Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ олимпын аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болж үлдэнэ. Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ. Өрсөлдөөн дундаас үнэхээр авьяас чадвар, хүч чадалтай нь л тодорч гарна.
Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг охин, түүгээр дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямархан байгааг харуулахаар “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгаа эхлүүлээд байгаа билээ. Цуврал сурвалжилгын дөрөв дэхийг хүргэж байна. М.Пүрэвтунгалаг Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин юм.
НАЙЗЫН БАЯР-МИНИЙ БАЯР
Саяхан болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийнх нь гишүүн Ө.Пүрэвсүрэн хүрэл медаль хүртсэн тул М.Пүрэвтунгалаг болон тэдний багийнхны хувьд баяр хөөрөөр дүүрэн өдрүүд өнгөрч байна. Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсан, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нарын санаачилгаар 2010 онд байгуулагдсан “Байдрагийн хүчтэн” клуб аймгийнхаа шигшээ баг болтлоо өргөжиж, чадавхижсан арав шахам жилийн хугацаанд насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртсэн нь энэ. Үүнийг энэ багийн анхны медаль гэж эндүүрэв. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс авсан анхны медаль болохоос биш, өсвөр үе, залуучуудын ангилалд тус багийн хүүхдүүд олон амжилт гаргасан.
С.Мөнхдуулдах дасгалжуулагч ажлаа авч, хүүхдүүдээ цуглуулаад 2012 онд чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ-д анх оролцсон бөгөөд 2013 оноос хойш алтан медаль тасралтгүй хүртжээ. Хүүхдүүдээс дөрөв нь спортын мастер, гурав нь дэд мастерын болзол хангасан. Багийн дүнгээр эмэгтэй баг хоёр алт, хоёр хүрэл, эрэгтэй баг хоёр хүрэл медаль хүртээд буй. 2016 оны УАШТ-ий 20 жингийн 12 медалийг эдний хүүхдүүд авсан. Тэд олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдэд ч чамгүй амжилт гаргаад байгаа. Тухайлбал, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл, Азийн хүүхдийн их наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл медаль хүртжээ.
Чөлөөт бөхийн спортод дурлан хичээллэж буй үе тэнгийнхэн, тэднийг их спортод замчилж буй багш дасгалжуулагчид Баянхонгорын чөлөөтийн хүүхдүүдийг андахгүй. Бүр тэдний багтай хамтарсан бэлтгэл хийхээр газрын холоос зорьж очдог болжээ. Дөрвөн есийн хүйтэн магнай хага ташуулан тачигнаж буй энэ өдрүүдэд Биеийн тамир, спортын дунд сургуулийнхан тус багтай хамтарсан бэлтгэл хийхээр нийслэлээс Баянхонгорыг зорьсон бол гуравдугаар сард болох өсвөрийн УАШТ-ий бэлтгэлээ хангахын тулд Өвөрхангай аймаг, Чингэлтэй дүүргийн шигшээ багийнхан мөн хамтарсан бэлтгэл хийхээр ярьж байгаа гэсэн.
Өсвөр үеийнхэн дундаа өөрийн гэсэн байр суурь, орон зайг нэгэнт бүтээж чадсан тус багийн гишүүдийн түрүүч нь энэ жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болж, анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн нь энэ юм. Тамирчны ялалт амар ирдэггүйг яс махаараа мэдэрч хүмүүждэг спортоор хичээллэгчдийн нэгэн адил сурвалжилгын гол баатар М.Пүрэвтунгалаг багийнхаа гишүүний өмнөөс хязгааргүй баярлаж байгаа гэсэн. Гол баатар маань насанд хүрэгчдийн ангилалд оролцох хараахан болоогүй тул гуравдугаар сард болох өсвөрийн УАШТ-д хүчээ үзэхээр бэлтгэлээ хангаж буй.
“МОНГОЛЫН АНХНЫ ОЛИМПЫН АВАРГА ЭМЭГТЭЙ БОЛМООР БАЙНА”
Шавь нарынх нь нэгийг онцлон сурвалжилж, XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэд хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлдээ хүрэхийн тулд ямар зам туулдгийг харуулах зорилго тавьж буйгаа дуулган, зөвшөөрөл авахаар анх холбогдох үеэс л С.Мөнхдуулдах багш “Охидоос Хонгорзул, Пүрэвсүрэн хоёрт би их найдлага тавьж байгаа. Эднийг сурвалжилгадаа оруул л даа” хэмээж байв. Тухайн үед спортод амжилт гаргасан буюу гаргах ирээдүй нь тодорхой болсон нэгнийг биш, олны анхааралд өртөөгүй, хэний ч танихгүй хүүхдийн амьдралыг гаргах чиглэл редакцаас авсан болохоор үгэнд нь оролгүй гол баатраа сонгосон юм.
Сонгосон гол баатар М.Пүрэвтунгалагийг даган бэлтгэлд нь очих бүрт С.Мөнхдуулдах багш нөгөө л үгээ давтаж, “Энэ хоёр 2020 оны олимпоос өмнө тодроод ирнэ дээ. Пүрэвсүрэнгийн шаргуу, тууштайг яана. Миний шавь болсноос хойших зургаан жилийн хугацаанд нэг ч удаа бэлтгэл таслаагүй цөөхөн хүүхдийн нэг нь тэр” хэмээн магтана. Гүйлтийн бэлтгэл дээр “Пүрэвсүрэн цээжинд л гүйгээд байгаа биз. Амьсгаадахгүй, эцэж цуцахгүй байгаа нь бэлтгэл сургуулилалт сайтайнх шүү дээ” гэнэ.
Эцэст нь, С.Мөнхдуулдах багшийн “нөлөөнд автаж”, М.Пүрэвтунгалагаас гадна Ө.Пүрэвсүрэнг “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгынхаа нэгэн дүр болгохоор шийдсэн юм. Редакцаас өгсөн чиглэлээс зөрөн, ганц гол дүрээ хоёр болгох шийдвэр гаргахад нөлөөлсөн зүйл дан ганц багшийн “шахаа” биш л дээ.
Танхимын бэлтгэл дээр өнжсөн нэг өдөр хоёр ой л өнгөрч байгаа болов уу гэмээр бондгор охин өдөржин дэвжээн дээгүүр гүйсэн юм. Түүнийг барилдаж буй нэгний хөлд өртчихөөс хамгаалан, багийн хүүхдүүд ээлжлэн нааш цааш зөөж, бүгд л эгч, ах шиг нь өхөөрдөн, эрхлүүлж байв. Бяцхан охиныг хажуугийн дэвжээний эмэгтэй дасгалжуулагчийн хүүхэд байх, харах хүнгүйдээд ээж нь ажилдаа авчирсан биз хэмээн тааж суутал бэлтгэл дуусаж, Пүрэвсүрэн охиныг тэврээд гарлаа.
Сониуч зан хөдөлж “Энэ охин Пүрэвсүрэнгийн дүү юм уу, бэлтгэлдээ байнга авчирдаг уу” гэж асуугаад “Пүрэвсүрэнгийн аав, ээж тус тусын мөрийг хөөсөн. Ээж нь говийн нэг суманд амьдардаг. Хөдөөгийн ажил их болохоор тэр бүр аймаг руу ирж охинтойгоо уулзаад байж чаддаггүй. Харин охин аймагт хамаатныхаа айлд амьдарч, хүүхдүүдийг нь хардаг. Бэлтгэлээ таслахгүйн тулд дүү нараа авч ирэх өдөр олон. Ер нь багаасаа бие дааж, өөрөө л хичээхгүй бол болохгүй гэдгээ ойлгож, хэрсүүжсэн охин. Сар бүр олгодог 20 мянган төгрөгөөр л өөрийгөө болгодог” гэсэн хариу сонсов.
Энэ үгийг сонсоод охиныг өрөвдөхөөсөө илүү бахархах сэтгэл төрсөн. Дээрээ суудлаа, доороо гүйдлээ олохгүй, төөрч будлиж яваа ороо бусгаа цаг үеийн салхинд шавхуурдуулан, жиндэж яваа олон хүүхэд бий. Харин Пүрэвсүрэн балчир насандаа баймгүй тэвчээр хатуужил, зорилго тэмүүлэлтэй нэгэн аж. Хүнд хэцүүд бууж өгөлгүй, сөрөн зогсож, ялалтын төлөө зүтгэж буй энэ охин надад хөр цасыг нэвтлэн ургах хаврын яргуй шиг санагдсан.
Үүнийг бичих, эсэхдээ би багагүй эргэлзсэн. Одоо ч энэ бүхнийг бичих нь зөв үү хэмээн эргэлзсээр сууна. Гэвч амьдрал бол амьдрал шүү дээ. Энэ бол эмзэглэж, нуух зүйл биш. Дэлхийд цуу алдраа дуурсгасан олон хүн хүнд хэцүү амьдралаас хэрхэн босож ирснээ бахархан ярьдаг. Багшийнх нь итгэл найдвар биелж, Пүрэвсүрэн Монголын нэрийг дэлхийд дуурсгасан бөх боллоо гэхэд туулсан амьдрал нь түүх болно. Гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн төрийн бодлого алдагдсан зурвас үеийн сүүдэрт дайруулсан Монголын мянга мянган хүүхдийн дундаас шаргуу дайчин чанараараа тодорч гарсан хүчирхэг эмэгтэйн түүх бүтэх эхлэл нь энэ болох биз ээ гэсэн өөдрөг бодлоор эдгээр мөрийг тэрлэх зоригоо чангаллаа.
Ингээд Ө.Пүрэвсүрэнтэй уулзаж хүсэл мөрөөдөл, зорилгынх нь тухай ярилцсан юм. Тэрбээр “Чөлөөт бөхөөр хичээллээд зургаан жил болж байна. Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд орж медальгүй үлдчихээд, гонсгор явахад багш намайг дуудаж, “Ягаан зааланд ирээрэй” гэсэн. Багш тэгэхэд дөнгөж ажилдаа орчихоод, хүүхэд хайгаад явж байсан юм билээ. Ингэж багшийнхаа шавь болсондоо үргэлж баярладаг. Одоогоор Тайланд улсын Бангкок хотод болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн маань миний хамгийн том амжилт. Цаашид олимпын аварга болохыг мөрөөдөж байна. Монголоос олимпын аварга эмэгтэй төрөөгүй. Би анхных нь баймаар байна” гэсэн.
Тэр бас өсвөр үеийн УАШТ-д тав дараалан түрүүлсэн, хосгүй амжилтын эзэн. Тэр олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхдийн нэг. Багш нь түүнд асар их итгэл хүлээлгэдэг.
“Бэлтгэлээс халшрах, зүрхшээх үе гарч байв уу. Юу хамгийн хэцүү санагддаг вэ” гэхэд “Үгүй ээ. Би бэлтгэлээ хийх дуртай. Харин өвлийн улиралд 20.00 цагт бэлтгэл тарахад харанхуй болчихсон байдаг нь жаахан хэцүү. Аймгийн зах руу гудамжны нохой ихтэй учраас бага зэрэг айдаг. Түүнээс бусдаар шантарч, халшрах зүйл байхгүй. Бас бэлтгэл сайн хийхээр борцовк амархан урагдчихдаг нь хэцүү” гэв.
Шигшээ багийнхны бэлтгэлийн байрнаас түүний амьдардаг айл хол. Бэлтгэлийн байр аймгийн төвийн зүүн урд байрлах бол тэднийх аймгийн баруун хойд захад. Гэвч охины мөрөөдөл өвлийн хүйтэн, харанхуй шөнө, хол зам, гудамжны нохой, ер нь юу ч байсан бүдэрч сөхрөхөөргүй хүчтэй нь бахархмаар.