Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхүүдийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу болон Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.
Баянхошуу дэд төвийн цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна
Баянхошуу дэд төвд 162 га талбайд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн байна. Нийт 14 м өргөн 7.42 км авто зам, 2.5 км үерийн хамгаалалтын далан суваг, 4.65 га газарт тохижилт, ногоон байгууламж, дулааны 11и магистраль шугам өргөтгөх 3.25 км шугамын ажил, төвлөрсөн дулаан хангамжинд холбох 3.2 км шинэ шугам, дэрэлт өргөх насос угсралтын ажил, 5.05 км ус хангамжийн шугам сүлжээ, 8.78 км хорооллын дунд бохир усны шугам, 1000 м3 хүчин чадал бүхий усан сан, 50х30 харьцаатай хоёр давхар бизнес инкубатор, МСҮ-ийн төв, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт хийгдэж, бизнес инкубатор төвийн барилгын ажил эхэлсэн, цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна.
Дэд төвд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэнээр СХД-ийн 7, 8, 10, 28 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, Баянхошуу дэд төвийн иргэд усны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломжтой болох юм. Мөн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 63 хүртэл хувиар нэмэгдэж, МСҮТ-өөр дамжуулан мэргэжил олгон, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна.
“Баянхошуу дэд төв 2020 он гэхэд ашиглалтад орно. Дэд бүтцийн ажил гэдэг нь хүнд харагддаггүй дандаа шугам сүлжээний ажил байдаг. Үр дүн нь дэд бүтцийн ажлынхаа дараа бүтээн байгуулалт эхлэхээр харагдана. Үүний өмнө нийгмийн чиглэлтэй барилга баригдаж байна. Энэ төслийн нэг онцлог нь төсөлд өртсөн айлуудын иргэдийг шинэ мэргэжилд сургаж, бизнесийг дэмжих зэрэг боломж олгож байгаа. Энэ төсөл хэрэгжсэний дараа 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлнэ. Дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэгт түшиглэн үүнийг хэрэгжүүлнэ. Энэ нь дундаж орлоготой хүмүүст зориулсан төсөл байх юм” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.
3700 өрх, 10 гаруй ААН-ын уурын зуухны яндан бодитоор үгүй болно
Сэлбэ дэд төв нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 хороог хамарсан 158 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа юм. Энэ хэсэгт 3500 гаруй өрхийн 15 мянга гаруй иргэн амьдарч байна. Төслийн хүрээнд 9.97 км дулаан дамжуулах сүлжээ, 26.6 мВт-ын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, 6.7 км авто зам, 2.4 км үерийн хамгаалалтын суваг, 3.01 га газарт ногоон байгууламж, 6.01 км усан хангамжийн шугам сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий болох аж.
Сэлбэ дэд төвийн дулааны станц ашиглалтад орсноор эхний ээлжинд 35, 51 дүгээр цэцэрлэг, төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд, 3700 орчим өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх юм. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, тухайн хэсгийн 3700 өрх, 10 гаруй ААН-ын яндан үгүй болж, жилд хэрэглэх түүхий нүүрсний хэрэглээ 15 мянган тонноор буурах боломжтой юм байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын инженерийн шугам сүлжээг бий болгох замаар айл өрхүүдийг орон сууцжуулах, төвийн байршлаас үл хамааран тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж нь бүрдэнэ. Алслагдсан хороод дүүргүүдэд МСҮТ, сургууль, цэцэрлэг дутагдаж байдаг. Энэ дэд төвүүд ашиглалтад орсноор тухайн хэсгийн оршин суугчдын нийгмийн хэрэгцээг хангаж байгаагаараа онцлог юм” хэмээлээ.