Байх, үгүйн завсар дахь бахархал хийгээд үнэт зүйл

“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 27 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. “National identity” буюу (үндэстнийг ижилсүүлдэг, бусдаас ялгаатай хэл, соёл, уламжлал зэрэг зүйлсийг хэлнэ) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.

Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 27 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мартан хүнээ байж, ойд төөрсөн сармагчин лугаа адил ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ.

Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд “Өнөөдөр” сонин гарч, “Бид хэн бэ” цуврал нийтлэл эхлүүлээд буй.

“Бидний бусдаас ялгарах онцлог, шинэ цагийн монголчуудын бахархал юу байх вэ” гэдгийг энэ удаа бид хөндлөө.

“Өнөөгийн монголчууд бидний бахархал юу байх ёстой вэ” гэсэн асуултыг янз бүрийн насны, өөр өөр ажил мэргэжилтэй таван хүнд тавихад бүгд хэлцсэн юм шиг Чингис хаан, аугаа түүх, өв соёл гэж эхлээд, байгалийн баялаг, өргөн уудам газар нутаг, монгол хүний ген, олимпын аварга Н.Түвшинбаяр... гэсхийгээд барьцгүй хариулт нь өндөрлөв.

Үндэстний бахархлын тухай ойлголт уг нь тодорхой хэдэн зүйлийн дунд эргэлдэж буй атал яг аль нь хамгийн боломжит хувилбар юм, эсвэл бүгдээрээ байх боломжтой юу гэдгийг үнэндээ мэдэхгүй байлаа. Ардчилсан хувьсгалаас хойших 27 жилийн хугацаанд монголчууд биднийг нэгдсэн том зүйлд уриалсан үзэл санаа байхгүй, алс хэтийн зорилгогүй явж ирсэн учраас бахархал, үнэт зүйлээ мэдэхгүй будлиж ирсний гор энэ гэлтэй.

Саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртсэн, түүхч Д.Өлзийбаатар “Бид түүхийн бахархлыг гол болгож ярьдаг учраас зарим хүн “Чи түүхээрээ цээжээ дэлдлээ” гэдэг. Бахархлаас гадна түүхийн сургамж гэж их том зүйл бий. Тэрийг нь бид хоёрдугаарт тавиад байдаг юм. Том улс байснаа ярьдаг, яагаад жижиг болчихов гэдгээ ярьдаггүй. Тэр сургамж нь гол юм. Яагаад агуу их том эзэнт гүрэн нурав гэдгээс хайх хэрэгтэй.

Шалтгаан нь хоорондын эв эвдрэлцэл, эд баялаг, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээнээс болсон... Өнөө бид нэг л их сайхан задгай монгол болсон. Хувь хувиа бодсон, “Би л баяжиж байвал бусад нь яахав” гэдэг үзэлтэй. Хамтдаа хөгжиж байж нийтээрээ баялаг сайхан болно гэдгийг огоорчихоод байна. Түүн рүү чиглүүлсэн уриа ч байхгүй. Энэ нь дөрөв дөрвөн жилээр солигддог манай улс төрийн системтэй холбоотой. Төрийн нэгдсэн бодлого алга” хэмээн энэ тухай чухам үнэнийг тодорхой ярьсан билээ.

ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ БОЛОН ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ

Үндэстний ижилсэл, онцлогоо тодорхойлох нь улс орны ирээдүйн хөгжилд ямар чухал болохыг мэдэж байгаа учраас шинэ тутам төвхнөсөн Казахстан өдгөө энэ чиглэлээр олон ажил хийж буй. Тэр дундаа, улс үндэстнийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд болох хэл, соёлын салбартаа их хэмжээний хөрөнгө хаяж байгаа бөгөөд 2025 он гэхэд кирилл үсэгт суурилсан цагаан толгойгоо бүрмөсөн халж, латин цагаан толгойд шилжих бэлтгэлээ базаахыг Ерөнхийлөгч нь саяхан Засгийн газартаа үүрэг болгоодохов.

18 сая хүн амынх нь 63 хувийг л казах, үлдсэнийг нь орос, узбек, украин, уйгур, татар, герман, солонгос гээд зүсэн зүйлийн үндэстэн бүрдүүлдэг тэд үндэстний ижилслээ бий болгохын тулд цэвэр цусны тухай бус, хэл, соёл, шашин руу анхаарал хандуулсан нь учиртай. “Бид өнөөдөр цэвэр цусны талаар их ярьж, бичих болж. Яг үнэндээ цус бол юу ч биш. Монгол цус бусад цуснаас өөр биш. Хятад юм уу герман хүний цус өөр хоорондоо ондоо байх ямар ч боломжгүй. Монгол гэдэг ойлголтыг бий болгож байгаа зүйл нь цус биш оюун санаа. Монголыг авч үлдэх боломж бол монгол хэл” хэмээн зохиолч Г.Аюурзана ярьсныг энд эш татмаар байна.

Өнөөгийн монголчуудын үнэн нүүр царай ямар байгааг, монгол хүний дотор байдаг муу муухай зан чанар бүхнийг тольдъё гэвэл нүүр ном руу нэг цаг шагайхад л хангалттай. Гадагшаа харж, “Муусайн хужаа нар”, “Халтар төлөгүүд”, “Солонгосчууд хэзээ байхдаа тийм сүрхий хаадтай байсан юм” гэж сагсалзах атлаа дотроо өөрсдөө мөн л “эрлийз, хурлийз”, “цэвэр цусны монгол”, “хасаг”, “дөрвөд”, “төв халхынхан”, “Алтан ургийнхан” гэхчилэн нутаг ус, удам судраараа талцан үзэлцэнэ.

Ярихгүй, мэдэхгүй сэдэв гэж алга, муулахгүй, үзэн ядахгүй хүн ч гэж алга. Тэнгэр язгуурт монгол түмэн ийнхүү ихэрхэн омогдож байх зуур өнөө халтар вьетнамчууд нь автомашины засвар, үйлчилгээг бүрэн мэдэлдээ авч, хятадууд манай барилгын салбарын гол ажлыг нугалах болов. Цагаа тулахаар Монголд байгаа хятадууд, вьетнамчууд, солонгосчууд нэгнээ өмөөрөн, өөрсдийг нь өдөж агсамнасан монголчуудын эсрэг яаж нэгддэг билээ.

Харин манайхан гадаадад гарахаараа хамгийн эгзэгтэй, чухал мөчид ч нэгэндээ туслахгүй, амиа хоохойлон танихгүй царайлж зугтаадаг. Энэ л өнөөгийн бидний онцлог болчихоод байна. Гэтэл бидний цөөхөн монголчууд ингэж талцаад юунд ч хүрэхгүйг Кэмбрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимд докторын зэрэг хамгаалсан Урадын Э.Булаг “Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил” номондоо тун тодорхой өгүүлсэн байх юм.

“Зориг зүрхтэй, чөлөөтэй сэтгэдэг хүмүүст зориулав” гэж тодорхойлсон уг номдоо тэрбээр “Уг нь эрүүл зааг хязгаартай байх нь соёлын болоод үндэсний нэгдэл, бүрэн эрхт байдалд хэрэгтэй ч тун нь хэтэрсэн хэнхэглэл аливаа үндэстний нийгмийн хэлхээ холбоог устгаж, хүмүүс нэг нэгнээ хардаж, сэрдэх нөхцөл болдог.

Монгол үндэстэн, Монголын элитүүд зарим нь бүр уг хардалт, хэнхэглэлийн хор уршгийг биеэрээ мэдэрсэн хэдий ч үүнийг таслан зогсоох арга замыг эрэлхийлэхгүй, улам гаарч байгааг нь ашиглаад сууж байна... Ном маань эцсийн дүндээ Монголд олон соёлт байдал, эерэг эрлийзжилтийг ойлгох цаг ирснийг сонордууллаа” хэмээн бичжээ. Түүний санаа нь монголчууд соёлын олон талт байдлыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ өөр хоорондоо нэгдэх хэрэгтэй гэсэн утгатай аж. Үнэндээ монгол шинж гэдэг олон талтай зүйл. Анхнаасаа монголчууд соёл, тэр бүү хэл, угсаа гарлын хувьд ч өөр хоорондоо ялгаатай олон бүлгээс бүрэлдсэн.

Гэтэл дэлхийн монгол туургатны гал голомт хэмээн цай, сүүнийхээ дээжийг Монгол руу өргөн, залбирдаг элэг нэгтнүүдийнхээ итгэл сэтгэл рүү ус цацан, дотооддоо ч эв түнжингүй толхилцоод байхаар үндэстний бахархал, үнэт зүйл, нэгдмэл зорилгын тухай хэн, хэзээ ярих билээ.

ТҮҮХ, УЛАМЖЛАЛААСАА ЮУГ НЬ АВЧ, УРАГШЛАХ ВЭ

“Монголчууд Зөвлөлтийн ноёрхлын өнгөрсөн үе, хятадууд заналхийлсэн ирээдүй хоёрын завсарт байна. Ийм л цаг үед үндэстнийг бүрэлдүүлэх тухай ном бидний гар дээр ирлээ. Булаг зөвхөн Монголд ч биш, дэлхийн хаана ч тохиолдож болох, сулхан эдийн засагтай үндэстний “хязгаар нутгаа хадгалж хамгаалах” гэсэн оролдлогыг дүгнэн шинжилжээ. Тэрбээр монголчууд цэвэр байх хүсэлтэй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үндэсний үзэлтэй байх уу, эсвэл нээлттэй олон соёлт байдал, цус холилдох асуудалд уян хатан хандах чадвар бүхий үндэсний үзэлтэй байх уу гэсэн хоёр сонголтын аль нэгийг сонгох зааг дээр зогсож байна гэсэн санааг уг номоороо дэвшүүлсэн нь сайн хэрэг” хэмээн Кэмбрижийн их сургуулийн Азийн хүн судлалын профессор Каролайн Хамфри дээрх номын өмнөтгөлд бичжээ.

Өнгөрсөн, одоо хоёрынхоо дунд гацсан бидэнд ирээдүйн тухай ямар ч төсөөлөл байхгүйг нийтлэлч Д.Батбаяр харин “Чингис хаан бидэнд өгөх урам зоригоо аль хэдийнэ өгчихсөн. Одоо бид тэр урмаараа цааш хөдлөх ёстой” хэмээн тодорхой хэлсэн. Бид хэн бэ гэдгээ тодорхойлох үндэстний ижилслийн тухай одоо л ярьж, асуудал болгон гаргаж тавихгүй бол хожимдож мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж буй. Гэхдээ чухам юунаас, яаж эхлэхээ мэдэхгүй байх шиг. Дээл өмсөж, ээтэн гутал жийгээд, яс үндсээ халх хэмээн тодорхойлуулбал жинхэнэ монгол хүн болох уу. Үндэстнийг үндэстэн болгодог гурван гол хүчин зүйл болох хэл, соёл, шашныг орчин цагт бид хэрхэн авч үзвэл зохилтой вэ.

“Түрэг судлаач Оросын эрдэмтэн В.В.Родловын хийсэн үгийн гарлын толь бичгийг бид өнөөг хүртэл баримталж ирсэн. Гэтэл тэр хүн магадгүй монгол үг байсныг нь түрэг гаралтай үг гээд биччихсэн байвал яах вэ. Энэ толь бичгээр баримжаалаад яваад байвал монгол хэлний минь бүх үг түрэг гаралтай болчих юм биш үү. Гэтэл бидний хажууханд түрэг хэлтэй хүчирхэг орнууд байна.

Туркменистан, Узбекистан, Казакстан, Кыргыз, Турк гэх мэт орнууд магадгүй түрэг хэлтний холбоот улс байгуулж, хэл соёлоороо нэгдэнэ гэвэл монголчууд дунд нь юу болох вэ. Энэ мэт эрсдэлд бид эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхийн тулд монголчууд бид хэл, угсаатны зүй, түүх, археологийн судалгаагаа эргэж хараад, өөрсдөө хийх хэрэгтэй юм байна. Тиймээс судлаачдаа түрэг, араб, перс хэлтэй орнуудад явуулж сургахаас өөр аргагүй” хэмээн доктор А.Алимаа анхааруулсан.

Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн гол гол сурвалж бичгүүд араб, перс хэлээр бичигдсэн байдаг тул энэ чиглэлээр судлаачдаа бодлогоор бэлтгэх хэрэгтэйг Төрийн соёрхолт, соёл судлаач Ц.Санчир ч хэлдэг. Хэл, түүх, соёл, угсаатны зүйн эрдэмтэн судлаачдын суурь судалгааг дэмжвэл энэ хөрөнгө оруулалт бидний ирээдүй хойчид оюун санааны маш их үнэ цэнэтэй “уурхайн” нөөц байх болно гэдэг маргаангүй үнэн билээ.

Нөгөөтэйгүүр, улс шиг улс байхад иргэдийн ёс суртахуун их үүрэгтэй гэдэг. “Дан ганц төрийн хатуу хуулиар товхинож чадсан улс дэлхийд үгүй. Итгэл үнэмшил чухал, түүнд суурь үзэл баримтлал хэрэгтэй, түүнийгээ ятган ухуулах суртал, сургаал хэрэгтэй. Монголчуудыг бүгдийг нь буддист болгох санаархал надад үгүй. Гэхдээ бурхны шашинтнууд нь өөрсдөө бурхны сургаалаа зөвөөр ойлгодог, хэрэгжүүлдэг болох хэрэгтэй.

Тэгвэл маш олон зүйл өөрчлөгдөнө, бидэнд тулгараад буй олон муухай асуудал нимгэрнэ. Манай Гандантэгчэнлин хийд үүнийг хийх хүмүүсээ сүүлийн 20-иод жил бэлдлээ, эхнээсээ сургуулиа дүүргээд ирцгээж байна” хэмээн Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу ярьсан. Монголын бурхны шашин оршиж байсан цагт үндэстний ижилсэл байсаар байх болно гэдэгт тэрбээр итгэдэг учраас үзэл санааг нь зөв голдирлоор нь цааш түгээхийг эрхэмлэдэг юм билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай