Гэр хорооллыг барилгажуулах, хуучин барилгыг дахин төлөвлөх гээд Улаанбаатарт бүтээн байгуулалт багагүй өрнөж буй. Манай улсад сүүлийн 20-иод жил барилгын салбар түлхүү хөгжиж, энэ чиглэлийн байгууллага, мэргэжилтний тоо өссөөр байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр барилгын ослоос болж хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсоор ирсэн нь нуух аргагүй баримт. Нэгэн үе толгой дээрээс юм унах вий гэж барилгын хажуугаар өнгөрөх бүртээ өөдөө харж явах болсон гэхэд хилсдэхгүй. Одоо хэзээ, хаанаас өргөгч цамхаг унаад ирэх бол гэсэн бас нэг айдас бий болов. Байсхийгээд л “Барилгын өргөгч цамхаг, дүүжин өргүүр унаж хүний амь эрсэдлээ, иргэд, аж ахуйн нэгжүүд эд хөрөнгөөрөө хохирлоо” гэх мэдээ дуулдах юм.
Хамгийн сүүлд “Алтай констракшн” компанийн барьж буй “Саруул” хорооллын өргөгч цамхаг унаж, нэг иргэн эрүүл мэндээрээ, хэд хэдэн хүн эд хөрөнгөөрөө хохирсон. Жилд энэ төрлийн осол 12-16 гардаг болсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан өнгөрсөн онд Улаанбаатар хот дахь өргөх байгууламжуудыг шалгаад, зөрчилтэй дөрвөн компанийн эрхийг цуцлуулах саналаа БХБЯ-нд хүргүүлсэн аж. Тэр дөрвийн дотор “Алтай констракшн”-ы өргөгч цамхгийн угсралт, засварыг хариуцаж байсан “Жинлүүр их” компани байжээ. Шалгалтаар 2-3 удаа осол гаргасан нь тогтоогдсон тул ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.
Гэтэл тэд зөрчлөө арилгаагүйгээр үл барам өргөх цамхаг нь барилга дээр унаж осол гаргав. Тухайн үед мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтийн дагуу харьяа яамнаас арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоосон бол нэг хүний эрүүл мэнд, нэлээд хэдэн хүний эд хөрөнгө сүйдэхгүй байв. Харин ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр осол дахин гарч, энгийн иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд хохирсны дараа сая нэг “ухаан орж” тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа.
Тодруулбал, энэ сарын 8-нд БХБ-ын сайдын тушаалаар цахилгаан шатны болон өргөх бай гууламжийн тус бүр хоёр компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, өөр нэг компанийн зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлжээ. Тэдгээр компани тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул ийм арга хэмжээ авсан байна. Жишээлбэл, цахилгаан шатны засвар, үйлчилгээний “Хандок” компани нь техникийн шаардлагыг удаа дараа хангаагүйн дээр 3-4 удаа осол гаргаж, дөрвөн хүн хохироосон. Түүнчлэн “Лагшра элеваторс” нь мэргэжлийн ажилчингүй байсан бол “Жинлүүр их” компани “Саруул” хорооллын барилгад ажиллаж байсан өргөгч цамхгийн засвар, үйлчилгээг хариуцаж байсан юм.
Улсын хэмжээнд барилгын тусгай зөвшөөрөлтэй 1000 гаруй компани байдгаас 170 нь өргөх байгууламж угсрах, засах, сэлбэх эрхтэй. Үүнээс 50 гаруй нь л тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж. Өргөх байгууламжийн тусгай эрхийг Барилгын үндэсний ассоциацын ажлын хэсэг шалгаж, БХБ-ын сайдын тушаалаар олгодог юм байна. Тусгай зөвшөөрөл олгоход тавьдаг шаардлагад тухайн компанид хөдөлмөр хамгаалал, цахилгаан, механик инженерүүд тус тус нэг байх ёстой гэж заасан бөгөөд заавал мэргэшсэн, эсвэл зөвлөх зэрэгтэй байх шаардлагатай. Гэвч манай улсын хэмжээнд өргөх байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй инженер 50 гаруйхан л байдаг гэх.
Гэтэл энэ чиглэлийн тусгай эрхтэй 170 гаруй компани байдгийг дээр дурдсан. Тэгвэл үлдсэн 120 компани тусгай зөвшөөрлөө хэрхэн авсан нь хачирхалтай. Үүний тод жишээ нь, эрхээ цуцлуулаад буй “Лагшра элеваторс” компани. Тэднийх мэргэжлийн ажилчингүй 4-5 жил үйл ажиллагаа явуулж байсныг нь шалгалтаар тогтоосон байх юм. Хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн ажилчингүй байгууллагад яагаад тусгай зөвшөөрөл олгосон талаар лавлахад “Ийм шалтгаанаар эрхээ цуцлуулсан компаниуд анх бичиг баримт нь бүрэн, мэргэжлийн ажилчинтай байдаг. Гэтэл яваандаа ажилчин нь халагдсан гэсэн тайлбар хэлдэг юм. Ер нь урьд нь барилгын мэргэжлийн бус сайдуудын үед тусгай эрхийг замбараагүй олгож ирсэн. Энэ жилээс хяналтаа чангатгаж, шаардлага хангаагүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлахад анхаарч ажиллана” гэлээ.
Ямар нэгэн шалтгаанаар бүтээн байгуулалт нь зогссон барилга нийслэлд цөөнгүй. Ийм барилгуудын хажууд өргөгч цамхаг нь ч байж л байдаг. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн III хороонд байрлах, Замын цагдаагийн албаны урд талын нэг барилгын ажил зогсоод бараг таван жил болж байна. Тэр хавьд оршин суух иргэд салхинд хөдлөх өргөгч цамхгийг хэзээ унаад ирэх бол гэх айдастай амьдарч буй. Энэ мэт ажилгүй зогсох өргөгч цамхгуудад тавих хяналт алга.
Мэргэжлийн байгууллагаас тодруулахад “БНХАУ-аас оруулж ирдэг өргүүр, өргөгч цамхгуудад ашиглалт дуусах хугацаа гэж байдаггүй. Дээр үед ашигладаг байсан Орос техникүүдийг ашиглалтын хугацаагаар нь шалгаж, хянадаг байсан” гэлээ. Манай улсад үйл ажиллагаа явуулахаар оруулж ирж буй цахилгаан шат, өргөгч цамхаг, дүүжин өргүүрүүдийн 80-90 хувийг урд хөршөөс авсан байдаг бөгөөд МХЕГ-аар баталгаажуулсан гэх. “Хугацаа нь дуусдаггүй” өргөгч цамхгуудад хэн хяналт тавьж, хугацааг нь дуусгах вэ.