Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэстэй хамтран саун, массажны газруудад хийсэн шалгалтын үеэр “Хүүхэн зардаг газар хүргээд өг” гээд хөдөөний залуус шалаад байхаар массажны газар буулгачихдаг юм” гэж таксины жолооч ярив. Саун, массаж нэрээр бусдын биеийг үнэлүүлдэг явдал ил цагаандаа гараад удлаа. Гэтэл үүнийг манай төр барьж буй эрхмүүд гэмт хэрэг биш, зөрчил гэж тооцоод зургаан сарын нүүр үзэж байна. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулиар биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцдог байсныг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг болсон юм.
Ингэснээр биеэ үнэлэн бусадтай бэлгийн харилцаанд орсон, эсвэл бусдын биеийг үнэлэн бэлгийн харилцаанд оруулсан, өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, зуучилсан бол зөрчил гэж үзэж, хувь хүнийг 50-100 мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоод л явуулж байна.
Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрсөн оны дөрөв, зургаа, арваннэгдүгээр сард шат дараатайгаар нэгдсэн шалгалт хийж, саун, массаж нэрийдлээр бусдын биеийг үнэлүүлж байсан 31 газрын хууль бус үйл ажиллагааг зогсоон, 29-т нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг хил давуулан худалдсан зургаа буюу нийт 150 хохирогч, 51 холбогдогчтой 45 хэргийг илрүүлэн ажилласан аж. Гэвч дээрх хэргийг бүгдийг нь Зөрчлийн тухай хуулиар шийдэж, хэрэгсэхгүй болгосныг ЭЦА-ны эх сурвалж хэлж буй. За яах вэ, тэдний хэдэн сарын турш нойр, хоолоо умартан зүтгэсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлжээ гэж бодъё.
Гэтэл цаана нь хэчнээн хүний амьдрал сүйрч, хэдэн хүүхэд уйлж үлдээ бол. Баянгол дүүрэгт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газар хамгийн олон бий. Гэр бүлийн хамт массажны газар ажиллуулж, охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан З гэх эмэгтэйн хэрэг шүүхэд шилжсэн. Түүний эрхшээлд автсан нэгэн бүсгүй зугтах гэж хэдэнтээ оролдож, өөрийгөө гэмтээсэн ч хүүхдээр нь барьцаалан биеийг нь үнэлүүлсээр байж. Түүн шиг олон эмэгтэй ингэж хүчинд автан, самуун бизнесээр ашиг ологчдыг хөлжүүлсээр байгаа юм.
Өөрийн хүслээр, эсвэл өрөөл бусдын эрхшээлд автан биеэ үнэлэх гэдэг тэнгэр, газар шиг ялгаатай. Охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулан далд бизнесээ цэцэглүүлж буй боссууд нь хоногт 300 мянган төгрөгийн орлого олоход “Бага байна” хэмээн чамлан зодож занчдаг гэнэ. Тэр ч бүү хэл, сарын тэмдэг нь ирсэн үед “Нойтон салфеткаар чихээс хий. Ажил хийхгүй гэж ярихгүй шүү” хэмээн сүрдүүлдэг гэнэ лээ. Энэ мэтээр саун, массажны газар охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж байхад Зөрчлийн тухай хуулиар хаацайлж, төр ивээлдээ авсан нь ийм төрлийн гэмт хэргийг өөгшүүлж, хэдхэн хүнийг хөлжүүлж байна.
Тэд цагдаа нарыг ч тоохгүй, “Эхлээд үйлчлүүлэгчээ авъя” гээд л 100 мянган төгрөг сарвайх нь энүүхэнд болж. Саун, массаж нэрээр бусдын биеийг үнэлүүлж буй тэд хоногт 10 гаруй эмэгтэйг хоёр ээлжээр ажиллуулдаг гэдэг. Дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсээс саун, массажны газар ажиллуулах тусгай зөвшөөрөл олгодог. Ийм газрууд стандарт, шаардлагын дагуу ажилладаг, эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгах ёстой. Гэвч дээрх хоёр байгууллага хариуцлага гээчийг дундаа хийж орхисон.
Хот хэмээх их айлд самуун явдал цэцэглэж, хөдөөний залуус хүүхэн авахаар нааш зүглэж, насанд хүрээгүй охид ч золиос болсоор байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар насанд хүрээгүй, жирэмсэн охидын биеийг үнэлүүлсэн тохиолдол нэгээр зогсохгүй илэрсэн. Үүнийг Эрүүгийн хуулиар хүн худалдах гэмт хэрэгт тооцдог.
Ийм хэргийг саун, массаж, караоке, баар, гудамж талбайд үйлдэж байгааг цагдаагийнхан илрүүлдэг. Гэтэл хэд хоноод л өнөөх газар нь хэвийн ажиллаж байх. Саун нэртэй ч ганц шүршүүрээс өөр зүйлгүй газарт юу болдог бол. Энэ асуултад хариулт өгч, төрөөр хамгаалуулсан самуун бизнесийг цэгцэлнэ үү, хотын дарга аа.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Саун, массажны газрын үйлчилгээг Захирагчийн ажлын алба хянана
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ж.Хэрлэнтэй ярилцлаа.
-Саун, массажны газрын үйлчилгээ эрхлэх стандарт, журам гэж бий юү?
-Сауны үйлчилгээнд тавих стандартыг 2010 онд баталсан. Үйл ажиллагаа эрхлэх байрных нь шаардлагаас эхлээд олон зүйлийг тусгасан стандарт бий. Харин массажны газрын стандарт гэж одоогоор алга. -Ийм үйлчилгээ эрхэлж буй байгууллага, хүнд хэн хяналт тавих ёстой юм бэ? -Тухайн хорооны Засаг дарга, дүүргийнх нь Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн болон цагдаа нар хянах ёстой.
-Охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг ийм газ-руудыг цагдаагийн байгууллага хааяа шалгадаг. Нийслэлийн холбогдох байгууллага шалгаж болдоггүй хэрэг үү?
-Саун, массажны үйлчилгээ өмнө нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад харьяалагддаггүй байсан. Өнгөрсөн жил нийслэлийн ИТХ-ын Өргөдлийн хорооноос гарсан шийдвэр, хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй саун, массажны газруудыг шалгасан. Ингэхдээ НМХГ, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар болон дүүргүүдийн ЗДТГ-ынхныг оролцуулсан юм.
Шалгалтад төвийн зургаан дүүргийн бүртгэлд орсон сауны 55, массажны 48 газрыг хамруулсан. Харамсалтай нь, массажны газруудын хоёр нь л тохирлын гэрчилгээтэй байв. Шалгалтын дүнг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан. Зөвлөлийн хуралдаанаас манайд гурван үүрэг өгсөн.
Нэгдүгээрт, төрийн байгууллагын хяналтаас гадуур, хууль бус үйлчилгээ үзүүлдэг саун, массажны газрыг Захирагчийн ажлын алба хянана, хоёрдугаарт, массажны үйлчилгээний стандартыг гаргаж, батлуулахаар болсон. Уг нь саун, массажны үйлчилгээ зэрэглэлтэй байх ёстой. Яг зочид буудал шиг. Гэвч зэрэглэлийг нь хэн тогтоох нь тодорхойгүйгээс болоод энэ дүрэм огт хэрэгждэггүй.
Тиймээс гуравдугаарт, үйлчилгээний зэрэглэл тогтоох албан тушаалтныг тодруулсан заалт оруулах болсон. Үүний дагуу бид төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Зөвшөөрөлгүй газруудыг шалгаагүй хэрэг үү?
-Цөөн тооны хэдхэн байгууллагыг л хамруулсан. Ийм газруудын эзэд угаасаа л зөвшөөрөл авахгүй, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй учраас шалгалт очихоор хааж, байрлалаа өөрчилдөг. Тухайн шалгалтын үеэр ч иймэрхүү зөрчил гарсан. Ийм л газарт нийгмийг цочроосон гэмт хэрэг гардаг.
-Тохирлын гэрчилгээ гэж юу вэ, тодруулахгүй юу?
-Үсчин, гоо сайхан, халуун ус, саун, хими цэвэрлэгээ, зочид буудал зэрэг хүний эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээ үзүүлж буй хүмүүс Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон түүнийг үндэслэн гаргасан Засгийн газрын 2005 оны тогтоолын дагуу заавал тохирлын гэрчилгээ авах ёстой.
Тухайн үйлчилгээг явуулах барилга байгууламжийн стандарт болон үйлчилгээ эрхлэх хүний мэргэжлийн ур чадварыг нотолсон гэрчилгээ гэж ойлгож болно. Стандартчилал хэмжилзүйн баталгаажуулалтын албаны тусгай мэргэжилтнүүд уг гэрчилгээг өгдөг. Түүнээс биш мэргэжлийн хяналтын байгцаагч очоод зөвшөөрөл өгчихдөг юм биш. Харамсалтай нь, энэ хуулийг хүмүүс мөрдөхгүй байна.
-Ийм үйлчилгээ эрхлэх зохицуулалтыг Нийслэлийн худалдаа, үйлчилгээний журамд оруулна гэсэн үнэн үү?
-Тийм. Нийслэлийн худалдаа, үйлчилгээний журмыг Эрүү, Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэх юм. Ингэхдээ эдгээр үйлчилгээг нарийвчлан оруулахаар төлөвлөсөн.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Илэгч болж хамтарсан “шөнийн эрвээхий”-нүүд дангаарших боллоо
Бүсгүйчүүд хөдөлмөр эрхэлж бус, өөр амархан аргаар мөнгө олдог болсон нь биеэ үнэлэлт. Дэлхийн хамгийн эртний мэргэжил хэмээн хошигнодог биеэ үнэлэх явдлыг Монгол Улс хуулиар хориглодог ч бүсгүйчүүд янз бүрийн халхавчийн доор биеэ үнэлэн мөнгө олж байна. Өнөөдөр хотын гудамжаар “массаж” хэмээн бичээд утасны дугаараа тавьсан цаас гэрлийн шонд наасан байх нь олон тааралдана. Түүний ард дандаа биеэ үнэлж байгааг мэдэхгүй хүнгүй болсон.
Гулгаа массаж гэдэг үйлчилгээний талаар манай сонины өнгөрсөн оны гуравдугаар сард “Гулгаа массажны цаадах гунигт амьдрал” сурвалжилгаараа хүргэж байсан билээ. Бүсгүйчүүд биеэ тосолж үйлчлүүлэгчийнхээ дээр нь биеэрээ гулгахыг ийн нэрийдэж байв. Тэгвэл энэ он гарснаас хойш саун, массаж, бие угаалгын газар, алжаал тайлах төвүүдийг цагдаагийнхан удаа дараа шалгаснаар илээч, массажист нэрийн доор биеэ үнэлэх явдал зочид буудал, өрөө, тасалгаа, зоорийн давхраа түрээслүүлдэг зарим байгууллагад ажиллаж буй янхны газрын үйл ажиллагааг зогсоож эхэлсэн байна.
Цагдаагийнхныг ингэж гэнэтийн болон удаа дараагийн шалгалт хийгээгүй байхад массажист нэрийн доор биеэ үнэлэх явдал хэрээс хэтэрч, ийм үйл ажиллагаа явуулдаг зарим газарт хүний амь хохирсон тохиолдол ч гарсан юм. Тухайлбал, Баянгол дүүргийн Цагдаагийн I болон II хэлтсийн харьяалах нутаг дэвсгэрийн яг дунд нь нэгэн хүн байшин барьсан бөгөөд зоорийн давхарт нь саун, массажны газар ажиллаж байжээ. Тэнд байх илээчтэй гудамжинд наасан зарын доорх утсаар нь холбогдон очиж үйлчлүүлсэн эр архины хордлогонд орж нас барсан аж.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийнхан саун, массажны газруудын үйл ажиллагааг удаа дараа шалгах болсон юм билээ. Өөр нэг саун, массажны газар ажиллуулдаг, тэндээ охидын биеийг үнэлүүлдэг байсан эмэгтэй шалгалтаар очсон цагдаагийн алба хаагчид халдсан нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Эдгээр үйл явдлаас болоод ч тэр үү, цагдаагийнхан ойр ойрхон шалгалт хийж, заримынх нь үйл ажиллагааг бүрмөсөн зогсоолгоод байгаа аж. Үнэхээр тийм байв. Хоёр жилийн өмнө хэл ам таталж байсан, цагдаа, Баянгол дүүргийн удирдлага удаа дараа шалгалтаар очоод арга хэмжээ авч дийлдэггүй, нэгэн зочид буудлын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газар өнгө төрхөө эрс өөрчилжээ.
Тэнд хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байв. Садар самуун үйл ажиллагаа явуулж байсан уг байрыг түрээслүүлэгч эзэнд нь хууль сахиулах байгууллагаас хатуухан арга хэмжээ тооцоод ирэхээр арга буюу саун, массаж нэрээр халхавчилсан биеэ үнэлэгчдийг орогнуулахаа больсон гэнэ. Цагдаагийн алба хаагчид халдсан саун, массажны газрынхныг ч хаалгахаар тусгай зөвшөөрөл олгодог төрийн байгууллагад нь хандаад байгаа юм билээ.
Тэгтэл хөдөлмөрлөж бус, өөр амархан аргаар мөнгө олох сонирхолтой бүсгүйчүүдийн арга нарийссаар л байна. Массаж нэрээр нэг доор төвлөрөн тусгай зөвшөөрөл авч ажиллаж байсан тэд өдгөө ганц нэгээрээ, дуудлагаар очиж юм уу, эсвэл өөрсдийн хөлсөлсөн өрөөндөө “ажиллаж” байгаа юм билээ. Өнгөрсөн даваа гаригийн үдэш л байгаагүй “массаж” гэсэн зарыг маргааш орой гэхэд I хорооллын араар тавьсан замын хажуугийн шонд хэд хэдээр нь наасан байв. 9960... болон 8017... утсаар нь холбогдох гэж өөрийн дугаараа нууцлан залгахад огт авахгүй байлаа.
Тиймээс нууцлалгүй залгахад нэгэн бүсгүй авч хаягаа зааж өглөө. Цагдаагийнхан дугаараа нууцалж залгаад хаяг, байршлыг нь заалгаж очин бариад авдаг учраас нууцалсан дугаар авдаггүй гэнэ. “Төмөр замын “Хан бүргэдэй”-н дэргэд ирээд залгачих” гэсний дагуу очсон юм. Нэг бүсгүй “Бид нийлж ажиллахаа больсон. Цагдаагийнхны шалгалт ойрд ширүүн байна. Тиймээс ганц нэгээрээ ажиллаж байгаа. 50- 85 мянгаар массаж хийнэ. Тусгай үйлчилгээ байгаа” хэмээн манай тагнуулд ярив. Богино халаад өмссөн хүүхэн манай хүнийг дагуулаад цааш орж, ямар үйлчилгээ хийлгэхийг нь лавлаад ажлаа эхэлсэн аж. “Тусгай үйлчилгээ авна” гэхэд нь нэмж мөнгө төлөхийг сануулжээ. Тэр нь 150 мянган төгрөг гэнэ.
Нэг буудлын доор байх саунд мөн л ийм байдлаар биеэ үнэлж байгаа тухай мэдээлэл ирсэн ч тухайн үед үнэхээр ажиллаагүй юу, эсвэл тусгай үйлчилгээ үзүүлээд завгүй байсан уу, хаалгаа тайлсангүй. Магадгүй үүднийхээ нууц камераар ямар хүн хаалга цохиж байгааг хараад “сэжигтэй” санагдаад нээгээгүй байхыг ч үгүйсгэхгүй. Саун, массаж нэрээр биеэ үнэлэх явдлыг зохион байгуулдаг бүх л газар гаднаа нууц камертай, хэн орж ирэхийг харж байдаг нь нууц биш. Муухан СӨХ-ноос ч илүү чадалтай камер тавьчихаад байдаг юм билээ, тэд.
Цагдаагийнхны хяналт доор саун, массажны газруудын үйл ажиллагаа ийнхүү хумигдах болов. Зөрчлийн тухай хуульд зааснаар 500 мянган төгрөгийн торгууль ногдуулаад эхлэхээр ийм газар ажиллуулах нь төдийлөн ашигтай биш гэдэг нь тодорхой. Гэхдээ нууц байдалд ажиллаж байгаад хотын удирдлага анхаарлаа хандуулах л хэрэгтэй байна.
Харин биеэ үнэлэх явдал улам далд хэлбэрт шилжиж, олон нийтийн сүлжээнд элдэв нэр хаягтай бүлгэм нээж, тэнд “санхүүгийн тусламж авна”, “цагийн ажил хайж байна”, “S авна” гэх мэтээр далд хэлбэрээр биеэ үнэлэх болжээ. Үүнд харин хэн хяналт тавьж, цэгцлэх вэ гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй. “Шөнийн эрвээхий”-нүүд гудамжинд зогсох, саун, массажны газраар нийлж орогнохоо больж, дангааршин ганц нэгээрээ цахим орчинд биеэ үнэлэх боллоо.
БАЙР СУУРЬ
Үйл ажиллагаа явуулж буй саун, массажны газруудын талаар нийслэлийн МХГ-ын байцаагч, нийслэлийн Цагдаагийн газрын мэргэжилтэн, иргэнээс байр суурийг нь сонслоо.
Биеэ үнэлэхээс гадна бусад төрлийн гэмт хэрэг ч их гардаг
З.ЗОЛБАЯР (Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад):
-Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага болон алба хаагчид нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар цаг хэтрүүлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа баар цэнгээний болон цахим тоглоомын газар, түргэн үйлчилгээний цэг, саун, массажны газар, дэн буудлуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Гарсан гэмт хэрэгтэй холбогдуулж, эсвэл гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор жилд хэдэн ч удаа шалгалт хийж болно.
Харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага ч шалгадаг. Ихэнх саун, массажны газар зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, саунд тавигдах стандарт хангаагүй нь шалгалтын явцад тогтоогддог. Түүнчлэн саун, массажны газруудад эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд татан оролцуулж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан болон орон байраар хангасан үйлдлүүд илэрдэг. Дээрх газруудад биеэ үнэлэх явдал, садар самууныг сурталчилснаас гадна хулгай, танхайн гэх зэрэг бусад төрлийн гэмт хэрэг ч их гардаг.
Анхны тусламжийн хайрцагтай сауны газар байхгүй
Б.ЗОЛБОО (Нийслэлийн МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлагч байцаагч):
-Нийслэлийн МХГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулдаг юм. Тухайн жилд их юм уу, дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн газруудад, мөн иргэдээс ирсэн гомдлын дагуу, удирдах дээд байгууллагын шийдвэрээр гэнэтийн шалгалт хийдэг. Өнгөрсөн онд төлөвлөгөөт бус байдлаар саун, массажны газруудыг шалгасан. Энэ онд 40- өөд газрыг төлөвлөгөөт байдлаар шалгана. Монгол Улсад мөрдөж буй MNS 5164-2010 стандарт гэж бий.
Массажны газарт тусгайлан гаргасан стандарт байхгүй. Үйлчилгээ үзүүлж буй барилга байгууламж нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй нь шалгалтын явцад харагддаг. Өнгөрсөн жил 79 газрыг шалгахад 80 хувь нь зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байсан. Түүнчлэн агааржуулалтын систем нь хэвийн бус. Уг нь стандартад агааржуулалтын механик системтэй байх ёстой гэж заасан. Ихэнх сауны газарт энэ системийг төлөвлөөгүй, эсвэл ажиллагаагүй байдаг. Энэ нь ажлын байрны орчин дахь температур, чийгшил нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн үг.
Хувцас солих, амрах, угаалгын өрөөний талбай хангалтгүй. Түүнчлэн ариутгал, халдваргүйжүүлэлт, гэрэлтүүлэг маш муу. Ажилчид нь мэргэжлийн бус. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй юм билээ. Үйлчлүүлэгчийн артерийн даралтыг хэмжиж үзсэний дүнд үйлчлэх, эсэх тухай заалт ч бий. Энэ заалтыг саун, массажны газрууд огт мөрддөггүй.
Тэр ч бүү хэл, анхны тусламжийн хайрцагтай сауны газар алга. Дээрх зөрчил илэрсэн тохиолдолд Эрүүл ахуйн тухай хуульд зааснаар тогтсон шаардлага хангаагүй гэж үзэн хувь хүнийг 300 мянга, байгууллагыг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Мөн зөрчлөө арилгах хугацаа олгодог. Харин үйл ажиллагааг нь зогсоох, хязгаарлах эрх бидэнд байхгүй.
Биеэ үнэлэхийг хуулиар хүлээн зөвшөөрчихвөл олон асуудал шийдэгдэнэ
Д.АМАРТҮВШИН (Сүхбаатар дүүргийн иргэн, жиргээч):
-Саун, массажны газарт охид, эмэгтэйчүүдийн биеийг далд хэл-
бэрбээр үнэлүүлж байна. Тэнд биеэ үнэлж буй эмэгтэйчүүд эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагддаггүй. Биеэ үнэлэхийг хуулиар хүлээн зөвшөөрчихвөл олон асуудал цогцоор шийдэгдэх мэт санагддаг. Адаглаад л насанд хүрээгүй хүүхдүүд биеэ үнэлэх, бусдын биеийг хүчээр үнэлүүлэх явдал, бэлгийн замын халдварт өвчний тархалт буурна. 1990-ээд он гарснаар ХБНГУ-д зүүн Европоос олон эмэгтэй цагаачлан ирж, тэдний биеийг хүчээр үнэлүүлэх явдал газар авсан гэдэг.
Ингээд 2002 онд тус улсын Засгийн газар биеэ үнэлэхийг хуульчилсан байна. Ингэснээр бэлгийн замын халдварт өвчний тархалт, насанд хүрээгүйчүүдийн биеэ үнэлэх явдал зогссон юм билээ. Нөгөө талаас бэлгийн харилцаа бол хүний биологийн анхдагч хэрэгцээ. Хааж, хориглох тусам хүмүүс энэ хэрэгцээгээ янз бүрийн гаж, буруу байдлаар хангаж эхэлнэ. Муугаар хэлэхэд хүчирхийлэл, балмад гэмт хэрэг өдүүлж магадгүй.