Одоогоос 14 жилийн өмнө нэгэн суманд долоон настай охин бусдад хүчиндүүлж, дөрвөн удаа мэс засалд орсон харамсалтай хэрэг гарчээ. Охиныг төрсөн ахынх нь найз, хажуу айлын хөрш нь хүчирхийлсэн бөгөөд цус алдсан түүнийг ээж дээр нь “Бүдэрч унаад ийм болчихлоо” гээд аваад очсон гэдэг. Сумын эмч нар түүнд анхны тусламж үзүүлж, дараагийн шатны эмнэлэгт хүргэсэн бөгөөд охиныг ирээдүйд хүүхэд төрүүлж чадахгүй байж мэднэ гэж хэлжээ. Тэрбээр өтгөн, шингэнээ ч өөрийн мэдэлгүй гаргаж, гэдсэндээ сав дүүжлээстэй олон сарыг зовж өнгөрөөсөн гэдэг.
Охинд өнөөх залуу бэлгийн замын халдварт өвчин халдаасан байж. Хөөрхий охиныг хүчирхийлсэн гаж донтонд шүүхээс хийсэн хэрэгт нь тохирох ял өгөөгүй бөгөөд тэрбээр хэдэн жил хоригдоод суллагдсан байна. Хар дарсан зүүд мэт явдлыг мартаж ядаж байсан охины амьдралд гэнэт нэг өдөр гэмт хэрэгтэн ороод ирж. Тарчиг амьдралтай учраас өнөөх бусармаг явдал болсон гэрээсээ нүүж чадаагүй байжээ. Охиныг сургуульдаа очих, харьж ирэх үед нь өнөөх залуу гэрийнх нь үүдэнд суугаад цоо ширтэх нь аймшигтай. Айж эмээсэн охин гэрээсээ ч гарч чадахаа байж, арга буюу Улаанбаатарт шилжиж иржээ.
Ийм хэрэг гарснаас хойш арав гаруй жил өнгөрсөн ч хохирогчийг хамгаалах байдал манай улсад ер дээрдсэнгүй. Тухайн үед охины ар гэрийнхэнд эмчилгээний зардал гэж нэг ч төгрөг гэмт этгээдийн талынхан хялайлгаагүй бөгөөд түүний бие, сэтгэлийг анагаах хамгаалах газар ч байсангүй. Өнөөдөр ч мөн адил хохирогчийг хамгаалах бус, нэмж хохироосоор. Ялангуяа хүчингийн хэргийн хохирогч болсон бага насны хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодийн асар их шархтай амьдарч байна. Тэдний сэтгэл зүрхэндээ амссан шархыг хэн ч, хэзээ ч анагааж чадахгүй.
Гэтэл бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлуулж чадсандаа л олзуурхаж сууна. Цаасан дээр биеллээ олсон тус хуулийн үг, өгүүлбэр бүрийг амьдралд хэрэгжүүлж чадвал цөөнгүй асуудал цэгцрэх нь ойлгомжтой. Уг хуульд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хохирогчдыг хамгаалах хамтарсан баг ажиллуулахаар тусгасан. Энэ баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд үүнийг тухайн сум, хорооны Засаг дарга ахлах юм. Энэ багийнхан хүчирхийлэл гарах эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зэрэг маш чухал үүрэгтэй.
Гэвч энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ. Тэдэнд санхүүгийн асуудал хамгийн их тулгардаг бол эцэг, эх, олон нийтийн буруу хандлага ч үйл ажиллагаа явуулахад саад болдог байна. Чингэлтэй дүүргийн XII хорооны Засаг дарга Р.Ганболд “Манай хороонд хуулийн дагуу таван хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг ажиллаж байгаа. Бид хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд 108 дугаарын утсанд дуудлага өгдөг. Хүн ам ихтэй учраас гэмт хэрэг, хүчирхийлэл гарах нь элбэг. Тиймээс бид айл өрх болон сургуулиар явж, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг бүртгэдэг. Дүүргээс сард багийн ахлагчид 40, гишүүдэд 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог” гэв.
Сонгинохайрхан дүүргийн IX хорооны Засаг дарга Л.Бямбадорж “Манай хороонд 10 орчим хүн амьдардаг. Хамтарсан багийнхан ямар ч санхүүжилтгүй ажиллаж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдээ хамгаалах байранд хүргэж өгөхдөө унаа хөлсөлж, халааснаасаа мөнгө гаргадаг. Бүртгэл явуулах бичиг цаас, утасны нэгж авах ч мөнгө олгодоггүй. Энэ ажлыг үр дүнтэй болгохын тулд санхүүжилт хэрэгтэй. Өмнө нь хамгаалах байранд хүргэж өгсөн хүүхдийг маань 2-3 хонуулаад л “ирж ав” гээд утасдаг байв. Харин оны өмнөхөн X хороонд 32 хүүхэд багтах хамгаалах байртай боллоо. Тэнд 1-2 жил байрлуулах боломжтой” гэв.
“Хамтарсан багийн үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжгүй, ойлгомжгүй байгаагийн нэг шалтгаан нь тус багийн гишүүд нь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй, тэднийг чадавхжуулах сургалт дутмаг. Багийг ахалж, чиглэл өгөх ёстой Засаг дарга улс төрийн томилгоогоор ойр ойрхон солигддог нь ажил хүндрүүлдэг. Ер хамтарсан баг бэлгэдлийн чанартай л ажиллаж байна шүү дээ” гэж нэгэн хамтарсан багийн гишүүн ярьсан юм. Хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд хүртэл улс төр оролцдогийн уршгийг бидний ирээдүй л амсаж буй нь харамсалтай.
Хүчирхийллийн 60 хувь нь хохирогчийн гэрт, 17.1 хувь нь үйлдэгчийн гэрт, 11.4 хувь нь айлд, 8.5 хувь нь тодорхойгүй, 2.8 хувь нь машинд үйлдэгддэгийг ХЭҮК-ын тайланд дурд жээ. Энэ нь хүчирхийлэл далд хэлбэрт тэр тусмаа бэлгийн хүчирхийлэл ураг төрлийнхний дунд газар авсныг харуулж байна. Бусармаг явдал гарсан гэр орон, ор дэвсгэрийг хараад тухайн хүүхэд сэтгэл зүйн хувьд ямар байх вэ. Гэртээ бие, сэтгэлийн нөхөж боломгүй хохирол амсаад байхад нь буцаагаад л өнөөх “шорон” руу нь явуулчихдаг. Хэдийгээр манай улсад хамгаалах байр цөөнгүй ч хохирогчдод урт хугацааны хамгаалал хэрэгтэй хэвээр.
Ялангуяа бага насны хүүхэд хүчирхийлсэн эцэг, эхийнхээ дэргэд байсаар байгаа нь тэдний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хэлдэг. “Бэлгийн хүчирхийллийн хохирогчдын хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалж байна уу гэдэгт анхаарал хандуулах цаг иржээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 77.9 хувь нь бага насны хохирогчийн төрсөн болон үрчилсэн эх, 7.5 хувь нь төрсөн болон үрчилсэн эцэг байгаа нь гэмт хэрэг үйлдэгч нь гэр бүлийн амьжиргааг залгуулдаг, эсвэл хууль ёсны төлөөлөгч хамаатан садны нөлөөлөл, гэр бүлийн далд хүчирхийлэл, дарамт, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цагдан хориогүй тохиолдолд хохирогчийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах, эсэх нь эргэлзээтэй” гэж УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, ахлах прокурор Б.Өнөрмаа ярив. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг 93.75 хувьд нь үзүүлээгүйг “Хөгжлийн академи” ТББ-ын өнгөрсөн онд хийсэн судалгаанд дурджээ.
Тус байгууллагынхан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын захиалгаар дээрх судалгааг хийсэн бөгөөд 2014-2016 онд шүүхээр шийдвэрлэсэн 80 хэргийг судалсан аж. Энэ судалгаанаас сэтгэл эмзэглүүлэм олон баримт харж болно. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гарсан даруйдаа бус, зургаа хүртэлх жилийн дараа илрэх нь 50 орчим хувийг эзэлж байв. Хохирогчдын олонх нь төрсөн эцэг, эхтэйгээ амьдардаг хэдий ч хараа хяналт сул байдгаас бэлгийн хүчирхийлэлд өртөх нь их байжээ. Судалгаанд хамрагдсан хэргийн талаас дээш хувь нь хохирогчдын гэрт үйлдэгдсэн нь хүүхэд өөрийн гэртээ гэмт хэргийн золиос болж буйг баталж байна.
Насанд хүрээгүй хохирогчид зайлшгүй өмгөөлөгчийн туслалцаа үзүүлэх зохицуулалт байхгүй, өмгөөлөгчийн хөлсийг хуулиар нөхөн төлүүлдэггүй зэрэг шалтгаанаар өмгөөлөгч авахгүй байх тохиолдол олон байжээ. Мөн хохирогчдын сэтгэл санаа, эд хөрөнгө болон эмчилгээний зардлыг аль алийг нь төлүүлээгүй тохиолдол 65 хувийг эзэлж байгааг онцлон тэмдэглэсэн байв.
Энэ бүхнээс харахад бид ирээдүй хойчоо хамгаалах бус, харанхуй нүх рүү түлхсээр байна уу даа. Хэдийгээр хүүхэд хамгаалах нэртэй олон байгууллага, хууль, журам бий ч бяцхан зүрхнүүдийг аюулгүй, амар тайван орчинд амьдруулах, хүчирхийллийн золиос болгохгүй байхад анхаарч ажилладаг нь арван хуруунд багтам. Хамтарсан гэх нэртэй бэлгэдлийн чанартай багт бэнчин, бас сэтгэл дутаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтарсан баг байхаар тусгаж, чиг үүргийг нь тодорхойлсон нь дэвшил. Харин үүнийг хэрэгжүүлж, хэрэгтэй санхүүг нь шийдвэрлэж, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэхгүй бол ухралт болох нь.