“Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн орчин цагийнхан ад үзэх нь бишгүй ч монгол түмний уламжлалт их баяр болдгоороо л болно. Ахас ихсээ хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” өргөн дэлгэр тэмдэглэдэг. Шинэхэн гарч буй сар жилээ өнгөтэй өөдтэй, айлын дайтай айл шиг угтахыг хүссэн хүмүүсийг шууд буруутгах хөг нь одоо нэгэнт өнгөрсөн. Харин жижиг улсын маань эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахуйц хэмжээний мөнгө эргэлддэг энэ баяраар үндэсний үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжиж, монгол хүн бүрийн халааснаас гарсан 10 төгрөгийг ч эх орондоо үлдээх тухай ярих нь илүү чухал билээ. Тиймээс “Өнөөдөр” сонин энэ удаагийн онцлох сэдвээрээ Цагаан сараар үндэсний үйлдвэрлэгчдээ дэм жихийг уриалж, энэ тухай хөндөв.
Монголын 740 орчим мянган өрх дунджаар нэг сая орчим төгрөг (хөдөөгийн нэг айл 200-500 мянга, хотынхон 1-2 сая төгрөг зардаг гэж тооцвол) Цагаан сарын үеэр зарцуулдаг гэвэл 730 гаруй тэрбум төгрөг эргэлддэг байх нь. Энэ мөнгийг дотоодын зах зээлдээ үлдээж чадвал манай эдийн засагт багагүй тустай. Буузаа орос биш, монгол гурилаар хийж, баярын ширээн дээр тавих идээ ундаа, чихэр, үрлээс эхлээд хэрэглэх амны цаас, гийчдэдээ барих бэлэг сэлтээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс сонгох нь манайд л хэрэгтэй. Магадгүй эндээс бид өөрсдийгөө хэр зэрэг эх оронч хүмүүс вэ гэдгийг харж, дүгнэж ч болох юм. Өнгөрсөн жил “Манай гэр бүл үндэсний үйлдвэрлэлээ ингэж дэмжлээ” гэсэн тайлбартай нэгэн зураг цахим хуудсаар нэлээд эрчтэй тархсаныг санаж байна. Ууц шүүсэнд хүрэх хутга нь хүртэл монгол үйлдвэрлэгчдийнх байсныг тухайн үед амаа олохгүй магтаж асан хүмүүс өнөө жил өөрсдөө тэр үлгэрээр замнаасай билээ. Солонгос, япон, вьетнамчууд үндэсний уламжлалт баяраараа зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг чухалчилдаг нь жирийн хэрэг яавч биш байж таарна.
Нэг үеэ бодоход Цагаан сараар “Эрээний хог” түүхээр хошуурдаг байсан ганзагын наймаачдын цуваа татарч, өрөөсөн гуягүй, эрэмдэг шилэн оймс бэлгэнд ирж, “шок”-нд оруулдаг байсан цаг ард хоцорсон. Гэхдээ л энд тэндээс оруулж ирсэн хэрэгтэй, хэрэггүй “юм” интернэт худалдаанаас эхлээд хаа сайгүй элбэг байна. Бэлэг өгсөн нэр зүүхийн тулд элдэв эрээн мяраан зүйлээр бусдын нүдийг хуурч байхаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд оймс ч болов бэлэглэх хэрэгтэй бус уу. Тэглээ гээд “Тэднийх оймс өгч байгаа юм даа” гэх хүн гарахгүй биз. Харин ч “Цагаан сараар бүтэн жилийнхээ оймсны хэрэгцээг хангачихлаа” гээд хошигнодог шүү дээ. Тэгэхээр “Манай үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэтэрхий үнэтэй, бас ямар ч сонголтгүй” гэсэн тайлбар яаран хэлэхээсээ урьдаар болгох талаас нь бодоод нэг үзээрэй. Адаглаад аягатай усандаа байнга дүрж хэрэглэх зэс унжлага хүртэл өнгөрсөн жил гарсан байсан, түүнийг бэлэглэхэд гийчин тань эрүүл мэндэд нь тустай гээд баярлана уу гэхээс гомдохгүй л байх. Бэлгэнд зарлагадаж байгаа мөнгийг дотооддоо шингээх бас нэг оюунлаг сонголт нь монгол зохиолчдын ном байж ч болно шүү дээ. Ер нь тэгээд Цагаан сарыг ураг төрлүүд халуун бүлээрээ уулзалдах баяр гэдэг талаас нь хүлээн авч, юу байгаагаараа гийчдээ дайлан гаргахад тэгтлээ дургүйцэх хүн гарахгүй биз ээ.
Нөгөө талаас манай үндэсний үйлдвэрлэгчид, гар урлалынхан “Өө, манайхан аар саар юмаар болоод л байдаг” гээд санаа амралгүй, орчин цагийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг мэдэрч гэмээнэ монголчуудын хөлсөө дуслуулж олсон хэдэн бор төгрөг энэ баяраар улс орондоо үлдэх нь дамжиггүй.
М.ДОНДОГДОРЖ: Цагаан сарын үеэр хэдэн төгрөг гадагшаа урсдагийг судалж байгаагүй
Жил бүр цагаан сарын үеэр наймаачдын хөл хөдөлгөөн ихэсдэг. Иргэд ч баярт зориулж ул боов, бууз, банш, ууц, бэлэг сэлт гэх мэтийн зүйл худалдан авч халаасан дахь хэдэн төгрөгөө дуусгадаг. “Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж манайхан ярьдаг ч бодит бай далд ихэнх нь Эрээний “хог” цуглуулдаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд цагаан сараар иргэд үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж байгаа, дотоодын үйлдвэрлэгчид иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж буй, эсэхийг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос тодрууллаа.
-Цагаан сар ойртож, урд, хойд хөршийг зорих наймаачдын тоо олширлоо. Жилд хэчнээн төгрөг ингэж гадагшаа урсдаг талаар хийсэн судалгаа, тоо баримт бий юү. Тэр хөрөнгийг дотооддоо үлдээх боломжтой юу?
-Манайд тийм судалгаа байхгүй. Гаалийн ерөнхий газарт сар сараар нь бүртгэсэн байдаг юм билээ. Бидний хувьд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахад тодорхой дэмжлэг үзүүлж буй. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Мөн тоног төхөөрөмжийн үнийг бууруулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр тоног төхөөрөмжөө шинэчлэх, хүртээмжээ сайжруулах боломж бүрдээд байна. Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж байж борлуулалт нэмэгдэнэ. Төрийн байгууллага бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг түлхүү хамруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил анх удаа үзэсгэлэн гаргасан. Улмаар тодорхой үр дүн гарч яам, тамгын газар, төрийн өмчит компаниуд гээд нийт 88 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа. Энэ жил хоёр дахь үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байна.
-Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор яамны зүгээс санаачлан зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа хэр үр дүнтэй байдаг вэ?
-“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг 2007 оноос хойш зохион байгуулж байна. Ер нь сүүлийн үед ганц яам гэлтгүй төрийн оролцоогүйгээр төрийн бус байгууллагууд дотоодод болон хил орчмын үзэсгэлэн худалдаа явуулдаг болсон. Төрөөс дотоодын үзэсгэлэн худалдааг дэмжихээс илүү гадаадад шинэ зах зээл нээх санаачилгыг дэмжвэл үр дүнтэй гэж боддог.
-Иргэд дотоодын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байна. Гол шалтгаан юу вэ?
-Нэгдүгээрт, хэрэглэгчийн сонголт. Цагаан сарын үеэр иргэд хямд үнээр жижиг бэлэг өгөхийг эрмэлздэг. Энэ нь худалдан авах чадвартай холбоотой байх. Манай зарим үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй. Гэхдээ зөвхөн цагаан сарын худалдаанд гэлтгүй байнга эргэлтэд оруулах зорилготой оймсны үйлдвэр, хэвлэлийн компани гэх мэт жижиг үйлдвэрлэгч цөөнгүй бий болсон. Манай экспортлож байгаа нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийсэн түүхий эд эзэлдэг. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бага байна гэсэн үг. Тиймээс цаашдаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлд- вэрлэл, экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай яамны зүгээс энэ асуудлын хүрээнд үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар зорьж буй. Эмээлтэд мал аж ахуйн түүхий эд, арьс, ширийг дахин боловсруулах үйлдвэрүүд, Налайх, Багануурт парк байгуулах, мөн хүнс экспортлогч орон болохын тулд малын өвчингүй эрүүл бүс бий болгох зэрэг олон ажил төлөвлөсөн. Үүний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Энэ төсөлд бизнес эрхлэгчдийг бичил, жижиг, дунд гэж ангилаад, тус бүрт үзүүлэх дэмжлэгүүдийг оруулах зэрэг шинэчлэлийг тусгасан. Мөн нэг хувийн хөнгөлөлт олгодог салбаруудын тоог нэмэхээр судалж байгаа.
Эрэлт их ч сонголт хомс байна
Цагаан сар бол монголчуудын өв соёлын нэгэн чухал дархлаа. Настнаа хүндэлж, халуун ам бүлээрээ цуглан үүх түүх, өв соёл, зан заншлаа дээдэлдэг энэ баяр бол бидний хувьд шинэ оноо угтах нэг ёсондоо “ёолк”. Европчууд шинэ жилийн баяр, Зул сараараа тахиа, цацагт хяруул шарж, шаазан хагалах, утаа гаргах зэргээр элдвийг бэлгэдэн ёсолдог шиг бид ууц, шүүс, идээгээ дэлгэн, зочидтойгоо золгон, ёсолдог.
Шинэ онд, ирж буй цагт идээ будаа элбэг дэлбэг байхыг бэлгэдэн монголчууд Цагаан сарынхаа хоол, унд, амттан, зочдынхоо алгыг тэнийлгэх бэлэг сэлт базааж байгаа энэ үед нийслэлийн зарим томоохон худалдааны төв, захаар орж, бараа бүтээгдэхүүний сонголт, үнийг “тандав”. Ингэхдээ импортын барааг бус дотоодын үйлдвэрлэгчдийнхээ хийсэн, урласныг хүмүүс хэр авч байгааг онцлохыг зорилоо. Аль ч улс, хаа газарт томоохон баяр, тэмдэглэлт өдрүүдэд мөнгөний эргэлт эрс нэмэгдэж, тэр хэрээр үйлдвэрлэгчид, худалдаачид, бизнесийнхний “магнай тэнийдэг”. Тиймээс монголчууд бид Сар шинийн баяраараа өөрийн бүтээгдэхүүнийг сонгож, Монголдоо хөрөнгө оруулж чадвал үндэсний үйлдвэрлэл илүү хурдан хөгжинө шүү дээ. Сүүлийн үед манайхан энэ тал дээр анхаарч, хаа холын хүний бус, хажуудаа байгаа элэг нэгтнүүдээ дэмжиж сонголт хийдэг болсон нь сайшаалтай. Гэвч үнэндээ хүний гар дээр тавьчихмаар монгол бэлэг гэвэл оймс, тэлээ, хэтэвч гээд хуруу дарам цөөн хүрээнд хязгаарлагддаг гэчихвэл “загнах” хүн гарахгүй л болов уу. Тиймээс үйлдвэрлэгчид маань, төр засгийнхан энэ тал дээр анхаараасай.
Хаа саагүй Цагаан сарын өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн зохион байгуулж, Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг түлхүү аваарай гэж зурагтаар өдөр бүр сурталчилж буй. Үүний дагуу “Мишээл экспо”-г зорилоо. Гадаа нь цагаан идээний өргөтгөсөн худалдаа явагдаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнээрээ хэнийг ч урдаа гишгүүлдэггүй арын сайхан хангайхан арааны шүлс асгаруулам ааруул, өрөм, тос тэргүүтнээ дэлгэжээ.
Ер нь сүүлийн хэдэн жил Архангай аймгийнхан нийслэлд бөөнөөрөө ирж, сүү сүүн бүтээгдэхүүнээ борлуулдаг жишиг тогтсон. Энэ бол мэдээж эрэлтээ дагасан “нүүдэл”. Өнөө жилийн Цагаан сарын худалдааны хувьд урьд урьдынхаас илүү өргөн байх шиг. “Тэнгис” кино театр, “Баянзүрх” зах, цирк гээд дотор, гадаагүй л сарлагийн сүүний “саак” бүтээгдэхүүнүүд бялхаж байна. Үнийн хувьд хаана байгаагаас үл шалтгаалан ерөнхийдөө адил.
Жишээлбэл, тавгийн идээ засахад зориулсан ааруул нэг кг нь 25 000, аарцны ааруул 15 000, загсаасан өрөм 12 000, хольж амталсан тос 8-13 мянга, литр сүү 3000 төгрөг байна. Өдөрт түрээсэнд 30 000 төгрөг төлж, дээрээс нь гадаа хүйтэн ч гэлээ орон нутгаас ирсэн иргэд “наймаа” сайн байна хэмээн баяртай байлаа.
Ихтамир сумын Борт багийн малчин, 62 настай Ц.Батбаатарынх үрэл шиг хэлбэртэй, чацаргана, нэрс, мэхээртэй ааруул бэлтгэжээ. Нэг кг-д нэлээд арвин ирэх аж. Амтыг нь чихэр, жимстэй ч зүйрлэх аргагүй янзын сайхан, ярих юм алга. Ийм байхад худалдан авагчдын сэтгэл ханамж дээд зэрэг байх нь мэдээж. Тэрбээр “Би 10-аад жил идээ, ааруулаа нийслэлд ирж борлуулж байна. Энэ жил хүмүүсийн худалдан авах чадвар жаахан тааруу байх шиг. Хөдөөгийн бид бүтэн жилийнхээ хөдөлмөрийг “үнэлүүлэх” гэж энд ирж, ингээд зогсож байна шүү дээ” хэмээн ярилаа.
“Мишээл” дотор харин дотоодын биш, гадаадын бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа явагдаж байлаа. Хэдэн өдрийн дараа Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний экспо болох аж.
“Дүнжингарав” төвд мөн л Цагаан сард зориулсан өргөтгөсөн худалдаа болж байна. Дийлэнх нь импортын бараа аж. Монголынх гэх бүтээгдэхүүн нь ихэвчлэн хүнснийх байлаа. Энэ өдөр онцлох монгол бэлэг гэвэл “Монос” компанийн гоо сайхан болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, мөн “Мон крем”-ийн үс арчилгааны болон халцралтын эсрэг шампунь, ангижруулагч, хатаасан халгайтай багц байлаа. Энд нэг зүйлийг онцлоход хатаасан халгайг нь хүнсэнд ч хэрэглэж болохоороо онцлог юм билээ. Эдгээр үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнээ бэлгийн “хөөрхөн” уутанд “өлгийдөж” хүнд өгөхөд үзэмжтэй болгожээ. Үнийн хувьд 25-50 хувь хямдруулсан гэнэ. Бүх бэлэг нь дунджаар 10 000 төгрөгт багтах юм билээ.
Цагаан сарын бэлгэнд иргэд аль орны ямар бүтээгдэхүүн авч байгаа, яагаад ийм сонголт хийх болсныг нь асуулаа.
Ж.ДАВААХҮҮ (Хан-Уул дүүргийн иргэн) -Монголынхоо эдийн засгийг сэргээж, хөгжилд нь бага гэлтгүй нэмэр болохын тулд иргэн бүр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, худалдан авах учиртай. Тэгж байж л бид гадагш урсах асар их мөнгийг эх орондоо үлдээнэ. “Монос”-ын хүнсний бүтээгдэхүүнээс бид бэлгээ сонголоо. Америкт амьдарч, сурч буй хүүхдийндээ очиж, Цагаан сараа тэмдэглэх учраас монгол бэлэг хамгийн гоё сонголт байх нь мэдээж. Бас эх орны сурталчилгаа ч болно. Ер нь хаана ч явсан манай бараа, бүтээгдэхүүн нүүр улайлгадаггүй, нүнжигтэй. Бас жинхэнэ эко, органик учраас эрүүл мэндэд аюулгүй гэдэгт нь итгэж болно. Үүнээс гадна нэг чухал зүйл гэвэл эргээд буух эзэнтэй бүтээгдэхүүн л сонгох хэрэгтэй шүү дээ. Тиймээс үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээрэй гэж уриалъя.
Л.БҮДЭЭ (Сонгинохайрхан дүүргийн иргэн) -Цагаан, сар, Наадам болохоор л Хятадын Эрээн хотынхныг баяжуулж, болсон, болоогүй янз бүрийн барааг нь “нүүлгэн” ирдэг байсан цаг ард хоцорчээ. Монгол хүмүүс монгол бүтээгдэхүүнээ авахыг хичээдэг болсон. Энэ нь хэдийгээр сайн ч гэсэн сонголт бага, үнэ өндөр байдаг. Тиймээс л арай хямдыг нь бодож импортын бараа авдаг. Гадуур байгаа өргөтгөсөн худалдаануудад Монголынх гэж онцлоод авчих бараа одоогоор ховор байна.
О.ЦЭНД (Баянзүрх дүүргийн иргэн) Би “Тэнгис”-ийн урдаас ааруул, өрөм авсан. Малчдын гар дээрээс шууд нийлүүлж байгаа гэхэд харьцангуй үнэтэй санагдлаа. Том дэлгүүр, захын үнээс ялгаагүй л байна. Уг нь ченжүүдийн гараар дамжаагүй болохоор хямд байх гэж бодож, зорьж ирсэн юм. Хүүхдүүдэд чихэр, шоколад өгч байхаар амьд кальци гэгддэг ааруул бэлэглэвэл дээр. Сүүлийн гурван жил манайх гоё хэлбэртэй ааруулыг жижигхэн уутанд хийгээд, 500, 1000 төгрөгтэй өгчихдөг болсон. Найзууд маань ч ингэж бэлтгэж байгаа. Зарсандаа ч, авсандаа ч, бас надаас бэлгэнд авсандаа ч үр өгөөжтэй хамгийн зөв, хямд сонголт бол ааруул шүү, хүмүүс ээ. Нөгөө талаараа жинхэнэ уламжлалт бэлэг гэж бодож байна.