Өвлийн адаг сарын 16. Цас хялмаалж, явган шуурах нь хаврыг санагдуулах ч гар бээлийнээс гаргах төдийд бээрч, хурууны үзүүр чимчигнэх нь өвөл дуусах яагаа ч үгүйг илтгэнэ. Онцын хэрэггүй бол гадуур гарах, тэр тусмаа хөлдүү чулуун шалан дээр удаан зогсох хүсэл төрөхөөргүй хүйтэн өдөр, гэвч Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байв. Хүмүүсийн олонх нь туг хиур, уриа лоозон барьсан байх бөгөөд тэнд нь “Тэтгэвэртээ гарчихаад үхмээр байна, У.Хүрэлсүх ээ”, “МАН-ын молигодолтод хууртаж ханалаа, сэрцгээ”, “Ирээдүйнхээ төлөө өнөөдөр тэмцье”, “Тэсэж ханалаа, тэсэрч байна”, “Монголын тархи Солонгос руу гоожоод дууслаа” гэх мэтийн үгс харагдана.
Эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн бүх нийтийн тайван жагсаал болсон нь энэ. Өчигдөр болсон уг жагсаалыг АН-аас зохион байгуулсан бөгөөд тус намын дарга С.Эрдэнэ нээж үг хэлэхдээ “Бид Монгол төрөө ард түмнийхээ эрх ашиг, үнэт зүйлийн төлөө ажилладаг болгохын төлөө тэмцэх цаг болсон. Монголчууд аа, бидний хүлцэнгүй номхон, тэвчээртэй байдлыг ашиглаж, эрх баригчид даварсаар байна. Өнгөрсөн жилүүдэд улс орон, эдийн засагт өрнөсөн үйл явдлуудыг харлуулж, АН, ардчилсан хүчнийг гутаах үйлдэл тасрахгүй байгаа нь эрх баригч нам эрх мэдлээ улам баталгаажуулахын төлөө улайрч буйн илрэл.
Ардчилал хөгжсөн 28 жилийн дийлэнх хугацаанд өнөөгийн МАН-ынхан эрх барьсан. Тэд идэж, ууж, эрх дархаа бэхжүүлж, Монгол Улсын баялгийг гадаадынханд хямд үнээр зарж, борлуулсаар ирлээ. Өөрсдөө харин хагартлаа баяжсан. Одоо болно. Бид тэвчиж ханалаа. Монголчууд өөрөө өөрсдөдөө, эх орондоо эзэн болох цаг ирсэн. Бид үүний төлөө ард түмэнтэйгээ жагсаж байна” гэв.
Жагсаалд нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл оролцож буйг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Эсэргүүцлийн жагсаалд оролцож, үг хэлэхээр ирсэн АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү нараас байр суурийг нь сонслоо.
С.Эрдэнэ: -АН жагсаал зохион байгуулна гэхээр Засгийн газар сандарч баахан мэдэгдэл хийлээ. Тэгэхдээ иргэдийг зүгээр л хуурч байна. Тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэх байснаа гурван сар болголоо гэсэн. Гэхдээ тэтгэврийн нас эрэгтэй 65, эмэгтэй 60 хэвээрээ байгаа. Энэ мэтчилэн ойр зууртаа аргацаах гэсэн юм ярьж байна. Тиймээс бид хууль бус бусад шийдвэрээ цуцал, татварын бүх төрлийн нэмэгдлээ болиул, иргэдийн нуруунд үүрүүлж буй ачаагаа ав, нефтийн үнийн өсөлт, үүнээс улбаалсан өргөн хэрэглээний барааны ханшийн хөөрөгдлийн эсрэг дорвитой арга хэмжээ ав гэсэн шаардлага тавьж байна
Д.Эрдэнэбат: -АН эрх баригчдын бодлогогүй үйлдлийг эсэргүүцэн энэ жагсаалыг зохион байгуулж байна. Сүүлийн хоёр жилд төр, засгийн явуулсан үйл ажиллагаа монголчуудын амьдралыг доройтуулж байгаа нь бултах аргагүй үнэн. Энэ хоёр жилийн хугацаанд эдийн засаг өссөн боловч иргэдийн амьдрал сайжирсангүй. Хөдөлмөрийн чадвартай хүмүүсээ дэмжихгүй байна. Гадаадаас зээл нэмж авсан хэрнээ бүтээн байгуулалтад зарцуулсангүй. Олон төрлийн татвар нэмж, иргэдийн амьжиргаанд дарамт үүсгэж байгаа нь яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх зүйл биш. Ийм буруу, алдаатай бодлогыг эсэргүүцэх эрх ардчилсан нийгэмд хэнд ч бий. Тиймээс энэ жагсаалд оролцож, үгээ хэлэхээр ирлээ. УИХ-ыг тараах шийдвэр гарвал АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн. Энд ямар ч асуудал байхгүй. Бид ийм маягаар амьдарч болохгүй. Эрх баригчид АН-ыг шүүмжилж, улстөржиж байгаа. Гэхдээ өөрсдөө юу хийсэн бэ гэдгийг дүгнэх хугацаа болчихлоо шүү дээ.
Ц.Баатархүү: -Иргэд Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхэж байна. Засгийн бүх эрх мэдэл иргэдийн гарт байна гэсэн атал төр, засгийн бүх эрх мэдэл МАН-ын Удирдах зөвлөлд шилжсэнийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Иргэд өөрийнхөө эрх, оролцоог нэхэж энд цугласан. Иргэдээсээ асуухгүйгээр, тооцоо судалгаагүй, эргэж буцсан, уймраа шийдвэр гаргамааргүй байна. Ажилгүйдлийг бууруулж, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах бодлого яагаад гаргахгүй байна вэ. Нийтийн тээвэр 15 км/ц хурдтай байсан бол одоо есөн км/ц хурдтай болсон. Замын түгжрэлээ шийдээч ээ. Хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй төртэй болохыг иргэд хүсэж байна.
Төв талбайд болсон жагсаалын “гол дүрүүд” ийм зүйл ярив.
Харин эсрэг талынхан нь “Жагсаал зохион байгуулагчид автобусаар хүнээ зөөж ирсэн. Мөнгө, гарын бэлэг тарааж хүн цуглуулсан” гэх үгээр жагсаалын хүч нөлөөг сулруулахыг оролдлоо. Харин жагсаалыг зохион байгуулагчид, оролцогчид ганц цуглаанаар эсэргүүцлийн ажлаа хязгаарлахгүй, цаашид үргэлжлүүлнэ гэсэн. Ийнхүү хахир өвлөөр “хаврын синдром” эхлэв бололтой.