал, зогсохыг хориглосон болон ачихыг анхааруулсан, хөдөлгөөний чиглэл заасан тэмдэглэгээг цаг юм уу өдрөөр хязгаарлах юм байна. Өөрөөр хэлбэл, зарим замыг бүхэлд нь нэг тэмдгээр зохицуулдгийг болиулах юм.
Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах цогц бодлогын хүрээнд төрийн байгууллага болон худалдаа, үйлчилгээний төвүүдийн гаднах зогсоолыг иргэдэд “өгөх” шийдэл олжээ. Ингээд амралтын өдрүүд болон ажил тарсны дараа төр захиргааны болон бусад байгууллагын авто зогсоолыг төлбөргүй болгож, байнга нээлттэй байлгах болж. Харин худалдаа, үйлчилгээний байгууллагад лангуу түрээслэгчид гаднах талбайдаа машинаа байрлуулбал зогсоолын төлбөрийг нь өндөр төлүүлэх аж.
Үр дүнд нь зогсоолын хомсдол 60 орчим хувиар багасах юм байна. Энэ хүрээнд сул зогсоолын байрлал, тоог иргэдэд мэдээлэх аппликэйшн бүтээх гэнэ. Түүнчлэн зарим зогсоолын төлбөрийг тодорхой хугацаанд тэглэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд зогсоолд машинаа байрлуулахад эхний 30-60 минут нь үнэгүй, эсвэл 500 хүртэл төгрөг болгох боломжтой юм байна. Үүний зэрэгцээ хөдөлгөөнд саад болохгүй, тэр бүр ашигладаггүй зарим замын нэгдүгээр эгнээг төлбөртэй зогсоол болгох зорилт дэвшүүлсэн аж.
Эдгээр арга хэмжээг нийслэлийн Засаг дарга ажил хэрэг болгох бөгөөд үр дүнд нь замын хөдөлгөөний ачаалал 30-40 хувиар буурах тооцоо гарчээ.