-Огцом өссөн амжилтын дархлаа суларсны учир юу байв-
Нэг олимп шувтарч, дараагийн олимпын цикл эхэллээ. Хорин хэдэн жилийн турш медалийн буухиа тасарлаа гэж гасалсан үе түүх болон үлджээ. Гагцхүү ямар өнгийн медаль авах нь л сонин болсон цаг. Амжилт гаргахын хэрээр давах босго өндөрсдөг, үүрүүлэх итгэл нэмэгддэг. Энэ бол хүн төрөлхтний туулж ирсэн зам. Тиймээс хөлсөө улам их дуслуулж, хүчээ илүү гаргахаас аргагүй. Тамирчид ард түмнийхээ их хүлээлтийг 2020 оны олимпод гүйцэлдүүлэх л учиртай.
2008 оны Бээжингийн олимпын наадамд гаргасан амжилтыг 2012, 2016 оныхтой харьцуулахад чанарын хувьд чимх чимхээр уруудсаар ирэв. Лондон, Риод хүрэл медаль авах асуудал биш байлаа. Харин алт, мөнгө хүртэнэ гэдэг л хэцүү даваа байв. Үүнд нэжгээд шалтгаан байгаа ч олон түмний дунд хамгийн түгээмэл тархсан ойлголт нь сэтгэлзүйн бэлтгэл. Мэдээж сэтгэл зүй чухал хүчин зүйлийн нэг. Илт ялж яваад ялагдсан, сүүлийн секундэд оноо алдсан зэрэг бол сэтгэл зүй хэрхэн бэлтгэгдсэний нэг илрэл. Гэхдээ сэтгэл зүй бол нэг л шалтгаан нь. Үүний цаана олон учиг байж болох ч асуудлыг илүү өргөн хүрээнд харвал зохилтой юм шиг. Тооцоонд байгаагүй тэдгээр ялагдлууд бидэнд нэг зүйлийг ойлгуулсан нь шинэ олимп руу шинэ замаар урагшлах учиртайг анхааруулсан явдал.
Тиймээс спортын салбарт нэн тэргүүнд системтэй бэлтгэл үгүйлэгдсээр байна. Тамирчны амжилт, үр дүн өнөөдөр олон хүчин зүйлээс хамаардаг болсон ч нэн тэргүүнд ултай бодож, суурьтай боловсруулсан бэлтгэлээс шууд хамаарч байна. Ингэж чадсан Орос, Америк, Япон, Герман, Ямайк зэрэг улсын тамирчид ямар ч тохиолдолд зохих түвшнээсээ доогуур амжилт гаргахгүй байх баталгаатай байдаг аж. Риогийн дүнгээс харахад ОХУ, Япон, БНСУ гэсэн гурван орон бөхийн аль ч төрөлд жигд амжилт гаргасан. Эрэгтэйд ч тэр, эмэгтэй ч адил. Энэ бол системтэй бэлтгэлийн үр дүнд баталгаажсан амжилт байлаа.
...Тиймээс спортын салбарт нэн тэргүүнд системтэй бэлтгэл үгүйлэгдсээр байна. Тамирчны амжилт, үр дүн өнөөдөр олон хүчин зүйлээс хамаардаг болсон ч нэн тэргүүнд ултай бодож, суурьтай боловсруулсан бэлтгэлээс шууд хамаарч байна. Ингэж чадсан Орос, Америк, Япон, Герман, Ямайк зэрэг улсын тамирчид ямар ч тохиолдолд зохих түвшнээсээ доогуур амжилт гаргахгүй байх баталгаатай байдаг аж...
Энэ л бидэнд хэрэгтэй байгаа билээ. Тиймээс эдгээр орны тамирчдаа хэрхэн бэлтгэдэг туршлага, бөхчүүдээ том тэмцээнд яаж дасгалжуулах практикаас зайлшгүй суралцаж баймааж нь бидний амжилт ахина, үзүүлэлт тогтворжино. 2020 оны олимпын циклд ийм боломжийг эрэлхийлэх шаардлагатай. МҮОХ-ны хувьд БНХАУ, Украин зэрэг их спортын тэргүүлэх гүрэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Гадаад гэхээр л Буриад, Өвөрмонголтойгоо харилцахаас цааш гардаггүй байсан Монгол орны хувьд энэ бол том боломж.
Энэ оны өмнөхөн ОХУ-тай хамтрах тохироо хийж чадсан нь бүр ч том ололт боллоо. Учир нь сургалтын арга барил болоод түүх талаас нь харсан ч Оросын школ манай спортын гол тулгуур онол, суурь бааз болсон хэвээр байгаа. Үүнээс гадна, спортын анагаах ухаан, дасгалжуулах боловсон хүчин, судалгааны арга туршлага гээд спортын бүхий л давуу чанар тэдэнд бий. Тэгэхээр тэдний судалж, боловсруулж, туршиж, баталчихсан онол болоод арга барилыг бид шингээгээд авчихвал ононо уу гэхээс алдана гэж огтхон ч үгүй билээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн дээрх улсуудтай хийх хамтын ажиллагааны үр өгөөжийн талаар хэлэхдээ “Спорт өндөр хөгжсөн ОХУ, БНХАУ, Украин зэрэг орны дэмжлэгтэйгээр сургалт, дасгалжуулалтыг системтэй болгох, бэлтгэлжилтийн төлөвлөгөөг өндөр түвшинд боловсруулах зэрэг ур чадварт бид хамгийн түрүүнд суралцана. Шигшээ баг, залуучууд, клуб гэх мэт дээд, дунд, анхан шатанд бэлтгэлийн төлөвлөгөөг яаж хийх вэ, хүний биеийн онцлогт хэрхэн тохируулах вэ гэдэгт суралцаж, төлөвлөгөө боловсруулах нь амжилт гаргахад чухал нөлөөтэй” гэсэн.
Бидний анхаарах шаардлагатай удаах салбар бол спортын анагаах ухаан. Сайн менежментийн үрээр манай жүдочид сүүлийн найман жилийн хугацаанд асар өндөр дэвшил гаргасан. Сайн сургуулилалтын дүнд чөлөөтийн эмэгтэйчүүд мөн л дэлхийг донсолгож, цуутнуудыг айлгадаг болов. Чөлөөт, жүдочдын хувьд Азийн дэвжээний асуудлыг арилгаж, дэлхийн рингний бэрхшээлийг үгүй хийсэн нь гарцаагүй үнэн. Гэвч огцом өссөн амжилтын дархлаа сүүлийн үед сулрах хандлагатай болжээ. Жиндээ манлайлагч хэдийг маань гаднынхан нэвт судлаад байгаа нь манай лидерүүдийн олон улсын тэмцээн дэх тогтворгүй үзүүлэлтээс харагдаж байна.
Үүнийг Риогийн олимп бүр ч тод нотолсон. Тэгэхээр дотоод өрсөлдөөнөө нэмэгдүүлэх замаар баг тамирчдынхаа амжилтыг тогтмолжуулах нь бидний гол зорилго болж байна. Үүний тулд дэлхийн спортын чиг хандлагын дагуу спортын анагаах ухааныг улам хөгжүүлэх шаардлагатай. Тэр дундаа, спортын биохими, генетикийг тахих учиртай. Дэлхийн спорт чухамхүү үүнд чиглэж байгаа аж. Хурц сайхан амжилтаараа шагшигдаж байгаа тамирчдын ард генетик, биохими хоёр ёс мэт яригдаж байх юм.
Манайд урьд хожид ховорхоон дуулдсан энэ ойлголтын онол зүйн талаар спортын анагаах ухааны цөөхөн мэргэжилтний нэг, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгээс тодруулахад “Спортын биомеханик манай оронд нэлээд дээр үед хөгжиж, одоо тасарчихаад байгаа. Тухайн хүн бэлтгэлийг хэр давтамжтай, хэдий хугацаанд хийх зэрэг чиглэлийг судалдаг салбар. Харин спортын генетик огт хөгжөөгүй. Тамирчдыг сонгохтой холбоотой чухал салбар юм. Хүүхдийн физиологийн онцлог, биеийн ерөнхий галбирыг шинжлэн үзэж ямар спортын, аль төрөлд тохирохыг нь нарийн тогтоодог. Тиймээс бид биомеханик, генетикийн салбарт Орос, Хятадын туршлагаас түлхүү суралцахаар ажиллаж байна” гэжээ.
Энэхүү томьёоллоос харахад, биомеханик ба генетик нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий ухагдахуун агаад спортын салбар хөгжихийн үндэс нь аж. Шинжлэх ухаанд тулгуурлан хүүхдүүдийг тохирох спортоор нь хичээллүүлбэл спортын суурь баазаа хэрхэн шавхагдашгүй болгодгийг Оросын чөлөөт бөх, Хятадын ширээний теннис, Ямайкийн хөнгөн атлетикаас харж болно. Тэндээс хэд л бол хэдэн Сайтиев, Болт төрж байна.