Гуч дахь Ерөнхий сайд томилогдоод 113, танхим нь бүрдээд 99 хоног өнгөрч байна. Ерөнхий сайд томилогдсоноос хойших 100 дахь өдөр бид “Тодорхойгүй 100 хоног” нийтлэлдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар тодорхой бодлого, зорилтгүй явж ирсэн талаар “Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас олон шийдвэр гарчээ. Тэдгээрийн дийлэнх нь олон нийтийн анхаарлын төвд байгаа, хүлээлт үүсгэсэн асуудлаар, цаг зуурын шинжтэй, тухайн үедээ л “гал унтраагаад” өнгөрөхөөр зүйл байх аж. Тусгай дуут гэрлэн дохионы хэрэглээг цэгцлэх, Шүүх эмнэлгийн шинжилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс төлбөр авахыг болиулах, тусгай зөвшөөрөл олгох ажлыг ил тод, нээлттэй болгох зэрэг шийдвэр Засгийн газар гаргасан нь сайн хэрэг.
Гэхдээ эндээс У.Хүрэлсүхийн бодлого гээд хэлчихээр даацтай, далайцтай, монголчуудын хүсэн хүлээж буй хөгжил дэвшилд түлхэц өгөх зүйл харагдахгүй. Түүний Засгийн газарт бодлого бий гэхэд эргэлзмээр гэсний учир энэ” хэмээн бичиж байв. Харин энэ удаа хурандаагийн Засгийн газрын бодлого тодорч эхэлж буй талаар бичих гэж байна. Хэр баргийн дарамт шахалтаас эмээхээргүй зоригтой, эх орноо гэсэн халуун цустай хурандаа гэсэн имиж бүрдүүлж, намын нөхрөө түлхэж гарч ирсэн У.Хүрэлсүхэд нийгэм их итгэл хүлээлгэсэн.
Улсын хөгжил урагшлахгүй гацаж, улстөрчдийн ажил нэг л болохгүй байгааг мэдрээд удсан иргэд түүнээс их зүйл хүлээсэн. Гэтэл өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээлтэд нь хүрч ажиллаагүй тул олон нийт урам хугарах тийшээ хандаад байна.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн 100 хоногт ажилтайгаа танилцсан, одоо бодлогоо зарлана гэж байна. Эх сурвалж “Шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай, улс орны эдийн засгийг хөгжүүлэх, алсыг харж, ойрын галыг унтраасан, цаашид явах замаа тодорхойлсон эрс шинэчлэлийн бодлого боловсруулсан. 100 хоног дээрээ уг бодлогоо танилцуулна. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжлийн замдаа орно” гэсэн. Эрс шинэчлэлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгчтэй санал солилцсон зүйл ч бий гэнэ.
Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын санал солилцсон эрс шинэчлэлийн бодлого гэхээр сонирхол татахгүй байхын аргагүй. Тиймээс зарлах өдрийг нь хүлээж тэвчилгүй сураг тавилаа. Нэн тэргүүнд өнгөрсөн хугацаанд буруу замаар явсан, улсын болон нийтийн эрх ашгийг хохироож буй асуудлуудыг цэгцэлж, зөв голдиролд нь оруулах зорилго тавьж буй гэж эх сурвалж хэлсэн. Үүнд Монголын талд ашиггүй гэрээнүүдийг цэгцэлж, байгалийн баялгийг хараа хяналтгүй ашиглаж, цөөнх өрмийг нь хүртэж байгааг эргэж харах зэрэг ажил орох аж.
Ерөнхийлөгч Х.Баттулгын намрын чуулганы нээлтэд хэлсэн “Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ. Ашигт малтмалын хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтэн л газрын баялгийг эзэмших нөхцөл бүрдүүлсэн байгааг
засъя. Улсын хөрөнгөөр хайгуулыг нь хийж, нөөцийг нь тогтоосон ордыг хувийн компани, гадаадуудад найр тавьж өгдгийг болиулъя. Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио. Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсэж байна” гэсэн үг Засгийн газрын эрс шинэчлэлийн бодлоготой нийцэх бололтой.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан, “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан, цаашид “Оюутолгой” төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө “Туркойз хилл ресурс”-аас авсан зээлийн хүүг бууруулах, БНХАУ-аас эрчим хүч авсны төлбөрт өгдөг 160 сая ам.долларыг дотооддоо үлдээхийн тулд Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц байгуулах зэрэг ажлыг гэрээний дагуу шийдэх асуудал тавьж, ажлын хэсэг байгуулахаар болсныг Засгийн газрын эрс шинэчлэлийн бодлогын эхлэл гэж харж болохоор байгаа юм.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан Дубайн гэрээг зөрчиж, үндэслэлгүй акт тавьсан гэх шүүмжлэлд өртөөд буй 155 сая ам.долларын татварыг нөхөж авах шийдвэр ч мөн эрс шинэчлэлийн бодлогын нэг хэсэг болов уу. Тэгвэл өнгөрсөн сард “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө Монгол Улсын эрх ашигт нийцсэн, эсэхэд аудит хийхдээ Дубайн гэрээг эхний ээлжинд авч үзнэ. Үндэсний аудитын газар, олон улсын аудитын байгууллагуудтай хамтарч, тусгайлсан горимоор шалгалт хийхээр төлөвлөж байгаа” хэмээсэн нь санамсаргүй хэрэг биш байж таарах гээд байна. Эндээс харвал У.Хүрэлсүхийн Засгийн газар “Оюутолгой” төсөл, Дубайн гэрээг тойрч нэлээд эргэлдэж магадгүй нь. Харин хөрөнгө оруулагчдаа үргээж орхисон, ганц “Оюутолгой” төсөл “амь”-тай байгаа энэ үед тэдний ажил хаа хүртэл үргэлжилж, ямар үр дүнд хүрэхийг таашгүй.
Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед үүнийг хийсэн гэж хойшид яригдах гол бүтээн байгуулалтын ажил нь нефть боловсруулах үйлдвэр байх боломж тун өндөр байна. Энэтхэг улсаас олгох хөнгөлөлттэй зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр барихад зарцуулахаар болж, санхүүжилт нь шийдэгдсэн, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээг нь Энэтхэгийн компани хийж, газраа сонгочихсон гээд уг төсөл хэрэгжих нөхцөл бүрдчихээд байгаа юм. Өнгөрсөн зууны дунд үеэс мөрөөдөж, П.Очирбат Ерөнхийлөгч дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялаах үеэс зорилго, зорилт болсон ч өнөө хэр бодит ажил болоогүй нефть боловсруулах үйлдвэрийг барих ажлыг шуудруулчихвал У.Хүрэлсүхийн Засгийн газарт баяр хүргэхээс аргагүй.
Харин тэдний Засгийн газарт цаг тун бага байна. Хамгийн сайнаар бодоход дараагийн сонгуулиас өмнө огцорчихолгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгана гэж үзвэл тэдэнд хоёр жилийн хугацаа л бий. Танхим нь бүрэлдсэнээс хойш 100 хоногийн турш ажилтайгаа танилцаж, сая нэг бодлого боловсруулж, түүнээ зарлах гэж байгаа шигээ хурдтай ажиллавал төлөвлөсөн ажлынхаа алийг нь ч хийж чадалгүй суудлаасаа буух гашуун тавилан хүлээж буй.