Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэж, үүнд зориулан 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон билээ. Уг төслийн хэрэгжилтэд онцгойлон анхаарахаа Ерөнхий сайд мэдэгдээд буй. Нөгөөтэйгүүр, газрын тос боловсруулах үйлдвэр барих өмнөх төслүүдийг бодвол санхүүжилт нь шийдэгдсэн гэдэг утгаараа хэрэгжих тун боломжтой гэж үзэхэд буруудахгүй биз.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Нефтийн үйлдвэрийн алтан зарчмаар төмөр замтай ойртуулж уг газрыг сонгосон. Энэтхэгийн мэргэжилтнүүд ирж ус, байгаль орчны шинжилгээ хийсэн. 1.2 тэрбум ам.долларын, импортыг орлох, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр учраас Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллана” гэж өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцолсон юм. Мөн үйлдвэр барих өртөг нэг тэрбум ам.доллароос давах, эсэх нь гуравдугаар сард тодорхой болох талаар дурдлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр барихад зориулж Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон. Тус үйлдвэрийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд дуулгаж буй. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ- ийг Энэтхэгийн “Engineers India limited” (EIL) компани боловсруулж байгаа аж. Тэд эхлэлийн тайланг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирүүлжээ. Улмаар тосны чанарыг судлан, үйлдвэрийн байршлыг (эдийн засгийн хувьд хэр ашигтай, шугам хоолойг хэрхэн төлөвлөх зэргийг тусгасан) тодорхойлсон байна.
Энэтхэгийн компани ТЭЗҮ-ийг нэгдүгээр улирлын эцэс буюу гуравдугаар сард багтаан бэлэн болгож, манайд хүлээлгэн өгөх бөгөөд бүхий л мэдээлэл, тооцоо тодорхой болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр дуулгав. Түүн дээр тулгуурлан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх гэнэ.
ТЭЗҮ-ИЙГ ИТАЛИЙН КОМПАНИ ДАВХАР ХЯНАХ НЬ
EIL нь газрын тос боловсруулах чиглэлээр Энэтхэгтээ тэргүүлдэг агаад хамгийн туршлагатай компани нь аж. ТЭЗҮ боловсруулахад зарцуулж байгаа хөрөнгийг манайд олгох нэг тэрбум ам.доллароос гаргаж буй гэсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани ТЭЗҮ-д хөндлөнгийн хяналт тавина. Мөн газрын тос боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Италийн KPG компани давхар хянах аж.
Дашрамд дурдахад, 100 хувь төрийн өмчит “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг 2017 онд байгуулж байв. Тус компани ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай газрын тосны чанар, гарцын хэмжээ зэрэг мэдээллийг Энэтхэгийн талд хүргүүлэх гэх мэт холбогдох бүхий л ажлыг гүйцэтгэж буй. Тухайлбал, эхлэлийн тайланд шинжилгээ, дүгнэлт хийж байгаа гэсэн. ТЭЗҮ-ийг хянаж дуусмагц төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгох юм байна. Үүний дараа тухайн компани Монголын талын туслан гүйцэтгэгчдийг шалгаруулах нь. Төслийн санхүүжилтийг Энэтхэг улсаас графикийн дагуу хэсэгчлэн олгох юм.
600 КМ ШУГАМ ХООЛОЙ ТАТНА
Дэд бүтэцтэй ойр газар зүйн байршлыг нь харгалзан Алтанширээ суманд үйлдвэр барихаар тогтжээ. Түүхий эдээ Дорнод аймгаас авч, боловсруулаад Улаанбаатар болон бусад газарт хүргэх гэнэ. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгаас Дорноговь руу 600 гаруй км шугам хоолой татах юм байна. Дорнод аймагт “Петро Чайна дачин Тамсаг”, “Петро Матад” зэрэг газрын тосны компани үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компанийн талбайгаас Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу түүхий тосоо нийлүүлэх юм. Энэтхэгийн мэргэжилтнүүд манай тосны чанарыг сайн гэж дүгнэжээ.
Бүх ажлаа тооцоолсны дагуу гүйцэтгэж чадвал газрын тос боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж. Ингэснээр жилд Монгол Улсын хэрэглэдэг нэг сая гаруй тонн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангана гэсэн үг. Улмаар валютын гарах урсгал 20 орчим хувиар буурах урьдчилсан тооцоо бий. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн байх бөгөөд аль бүтээгдэхүүнийг (А-80, Аи-92, дизель түлш, онгоцны түлш болон бусад дайвар бүтээгдэхүүн) ямар хэмжээтэй “гаргах”-ыг тохируулах нь. Таван технологиос хамгийн боломжтой гэснийг нь сонгоод буй юм билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээ түшиглэн байгуулж чадвал дотоодын хэрэглээгээ хангаж, газрын тосны болон нефть-химийн технологийн аж үйлдвэрийн суурь тавьж чадна гэсэн г.