ХСҮТ-ийн захирал, профессор Ж.Чинбүрэн, тус төвийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар тэргүүтэй багийнхан БНСУ-ын “Самсунг” эмнэлгийн эмч нарын заавраар хорт хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал өчигдөр хийлээ. Бэлтгэл ажлыг нь долоон жил хангасны эцэст ийнхүү манай улс анх удаа хорт хавдартай хүнд эрхтэн шилжүүлэв.
Хэдийгээр амралтын өдөр байсан ч тус эмнэлгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, 07.00 цагт эхэлсэн мэс засал 10 цаг гаруй үргэлжилжээ. Энэ онд төлөвлөсөн элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг төсөвт суулгасан учир үнэ төлбөргүй хийх юм. Мэс засал хийлгэсэн эрэгтэйд хамаатных нь хүн донор болжээ. ХСҮТ-ийн үзлэгээр жилд хорт хавдрын 6000 орчим тохиолдол илэрдгээс 40 орчим хувь нь элэгнийх байдаг гэнэ.