Энэхүү бичвэрээ инээдмийн баярын өдөр л нийтлэхгүй бол бусад үед оруулах гэвч зориг дутах биз. Өдөр бүр л гандангийн тагтаа шиг нийгэмд үүсээд байгаа үйл явдлын мэдээнд гүйж хэвлэлийн хурлаас хуралд очих боловч сөрөг мэдээлэл дагнах тул арай өөр юу бичиж болох вэ гэж боддог байлаа.
Бичих хэв маягаа өөрчилмөөр байгааг минь дарга нар ч гадарлаад хэд хэдэн санаа өгсөн юм.
Редактор маань "Тагтаа хооллох мэдрэмжийн талаар бичвэл ямар вэ" гэнэ. Нээрэн сайхан санаа. Гандангийн тагтаа нар ч бэлэн будаа идээд л даварчихсан амьтад шүү. "Одоогийн бид ч ялгаагүй тэтгэмжийн мөнгө харан гандангийн тагтаанаас ялгарах зүйлгүй болж дээ" гэж ярилцан энэ санаа дэмжигдэв. Ингээд би таван өдөр тагтаа хооллох ажлын эхлэл тавигдсан юм.
Харин дарга маань бүр ч адал явдалтай санаа надад зөвлөсөн. Янз бүрийн залуустай болзоод үзвэл ямар вэ? Залуу сэтгүүлч сонин содон юм хийгээд үз. Бид ч юу хэрэгтэй байна тусалъя гэнэ.
Итгэл хүлээлгэж байгаад талархах авч шууд гараад залуустай болзчих зориг үнэндээ байхгүй байгааг мэдрэн балмагдан хүлээж авлаа. Гэхдээ тухайн үед зүгээр сууж болохгүйгээ мэдэн болзож байснаас баярлуулах нь надад ойр гэж үзээд бие халаалт болгон ийм нэгэн бичвэр бичиж үзсэн.
Тагтаа хооллоход харин асуудал юу байхав. Гэхдээ ганцаараа явахад арай л уйтгартай юу гэж бодоод өөрийн фэйсбүүкдээ "Тагтаа хамт хооллох найз байна уу" гээд юу ч бодолгүй биччихлээ. Тэгсэн харин пост оруулаад удаагүй байхад танихгүй залуу "фэйсбүүкийн найз юм чинь хамт тагтаа хооллох уу" гэж байна. Ингэнэ гэж төсөөлөөгүй эхэндээ зүгээр л танил завтай найз хайж байсан юм шүү дээ. Таньдаг таньдаггүй 20 орчим хүн хандалт өгөхөөр нь төлөвлөгөө өөрчлөгдөөд ирлээ. Тэгвэл "болзъё" гээд зоригтой хэлчихэж чадахгүйгээс хойш өдрийн цагаар тагтаа хооллонгоо уулзаад үзвэл сонирхолтой биш үү. Болзоо гэхэд тохиромжтой эсэхийг мэдэхгүй ч цаг товлоод л уулзаж байгаа юм чинь мөн л байлгүй. Цайны цагаараа уулзаж байвал өдрийн цагаан гэгээнээр боловсон яриа өрнүүлэхэд ч боломжийн юм байна гэж бодов.
Би огт уулзаж байгаагүй залуус болох шүдний эмч залуу, бизнесмэн, олон дүү, олон ах бас маш өвөрмөц нэгэн хүнтэй уулзсан. Өнөөдөр хамгийн сүүлийн болзоондоо явсан бөгөөд сүүлийнхээс нь эхлээд бичиж эхэлье. Ихэнх уулзалтад очихдоо би буруу сэдэл төрүүлэхгүйн тулд албаны цэвэрхэн хувцастай очиж, байсан ч өнөөдөр тэгсэнгүй.
Инээдмийн баярын өнгө төрхөнд тааруулж, гадуур гарахдаа хэзээ ч өмсөж чадахгүй хувцаснуудаа өмсөв. Яагаад гэж үү? "Гэртээ ганцаараа" киноноос болсон хэрэг л дээ. Тэр кинон дээр мөрөн дээрээ тагтаа суулгасан эмэгтэйн гадаад төрхнөөс болоод гол дүрийн жаалхүү эхэндээ эвгүйцдэг ч өөрт нь тусалсных нь дараа бүх зүйл харагдаж байгаа шигээ биш гэдгийг мэдэрдэг. Яг тийм онцгой мэдрэмж надад хэрэгтэй байлаа.
Өнөөдөр юу өмсдөг билээ гэж удаан бодсоны эцэст хаях гээд баглачихсан байсан хайрцгаа ухаж гадаад төрхөө бүрдүүлэв. Үүнд бэлгэнд аваад нэг ч өмсөөгүй шошготойгоо байсан ногоон өнгийн юбка, 36 размерын гутал өмсдөг байж 46 размер углаад, гэртээ л ганц хоёр удаа өмсөж байсан шар өнгөтэй урт цамцаа өмсөн, бусдад царайгаа таниулахаас ичмээр санагдаад парикан чолкоо, нүдний шилтэйгээ зүүв. Толинд хараад өөрийгөө шоолж баахан инээж байгаад, болзоот залуугаа гэрийнхээ үүдэнд дуудчихлаа. "Өнөөдөр инээдмийн баяр болохоор би чамайг инээлгэж чадна гэдгээ амлаж байна. Гэвч жоохон сонин хувцастай байгаа шүү" гэдгээ ч урьдчилан санууллаа. Нөгөө хүнд маань ч бас сонирхолтой л байсан юм шиг байна лээ. Гэрээс гарангуутаа л шалавхан машинд нь суув. Намайг хараад нөгөө хүн чинь шоолоод салдаггүй, "чи яг ингээд явна гэдэгтээ итгэлтэй байна уу" гэж хэд хэдэн удаа асуухад нь би "Зүгээр ээ энэ баярыг өнөөдрийнх шиг утга учиртай тэмдэглэж байгаагүй. Инээдмийн баяр залхмаар бие биенээрээ даажин хийх гэж ядсан байдаг. Харин өнөөдөр л сахилагагүйтмээр байна. Надтай хамт явахгүй байсан ч болно. Санаа зовмоор байвал машиндаа хараад сууж байсан ч болно шүү дээ гэв. Нээрэн л над шиг хувцастай хүнтэй хамт явж байгаад сошиалаар од болчихвол хэцүү шүү дээ. Гайхсан ч гэсэн тэр намайг хүргэж өгсөн. Ингээд гандан дээр ирэхэд хэдийний танил будаа зардаг хүмүүс, хэдэн тагтаа нар минь угтав.
Өнөөдөр би гаж хувцастай байсан тул тагтаа хооллох гэж удсангүй ердөө таван минутанд л амжуулав. Машинд байгаа залуу миний гадаад төрхнөөс санаа зовоод дэргэд ирэхгүй гэдгийг мэдэж байлаа. Харин тагтаа хоолтой л байвал хэнийг ч гадаад төрхөөр нь ялгадаггүй. Тагтаа чамдаа баярлалаа. Найзын минь хэлснээр япон сүнс шиг болчихсон намайг тагтаанууд нөгөө л янзаараа угтаж, алган дээрээс минь дуртай хоолоо идэж байгааг нь дахин харах сайхан байлаа. Ийм болохоор л амьтад заримдаа хүнээс дээр мэт санагддаг. Ер бусын нь тэд хүнд итгэдэг амьтдын нэг. Хэрэв үүнийг уншиж байгаа та хангалттай инээдэггүй бол гандангийн тагтаанд алган дээрээсээ хоол өгөөд үзээрэй. Туршлагаасаа хуваалцахад хооллох явцад өөрийн мэдэлгүй инээдэг. Учир нь тэд гар тоншиход хөлийн ул гижигдэж байгаа юм шиг инээд хүрдэг болохоор тэр байх. Бид магадгүй хөлийн улнаас гадна гарын алгандаа гижигтэй юм шиг байгаа юм. Тагтааг энх тайвны бэлгэдэл гэж тунхагладаг ч надад нотолгоо хэрэгтэй байсан юм. Харин өнөөдөр нотолчих шиг л боллоо.
Үргэлжлэл бий. Бусад дөрвөн төрлийн залуугийн талаарх бичвэрийг тун удахгүй нийтлэх болно.