ЗАМЫН ТҮГЖРЭЛД 53 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛДӨГ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөрт 200 000-210 000 автомашин оролцдог. Нэг жолооч зам дээр 60 минут түгжрэхдээ ойролцоогоор 1328 төгрөгийн шатахуун үргүй зарцуулдаг аж. Эндээс улбаалан тооцоход хотын хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч өдөрт 265 сая төгрөгийг түгжрэлийн улмаас зүгээр хаяж байна. Үүнийг жилийн дүнгээр тооцвол 53 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.9 хувийг зам дээр нэг цаг түгжирч зогссоныхоо төлөө төлж байгаа юм. ДНБ-ийхээ хоёр буюу түүнээс дээш хувийг замын хөдөлгөөний ачаалалд зарцуулж байвал тухайн улсад анхаарах шаардлагатай аюул нүүрлэжээ гэж дүгнэдэг аж. Үүнээс үзэхэд замын хөдөлгөөний ачаалал Монгол Улсын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй.
Нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд “өгч”, автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах гээд өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлага замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар багагүй ажил санаачилсан. Энэ хүрээнд авто замуудыг өргөтгөх ажлыг ч эрчимжүүлж буй. Жишээлбэл, зуслан чиглэлийн хөдөлгөөний ачааллыг ихээхэн нэмэгдүүлдэг Зуун айлаас 32- ын тойргийн уулзвар хүртэлх 1.6 км авто замыг 14 метр өргөн болгох ажил эхлүүллээ. Гэвч зарим уулзварын хөдөлгөөний ачаалал улам нэмэгдсээр байна. Дээрх судалгааг олон улсын жишгээр гаргасан бөгөөд нийслэлийн ИТХ-аас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ авах болж, тогтоол гаргав.
22 БАЙРШЛЫН АВТО ЗАМЫН I ЭГНЭЭГ ЗОГСООЛ БОЛГОНО
Замын хөдөлгөөний ачааллыг нэмдэг нэг шалтгаан нь авто зогсоолын хомсдол. Төр, захиргааны бүх байгууллага өдгөө Улаанбаатар хотын төвд хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тухайн хэсэгт зогсоол хомс, цөөн хэдийг нь төрийн албан хаагчдын машин эзэлсэн байдаг. Цөөн жишээ дурдъя. Нийслэлийн ЗДТГ болон “Хангарьд” ордонд ажилладаг хүмүүс Бага тойруу орчмын зогсоолуудын 40-60 хувьд нь 08.00-18.00 цагийн хооронд машинаа тавьдаг аж. Үүний уршгаар төрийн үйлчилгээ авах гэсэн хүмүүс зогсоол хайж, цагт 15-20 метрийн хурдтай гэлдэрч хөдөлгөөнд саад учруулж буйг холбогдох албаныхан тогтоожээ.
Мөн Баянгол дүүргийн III, IV хорооллын төв гудамж өдөр бүр ачаалалтай байдаг. Шалтгаан нь бас л авто зогсоол байхгүйтэй холбоотой. Лангуу түрээслэгч нар тухайн орчмын зогсоолын 70 орчим хувьд нь өөрсдийн автомашиныг байрлуулдаг тул дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхээр очсон хүмүүс хориглосон газарт унаагаа тавихаас өөр аргагүйд хүрч, торгуулах, цаашлаад ачуулдаг. Зогсоол хүрэлцээгүйгээс жолооч нар автобусны буудал дээр машинаа байрлуулах нь ч энгийн үзэгдэл болсон.
Нийслэлийн Тээврийн газрын байцаагчид он гарснаас хойш ийм зөрчил гаргасан 649 хүнд 13 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид авто зогсоолын тоог олшруулахын зэрэгцээ амралтын өдрүүдэд төрийн байгууллагын гаднах авто зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулж байхыг үүрэг болгов. Мөн Улаанбаатар дахь бүх авто зогсоолын мэдээллийг оруулсан аппликейшн хийж, хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна.
Нийслэлийн ИТХ авто зогсоолын хүртээмжийг сайжруулахын тулд хөдөлгөөний ачаалал багатай авто замын I эгнээг төлбөртэй зогсоол болгохоор төлөвлөжээ. Нийслэлд ийм 22 зам бий гэх судалгаа гаргасан аж. Тухайлбал, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны авто замын I эгнээг зогсоол болгох гэнэ. Үр дүнд нь зогсоолын тоо 1000-аар нэмэгдэх ажээ.
ШАР ГЭРЛЭЭР УУЛЗВАРТ НЭВТЭРВЭЛ ТОРГОНО
Зам түгжирсэн байхыг харсан атлаа шар гэрлээр нэвтрэн орж, эсрэг урсгалынхаа хөдөлгөөнд саад болдог жолооч өчнөөн бий. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд тэдний буруу үйлдлийг журамлаж, торгох санал орууллаа. Ингэхдээ олон улсад “Yellow box” хэмээн нэрлэдэг тэмдэглэгээг зарим уулзварт хийх аж. Зөрчил олон гардаг томоохон уулзваруудад эхний ээлжинд уг тэмдэглэгээг хийх юм байна.
Хэрэв жолооч шар гэрлээр уулзвар нэвтрэхээр хурдаа нэмж, амжилгүй тухайн шар дөрвөлжин дотор машиныхаа хойд болон урд хэсгийг оруулан зогссон бол торгуулна гэсэн үг. Торгуулийг эхний ээлжинд замын хөдөлгөөн зохицуулагч нар ногдуулах бөгөөд цаашид камерын хяналтаар зөрчлийг баримтжуулах аж.
Уг арга хэмжээг хэрэгжүүлснээр уулзваруудын нэвтрүүлэх чадвар 90 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргажээ. Хотын жолооч нарын 85 хувь нь уг зохицуулалтыг дэмжсэн байна.
БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТИЙН АВТОМАШИНЫГ ШӨНӨӨР АЖИЛЛУУЛНА
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Нарантуул” худалдааны төв амарсан өдөр Офицеруудын ордон, Чулуун-Овоо, Нарны зам гээд олон хэсгийн хөдөлгөөний ачаалал огцом буурдаг аж. Учир нь тус төвөөр өдөрт ачаа, бараа тээвэрлэж, хүргэдэг 900 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг байна.
Борлуулалт, түгээлтийн гэх автомашин нийслэлд 20 000 байдаг гэнэ. Тэд замын хөдөлгөөний зохиомол ачаалал үүсгэхэд онцгой хувь нэмэр оруулдгийг холбогдох албаныхан тогтоожээ. Тиймээс нийслэлийн ИТХ тэднийг хүргэлтээ өдрийн цагаар бус, 23.00-07.00 цагийн хооронд явуулах нь зүйтэй гэж үзэв. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал 15 хувиар буурна гэж тооцсон аж. Мөн бараа ачдаг том оврын автомашиныг өдрийн цагаар нийслэл рүү оруулахгүй байхаар боллоо.
Үүнээс гадна орон сууцны хотхон, хороолол доторх авто замд түгжрэл үүсэх нь элбэг. Тиймээс Тэргүүлэгчид ерөнхий боловсролын сургууль бүрийг автобустай болгож, орон сууцны хорооллын дундах замын орц, гарцыг хаасан хашаа хайсыг буулгаж, чөлөөлөөд тодорхой цаг хугацаанд урсгалыг нэг чигийн болгох ажил зохион байгуулах юм.
Тус гудамжны авто замын нэг эгнээг зогсоол болгон тохижуулна. Ачаалал нь бага учраас төлбөртэй зогсоол байгуулах боломжтой бөгөөд үр дүнд нь 30-40 жолооч машинаа ачуулахаас аврагдах боломжтой гэж үзжээ
БАЙР СУУРЬ
Дэд хөтөлбөр боловсруулна
П.Баярхүү (Нийслэлийн Засаг даргын орлогч):
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор бид өнгөрсөн хугацаанд нэлээд ажил хийсэн. Зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглох зохицуулалт хийж үзсэн. Иргэдийн эсэргүүцлээр эл зохицуулалтыг болиулсан ч өдгөө цөөн уулзварт хэрэгжиж байгаа. Тухайлбал, “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх уулзварыг дурдаж болно. Уг худалдааны төвийн дэргэдээс зүүн гар тийш буюу Уртцагаан руу эргэхийг хориглосноор тэнд түгжрэл үүсэхээ больсон. Цаашид бид Замын түгжрэлийг бууруулах алба байгуулах шаардлага бий. Мөн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, зогсоолын ажилтан ажиллуулахыг судалж үзнэ. Нийслэлийн ИТХ хэлэлцээд ирэх долдугаар сарын 1-нээс Түгжрэлийг бууруулах дэд хөтөлбөр боловсруулах боллоо. Ингэснээр хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурна гэж тооцсон юм. Цаашлаад бид Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааг өргөтгөж, шаардлагатай хөрөнгийг төсвөөс шийдвэрлэнэ.
Аль болох хэмнэлттэй шийдэхийг зорьж байгаа
С.Энхтөр (Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх):
-Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр хотын замын хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурна. Нийслэлийн ИТХ-ын гаргасан тогтоол судалгаанд үндэслэсэн. Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциац уг судалгааг таван жилийн турш хийсэн юм. Ингэхдээ 15 улсад очиж, тэдний хэрэгжүүлсэн ажлыг судлан, Монголд нэвтрүүлэх боломжтойг туршилтаар нотолсон. Бид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг иргэдэд аль болох хэмнэлттэй байдлаар шийдэхийг зорьж байгаа. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад мэдээлэл чухал. Тиймээс бүх FM, радиог замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэдэг болгох нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
Авто зам түгжрэлгүй байх, эсэх нь иргэдийн ухамсартай холбоотой
Э.Бөхбат (ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа):
-Замын хөдөлгөөний ачаалал ганц Монголынх бус, дэлхий нийтийн асуудал болоод буй. Тиймээс дэлхий даяараа санал санаачилга гаргаж, улс орнууд өөрсдийн нөхцөлд тохирох арга хэмжээ авч байна. Бидний авч буй арга хэмжээ хөгжлийн түвшин ижил орнуудынхаас ялгаагүй. Эл арга хэмжээнүүд иргэдэд эерэг үр дүн өгнө. Тэгээд ч авто зам түгжрэлгүй байх, эсэх нь иргэдийн ухамсар, сахилгатай холбоотой. Тиймээс иргэд гаргаж буй шийдвэр, тогтоолыг эсэргүүцэхээсээ урьтаад сайтар дүгнэх нь зүйтэй болов уу.
Бэлтгэсэн: Г.Цэцэг