Хүн ам олноор суурьшиж, төвлөрснөөс үүдэн бохирдол, хомсдол хэмээх ужигт өвчин нэгэн жижиг тосгонд гаарч, иргэдийг нь тэвдээх болжээ. Түгшүүрт байдал удаан үргэлжилбэл оршин суугчид уух ус, гишгэх газар, амьсгалах агааргүй болж, үй олноороо амь тавих эмгэнэлтэй ирээдүй тэднийг хүлээж буй. Тосгоны захирагч, түүний доорх албан тушаалтнууд энэ бүх бэрхшээлийг хэрхэн шийдэх гарцыг удаан хугацаанд эрэлхийлж “шоргоолжны үүр”-ийг хөндөх нь хамгийн оновчтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, шавааралдан суурьшсан иргэдийг өөр тийш нүүлгэж, төвлөрлийг сааруулахаар шийдэв. Ингээд амьдрах нөхцөл сайтай, шинэ газар руу айлуудыг нүүлгэх кампанит ажлыг багагүй хугацаанд өрнүүлсэн ч байдал дээрдсэнгүй, өмнөхөөсөө ч дордлоо. Тосгоныг чиглэсэн хөдөлгөөн тасардаггүй учир нутаг сэлгэсэн айлуудын буурь дорхноо эзэнтэй болж, төвлөрлийн голомт бүхий өнөөх бүс улам тэлсээр байж. Тэдний санаачилга цоорхой хувингаар ус зөөхтэй ижил үр дүнгүй болов.
Дээрх ярьсан зүйлс танд нэг л танил санагдаж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь энэ бол агаар, хөрсний бохирдолд дарлуулсан өнөөгийн нийслэлчүүдийн, тэр дундаа гэр хорооллынхны бодит байдлаас урган гарсан орчин цагийн үлгэр юм. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь шоргоолжны үүр болсон гэр хорооллын төвлөрлийг сааруулж, иргэдээ орон сууцжуулан, яндангийн тоог цөөлөх хэмээн амтай болгон ярьж, бодлого, шийдвэр гаргагчид нь ч энэ чиглэлд онцгой анхаарч буй ч дээрдсэн зүйл үнэндээ алга. Сонин содон нэртэй хотхон, орон сууцны хорооллуудаар нийслэл өргөжин тэлсэн ч Улаанбаатарын утаанд үлэмж “хөрөнгө оруулдаг” гэр хороолол багассангүй.
Манай улс 2013 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээл олгож эхэлсэн. Энэ нь орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх кампанит ажлыг урагшлуулсан, эрчимжүүлсэн чухал шийдвэр байв. Хэдийгээр анх Үнэ тогтворжуулах, ялангуяа барилгын материалын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөртэй уялдуулан үүнийг Монголбанкнаас хэрэгжүүлсэн ч ач холбогдол нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй учраас хүн бүр л энэ шийдвэрийг дэмжиж, ам сайтай байсан юм. Эл хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхээр болж, эх үүсвэрийг нь төсвөөс гаргасан нь ч үүнтэй холбоотой. Ойр дотныхны минь дунд ч ийм зээлээр байртай болсон хүн цөөнгүй. Ипотекийн зээл барилгын салбарынханд өгөөжөө өгөөд зогсохгүй байгаль орчин, иргэдийн эрүүл мэнд, амьдралд ч эерэг нөлөөтэй сонголт байв. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг сумаар нэлээд хэдэн туулай буудах боломжийг бидэнд санал болгосон гэсэн үг.
Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох санаачилга хэрэгжсэнээс хойш буюу таван жилийн хугацаанд 100 мянга орчим өрх тохилог байранд оржээ. Үүнд дөрвөн их наяд төгрөг зарцуулсан гэсэн тооцоо байна. Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн 35 хувьтай тэнцэх тооны айл энэ зээлд хамрагдсан болж тааарах нь. Гэтэл гэр хороололд оршин суугчид болон яндангийн тоо ер буурсангүй, хоёр, гурван жилийн өмнөхтэй ижил хэмжээнд байгааг нийслэлийн удирдлага хэлсэн. Иргэдээ дулаан, тохилог орон сууцтай болгох уриатай элдэв төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжсээр байтал үр дүн яагаад гарсангүй вэ. Үүнд юу нөлөөлөв.
Ипотекийн зээл жинхэнэ эзэддээ буюу гэр хорооллын зорилтот бүлгийнхэнд хүрэхгүй байгааг салбарын яамныхан нь хүртэл саяхан шүүмжлээд авав. Тэдний ярьснаар ийм зээлээр байртай болсон иргэдийн ердөө 18 хувь нь гэр хорооллынх байжээ. Харин орон сууцаа томруулах, амьдрах орчноо өөрчлөх, сайжруулах гэсэн зорилготой иргэд дийлэнх хувийг нь эзэлж байсан гэх. Ийм байхад бид агаар, хөрсний бохирдлоосоо ангижрахгүй байх нь аргагүй шүү дээ. Тарьсан цэцгээ усалж, торддоггүй атлаа “Яагаад ургадаггүй юм бэ” гэж гомдоллож, хариулт эрэх утгагүй биз дээ. Яг л үүнтэй ижил.
Өөр нэг асуудал бий нь гэр хороололд оршин суудаг иргэн Б-гийнх орон сууцтай боллоо гэхэд галладаг өрхийн тоо нэгээр багассан гэж үзэх нь учир дутагдалтай. Өөр нэгэнд хашаа байшингаа худалдах, эсвэл түрээслүүлэх тохиолдол түгээмэл учраас тэр. Гэр хорооллынхон ийм байдлаар яндангийн тоогоо бууруулалгүй, “хадгалдаг” байна. Ипотекийн зээлд хамрагдахад банкнаас тодорхой шалгуур тавьдаг ч заавал гэр хорооллынх байх ёстой гэсэн хатуу шаардлага үгүй. Энэ нь эл хөтөлбөрт хамрагдвал зохих иргэддээ хүрдэггүйн хамгийн гол шалтгаан юм. Магадгүй ийм шалгууртай байгаад зөвхөн гэр хорооллын өрхүүдийн 35 хувийг үүнд хамруулсан бол бид одоогийнхоос арай өөр нөхцөлд амьдрах байсан болов уу. Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон агаарын бохирдол ч гамшгийн хэмжээнд хүрч, биднийг сандаргахгүй байх.
Хотын захирагч С.Батболд өнгөрсөн оны зун нэгэн чухал шийдвэр гаргасан нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчдыг орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамруулах тухай байв. Орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд аж төрдөг өрх нийслэлд 216 000 бий. Үүний дийлэнх нь дээрх бүсэд амьдардаг учраас нэн түрүүнд тэднийг хамруулахаар шийдсэн хэмээн тэрбээр мэдэгдсэн. Үүнтэй уялдуулан “Гэр хорооллын хөгжлийн сан” байгуулсан юм. Тус сангийн Дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүд “Өнгөрсөн онд 153 өрх энэ хөтөлбөрт хамрагдаж, байртай боллоо. Үүнээс хэд дахин олон өргөдөл, материал хүлээж авсан, шалгуур, шаардлага хангасныг нь л сонгосон. Үүнд зориулж 2018 онд таван тэрбум төгрөг төсөвлөсөн” хэмээсэн. Шийдвэр гарснаас нэгхэн сарын дотор 1000 гаруй хүн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ дээрх байгууллагад ирүүлсэн нь ийм нөхцөлтэй зээл иргэдэд юу юунаас ч илүү хэрэгтэйг илтгэнэ.
Урьдчилгаа төлбөргүйгээр ипотекийн зээлд хамруулах эл хөтөлбөрийн гол шалгуур нь орон сууцгүй, утааны голомттой бүсэд оршин суугч байх. Зорилго, ач холбогдол өндөр ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээс үр дүнд хүрээгүй өмнөх хөтөлбөрийн алдааг давтахгүйг хичээн, ийм шалгуур тавьжээ. Ингэснээр орон сууцтай, хотын төвд амьдардаг иргэд үүнд хамрагдах боломжгүй болж буй юм. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр зорилтот бүлгийнхэнд хүрнэ гэсэн үг. Иргэд оршин суугаа хашааны газраа нийслэлийн Газрын санд зайлшгүй шилжүүлэх ёстой гэсэн зохицуулалтыг тусгасан нь оновчтой шийдэл байв. Ингэснээр тухайн айлын хашаанд өөр хэн нэгэн суурьших боломжгүй болно. Зах замбараагүй суурьшсан гэр хорооллынхныг яг л ийм байдлаар цэгцлэх нь оновчтой.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгаснаар БХБЯ болон Сангийн яам, нийслэлийн ЗДТГ бага, дунд орлоготой иргэдийг бага хүүтэй орон сууцны зээл олгоход ирэх жилүүдэд анхаарч ажиллана хэмээжээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан уржигдар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзахдаа “Ипотекийн зээлийн урьдчилгааг 25, хүүг долоон хувь болгох саналыг Засгийн газарт өргөн барина” хэмээн мэдэгдсэн. Энэ бүгдээс дүгнэхэд төвлөрлийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах зорилготой орон сууцны төсөл, хөтөлбөрүүд ирэх жилүүдэд ч эрчимжих нь. Гагцхүү тэднийг ямар шалгуураар, хэнд олгох вэ гэдгээс ямар үр дүн гарах нь ихээхэн хамаарах учраас нарийн төлөвлөлттэйгээр зохион байгуулахад л анхаарвал зохилтой. Нийслэлийн “Гэр хорооллын хөгжлийн сан”-гаас хэрэгжүүлж буй, орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамруулах хөтөлбөрийг үлгэр болговол ямар вэ. Агаарын чанарыг сайжруулах I,II гэлтгүй гэр хорооллынхныг бүхэлд нь ийм нөхцөлөөр орон сууцтай болговол иргэд хоёр гараа өргөөд дэмжих нь дамжиггүй.