Үндэсний статистикийн хорооноос 2016 онд гаргасан хүн амын дундаж наслалтын хэтийн тооцооллоор 2040 он гэхэд эрэгтэй хүний 60 наснаас хойш амьдрах хугацаа жилд ойролцоогоор 1.9 сар, эмэгтэй хүнийх 1.6 сараар нэмэгдэх төлөв гарчээ. Өөрөөр хэлбэл, монгол хүний дундаж нас жилд 52 хоногоор нэмэгдэх нь. Гэтэл манай төр, засгийн түшээд өнгөрсөн онд тэтгэврийн насыг жилд зургаан сар буюу 180 хоногоор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Харь гаригаас ч юм уу, эсвэл өөр хаа нэгтэйгээс гэнэт бууж ирсэн удирдагчид бус, Монголын төр, засаг монголчуудынхаа “төлөө” гаргасан шийдвэр энэ. Тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэх нь ахмад настнуудын амьдрах хугацааны өсөлтөөс 3.3 дахин их байхад яаж бодохоороо тэгдэг байна аа.
ОУВС гэдэг хахир хатуу ааштай “эхнэр”-ийн нэр өмнөө барьсан Сангийн сайд тухайн үед “Монгол хүний дундаж нас нэмэгдэж байгаа, мөн Нийгмийн даатгалын сангийн ачаалал зэргийг харгалзан, сайтар судалж тооцоолсны үндсэн дээр тэтгэврийн насыг нэмэхээр болсон” гэж мэдэгдсэн. Гэвч өнөөх сайтар судалсан гээд байгаа шийдвэр нь угтаа салбарын гол мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг авалгүй, бүр сайдыг нь эзгүй хойгуур шийдсэн хөнгөн хуумгай зүйл болохыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлж байв. Үндэсний статистикийн хорооны дээрх мэдээллийг өмнөх Засгийн газрын үед “нөлөөт толь”-оор харсных уу, ямартай ч бодит байдалд нийцэхгүй шийдвэр байсан гэж үзээд, залруулахаар өдгөө УИХ-аар төслийг нь хэлэлцэж байна.
Ингэхдээ тэтгэврийн насыг жилд зургаа биш, гурван сараар нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ хувь хүнд сонголтыг нь үлдээх буюу эмэгтэй 55, эрэгтэй 60-тайдаа гавьяаныхаа амралтад суух эрхтэй байхаар зохицуулалт хийж байгаа юм. Тодруулбал, монгол эмэгтэйчүүдийн хувьд дөрвөөс дээш хүүхэд төрүүлж, “Алдарт эх” л болохгүй бол тэтгэвэрт гарах нас нь нэмэгдсээр нэмэгдсээр 2037 он гэхэд 65-д хүрэх байсан тулган шахалтаас ангижрах боломж нээгдэнэ гэсэн үг. Учир нь амьгүй төрөлт, үр зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, ургийн гажиг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй Монголын нөхцөлд эмэгтэйчүүд эсэн мэнд дөрвөн хүүхэд төрүүлээд, 10 жилийн өмнө буюу 55 нас хүрэнгүүтээ тэтгэвэрт гарах боломж баталгаагүй. Тэгээд ч хорт хавдраас эхлээд бүх төрлийн өвчин жилээс жилд газар авч буй, эрүүл мэндийн тогтолцоо нь цэгцрээгүй манайх шиг оронд иргэд нь 65 хүртлээ улсад ажиллана гэдэг ёстой л бурхны мэдэх хэрэг гэлтэй. Мэдээж тухайн хүн өөрөө хүсвэл, хамгийн гол нь бие нь хүчирвэл 65 хүртлээ ажиллаад, тэтгэвэрт гарах боломж нээлттэй. Хот суурин газарт, харьцангуй тохь тухтай нөхцөлд, биед амар ажил хийдэг хүмүүс “Улс биднийг арай л эрт тэтгэвэрт гаргах гэлээ. Оюун ухаан хөгширдөггүй юм” гэцгээдэг. Тэдний тухайд одоо сонголт илүү чөлөөтэй болох юм.
“Тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмнэ гэдэг арай л хатуудсан шийдвэр гэдгийг би анхнаас нь хэлж, эсэргүүцэж байсан. Монгол хүний дундаж нас аажмаар нэмэгдэж байгаа нь үнэн ч тэтгэврийн насыг ингэж огцом нэмж яагаад ч таарахгүй. Манайхтай адил хуучин социалист системийн зарим улс тэтгэврийн шинэчлэл хийж, тэтгэвэр тогтоолгох насыг “хөдөлгөж” байгаа нь үнэн. Гэхдээ жилд 2-4 сараар л нэмж байгаа. Нэг хэсэг нь бүр ингэж нэмснээ 5-10 жил завсарлаж, туршиж буй юм билээ. Тиймээс бид ч гэсэн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг дундаж наслалттай уялдуулан, жилд зургаа биш, гурван сараар нэмэх, хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэврээ тогтоолгох сонголттой байхаар хууль эрх зүйн орчныг шинэчлэх гэж байна” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярилаа. Үнэндээ тэтгэвэрт гарах насыг жилд гурван сараар нэмдэг болгосон ч монгол хүний дундаж наслалтын өсөлтөд энэ нь хүрэхгүй авч чамлахаар чанга атгах нь зүйтэй болов уу. Эрх баригч намын бодлого жил хүрэхгүй хугацааны дотор 180 градус өөрчлөгдөж, өмнөхөө баллуурдсаныг улс төрийн ашиг хонжоо болгон тавлахын оронд алдаагаа засаж буйд нь талархууштай.
Хэрэв өмнөх хуулийн заалт шууд хэрэгжээд явсан бол “65 хүртлээ ажиллах гэсээр байтал замдаа хамаг “араа шүд”, “эрэг боолт” суларч, гээгдсээр ажлын талбараас шууд авс руу орох юм байна л даа” гэсэн олон монгол хүний хошигнол инээд биш ханиад болох байсныг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч монголчуудын дундаж наслалт цаашдаа нэмэгдэнэ гэдгийг статистикчид л тооцож гаргасан болохоос нийгмийн талаасаа энэ нь хэр бодитой үзүүлэлт вэ гэдэг асуултад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Герентологийн үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагынхны аль нь ч судалгаатай, дорвитой хариу хэлж чадахгүй сууна билээ. Тийм байхад 2040 гэхэд монгол эмэгтэйчүүдийн 55 наснаас хойш амьдрах хугацаа 25 жил, 60 настай эрчүүд дахиад 17 жил гаруй амьд явж, улсын төсөвт “ачаа үүрүүлнэ” гэсэн статистик мэдээнд итгэхэд бэрх. Эрс тэс уур амьсгал, хүрээлэн буй орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсан гээд монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх гадаад, дотоод хүчин зүйл бишгүй байгаа тул дундаж нас нэмэгдэж буй гэдэг үндэслэлээр асуудалд хандвал өрөөсгөл.
Ямар ч бэлтгэлгүй, тооцоо судалгаагүй хөдөлбөл энэ нь нийгэм, эдийн засгийн болоод улс төрийн хямрал ч дагуулах эрсдэлтэйд тооцогддог тул олон улсад тэтгэвэрт гарах насыг хүн амын тоо, улсын төсөвт эзлэх тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ, иргэдийн дундаж наслалт, хувь хүний ажил мэргэжил зэрэг нэлээд хэдэн үзүүлэлтээр тогтоодог аж. Хүн амынх нь дундаж наслалт өндөр, эдийн засгийн баталгаатай Европын орнууд, тэр дундаа Австрали, Герман, Их Британи зэрэг улс 2028-2033 онд л 65-69 болгон нэмэхээр яригдаж буй. Харин Азийн ихэнх оронд тэтгэврийн насыг 60-аас дээш нэмэхийг төдийлөн дэмждэггүй байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны энэ оны I тогтоолоор байгуулсан ажлын хэсгийнхэн хэл ам дагуулсан өмнөх хуулийн хэрэгжилт ямархуу байгаад нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийж, Засгийн газарт саяхан зөвлөмж хүргүүлсэн. Энд ч мөн тэтгэврийн насыг нэмэхдээ аажмаар буюу монгол хүний дундаж наслалттай уялдуулах замаар даатгуулагчид хүндрэл багатайгаар шийдвэрлэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг 2022 оноос үе шаттайгаар хэрэгжүүлэх тухай онцолжээ.
Мөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар нэмэгдүүлэхэд уг сангийн орлого энэ онд 1.9 их наяд төгрөгөөр өсөхийн зэрэгцээ тэтгэврийн насыг гурван сараар бууруулж тооцоход алдагдал нь багасахаар байгааг ч тэд зурагласан байна. Гэлээ ч тогтолцооны гажуудлаас үүдэн олон жилийн турш хуримтлагдсан алдагдлын хаана ч хүрэхгүй тул 2018 онд тэтгэврийн даатгалын сангийн баталсан төсвийг 17.4-20.6 тэрбум төгрөгөөр нэмж тодотгох шаардлагатай байгаа юм. Сангийн алдагдал ганц, хоёрхон жилийн дотор гэнэт гараад ирээгүй тул бууруулахад ч мөн цаг хугацаа, зөв оновчтой бодлого шаардаж таарна. Тэтгэврийн насыг яаран сандран нэмснээр асуудал өргөс авсан юм шиг богино хугацаанд шийдэгдэхгүй нь ойлгомжтой.