-Машин ачих компаниудын үйл ажиллагааг журамлах талаар дахиад л ярьж эхэллээ-
Машин ачих үйлчилгээ эрхэлдэг компаниудын эрхийг цуцалвал ямар вэ. Ийм үйлчилгээ эрхэлдэг нэг компани өдөрт дунджаар 50 машин ачиж, гурван сая төгрөгийн орлого олж буй. Амралтын өдрүүдийг хасвал сард дунджаар 15, жилд 180 гаруй сая төгрөг олдог гэсэн үг. Ийм хэмжээний орлого олж буй учраас жөтөөрхөж, тэдний эрхийг цуцлахыг уриалсангүй, татварыг нь бодитоор төлүүлж, үйл ажиллагааг нь ил болгуулах зорилгоор ийн бичив.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 17 байгууллага ийм үйлчилгээ эрхэлж байна. Тэдний нэг нь л Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийнх. Тус байгууллагын ачигч машины цугцуулсан орлого л нийслэлийн төсөвт (жилд дунджаар 300 сая төгрөг) ордог. Харин үлдсэн 16 нь сохор зоос ч улс, нийслэлд өгдөггүй, цөмийг нь өөрсдөө халаасалдаг. Тэр байтугай өдрийн орлогоо үнэн, зөв мэдүүлж, иргэдэд татварын буцаан олголттой баримт өгдөг байгууллага тэдэн дунд бараг л алга.
“Хос шугам” компанийн жолооч “Манай нэг ачигч өдөрт 10-аад машин ачдаг. Багаар бодоход байгууллагын бүх ачигч 60 орчим машин журамладаг” гэж ярьсан юм. Тус компанийнхан ачих үйлчилгээнээс өдөрт дунджаар 3.6 сая төгрөгийн орлого олдог байх нь. Сард 18 сая төгрөгтэй болж байгаа гэсэн үг. Гэтэл тэд жилд 30 сая төгрөгийн ашигтай ажилладаг хэмээн тайлангаа нийслэлийн Татварын газарт мэдүүлсэн гэх юм. Өөрөөр хэлбэл, орлогоо худал мэдүүлдэг гээд хэлчихэд хилсдэхгүй.
Нийслэлийн Татварын газрынхан “Ийм компаниудын орлогыг яг тогтоох боломжгүй. Үйлчилгээний төлбөрөө бэлнээр аваад, түүнийгээ тайландаа тусгахгүй байх сөрөг тал бий. Ер нь зарим байгууллага санхүүжилтээ нуух тохиолдол гаргадаг. Олонх нь зарлагаа хасаад жилд 30 орчим сая төгрөгийн орлоготой ажилладаг гэж тайлагнасан байдаг. Мөн НӨАТ-ын баримт ч өгдөггүй. Он гарсны дараа тус байгууллагуудтай гэрээ байгуулсан нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Төлбөрийн цахим систем нэвтрүүлж, иргэдэд НӨАТ-ын баримт олго” гэсэн үүрэг өгсөн юм. Одоогоор баримт хэвлэдэг машинаа бүртгүүлсэн байгууллага алга” гэж хариулсан.
Татвараас бултдаг зөрчлийг нь арилгуулахаас гадна машин ачих үйлчилгээ эрхэлдэг компаниудын орлогын тодорхой хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг болгохоор гурван жилийн өмнөөс ярьсан ч хотын удирдлага өнөөг хүртэл дорвитой алхам хийсэнгүй. Төр, хувийн хэвшилтэй хамтран иргэдэд үйлчилгээ үзүүлэх тохиолдол цөөнгүй. БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврийн компаниудыг нэг удирдлагад оруулж, гадаадын хөрөнгө оруулалтаар төлбөрийн цахим систем нэвтрүүлсэн ч жилийн орлогынхоо 30 хувийг нийслэлд өгдөг.
Харин төлбөртэй зогсоол байгуулсан 27 иргэн, байгууллага орлогынхоо 60 хувийг нийслэлийн Авто замын санд шилжүүлдэг. Гэтэл хоттой гэрээ байгуулж, үүнийхээ үр дүнд өдөрт багагүй хэмжээний орлого олдог машин ачих компаниуд нийслэлийн төсөвт орлого хуримтлуулдаггүй нь хачирхалтай. Энэ талаар нэгэн эх сурвалж “Хотын өмнөх удирдлага гэрээнд энэ талаар тусгаагүй. Үүнээс нь болоод гажуудал үүссэн. 2015 онд нийслэлийн ИТХ-д орлогын тодорхой хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх санал оруулсан боловч хүлээж аваагүй. Ачих үйлчилгээ үзүүлдэг компаниудын эзэд нь цагдаа болон төрийн нөлөө бүхий албан тушаалтан байдаг бололтой юм билээ” гэж хэлсэн юм.
Тэгвэл саяхнаас нийслэлийн удирдлага ачих үйлчилгээний гэрээг шинэчилж, орлого, зарлагыг нь “шилэн” болгох талаар ярьж эхэллээ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ачих үйлчилгээ үзүүлдэг компаниудын гаргаж буй бүх алдааг хүлээн зөвшөөрч, “Удахгүй тэдний үйл ажиллагааг цахим системд оруулахаар төлөвлөж байна. Хэд хоногийн өмнөөс нийслэлийн Татварын газар болон бусад албатай хамтран энэ талаар ярилцаж эхэлсэн. Мөн орлогынх нь тодорхой хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг болгохыг ч хэлэлцэнэ” гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний орлогын 40 хувийг төсөвт төвлөрүүлдэг байхаар ярилцаж буй бололтой.
Гадаадын улсуудын машин ачих үйлчилгээ манайхаас тэс ондоо, зөвхөн дуудлагаар ачдаг журамтай. Хувь хүний эзэмшлийн газарт зогссон бол тухайн хүний, нийтийн эзэмшлийнх замд зогссон бол замын цагдаагийн дуудлагаар ачдаг аж. Харин манай улсын ийм үйлчилгээ үүнээс эсрэг. Ачилтын компанийнхан авто зогсоол хомс газраар эргэлдэж, түр зогсох төдийд л иргэдийн машиныг чирээд л зугтчихна. Үүнийхээ дараа цагдаагаас зөвшөөрөл авах нь энгийн үзэгдэл болсон гэж хэлж болно.
Гадаадын улсууд авто замын нэгдүгээр эгнээ болон хориглосон газар зогссон тээврийн хэрэгсэлд “Зогсоолын торгууль” ногдуулдаг тогтолцоотой. Хэрэв манай улсад ийм торгууль ногдуулдаг болбол машин ачилтын үйлчилгээний орлого тэр чигтээ хотын төсөвт орно гэсэн үг. Багаар бодоход жилд гурван тэрбум төгрөг хотын төсөвт төвлөрөх тооцоо бий. Мөн үүнийг хэрэгжүүлэх программ хангамжийн орчин нь ч бүрдсэн гэнэ. Энэ хөрөнгөөр давхар зогсоол байгуулбал хэдхэн жилийн дотор авто замын нэгдүгээр эгнээ, хориглосон газарт тээврийн хэрэгслээ байрлуулах зөрчил гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
Ер нь авто зогсоолын хомсдол, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг далимдуулан үүнээс үүдэн гарсан хохирлуудын нэг нь машин ачих үйлчилгээний үр дагавар гэчихэд нэг их буруудахгүй. Монгол Улс өнөөдрийг хүртэл Авто зогсоолын тухай бие даасан хуульгүй, бусад хууль тогтоомжид хавчуулагдсан зарим нэг журам, тайлбараар бэрхшээлээ зохицуулж ирсэн. Дуртай талбайгаа олс, дээсээр хааж, шон босгож цоожилж түгждэг болсон ч үүний уршиг. Өдгөө нийслэлийн удирдлага зогсоолын тоог нэмэхийн тулд автобусны буудлын “халаас”-ыг нэгбүрчлэн судалж, үйлээ үзэж сууна.
Хэв журам тогтоох нэрийдлээр “боловсон дээрэм” хийж буй компаниудын эрхийг цуцалж, оронд нь торгуулийн систем нэвтрүүлж, улс, нийслэлийнхээ төсөвт орлого төвлөрүүлж, түүгээрээ авто зогсоол байгуулбал иргэнд ч, төрд ч хэрэгтэй баймаар. ЗЦА-ныхан дөрвөн жилийн өмнө энэ асуудлаар жолооч нараас асуухад дуу нэгтэй зөвшөөрч байсан юм билээ. Хот үүнийг нь дэмжиж чадавхаа бэхжүүлсэн бол өнөөдөр ачилтын компаниуд хуулиас давсан эрх эдэлж, хариуцлагаа огоорохгүй байсан нь лавтай.