Монголчуудын ёс суртахууны “халууны шил” ажиллахаа болих нь

Монголчуудын ёс суртахууны “халууны шил” ажиллахаа болих нь

Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 27 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. “National identity” буюу (Үндэстнийг ижилсүүлдэг, бусдаас ялгаатай хэл, соёл, уламжлал зэрэг зүйлсийг хэлнэ) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ. Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу.

Учир нь өнгөрсөн 27 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мартан хүнээ байж, ойд төөрсөн сармагчин лугаа адил ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ. Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд “Өнөөдөр” сонин гарч, “Бид хэн бэ” цуврал нийтлэл эхлүүлээд буй.

Энэ удаа бид монголчуудын сэтгэлгээ, ёс суртахуунд гарсан өөрчлөлтийн тухай хөндлөө.

“Монгол хүн их азтай юм. “Монгол үндэстэн” гэдэг нэрээр дэлхий дахинаа эрхэлж, дэлхий даяараа эрхлүүлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг зүйл хийх юм уу, хэнээс, ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна” хэмээн 19 жилийн өмнө Кимүра Аяако “Тархины тураал” нийтлэлдээ бичиж байж. Тийм ээ, бид үнэхээр хувьтай, азтай хүмүүс.

Баян, эрх мэдэлтэй л бол ямар ч муу муухай зүйл хийсэн бай, хариуцлага хүлээдэггүй, хүний мөсгүй, ёс зүйгүй зан гаргасан нэгнийгээ хэн ч хажуугаас нь зандарч, шаардлага тавихгүй, бохир аргаар олсон мөнгөөрөө лаагаа авна уу, луувангаа авна уу хамаагүй, эрх дураараа, ад үзэгдэхгүй амьдарч болдог нийгмийг өөрсдөдөө зориулж бүтээсэн учраас монголчууд бид “азтай”.

Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагт амьдрахын төлөө юу ч хийхэд бэлэн байсан бидний дүр төрхийг япон бүсгүй хөндлөнгөөс хараад “Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргүй болчихвол харин ч нүглийг мартах байлгүй. Монголчуудтай харилцахаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ” хэмээн халаглаж байсан нь өнөө яг л түүний хэлсэн ёсоор болж буй. Картын бараанд дугаарлаж, идэх гурил, татах тамхи олдохгүй, царай алдаж суусан өдрүүд ард үлдсэн ч ёс суртахуун гэдэг хамгийн чухал үнэт зүйлээ тэр он цагтай хамт гээсэн тул өнөөгийн Монголд нүглийг нүгэлд тооцохоо байв.

Ямартаа л “Бид ямар нийгэмд амьдарч байна вэ” гэсэн багшийнхаа асуултад их сургуулийн философийн ангийн оюутан “Гэмт хэргийн ертөнцөд амьдарч байна” гэж хариулах вэ дээ. Адгуус амьтнаас ялгарах хүний гол хэмжүүр болох ёс суртахууны “халууны шил” нь ажиллахаа байхаар нийгмийн хөгжлийн цаг ч дагаад зогсдог гэдэг. Ингэхэд дээр онцолсон “аз” биднийг юунд хүргэх бол?

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД ЁС ЗҮЙН ХИЧЭЭЛ ЗААХ ХЭРЭГТЭЙ

Хүний ёс суртахуун 9-10 насандаа төлөвшдөг аж. Гэтэл өдгөө манайд бага ангийн “Иргэний боловсрол” гэдэг хичээлээр хүүхдэд ёс суртахууны хүмүүжил олгоно гэж хөтөлбөрт нь тусгасан ч бодит байдал дээр олонх нь заадаггүйг багш нар хүлээн зөвшөөрчээ. Наад зах нь, ёс суртахууны хичээлийг ямар ч багш зааж болно гэсэн байдаг тул сандарсан үед цаг нь дутсан математикийн багшид шилжүүлчихдэг, өнөөх нь сурагчдаар тоо бодуулаад өнгөрдөг байна.

Р.Дарьхүү тэргүүтэй их сургуулийн эрдэмтэд тавдугаар ангийн сурагчдад ёс суртахууны хичээл оруулдаг болгохын тулд сурах бичгийг нь зохион, хөөцөлдсөөр байж 1998 онд сургалтын хөтөлбөрт багтаасан ч 2000 оны дундуур засаг, төр солигдоход “амыг нь барьжээ”. Цэцэрлэгийн багачуудын тухайд бол бүр ч ярилтгүй. Өөрөөр хэлбэл, хүнээр хүн хийх гэдэг монголчуудын уламжлалт ухаан гэр бүлийн орчинд ч, сургууль, цэцэрлэгт ч байхгүй өнөөг хүрсэн гэсэн үг.

Бурхнаас заавал авьяас “царайчлахгүйгээр” хүн өөртөө бий болгож болдог олдмол цөөхөн зүйлийн нэг нь ёс суртахуунтай, шударга үнэнч байх гэдэг юм билээ. Мэдээж бүх нийтийн ёс суртахууны асуудал яригдаж байгаа үед үүнийг ард түмний ухамсарт бат суулгахын тулд төрийн бодлого ямар байгаа вэ гэдэг нь зайлшгүй хөндөгдөнө. Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын бага ангийн хүүхдүүддээ бид нэн түрүүнд хүн байхын ухаан суулгах, цаашлаад бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт ёс зүйн хичээлийг оруулах хэрэгтэйг эрдэмтэн мэргэд сануулсаар буй.

Өнөөгийн залуусын ад үздэг социализмын үед харин ч ёс суртахууны асуудлыг бүх нийтийн үйл хэрэг болгон авч үзэж, мэргэжлийн ангиудад энэ тухай хичээл заадаг байж. Гэтэл өнөөдөр философийн ангийн сонгоны оюутнуудаас ёс суртахуун, шударга ёс, хүнлэг чанар, сайн, муугийн тухай ойлголтыг асуухаар мэддэггүй гэнэ. Ийм түвшний мэдлэгтэй хүмүүсээс ёс суртахуунтай, шударга байхыг шаардах боломжгүй гэдэг нь мэдээжийн хэрэг. Уг нь их, дээд сургуульд ёс суртахууны холбогдолтой хичээлийг сонгон маягаар бус, заавал судлах хичээл болгон, бүх оюутныг хамруулдаг байх нь хамгийн чухал баймаар.

“Шинэчлэл гэж гадаадынхныг шүтэн дуурайж давхисаар бид уламжлалаа орхигдуулсан. Гэтэл уламжлалгүй шинэчлэл бол сүйрэл дагуулдаг. Монголчуудын уламжлалт ёс суртахууны үнэт зүйл гэж их чухал юм байсан. Хүний нийгмийн энэ суурь багана үгүй болсноор өдгөө бүхий л давхаргад ёс суртахууны доройтол газар авсан. Өнөөдөр манайхан сайн юмыг муу, муу зүйлийг сайн гээд их төөрөлдөх болсон.

Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм хаашаа явж байна, монгол хүн хэн болчихоод байгаа вэ гэдэг чиг баримжаа алга. Нүүдэлчин монголчуудын ёс суртахууны үнэт зүйлийг бүрдүүлж ирсэн гол суурь нь гэр бүлийн хүмүүжил, гэрийн боловсрол байсан. Одоо бол эцэг эхчүүд, багш, сургууль бие биедээ найдаад хүүхдийн хүмүүжил гэдэг зүйлийг мартсан. Төрийн бодлого ч үүнийг орхигдуулсаар ирсэн” хэмээн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Р.Дарьхүү ярилаа.

МОНГОЛ ХҮН ХЭЗЭЭ ДЭЛХИЙН ИРГЭН БОЛОХ ВЭ

Монгол даяар түгэн дэлгэрсэн “Эрдэнийн эрхи Субашид” зохиолд

“Муу юм энэ ертөнцөд хэдий олон ч

Муу хүнээс илүү аюул гэж үгүй” гэсэн хоёр мөрт бий. Ёс суртахуунгүй хүн хэчнээн аюултайг эртний суут сэтгэгчид ч “Хомхой сэтгэлтэй, шударга бус хүн төр барих эрхгүй” гэх зэргээр сануулж байж. Гэтэл монголчууд бид ямар муу муухай зүйл хийж буйг нь мэдсээр байж хуц, ухна тавьсан юм шиг хэдэн улстөрчийн амлалтад хууртан ээлжлээд сонгоод л байдаг. Монголд ардчилал буруу замаар явж буйн хариуцлагыг ард түмэн ч бас үүрэлцэх ёстой гэдэг нь ортой.

Энэ улсын хөгжилд тээг саад болж буй гол хүчин зүйл нь мөнгөний гачигдал бус, өөрсдийн маань ёс суртахууны доройтол гэдэг ч үнэн. Эртний баатарлаг түүхтэй, өнөө хоёр их гүрний дунд “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” болж яваа жижигхэн энэ улсыг өөд татах хүмүүс нь бид, уруу татах нь ч бас бид өөрсдөө. Тиймээс бусдад найдан, хөлөө жийж, амаа ангайн суух бус, тархиа ажиллуулах, сэтгэлээ чагнах, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөх хэрэгтэй бус уу.

Улс, нийгмийн хөгжлийг нүдэнд үзэгдэх материаллаг зүйл, эдийн засгийн өсөлтөөр хэмжих бус, хүн ардынх нь сэтгэлийн боловсролоор дүгнэдэг болох цаг айсуй гэлцэнэ. XXI зууны боловсролын тогтолцоо дэлхийн хүнийг бэлдэхэд чиглэж байгаа тул манай хүүхдүүд зөвхөн Монголынхоо ирээдүйд анхаараад зогсохгүй, бөмбөрцгийн хэдэн тэрбум хүний хувь заяаны төлөө санаа тавих шаардлага ч гарч ирж буй. Гэтэл хэдий болтол бид “монгол хүн зарчимгүй, зорилгогүй, ёс зүйгүй, хулхи” гэсэн тодорхойлолттойгоо явах вэ. “Ёс суртахууны доройтолтой, тархины тураалтай ийм хүмүүс дөрвөн уулынхаа дундаас бүү гараасай, гэвч тэд хэдийнэ хил давж, бусдын зэвүүг хүргэж яваа нь харамсалтай” хэмээн гадаадынханд ад үзэгдсээр л байх уу.

Сэтгэл судлалын үндэсний төвийнхөн монгол хүний сэтгэл зүйн өвөрмөц байдлыг 2010-2013 онд гурван жилийн хугацаанд судалжээ. Монголчууд бидний хамгийн нийтлэг алдаа нь амьдралын зорилго тодорхойгүй, зөвхөн идэх, амрах гэсэн “амьтны хэрэгцээ”-гээ хангахад чиглэдэгт оршиж буйг судалгаагаар тогтоосон байна.

Энд дурдсанаар монгол хүн өөрийнхөө хүчин чадалд итгэдэггүй, үүнээс болоод гутрах, бухимдах нь их бөгөөд өөрт тохиолдсон том, жижиг асуудлыг бусдын хүчээр шийдэх сонирхолтой, тэгсэн хэрнээ өөр бусад хүнд ч итгэл өгч чаддаггүй энэ байдал нь ажлын байр болон гэр бүлийн орчинд зөрчил маргаан болж хувирдаг байна. Тэгэхээр бид өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй хэвтэж, бусдын хэрэгт хуруу байтугай хошуу ч нэмэрлэх эрхгүй гэлтэй.

“Монгол хүн ийм онцлогтой, ийм ёс суртахууны хэм хэмжүүр баримтлах ёстой юм шүү гэдэг үндэстний нэгдсэн концепцоо бид тодорхойлж гаргах хэрэгтэй байна. Одоо манайхан хүүхэд хүмүүжлийн арга гэж их ярьдаг ч монгол хүүхэд ямар хүн болж төлөвших ёстой вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Сайн ажилтан гэж хэнийг хэлэх, сайн аав, ээж гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг нь ч тодорхойгүй. Тодруулж хэлбэл, монголчуудад хаана хүрэх вэ гэсэн зорилго алга” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг хэлэв.

Үндэстнээрээ зорьж тэмүүлэх хэтийн зорилгогүй учраас бид ирээдүйн тухай гэхээсээ илүүтэй өнгөрсөн түүхээ ярьж, үүнтэйгээ зууралдсаар байдаг аж. Гэтэл “Монголчуудын ёс суртахуун” гэсэн үндэсний хөтөлбөрийн төслийг бүх салбарын эрдэмтэн судлаачдыг байлцуулан боловсруулаад, улс даяар хэлэлцүүлж, батлах хэрэгтэй байгааг учир мэдэх хүмүүс олон жил ярьж буй ч УИХ, Засгийн газар нь хөдөлж өгдөггүй. Аль нам нь төрийн эрхэнд гарахаас үл хамааран зайлшгүй шийдэх ёстой зүйлсийн тэргүүнд бүх нийтийн ёс суртахууны асуудал байх ёстойг дахиад хэдэн жил хоосон ярих вэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай