Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилгоор энэ сарын 26-ны өдөр ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, “Гүйе! Түүе!” уриатай залуучуудын сайн дурын оролцоонд суурилах “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 5-6 км орчим газрыг цэвэрлэх аж.
Нийслэлийн Тээврийн газраас тухайн өдөр оролцох иргэд, залуучуудыг тээвэрлэх үйлчилгээнд их багтаамжийн 6 автобус гарган, цэвэрлэгээнд оролцогчдод аюулгүй ажиллах заавар, зөвлөгөө өгөх зэргээр нийгмийн хариуцлагат ажилд хамтран ажиллаж байна. Тус цэвэрлэгээнд оролцогчдыг Нийслэлийн Засаг захиргааны II-р байр Хангарди ордны гаднаас 10:00 цагт хөдөлнө.
“Тус үйл ажиллагааг дэмжиж “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн 100 гаруй залуучууд оролцохоос гадна нийт 20 гаруй байгууллагаас 400 гаруй залуучууд оролцох саналаа ирүүлжээ.