Монголын говьд өнгө, эгшиг нэмж, амьтай, амьдралтай байлгадаг, цаашилбал Төв Азийн экосистемийг хамгаалахад томоохон үүрэг гүйцэтгэдэг Бөөнцагаан, Адгийн цагаан, Таацын цагаан, Орог, Улаан нуурыг өвөг дээдэс минь “Говийн таван мөнгөн хундага” хэмээн дээдлэн нэрлэж иржээ. Эдгээр нуурыг зөвхөн Монголдоо төдийгүй Төв Азийн экосистемд онцгой ач холбогдолтой гэдгийг баталгаажуулж, 1998 онд Рамсарын конвенцод бүртгэсэн байдаг.
Төв Азиар дайран өнгөрч, энд нутаглаж буй ус, намгархаг газрын шувуудын өсөж үржих, нутагших орчныг бүрдүүлэх үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээсэн гэсэн үг. Харамсалтай нь, “Говийн таван мөнгөн хундага”-аас Адгийн цагаан, Улаан нуур хоёр бүрмөсөн “амь тавьж”, Орог, Таацын цагаан хоёр “сэхээн амьдруулах тасаг”-т “хиймэл амьсгаа”-тай байгаа. Үлдсэн ганц нь болох Бөөнцагаан нуурт ч нөгөө дөрвийнхөө араас явах аюул нүүрлээд буй.
Мөнгөний төлөө нүдээ ухахаас ч буцахгүй шуналтнуудын харгислалыг “шүд зуун” давж, Монголын говьд тэсэж үлдээд буй ганц нуур Бөөнцагааныг тэжээдэг Байдраг голын ай сав дахь алт олборлогчид хэрхэн хууль зөрчин, хэм хэмжээг давж, хариуцлагагүй, дураараа авирлан, байгаль орчинд хэрцгий хандаж байгааг бид өнгөрсөн намар “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилгаараа хөндсөн.
Хараа хяналтгүй, хариуцлагагүй уул уурхайн тод жишээ болсон Баянхонгорын алт олборлогчид яаж дураараа дургиж, зэрлэг балмад авирлаж буйг гаргаж тавьсан цуврал сурвалжилгын үр дүнд Галуут сумын Үнэгт багийн нутаг, цоохор ирвэс, аргаль, янгир зэрэг ховор амьтдын өлгий Их дугуйд алт олборлохоор дайрсан этгээдүүдийн үйл ажиллагааг зогсоож, газрыг нь аймгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаад буй билээ.
Ш.ЁНДОНСҮРЭН: ХУЛГАЙ НҮҮРЛЭСЭН, ЯЛЗАРСАН ТӨРТЭЙ БИД ОДООХОНДОО БАЙГАЛИЙН БАЯЛГАА ХАЙХ АЖЛАА ОРХИХ ХЭРЭГТЭЙ
Гэтэл алт олборлогчдоос ч илүү аюул занал учруулж мэдэх газрын тосны хайгуулчид Төв Азийн экосистемийг хадгалж үлдэхэд томоохон үүрэгтэй говийн ганц нуурыг маань тойрон эргэлдэх болжээ. Баялгаасаа болоод баларч буй зүүн хязгаар Тамсагийн гашуун зовлон нутагт нь давтагдах вий хэмээн сэтгэл эмзэглэсэн нутгийн иргэд бидэнд хандлаа.
Баянхонгор аймгийн иргэн Ш.Ёндонсүрэн “Өвөрхангай аймгийн Төгрөг суманд хайгуул хийж байгаад нутгийн иргэдэд хөөгдсөн БНХАУ-ын компани манай аймгийн Баацагаан суманд ирчихэж. Тэд Бөөнцагаан нуураас хэдхэн км-ийн зайд, цутгалангийнх нь дагуу газрын тосны хайгуул хийж байна. Нутаг орноо өмгөөлж хамгаалах ёстой залуус маань тэнд таван төгрөгний төлөө хамаг хар бор ажлыг нь хийгээд явж байгаад маш их эмзэглэлээ. Нутгийн 46 залуу 20 хоногийн хугацаатай, 900 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байгаа юм билээ.
“Хулгай нүүрлэсэн, ялзарсан төртэй бид одоохондоо байгалийн баялгаа хайх ажлаа орхих хэрэгтэй. Төр нь ард түмэндээ баялгаа тэнцүү хуваарилж, ирээдүй хойчдоо үр өгөөжтэй зарцуулж чадах биш. Өмнө нь илрүүлээд, одоо олборлож байгаа нь бидэнд хангалттай. Хүн төрөлхтөн жилээс жилд техник технолгийн дэвшилд хүрч буй учраас төр шиг төртэй болсон цагтаа, байгаль орчинд ээлтэй олборлодог болсон үедээ хойч үе маань ашиглаг. Хайгуул хийлгэхгүй хөөчихье” гэтэл тэнд ажиллаж буй залуус “Бид хэдэн төгрөгний цалин аваадхая л даа” гэсэн.
Иргэдээ ийм өрөвдөлтэй амьдруулж байгаа, баялгийг ард түмэндээ хэзээ ч тэгш хуваарилж үзээгүй, тэр ч байтугай ирээдүй хойчдоо ч юм үлдээлгүй харийнхантай нийлэн эх нутгаа тонон дээрэмдэж байгаа ялзарсан улстөрчдийг бид ухах, хайх ажлаас хол байлгамаар байна. Тэд ард түмний баялгийг хуулийн нэрээр түрээ барин харьд зөөж, цөөн хэдхэн гэр бүлээ тэжээсээр гучаад жил боллоо. Одоо хийж буй хайгуулаар нефть олвол тав, аравхан жилийн дараа Бөөнцагаан нуурын сав газрыг Тамсагийн тал шиг болгохыг үгүй гэх газаргүй” гэсэн юм.
Бөөнцагаан нуурын сав газарт газрын тосны хайгуул хийж байгааг нутгийн цөөн иргэн эсэргүүцэн, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн ч сумын Засаг дарга С.Оюунболдын “Засгийн газрын бодлогоор хийж буй ажил” гэсэн тайлбарт дарагдсан аж.
“ГАЗРЫН ТОС БИТГИЙ ОЛДООСОЙ”
Уг нь монголчууд байгалийн баялаг ихтэйгээрээ бахархан бардамнаж, “Есөн эрдэнийн орон” гэж шүлэглэдэг, нутагт нь ашигт малтмалын томоохон орд нээгдвэл “Нутаг минь хөгжиж, амьдрал дээшлэх нь” хэмээн итгэж найддаг байсан билээ. Энэ хандлага одоо өөрчлөгджээ. Алт, зэс, нүүрс, газрын тосоо зогсоо зайгүй зөөгөөд ч улс орон хөгжихгүй, иргэдийн амьдрал дээшлэхгүй, баахан ухсан нүх, овоолсон шороотой үлдэж буйгаа иргэд харсаар, харамссаар сууна.
Бөөнцагаан, Орог нуурын сав газрын захиргааны нэрээ гаргахыг хүсээгүй ажилтан “Бөөнцагаан нуурын сав газарт газрын тос бий нь бий. Тийм ч учраас алт олборлогчдын нөлөөгөөр Байдраг голын урсгал татарч, цутгалан нь тасарсан ч нуур ширгэчихэлгүй өдий хүрсэн. Тиймээс бид Бөөнцагаан нуурын ойролцоох газрын тос битгий л олборлохуйц хэмжээтэй байгаасай гэж залбирч сууна. Үүнийгээ дарга нарт хэлээд ч сонсохгүй л дээ. Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа ажил гээд халгаадаггүй юм” гэсэн.
Алтны уурхайнуудын зүй бус ажиллагааны нөлөөгөөр, тодруулбал “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж, Байдраг, Өлзийт, Заг голын сав дагуу алтны уурхай олноор ажилласан ид буюу 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед Бөөнцагаан нуур хоёр км татарсныг тэнд байнга хэмжилт, судалгаа хийдэг Бөөнцагаан, Орог нуурын сав газрын захиргааныхан хэлж буй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш жаахан сэргэсэн ч дорвитой нэмэгдээгүй, хэчнээн бороо хур орж, дээд голууд нь үерлэсэн ч усны түвшин хуучны хэмжээндээ хүрч нөхөн сэргэхээ больсон гэнэ.
Харин “Алт-2” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш буюу өнгөрсөн зун нуурын цутгалан хоёр ч удаа тасарчээ. Тэжээдэг ганц голынх нь урсгал тасраад байхад Бөөнцагаан ширгэчихэлгүй тэсээд, говийн хуурай, ангамал уур амьсалыг чийглэж, зөөллөн, араатан, жигүүртэн, хүн, малд амьдрал бэлэглээд мэлтэлзэж байдгийн нууц нь газрын хэвлий дэх тос гэж нутгийнхан үздэг аж. Доор нь газрын тос байгаа учраас нуурын ус говийн их элсэнд шингэчихдэггүй гэсэн үг. Тэгэхээр, хэрэв тэндээс нефть олборлоод, доорх газрын тос нь дундарч, дуусаад эхэлбэл Бөөнцагаан нуур үгүй болно гэдгийг ойлгоход их ухаан хэрэггүй аж.
Бөөнцагаан нууранд 164 зүйлийн шувуу зусаж, нүүдэллэн өнгөрдөг гэсэн тоог биологич эрдэмтэд, шувуу судлаачид гаргаад байна. Борцгор хотон, хошуу галуу, гангар хун, хуруут хун зэрэг устах аюулд ойрхон, “Улаан ном”-д орсон жигүүртнүүдийг тосож авдаг цөөхөн нуурын нэг нь Бөөнцагаан. Монгол орны баруун талаар дайран өнгөрдөг нүүдлийн шувуудын буудаллах гол цэг болж, тэдний өсөж үржих, нутагших тав тухтай орчин нь юм. “Монгол орны загасны Улаан данс”-нд ховордож буй эмзэг гэсэн ангилалд бүртгэгдсэн алтайн давжаа сугас, говийн эрээлж, сахалт эрээлж зэрэг уугуул гурван зүйл уг нуурт бий. Бөөнцагаан нуур үгүй болбол Монголын болон Төв Азийн экосистемд нөхөж баршгүй гарз тохиох талаар өмнө нь дурдсанаа давтахад илүүдэхгүй биз ээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗААСАН БҮХЭН ЗӨВ БАЙДАГ УУ
Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг, Бөөнцагаан нуурын сав газар Ашигт малтмал, газрын тосны газарт “Богд IV” хэмээх нэрээр бүртгэлтэй. “Богд IV” талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг “Капкорп Монголиа” компани эзэмшдэг бөгөөд Засгийн газрын 2009 оны долдугаар сарын 29-ны 235 дугаар тогтоолоор баталсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Богд IV” талбайд ажиллаж буй аж. Өнгөрсөн онд батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны хээрийн ажлыг арванхоёрдугаар сарын 25-наас эхлүүлжээ. Хээрийн ажлын туслан гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа” компани ажилласан аж.
Ашигт малтмал, газрын тосны газраас орон нутгийн удирдлагад илгээсэн албан бичигтээ “Засгийн газраас үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдлыг нь чухалчилж, газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэр байгуулах зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, эрсдэл өндөр, хөрөнгө их шаарддаг хайгуулын ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад түшиглэн явуулж байна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгч компани хайгуулын бүх зардал, эрсдлийг хариуцаж, тос олсон тохиолдолд Засгийн газартай хуваана. Иймээс Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн байх юм. Орон нутгийн удирдлага, тэнд ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд газрын тос хайгчдыг эсэргүүцэх бус, дэмжих үүрэг хүлээсэн хэрэг. Нарийн учрыг ойлгоогүй иргэд орон нутгийн удирдлага, хууль хүчний байгууллагадаа итгэл алдран, бухимдаж байна.
Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу хийж буй хайгуулын ажлыг шууд эсэргүүцэх нь хаашаа юм. Гэхдээ өнгөрсөн зууны дунд үеэс хойш хүч, хөрөнгө хаяж хайсан газрын тосоо бид олсон ч хүсэж, мөрөөдсөн үр дүндээ хүрсэн бил үү, Тамсаг, Зүүнбаянгийн газрын тосноос Монгол Улс юутай үлдэж байгаа билээ гэдгийг эргэцүүлэхэд илүүдэхгүй. Дорнод аймгийн Матад суманд орших Тамсагийн орд руу дөхөхөөр харь гүрний хил рүү нэвтэрсэн мэт сэтгэгдэл төрдөг, дорнын их талын хөрс шороо газрын тосны хаягдалд бохирдож, түүхий нефть ачсан машинууд Мэнэнгийн талыг там болгож буй тухай тийшээ очсон хүн бүр халагладаг.
Ингээд бодохоор иргэдийн болгоомжилж, нутаг усаа хайрлаж, харамлаж буй сэтгэлийг буруутгах аргагүй. Өнгөрсөн жилүүдэд байгалийн баялгаа ашигласан өөр өдий төдий жишээ Засгийн газрын заасан бүхэн зөв гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Тэгэхээр эмзэг тогтоцтой ч тэссээр, тэмцсээр өнөөг хүрсэн говийн ганц нуураа газрын тосны хайгуулчдын золиос болох вий хэмээн болгоомжлохоос аргагүй.
“Богд IV” талбайд хайгуул хийхээр Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Капкорп Монголиа” нь “Петровис” группийн бүрэлдэхүүнд багтдаг “Петро Матад”-ын охин компани бөгөөд “Богд IV”, “Онги V” талбайд хайгуул хийх хөрөнгөө Лондоны хөрөнгийн биржээс босгоод байгаа билээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно.