У.ХҮРЭЛСҮХ: Бид гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсруулсан
Өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ноос бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн Засгийн газрын 100 дахь хоног өнгөрсөн ням гаригт тохиосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа хамт өчигдөр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашдын бодлого, зорилтоо танилцууллаа. У.Хүрэлсүх “Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засаж залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой.
Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, олон хүүхэд төрүүлсэн бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна. Хүн амын орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгосныг буцааж нэг шатлалд шилжүүлнэ” гэж мэдэгдлээ. Өмнөх зохицуулалтаар ХАОАТ илүү төлсөн иргэдийн мөнгийг буцааж олгох юм байна. Мөн нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувь болгож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ч нэмэхээр болжээ.
Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг лхагва гаригт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Эдийн засгийн уналт зогсон, төсөөлж байснаас давж өссөн, төсөв, санхүүгийн сахилга бат, хариуцлага сайжирсан зэрэг үндэслэлээр Ерөнхий сайд ийм шийдвэр гаргасан бөгөөд үүнийг ОУВС дэмжсэн гэнэ.
Өнгөрсөн хугацаанд эдийн засаг өсөж, төсвийн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэлийн хэмжээ, валютын нөөц нэмэгдсэн, зээлжих зэрэглэл ахисан, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан, их хэмжээний өр дарсан, малын тоо өссөнийг Ерөнхий сайд дурдав.
Засгийн газраас цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, бодлого, зорилтоо мөн энэ мэдээллийн үеэр танилцууллаа. Иргэдээ эрүүл хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай хангамж, сүлжээ бий болгох, газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь улс орны хөгжлийн тулгын гурван чулуу гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна. Энэ хүрээнд малаа эрүүлжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэн, дулааны цахилгаан станцуудаа өргөтгөж шинэчлэх, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авч буйгаа хэлэв.
Мөн зам, тээвэр, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны салбараа хөгжүүлж, гадаад харилцаандаа илүү ач холбогдол өгөн, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжих гэнэ.
Уул уурхай шүтсэн, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унахад дагаж савладаг эдийн засгаа хос тулгуурт болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд онцлов. Ойрын хугацаанд баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбож, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахыг зорьж буй аж.
Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Төв цэвэрлэх байгууламж, хог боловсруулах үйлдвэр барих, сургууль, цэцэрлэгээр бүрэн хангах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
Агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2019 оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглоно, нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн гэр хорооллыг орон сууцжуулна, харин зуух тараахгүй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосноор агаарын бохирдол 50 хувь буурна гэсэн тооцоо, судалгаа хийсэн байна.
Ерөнхий сайд “Өмнөх Засгийн газруудын хэрэгжүүлж байсан бодлогоос хэрэгтэйг нь үргэлжлүүлж, хэрэггүйг нь зоригтойгоор өөрчилнө” гээд Засгийн газар хэрэгцээт хүнсээ дотоодоос хангах, иргэдээ гэр, орон сууцтай, боловсрол, мэргэжилтэй, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах зорилтын хүрээнд гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсруулаад байна гэлээ.
Засгийн газар 100 хоногийн тайландаа зориулж “У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын онцлох 30 ажил” хэмээх товхимол гаргажээ. Энд “Чингис” бондын өрийг дарсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авсан, 500 сая ам.долларыг хөнгөлөлттэйгөөр зээлсэн, Европын холбооны хар жагсаалтаас гарсан зэрэг 30 ажлаа жагсаасан байв.
АН: У.ХҮРЭЛСҮХ нүүрс, зэсийн наймааг гартаа авахын тулд л Ерөнхий сайд болсон байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний танхимын сайд нар ийнхүү 100 хоногт хийсэн ажил, гаргасан бодлого, шийдвэрээ танилцуулж, ямар их ажил хийснээ тайлагнаж суухтай зэрэгцээд сөрөг хүчин нь яг эсрэгээр нь ярьж байлаа. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлтээ танилцуулж, “МАН Засгийн эрхийг авсан жил зургаан сарын хугацаанд сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлсэнгүй. 2016 оноос хойш ам.долларын ханш, инфляц, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн нь МАН хэрхэн ажиллаж, ямар бодлого хэрэгжүүлж буйн илрэл” гэлээ.
О.Магнай “Ерөнхий сайд У.Хүрэлсүх 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг Засгийн газрын хэдэн гишүүн хувааж авсан, хүүхдийн мөнгийг эрх тэгш олгохгүй байна, төрийн албыг төрлийн алба болголоо гэсэн гурван асуудал тавьж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан. Гэтэл өнгөрсөн 100 хоногт хүүхдийн мөнгө хүүхэд бүрт очсонгүй, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээ хүчингүй болсонгүй, ах дүүгийн томилгоо харин ч эрчээ авлаа.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо “60 тэрбумын асуудалд улс төрийн хариуцлага тооцно” гэсэн. Гэтэл нэг ч хүн улс төрийн хариуцлага хүлээсэнгүй. Тэгэхээр У.Хүрэлсүх нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд өмнөх Засгийн газраа огцруулж, Ерөнхий сайд болсон байна гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй. “Төрийн сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулах нь Засгийн газрын нэн тэргүүний ажил байна” гэсэн боловч үүнийгээ ч хэрэгжүүлсэнгүй. Түүний Засгийн газрын 100 хоногт эдийн засгийг тэтгэх томоохон төсөл, хөтөлбөр яригдсангүй, өмнө нь хэрэгжиж байсан шилэн дансны хууль хэрэгжсэнгүй, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдсэнгүй гээд шийдвэрлэж болох олон ажилд ахиц гарсангүй” гэв.
Түүнчлэн Засгийн газрын шийдвэрүүд дундаж давхаргыг байхгүй болгож буй төдийгүй шатахууны үнэ нэмэгдэж, зохиомол хомсдол бий болсон нь Ерөнхий сайдын удаа дараа хийсэн мэдэгдэлтэй холбоотой гэлээ.
Сөрөг хүчнээс ч мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт зориулсан товхимол хэвлүүлсэн бөгөөд энд дундаж давхаргаа устгах бодлогыг үргэлжлүүлсэн, төсвийн реформ, бодлогын шинэчлэл хийгээгүй, сайд, дарга нарынхаа урсгал зардлыг танаж чадаагүй, Гашуунсухайтын асуудлыг шийдээгүй гэх мэтээр Засгийн газрын ажилд “онцмуу” дүн тавьжээ.