Манай улсын эрчим хүчний хэрэглээ өсөж, гадаадаас өндөр үнээр цахилгаан худалдан авч буй энэ үед зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр” ХХК Дулааны цахилгаан станцдаа 48 мВт-ын хүчин чадал бүхий дөрвөн турбингенератор нэмж суурилуулан, нийт хүчин чадлаа 53 мВт болгож өргөтгөв.
Энэ нь тус үйлдвэр эрчим хүчний томоохон хэрэглэгч байснаа үйлдвэрлэгч болж буй түүхэн үйл явдал юм. Тус станцын өргөтгөлийг уржигдар нээсэн бөгөөд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, БНХАУ-ын Элчин сайдын улс төрийн зөвлөх Ли Янжун, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Харбин электрик интернэйшнл” компанийн ерөнхий захирал Чу Аймин болон албаны бусад хүн оролцов.
Эрдэнэт овоог ашиглаж эхэлсэн үе буюу 1976 онд байгуулагдсан тус станцыг 2011 онд таван мВт-ын хүчин чадалтай болгон өргөтгөснөөс хойш үйлдвэрийн техник технологийг шинэчлэх, өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх олон ажил хийсний нэг нь “Эрдэнэт үйлдвэр” өөрийн хөрөнгөөр станцынхаа хүчин чадлыг өргөжүүлсэн энэхүү бүтээн байгуулалт юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн “Манай станцын хүчин чадал 53 мВт болсноор үйлдвэрийнхээ нийт хэрэглээний 50 хувийг суурилагдсан хүчин чадлаараа хангах боломжтой боллоо. Энэ бол үйлдвэрийн хэвийн, жигд үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт. Бид төрөлх үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн төлөвлөгөө боловсруулсан. Төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх найдвартай дэд бүтэц бүрдүүллээ. Эрчим хүчний системд ашиглаж буй хамгийн сүүлийн үеийн энэхүү технологи нь өртөг зардал хямд хэрнээ ажиллагаа нь найдвартай.
Тиймээс зардлаа богино хугацаанд нөхөх боломжтой. Дүн өвлийн хүйтэнд цаг алдалгүй, тэр ч бүү хэл хугацаанаасаа хоёр сарын өмнө ашиглалтад орууллаа” гэв. Өргөтгөлийн станцын үйлдвэрлэж буй эрчим хүчний тооцоог нэгтгэн Диспетчерийн үндэсний төвд мэдээгээ өгдөг, ахлах ажилтан М.Галиндэв “Турбингенераторын 12 мВт-ын дөрвөн машин суурилуулснаар манай станц хүчин чадлаараа улсын хэмжээнд гуравдугаарт орж байна. Бид зуухны гаргаж буй нийт ачаалал, температур, даралт, турбингенераторуудын чадал болон хүчдэл, давтамжийн хэмжээс зэргийг цаг бүр бүртгэж, мэдээгээ Диспетчерийн үндэсний төвд нэгдсэн журмаар илгээдэг” гэлээ.
Нээлтийн үеэр бусдыгаа манлайлан ажилласан хэсэг хүнийг Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг, жуух бичгээр урамшуулсны дараа зочид болон уурхайчдад зориулан баярын хүндэтгэлийн хурал, тоглолт зохион байгуулав. Монголын эрчим хүчний дөрөвний нэгийг дангаараа хэрэглэдэг байсан тус үйлдвэр ийнхүү дотоодын хэрэгцээнийхээ 50 хувийг бие даан шийдэхээр болсон нь баярлахгүй байх аргагүй. “Манай үйлдвэрийн хамгийн том хоёр зардлын нэг нь эрчим хүчнийх. Үүнийг л бууруулах хэрэгтэй гэж бид зүтгэсэн.
Дөрвөн жилийн өмнөөс ТЭЗҮ-ээ бичиж, яам, Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар оруулж, тусгай зөвшөөрлөө авч, үйлдвэрийн удирдлага, станцын хамт олонтойгоо хамтран энэ их ажлын ард гарлаа. Эрдэнэтэд болсон эрчим хүчний зөвлөгөөнд оролцогчид “Монгол Улсад үлгэр жишээ болохуйц төсөл” гэж үнэлсэн. Мөн Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд төслийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Монголд хийж буй ажлын загвар төсөл гэж үзсэн учраас ашиг хараагүй” гэсэн. Төслийн үр дүнд улсынхаа хэмжээнд хүчин чадлаараа гуравт орох Дулааны цахилгаан станцтай болсондоо бахархаж байна. Цаашдаа бид станцынхаа хүчин чадлыг сайжруулан, үйлдвэрлэлээ өндөр хэмжээнд явуулж чадвал чамгүй үр ашиг гарна. Мэдээж эхний жил техник, тоног төхөөрөмжөө зүгшрүүлэх хэрэгтэй.
Энэ станц маань хамгийн багадаа 50 жил ажиллана” гэж Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөх төслийн удирдагч, тус үйлдвэрийн ерөнхий эрчимзүйч, Эрчим хүчний дарга Ш.Төрбат ярив. Харин Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ “42 дахь жилдээ ажиллаж буй Дулааны цахилгаан станцынхаа суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах зорилтыг биелүүлэхийг бид хүсэж байсан. Хоёр үе шатаар өргөтгөлөө хийлээ. Эхнийх нь 2012 онд АНУ-ын 2.5 мВт-ын хоёр турбингенератор суурилуулсан, 2015 оны есдүгээр сарын 7-нд БНХАУ-ын “Харбин электрик интернэйшнл” компанитай гэрээ байгуулж, амжилттай ажиллалаа.
Хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжсэн түүхэн жил 2017 он байв. Харин 2018 оноос станцаа үр ашигтай ажиллуулах үүрэг хүлээлээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний системд баруун аймгийнхаа бүс нутгийн томоохон үйлдвэрлэгч болсон. 53 мВт гэдэг суурилагдсан хүчин чадлаараа улсдаа эхний гуравт орж буй үзүүлэлт. Эхэнд нь “ДЦС-4” хүчин чадал нь 700 мВт, удаах нь “ДЦС-3” 198 мВт, дараа нь манай станц 53 мВт бол, дөрөвт Дархан-Уул аймгийн дулааны станц 48 мВт хүчин чадлаар ажиллаж байна. Цаашид Дархан-Уул болон манай аймгийн дулааны станцад өргөтгөл хийнэ. Манай Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн өртөг 41 сая 848 мянган ам.доллар болсон. Нэг мВт нь 750 мянга орчим ам.доллар гэхээр энэ нь манай улсын хэмжээнд хямд үнийн жишиг болж байгаа юм. Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн даалгаврын дагуу энэ жил 310 сая орчим кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр болсон. Жил бүр ийм хэмжээнд үйлдвэрлэвэл 6.5 жилийн дараа бид зардлаа нөхнө” гэж ярив.
Тус станцын өргөтгөлийг барих сонгон шалгаруулалтад долоон компани оролцсоноос БНХАУ-ын “Харбин электрик интернэйшнл” шалгарсан бөгөөд тэд гадаадын 52 төсөлд оролцсон туршлагатай аж. Тус компанийн Монгол дахь төслийн удирдагч Сүн Хайлүн “Энэ нь манай компанийн Монгол Улс дахь анхны төсөл байсан учраас бид маш чухалд тооцож, гэрээний хугацаанд хариуцлагатай ажиллан, өндөр түвшинд гүйцэтгэсэндээ баяртай байна. Манайх БНХАУ-ын том оврын турбингенераторын тоног төхөөрөмж үйлдвэрлэх, экспортлох, цахилгаан станцын гүйцэтгэлийн ажлыг хариуцдаг олон улсын гүйцэтгэгч компанийн нэг” гэлээ.
Энэхүү өргөтгөл нь Турбин цех, Эргэлтийн усны шахуургын станц, хөргөх цамхаг, нүүрс буулгах төхөөрөмж зэргээс бүрдэх цогцолбор байгууламж юм. Монголд анх удаа 110 кВ-ын цахилгаан дамжуулах кабел шугамтай, алсын удирдлагатай бүрэн автоматжсан хаалттай хуваарилах байгууламж гэдгээрээ онцлог гэнэ. Хүчин чадлаа нэмж, улсдаа гуравт эрэмбэлэгдэж буй тус станцад одоогоор 320-иод хүн ажиллаж буй. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 4-5 хувиар өссөн. Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн аль алиных нь эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дулааны цахилгаан станцыг байнга дэмжиж ажиллах болно” гэж хэлээд тус компанийн хамт олонд эрчим хүч үйдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий батламжийг баярын хурлын үеэр гардуулж өгөв.