-Нэр бүхий 53 хохирогчийн дунд цагдаагийн хурандаа ч бий-
Гадаадын хүн гэхээр л манайхан өлмийд нь сөгддөг хэрнээ, монголчуудаа болохоор муухай хардаг зантай. Гадаад хүн мөнгөтэй, соёлтой гэдэг сохорсон, харалган бодол тээсээр ирэв. Монголчууд бид гадаадын улс оронд очоод харийн хүн л болдог. Тухайн улсын иргэн биш болохоор хэзээ ч иргэнээс нь дээгүүр байж чадахгүй. Гэтэл манайд эсрэгээрээ. Хууль зөрчсөн гадаадын иргэнийг уучилдаг, Монгол Улсад учруулсан онц их хэмжээний хохирлыг нь төлүүлэх ч үгүй тавиад явуулчихдаг. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон Марита Раналан Андервүүд хэмээх Филиппин, Америкийн иргэншилтэй эмэгтэйн хамсаатнуудыг 2015 оноос хойш шалгаж буй аж. Харин Англи, Америкт эрэн сурвалжилж буй тэр хүн манай улсын 53 иргэнийг хохироочихоод “Бурхны хүсэл байсан юм” гээд шүүхийн танхимд ёжлон сууж байжээ. АНУ-ын харьяалалтай, Филлипиний иргэн Марита Раналан Андервүүд гэх эмэгтэйд холбогдох хэргийн талаар хүргэе. Уг хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд зохих шийтгэл ногдуулсан ч манай 53 иргэнээс залилсан 22.5 сая ам.доллар буюу 50-иад тэрбум төгрөг хаанахын хэний дансанд оров гэдгийг нь тогтоосонгүй.
Хавтаст хэрэгт байгаа мөнгөний шилжүүлгийн баримтаас харахад ихэнх нь лалын шашинт орнуудын иргэдийн дансаар авсан баримт байгаа юм билээ. Тиймдээ ч манайхнаас залилсан дээрх их хэмжээний мөнгө терроризмыг санхүүжүүлчихсэн юм биш биз гэсэн хардлага хууль сахиулагч, өмгөөлөгчдийн дунд ч байна.
АМЕРИКИЙН ЭСЯ-НЫ АЖИЛТНЫ НЭРИЙГ АШИГЛАЖЭЭ
Зах зээлд шилжсэн Монгол оронд хүн болгон л амьдралаа сайжруулах, хангалуун болгох гэж зүтгэх болсон. Ц.Цэдэн гэх геологич мэргэжилтэй, геологи эрдэс судлалын шинжлэх ухааны докторт ч гэсэн ийм хүсэл байв. Энэ их хүсэл, тэмүүлэлдээ хүрэхийн тулд интернэтээс гадаадын хөрөнгө оруулалт татахаар судалгаа хийж байжээ. Энэ бол 2006-2007 оны үйл явдал. Ингээд “Дубай синдикат” гэх хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан хөрөнгө оруулагч татахаар болов. Тэрбээр Английн банкны удирдах хүмүүст “Монгол Улсын алтны үйлдвэрлэл” гэх нэртэй төслөө танилцуулсан аж.
Энэ тухайгаа Ц.Цэдэн “Таван төрлийн хөрөнгө оруулалтын хэлбэр байдгаас би “Дипломат А” гэдэг төрлийг нь сонгосон. Энэ төрлийн хөрөнгө оруулалтын онцлог нь хүлээн авч байгаа улсын банкны баталгаа болох бичиг баримт шаарддаггүй. Энэ журмаар би ажлаа хөөцөлдөж 22.5 сая ам.доллар эхэлж банк руу шилжүүлээд хөрөнгө оруулалтаа авахаар болсон юм. 2013 оны сүүлчээр Английн банкнаас АНУ-ын Сити банкинд 22.5 сая ам.доллар шилжсэн гэсэн мэдээлэл ирсэн. 2014 оны дунд үеэр банкнаас “Танайх руу төлөөлөгч явуулж байгаа. Манай төлөөлөгч А.Р.Маритаг АНУ-ын ЭСЯ-нд ойрхон таван одтой зочид буудалд буулгах ёстой” гэж байсан. Тэр хүн нэг гэрээ үзүүлсэн. Түүнд “Цэдэн гэдэг хүний хөрөнгийг АНУ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсад оруулж ирнэ” гэсэн утгатай байсан юм. Бид тэр гэрээнд гарын үсэг зурсан. Би хамтарч байсан 10 хүнээ хэрэгт оруулъя гэж бодоогүй. Тэд надад тусалж төсөл хэрэгжүүлэх баг болон ажилласан юм. Би энэ хүмүүсээс мөнгө аваад гадагшаа шилжүүлэхдээ 6-7-уулаа хамт гүйлгээ хийдэг байсан. Хэрэв би ганцаараа шилжүүлээд байх юм бол мөнгө угаасан хэрэгт орох учир тэднийг байлцуулдаг байсан” хэмээжээ.
Ц.Цэдэнгээс 22.5 сая ам.долларыг нь шилжүүлэн авсан гүйлгээний цаана байх гадаадын иргэд олон улсад зартай санхүүгийн луйварчид байсан бололтой. Тэд Монгол дахь АНУын ЭСЯ-ны ажилтны нэрийг хүртэл ашигласан гэнэ. Энэ талаар хавтаст хэрэгт 2015 оны хоёрдугаар сарын 24-нд АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, санхүү хариуцсан дарга Дэвид Вашийн гарын үсэгтэй “ВВ энд Т” банкнаас хөрөнгө шилжүүлсэн тухай гэрээ үзүүлжээ. Харин уг ЭСЯ-наас манай Мөрдөн байцаах албанд ирүүлсэн албан бичигт “Тус ЭСЯ-ны албан баланк дээр бичигдсэн гэх захидлууд нь АНУ-ын Засгийн газрын албан бичиг биш болохыг мэдэгдэж байна. 2015 оны хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 19-нд гарын үсэг зурсан батламж захиа, ам.долларын хэлбэлзлийн баталгаат депозитын данс, удирдлагын санд зөвшөөрөл өгөх тухай албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн байна. ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн даргын гарын үсгүүд нь тухайн албан тушаалтных биш” гэжээ.
Ц.Цэдэнд мөнгө өгч алдсан хүмүүсийн дунд цагдаагийн байгууллагад томоохон албан тушаал хашиж явсан бэлтгэл хурандаа, төрийн яаманд өндөр албан тушаал хашдаг эрхмийн хамаарал бүхий хүн ч байгаа бөгөөд тэд хохирлоо Ц.Цэдэн, Марита нараас гаргуулахаар олон жил хөөцөлдөж яваа юм.
“МОНГОЛ РУУ ЯВ” ГЭЖ БУРХАН НАДАД ХЭЛСЭН
Олон улсад зартай луйварчдын золиосонд монголчууд 22.5 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 50 гаруй тэрбум төгрөгөө тавиад туучихаж. Эх орондоо томоохон хөрөнгө оруулалт татах гэж хичээсэн Ц.Цэдэн, түүнд дэмжлэг болж байсан 4-5 хүн хэрэгтний ширээнд суух болж, нэлээд удаан хөөцөлдсөний дүнд Марита Раналан Андервүүдийг манай хууль хяналтын байгууллагынхан дээрх шүүгдэгчийн тусламжтайгаар саатуулсан юм. Ингээд холбогдох шалгалт хийх явцад Марита гэгч эмэгтэй олон орны иргэдийг залилан мэхэлсэн нь тогтоогджээ. Тухайлбал, 2012-2013 онд Шри-Ланкад ял эдэлж байсан баримт байв. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн эрх зүйн газраас 2015 онд “АНУ-ын иргэн Марита Раналан Андервүүд болон Жорж Кристиан Рутлеж нарт холбогдох хэрэг нь ноцтой бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явц нь нууц байгаа. Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцын 18, 20 дугаар зүйлд заасны дагуу нууцлалтай хэрэг болно. Прокурорын газраас Марита Андервүүд, Жон Кристиан Рутлед болон Моба Дуга нарт 2015 оны арванхоёрдугаар сард ял төлөвлөх гэж байна. Марита Андервүүд нь “ВВ энд Т” банкны ажилтан биш, тэнд ажиллаж байгаагүй.
Марита Андервүүд урьдчилгаа мөнгө төлсөн тохиолдолд их хэмжээний хөрөнгө оруулалт авах боломжтой гэж худал амлалт гарган урьдчилгаа төлбөрийн залилангийн хэрэг үйлддэг байна. Энэхүү үйлдлийн нэг хэсэг нь Монгол Улсын иргэдээс Ц.Цэдэнгийн дансаар дамжуулан ойролцоогоор 22.5 сая ам.долларыг “Хөрөнгө авах бэлтгэл ажлыг хангахад зарцуулах төлбөр” нэрээр авчээ. Мөн Рутлеж “BB энд Т” банкны ажилтан гэж өөрийгөө худал танилцуулан иргэдээс төлбөр нэрээр их хэмжээний мөнгө авах зорилгоор Монгол Улсад очсон байна. М.Андервүүд, Ц.Цэдэн нарын хооронд байгуулсан хувь нийлүүлэх, хөрөнгө оруулах гэрээний хүрээнд орж ирэх 22.5 сая ам.доллар нь хэзээ ч биелэхгүй байсан. АНУ-ын иргэн М.Андервүүд болон түүний хамсаатнууд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хөрөнгө оруулах боломжийг хөнгөвчлөх, туслалцаа үзүүлэх “BB энд Т” банкны ажилтан гэж өөрсдийгөө танилцуулан урьдчилгаа төлбөр нэрээр 2015 оны эхээр Австрали улсад залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоод байна. Мөн Индонез улсад ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон” гэсэн албан бичиг иржээ. Олон улсад ийнхүү санхүүгийн луйврын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан тэднийг Монголын хууль сахиулагчид олж саатуулж чадсан юм.
Марита Андервүүд тэргүүтэй хүмүүс рүү Ц.Цэдэнгээс шилжүүлсэн мөнгийг Тайвань, Испани, Нигери, Хонконг, Англи, АНУ, Малайз, БНХАУ, Филиппин, Арабын нэгдсэн Эмират улсаар дамжуулан авсны цөөнгүй нь лалын шашинт орон байгаа нь анхаарал татна.
Марита Раналан Андервүүд мэдүүлэгтээ “Бурхан надад үгээ хэлдэг. Намайг “Монгол руу яв” гэж бурхан хэлсэн тул би энэ хүмүүсийн төлөө Монголд ирсэн юм. 2012 онд Филиппинд болсон гамшгаас болж нас барсан хүмүүст зориулж би сайн үйлсийн аян хийж явахад бурхан намайг “Монгол руу явж хүмүүст тусла” гэсэн учир би энд ирсэн. 2009 оны арваннэгдүгээр сард Лондонд байхдаа визийн хугацаа хэтрүүлээд цагдаад баригдсан. Тэр үед бичиг баримтаа хулгайд алдсан байсан. Бас 800 мянган ам.доллароо залилуулсан учир Лондонд очиж байцаалт өгч байв. Үүнээс гадна би Египетэд байхдаа барьцаалагдаж байсан. Би сүүлийн хоёр хоног (анхан шатны шүүх хурал 2017 оны зургадугаар сарын 21-нд болсон) бурханд залбирч байна. Хохирогчдын төлөө ч залбирсан” гэсэн байгаа юм.
“ТА НАРЫН ТУСЛАМЖТАЙГААР УЛС ДАМНАСАН ХЭРЭГ ИЛЭРЛЭЭ”
АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос 2016 оны долдугаар сарын 28-нд төлөөлөгчид хамгийн сүүлд Монголд иржээ. Ирсэн шалтгаан нь улс дамнасан зохион байгуулалттай, магадгүй цаад талд нь терроризмийг санхүүжүүлж байж болзошгүй гэмт хэргийн сэжигтнийг Монголын хууль хяналтын байгууллагынхан саатуулсантай холбоотой байж. ХМТ (FBI)-ны төлөөлөгчид ганц удаа ирээд явсангүй. Маритагаас мэдүүлэг авахын тулд 2015 оны дөрөвдүгээр сараас хойш 3-4 удаа ирсэн аж. Түүний дараа АНУ-ын шүүхээс манай хууль хяналтын байгууллагынханд албан бичиг ирүүлсэн гэнэ. Түүнд “Та нарын явуулсан ажиллагааны дүнд олон улс дамнасан гэмт хэрэг илэрлээ” гэж бичсэн байжээ. Энэ тухай Ц.Цэдэн “2015 оны дөрөвдүгээр сарын 14-нд ХМТ-нд Маритагийн талаар мэдээлсэн юм. Улмаар АНУ-ын шүүх рүү нь хүртэл асуудлыг тавьсны үр дүнд энэ хүнийг саатуулсан. Тэрбээр Турк, Инденоз, АНУ, Коста Рика зэрэг улсын иргэдийг хулхидсан байсан юм билээ. Тэднийг хуурсан гэрээн дээрээ миний нэрийг бичсэн байна лээ. Маритагийн ард олон улсын банкирууд болон АНУ-ын ЭСЯ-ны Дэвид Ваш зэрэг олон хүн оролцсон. Мөн Малайзын тагнуулын албаны ажилтан Ким Миран гэгч ч байгаа. Эдгээр хүмүүсийн бүх хаягийг би ХМТ-нд өгсний дагуу тэднийг баривчилсан гэсэн мэдээлэл надад өгсөн” гэжээ.
Марита Раналан Андервүүд манай улсын 50 гаруй иргэний хохирлыг хэрхэн барагдуулахаа “Хохирлын мөнгийг би яаж барагдуулах талаараа бодож үзсэн. Хохирогч нар надаас хэдэн төгрөг авах талаараа бичээд өгвөл би тэдэнд АНУ-аас мөнгө өгч болох юм. АНУ-ын Элчин сайд надад тусалж чадахгүй” гэж мэдүүлсэн аж. Харин цагдаагийнханд баригдаад 744 хоног цагдан хоригдож байхдаа “Би Малайзад данстай, тэр данс руугаа 22.5 сая ам.доллароо татаж авна. Монголд оруулж ирэхгүй” гэж байжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд хэлэлцээд Марита Раналан Андервүүд, Ц.Цэдэн нарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалан мөнгө угаасан гэм буруутайд тооцож, Маритад 15, Ц.Цэдэнд 13 жил хорих ял ногдуулж, 50 гаруй хүнд учруулсан хохирлын мөнгийг тэднээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдний гомдлыг хэлэлцээд 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд нийцүүлэн тус бүрийг нь есөн жил хорих ял эдлүүлэхээр болсон юм. Шүүгдэгч Ц.Цэдэн уг ялыг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дагуу өнгөрсөн сарын 19-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд бага зэрэг өөрчлөлт оруулан ногдуулсан ялыг нь хэвээр үлдээсэн байна.