“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 28 жил болсон бид чухам юу хүсэж мөрөөддөг, мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. National identity буюу (үндэстний ижилсэл, үндэстний ондоошил, үндэсний өөрийншил гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ. Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 28 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин шиг ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид байгаль экологи, хүрээлэн буй орчны доройтлын тухай ам уралдан ярьдаг атлаа хүмүүсийнхээ сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг огт анзаарахаа больжээ. Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд онцлох болов. Тиймээс “Өнөөдөр” сонин цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд гарч “Бид хэн бэ” цуврал эхлүүлсэн. Энэ хүрээнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хүн судлалын доктор, профессор Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Өнөөгийн монголчууд хөгжлийн тухай ярихын тулд эхлээд national identity буюу үндэстний ижилслээ тодорхойлох хэрэгтэй байгааг цөөнгүй хүн ярьж, сануулж эхэллээ. Үндэстний ижилслээ тодорхойлох нь яагаад чухал гэдгийг та хэлж өгнө үү?
-Юуны түрүүнд би нэг зүйлийг хэлмээр байна. National identity гэдэг үгийг өнөөдөр манайхан үндэстний ижилсэл гээд буруу орчуулж, хэрэглээд байна гэж боддог. Үндэстний ижилсэл гэдэг нэр томъёо бол цаад язгуураараа өөр ойлголт юм. Өөр өөрийн онцлогтой, салангид зүйлс нэгдэн нийлсэн тохиолдолд ижилсэл гэдэг ойлголт тохирно байх. Тиймээс би яриандаа үүнийг үндэстэн өөрөөрөө оршин байх чадвар гэж дурдаж явъя.
Төв Азийн өндөрлөгт орших, эрс тэс уур амьсгалтай энэ нутаг орондоо өвөг дээдэс маань олон мянган жилийн турш аж төрөхдөө байгаль дэлхийтэйгээ зохицон уусаж, амьдралын өвөрмөц тогтолцоог бий болгосон. Хүн, байгаль хоёрын шүтэлцээн дээр үүссэн энэ тогтолцоог соёл гээд байгаа юм. Тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт дасан зохицож амьдрах гол тулгуур нь аливаа ард түмний удмын сан байдаг. Яагаад европчууд өндөр биетэй, шонхор хамартай, урт нарийн нүүртэй, улаан шаргал үстэй, цэнхэр нүдтэй байдаг, яагаад монголчууд уртавтар нуруутай, богиновтор хөлтэй, өргөндүү шанаатай, хар үс, нүдтэй байдаг юм гэхээр байгаль цаанаас нь тэгж бүтээсэн хэрэг. Тэгэхээр аливаа түүхэн бүлэг ард түмэн буюу үндэстэн өөрөөрөө оршин байж хөгжихийн тулд нэгдүгээрт, байгаль газар зүйн онцлог, хоёрдугаарт түүнд дасан зохицсон удмын сан, гуравдугаарт энэ хоёрыг холбож буй соёл гэсэн гурван язгуур үнэт зүйлээ алдахгүй байх л маш чухал. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд эдийн засгийн, улс төрийн, соёлын, технологийн даяаршлаас болоод үндэстний энэ тогтолцоо алдагдах болов. Дэлхий хавтгай болох тусам цаагуураа жижиг үндэстнүүдийн өөрөөрөө оршин байх чадварыг үгүй хийх санаархал том гүрнүүдэд байгаад байна. Тухайн ард түмний удмын сан хайлж, соёл нь устахын хэрээр энэ санаархал биелж байна гэсэн үг.
-Эрлийзжихгүй, цус цэвэр байх, соёлоо авч үлдэх гэсэн хоёр ойлголт хоёулаа чухал гэсэн үг үү. Манайхан энэ хоёрыг тус тусад нь салгаад яриад байдаг?
-Хүнд хоёр янзын удамшлын зүйл байдаг. Нэг нь биологи биеийн генээ эрлийзжүүлэхгүй, удмын сангаа хайлуулахгүй байх нь чухал. Энэ тухай эртний мэргэд “Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, Эрчүүдээ хүндэтгээгүй үндэстэн сөхөрдөг” гэж гайхалтай онож тодорхойлсон байдаг. Удмын санг ариун байлгахын тухайд зөвхөн эрлийзжих асуудлаар хязгаарлагдахгүй, цус ойртолтоос ч мөн сэргийлэх учиртай. Нөгөө нь соёл буюу оюун ухаант бие хүн. Дөнгөж эхээс төрсөн хүүхдийн уураг тархинд юу ч бичигдээгүй, цагаан цаас шиг байдаг. Тиймээс хүүхдийг хүний нийгэмд бэлтгэж, төлөвшүүлэхийн тулд тухайн ард түмний өв соёл маш чухал. Бэлгийн бойжилтын нас хүртэл нь хүүхдийн тархи, оюун санаанд юу хийх вэ гэдгийг гэр бүл, аав, ээжээс эхлээд төр, засаг, боловсролын байгууллага сайтар анхаарах хэрэгтэй юм. Тэгж байж жинхэнэ хүнээр хүн хийнэ гэдэг ойлголт биеллээ олно. Үгүй бол гаднаас нь харахад л махан бие нь монгол болохоос соёл, сэтгэхүйгээрээ монгол хүн биш.
Социализмын үед монголчууд уламжлалт өв соёлоосоо эрс холдсон. Энэ нь ард түмний, эсвэл төр, засгийн шууд буруу гэхээсээ илүүтэй нийгмийн хөгжлийн явцаас улбаатай. Уламжлалт өв соёл гэдэг ямар үнэ цэнэтэй, утга учиртай зүйл болохыг ард түмний ой санамжаас аажмаар цэвэрлээд байтал 1990 онтой золгож, ардчилал, эрх чөлөө, зах зээл рүү гэнэт үсрээд орчихсон. Өөрсдийнх нь уламжлалт өв соёл хоцрогдсон, бүдүүлэг зүйл гээд ойлгочихсон байсан тийм хүмүүст гадаадын юм бүхэн сонин содон, сайхан санагдаж, түүн рүү хошуурсан. Тэр хооронд ёс суртахууны хазаар болдог өв соёл, хүмүүжлийн асуудал бүр мөсөн орхигдсон.
-Монгол үндэстэн өөрөөрөө оршин байх тэрхүү онцлогийг өнөөдөр бий болгохын тулд бид тэгээд яах ёстой вэ?
-Монгол хүн монголоороо оршин байхын тулд гэр бүлийн хүмүүжлээс эхлэх ёстой юм. Өвөг дээдсээс бидэнд өвлүүлж өгсөн оюун санааны дархлаа, өв соёлоо монгол айл бүхэн сэргээн, амьдрал ахуйдаа авч хэрэглэх нь чухал. Адаглаад нялх хүүхдийнхээ өлгийн дээр үнэг хайчлаад зүүж болно. Өөрийнхөө мэдэх хэмжээнд угийн бичгээ хөтлөөд, үр хүүхдэдээ өвлүүлэхээс эхэлж болно. Учир нь өдгөө Монголд цус ойртолт аюул дагуулах хэмжээнд хүрчихээд буй. Нялх багаас нь эхлэн бэлгийн бойжилтын нас хүртэл ой ухаанд нь суулгаж өгсөн өв соёл, хүмүүжил, дадал тухайн хүнтэй хамт насан туршид нь үлддэг. Түүнээс хойш хэчнээн чухал юм заах гээд ч тогтох нь маруухан. Тиймээс энэ чиглэлээр үлгэр дуурайлтай ажил хийж байгаа гэр бүлүүдийг төр, засгаас урамшуулан дэмждэг байгаасай.
Мөн цэцэрлэгийн хүүхдүүд, бага ангийн сурагчдад тогооч нар нь сайхан монгол хоолоо хийгээд, түүнийгээ тайлбарлаж өгдөг, сайхан монгол тоглоомуудаа олноор үйлдвэрлэж, түүгээр тоглуулдаг, утга учрыг нь хэлж ойлгуулдаг байж болно. Болж өгвөл долдугаар анги төгстөл нь хүүхдүүддээ гадаад хэл үзүүлэхгүй, монгол хэл, түүх, өв соёлоо түлхүү заах зэргээр сэтгэл байвал хийх ажил их байна. Уг нь их амархан юм шүү дээ. Гэр бүл, боловсролын байгууллагаар дамжуулан өв соёлоо хойч үедээ сэргээн өвлүүлэх, хөгжүүлэх тухай асуудлыг Соёлын тухай хуульд оруулж, төрийн бодлогод тусгах хэрэгтэй. Соёлоо мэдэхгүй ард түмэн бусдын хоол болоход өнөө цагт хамгийн амархан. “Соёлоо мэдэхгүй хүн хэн дуртай нэгнээ дагаад гүйнэ” гэж Цецероны хэлсэн үг ч байдаг.
-Уламжлалт өв соёл, зан заншил, байгаль дэлхийн шүтэлцээ гээд ярихаар өнөөгийн зарим залуу хүнд хэт туйлширсан, улиг болсон зүйл шиг сонсогдож магадгүй. Уучлаарай, таны үг уламжлалаа санагалзсан хүнийх биш, шинжлэх ухааны үндэслэлтэй судлаачийнх мөн үү?
-Би монгол хүн судлаачийн хувьд үүнийг хэлж байна. Монгол хүний генийн тогтолцоо, сэтгэлгээ, сэтгэл зүйн онцлог, монгол соёл, монголчуудын амьдралаа авч яваа арга барил гээд би олон талаас нь судалж байгаа хүн. Өөрөөр хэлбэл, Монголын байгаль, цаг уур, монгол хүн хоёрыг холбож байгаа нүүдэлчдийн гайхамшигт өв соёл бол бидний амьдралыг үеийн үед тэнцвэртэй авч яваа ганц зүйл юм шүү. Энэ тэнцвэр алдагдвал монгол хүн алсуураа үгүй болно. Малаа хариулахдаа морь биш, машин, мотоцикл унадаг, үхэр, адуугаа уналга ачилгад эдлэхээ больж, үнээ, хонь, ямаагаа саахгүй, дэлгүүрээс бэлэн сүү авч хэрэглээд байгаа нь өнгөц харахад биед амар, цаг хэмнэсэн зүйл юм шиг боловч угтаа байгаль дэлхий, өв уламжлалаасаа холдоод л байгаа хэрэг. Хөдөөгийнхөн хүртэл ямар нэг хольцгүйгээр уламжлалт сайхан монгол хоолоо хийж идэх нь ховордож. Буруу хооллолтын үр дагаврыг Монголд өнөөдөр хорт хавдар ямар хурдацтай нэмэгдэж буйгаас харж болно.
Өдгөө гадаадын олон эрдэмтэн судлаач “2050 он гэхэд дэлхийн нөөц үндсэндээ дуусна. Хүн төрөлхтний нийгэм даяаршлын эриний хөлд үрэгдэж мөхөхөөс аврах ганц гарц нь нүүдлийн соёл иргэншил юм байна. Тиймээс байгаль, сав шим ертөнцтэй зохицож амьдардаг нүүдлийн соёл иргэншлийн нууцыг яаравчлан судалж, уудлан дэлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нүүдлийн соёл иргэншил суурин иргэншлээс өшөөгөө авах цаг хаяанд ирлээ” хэмээн бичих боллоо. Тэгэхээр манай нүүдлийн соёл иргэншилд ямар гай- хамшигтай зүйлүүд хадгалагдаж буйг бид олж харж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа биз.
-Монгол хүнийг олон жил судалж буй хүний хувьд та өөрсдийн онцлогийг юу гэж харж байна вэ. Монголчууд богино хугацаанд ёс суртахууны доройтолд орсон шигээ буцаад гарч чадах болов уу?
-Монголд өнөөдөр хөгжлийн тухай үзэл алга. Ерөөс хөгжил гэж юуг хэлэх вэ гэдгээ ч бид мэдэхгүй яваад байна. Манайх шиг ийм онцлогтой түүхэн ард түмэн бусдад уусчихгүй, өөрийнхөөрөө тогтвортой, тэнцвэртэй оршин байхын тулд социализм хэрэгтэй юм уу, либерализм уу, эсвэл консерватив үзэл нь дээр юм уу гэдэг нь тодорхойгүй. Монгол Улсыг яаж хөгжүүлэх юм гэдэг тогтсон үзэлгүй, түр зуурын намууд сонгууль дөхөхөөр байгуулагддаг. Үзлээ нэгтгэж чадахгүй байгаагийн цаад учир нь гадаадынхны явуулга гэж хардаг. Гэхдээ “Нэг л болохгүй байна” гэдгийг анзаарч, одоо яах вэ гэж эрэлхийлж эхэлсэн нь сайн хэрэг. Ийм байдлаас гарахын тулд Үндсэн хуульдаа зөв оновчтой нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой ч энэ янзаараа манайхан тэгж чадахгүй л болов уу. Тиймээс миний бодлоор бол хамгийн бага нэгж буюу гэр-улсын тогтвортой хөгжлөөс үүнийг эхлүүлэх нь зүйтэй юм. Гэр бүлийн хөгжлийг тэтгэж гаргаж ирснээр монголчуудын оюун санааны нэгдэлд маш чухал үүрэгтэй.
-Монголчуудын гарал үүслийн тухай танаас заавал асуумаар санагддаг юм. Бид үнэхээр дээд тэнгэрээс заяатай төрсөн, монгол хүний мах, цусанд гарцаагүй онцгой юм бий юү?
-Монголчууд хүн төрөлхтний өвөг үндэстэн мөн. Тодруулж хэлбэл, хүн төрөлхтний өвөг генийг тээж явдаг юм. Үүнийг генээр нь хөөгөөд нэгэнт тогтоочихсон. Энэ бол бидний агуу их бахархал. Монгол газар нутаг бол хүн төрөлхтний дэлхийд тархан суурьшсан их нүүдлийн өлгий нутаг мөн. Энэ бас л гарцаагүй бидний бахархах зүйл.
-Харамсалтай нь энэ бахархал одоо хөндий хоосон цээжээ дэлдэж буй хийрхэл болж хувирсан. Бүр яван явсаар “Энэ эрлийз гэсэн”, “Тэр хужаагийн хольцтой цустай” гэх мэтээр талцаж хагарах шалтгаан, тэгээсэй гэж хүсдэг улстөрчдийн өгөөш болоод байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өнөөдөр Монголын нийгэмд юу болоод байна вэ гэхээр сэтгэцийн тэнцвэр алдагдаад байна. Өөрөөр хэлбэл, цөөн хэсэг нь хагартлаа баяжиж, олонх нь хэт ядуурсны улмаас хөөрч сагсуурах, гутарч гуних, баярлах, гомдох гэх мэт сэтгэлийн хөөрөл их болсон. Жишээ нь, өнөөдөр Монголд ядуурал, ажилгүйдлээс болоод гэр бүлийн задрал гэдэг айхтар үзэгдэл бий болоод байна. Судлаачдын хэлж буйгаар найман гэр бүл тутмын нэг нь өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйчүүд болсон гэдэг. Миний авсан мэдээллээр бол бараг таван гэр бүл тутмын нэг нь өрх толгойлсон амьдралтай байгаа юм билээ. Ийм байхад төр улсын доторх бага улс гэгддэг гэр бүл рүү чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлэхгүйгээр цөөхөн монголчууд юунд ч хүрэхгүй. Иргэний, хувь хүний хөгжил гэхээр манайхан жигтэйхэн сонирхдог хэрнээ гэр бүлийн хөгжил гээд ярихаар зугтаах нь холгүй байх юм.
Нөгөөтэйгүүр, олон янзын даяаршлын аргаар дэлхий нийтийг залгихаар санаархаж буй зальтнуудын халаасанд орчихсон, тэдний “гар, хөл” болж яваагийнхаа төлөө бэл бэнчинтэй болсон хэсэг бүлэг хүн Монгол Улсыг Америк, Япон, Солонгос маягаар хөгжүүлнэ гэж хөөрцөглөх юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг байх хэрэгтэй. “Солонгосчууд 30 жилийн дотор Азийн бар болчихсон юм байна. Бид бушуухан Азийн бар болъё” гэж довтолгон, сэтгэцийн хөөрөлд автах хэрэггүй. Адаглаад бидэнд тийм хүний нөөц байхгүй. Монголын 3.1 сая хүний хэдэн хувь нь хүүхэд залуус, хэчнээн нь хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа билээ. Тиймээс бид хүний нөөцөө бий болгоход анхаарахаас эхэлсэн нь илүү бодитой. Мөн одоо байгаа хүний нөөцөө чадавхжуулахад анхаарах нь зүйтэй. Чадавхжуулна гэхээрээ цэцэрлэг, бага ангиас нь гадаад хэл сургах хэрэгтэй юм уу, үгүй юү гэдэгт төрийн бодлого чиглэгдэх ёстой юм. Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний оюун санааны түүхэнд эртнээс нааш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Бурхны шашны философийг ч манайхан хүүхэд багачууддаа зөв ойлгуулах нь чухал гэдгийг энд онцолъё.
Бид хэн бэ цуврал нийтлэлийн өмнөх хэсгийг уншихыг хүсвэл линк дээр дарж орно уу.
Үндэстний ижилслийн эрэлд , Үндэстний гуйвшгүй ГУРВАН ТУЛГУУР, Байх, үгүйн завсар дахь бахархал хийгээд үнэт зүйл, Монголчуудын ёс суртахууны “халууны шил” ажиллахаа болих нь