Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг шалгахгүй байна, олон ноцтой баримт байхад АТГ-ынхан юу ч хийхгүй байна хэмээн хэвлэлд удаа дараа мэдээлж байв. Энэ нь АТГ-ын үйл ажиллагааг харлуулах оролдлого хийж буй нэг хэлбэр гэж хэлж болохоор. Яагаад гэвэл Г.Баасан тэргүүтэй Олон нийтийн зөвлөлийнхнийг хэвлэлийн хурал хийхээс ч өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Д.Жигжиднямаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээчихээд байжээ.
Нийслэлийн Прокурорын газрын эх сурвалж “УБТЗ-ын даргаар ажиллаж буй Д.Жигжиднямаад 2017 оны есдүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, мөн оны арваннэгдүгээр сарын 7-нд дээрх зүйл заалтын дагуу 170200173 дугаартай гээд эрүүгийн хоёр ч хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нэртэй хэдэн хүн нийгэмд худал мэдээлэл түгээж, шалгахгүй байна гэсэн утгатай зүйл ярьж буй нь үндэслэлгүй” хэмээсэн юм.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү энэ сарын 9-нд хэвлэлийн хурал хийхдээ “Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе гээд Д.Жигжиднямаад хоёр ч үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэж байв. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийнхөн 2017 оны аравдугаар сарын сарын 11-нд хэвлэлийн хурал хийхдээ “Д.Жигжиднямааг АТГ-ынхан шалгахгүй байна” хэмээж байсан юм.
Авлигын эсрэг хамтарч ажиллах ёстой АТГ, түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхний хэрүүлийн алим болсон, Д.Жигжиднямаатай холбоотой ямар хэрэг шалгаж буйг эх сурвалжуудаас лавлахад “ОХУ-аас хуучин, ачааны 1000 вагон оруулж ирсэн нь эд хөрөнгө завшсан үйлдэл байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа” гэв.
САЙДЫН ТУШААЛЫГ ҮЛ ТООН 20-ИОС ДЭЭШ ЖИЛ ЗҮТГЭСЭН ХУУЧИН ВАГОН АВЧЭЭ
УБТЗ-ын ачаа эргэлт нэмэгдэж буйтай зэрэгцээд зүтгүүр, ачааны вагоны тоог өсгөх хэрэгтэй байгаа. Энэ хэрэгцээ шаардлагыг далимдуулан Д.Жигжиднямаа халаасаа зузаалах гэж оролдсон уу, үгүй юү гэдгийг тогтоохоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хоёр ч хэрэг нээн шалгаж байгааг холбогдох байгууллагынхан баталлаа. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд манай сонинд ярилцлага өгөхдөө “Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороогоор хэлэлцээд, 1000 вагон авах гэрээ хийхээр болсон. Гэхдээ хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалаад Оросоос хуучин вагон авч эхлээд байна. Түүний эхний хэсэг болох 200-гаад вагон нь орж ирсэн. Эдгээр вагон нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартад нийцсэн ачааны хагас вагонууд” хэмээсэн.
Харин тэр орж ирж буй вагонууд нь Зам, тээврийн сайдын 2014 оны аравдугаар сарын 14-ний 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмыг зөрчиж буйг хэд хэдэн эх сурвалж хэллээ.
ЗТХЯ-ныхан сайдын дээрх тушаал хүчинтэй гэдгийг баталсан. Гэтэл уг журмын 4.1.3-т “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 (гуравны нэг)-ээс хэтрэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин вагонууд оруулж ирсэн аж. 2017 оны есдүгээр сарын 20-нд УБТЗ нийгэмлэг, түүний дарга Д.Жигжиднямаа худалдан авагч, “Максбридж ложистик” компанийг төлөөлөн Елена Титова нарын байгуулсан гэрээний хавсралтад байгаа баримтаас үзэхэд ОХУ-аас авч буй вагон нэг бүр нь 620 000 рублийн үнэтэй юм билээ.
Харин үйлдвэрлэсэн хугацаа нь 1994- 1995 оных. Өөрөөр хэлбэл, ашиглагдсанаас хойш 23-24 жил болж буй гэсэн үг. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацаа нь 22 жил байдаг аж. Гэтэл манай УБТЗ-ынхан Зам, тээврийн сайдын дээрх тушаал, түүний хавсралтаар баталсан журмыг зөрчин 1/3 битгий хэл, үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаа нь хэтрээд 2-3 жил болж буй вагон авчихаад байгаа нь анхаарал татаж буй юм. Түүгээр ч зогсохгүй сайдын тушаал нь хүчинтэй байсаар атал ЗТХЯ-наас вагонуудад улсын дугаар, гэрчилгээ өгсөөр байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
УБТЗ-ын харьяа Зүүнхараа, Дархан дахь вагон засварын депод хойд хөршөөс оруулж ирсэн вагонуудаа засаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Зүүнхараа дахь депогийн эх сурвалж “200- гаад вагоныг засаж дууссан. Тэдгээрийн явах эд анги нь гайгүй, ачаа ачдаг хэсэг нь бол нэлээд эвдрэлтэй, хуучин муу гэж хэлж болохоор ч юм байсан. Оросууд хугацаа хэтэрсэн вагон хэзээ ч хөдөлгөөнд оролцуулдаггүй. Манайх хөрөнгө мөнгөгүй учраас хүний хаях гэж байгаа, хуучин муу юмыг авч засаж будаж байгаа юм” хэмээв.
Зам, тээврийн сайдын 2014 оны аравдугаар сарын 14-ний 234 дүгээр тушаалын хавсралт
Дөрөв. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд тавих техникийн шаардлага
4.1.3. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 /гуравны нэг/-ээс хэтрэхгүй байх;
Өөр нэг эх сурвалж “Ер нь бол хуучин юм гэдэг хэцүү л дээ. Бичиг баримт дээрээ 1994-1995 он гэж буй ч 1980-аад оны сүүлчээр үйлдвэрлэсэн вагон ч байгаа л гэсэн. Зарим нь арай ядан явж ирсэн юмнууд ч бий. Төмөр замын бүх зүйл хугацаатай байдаг. Вагоны дугуй л гэхэд тусдаа стандарттай. Гэтэл орж ирсэн вагонууд элэгдэж, муудсан, хөдлөх анги нь авах юмгүй болсон нь ч байна лээ. Өнөө, маргаашдаа гайгүй явлаа гэхэд хэдэн сарын дараа нэг л өдөр аюултай нөхцөл байдал үүсэхийг байг гэхгүй. Ийм вагонд ачаа ачаад явж байгаад осол, эндэгдэл гарахад хэн хариуцлага хүлээх вэ. Сайдын тушаал зөрчсөн эрхтэн дархтан лав үгүй байх. Чанаргүй засвар үйлчилгээ хийсэн гээд вагон засварын албаны хэдэн хүн хариуцлага хүлээх л болов уу” хэмээж байсан юм.
ХОЁР УЛСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ ГУРАВДАГЧ КОМПАНИАР ДАМЖУУЛСНЫ ЦААД УЧИР ЮУ БАЙВ
УБТЗ бол Монгол болон ОХУ-ын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай нийгэмлэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл ОХУ-ын төмөр замд ашиглаж байсан 1000 вагоныг “Максбридж ложистик” гэх Домниканы оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан авсны цаад шалтгааныг мөнгө угаасан байж болзошгүй гэж хардах хүмүүс байгаа юм. Тиймдээ ч үүнийг нь шалгуулахаар АТГ-т хандсан бололтой. Хуулийн байгууллагад хандсан хүмүүс “Монгол, Орос хоёр хамтарч байгуулсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн ОХУ-аас авч байгаа вагоноо яагаад заавал гуравдагч оронд бүртгэлтэй компаниар дамжуулан авч байгаа юм бэ. Нэг хөрөнгө оруулагч улсаасаа шууд худалдан авах ёстой шүү дээ” хэмээн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгуулах өргөдөлдөө дурдсан байдаг юм билээ.
Гуравдагч улсаар дамжуулан ийнхүү авсан нь цаанаа ямар нэг ашиг сонирхол нуугдаж байгаа гэж зарим хүн үзэж буй гэсэн. УБТЗ-ын даргыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгаж байгаа нь гуравдагч орноор дамжуулан ачааны 1000 вагон авах гэрээ хийж, тэдний эхний хэсгийг салбарын сайдынхаа тушаалыг зөрчин байж хилээр оруулж ирсэнтэй нь холбоотой юм гэсэн.
Хугацаа нь дууссан гэж хэлж болохуйц 1000 вагон авахын тулд Зам, тээврийн сайдын 2014 оны аравдугаар сарын 14-ний 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журамд өөрчлөлт оруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан байдаг юм билээ. Дээр дурдсан хугацааг өөрчлүүлэх саналтай бичиг ирж байсан гэдгийн тус яамны эх сурвалжууд баталж буй. Харин мэргэжлийн олон хүн үүнийг эсэргүүцэж, тухайн үед нь Засгийн газар ч солигдсоноор Зам, тээврийн сайдын тушаалыг өөрчилж чадаагүй, ХЗДХЯ-наас саналыг нь буцаасан аж.
“САЙДЫН ЖУРМЫГ ДАГАВАЛ МОНГОЛД ЯВАХ ВАГОН БАЙХГҮЙ БОЛНО” ГЭВ
УБТЗ-ынхан өнөөдөр хөдөлж буй зүтгүүрийн болон вагоны паркаа бараг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна. Харамсалтай нь, цоо шинэ вагон болон зүтгүүр авах хөрөнгө хомс. Евразийг холбосон транзит тээврийн гол зангилаан дээр орших манай УБТЗ-ын ачаа эргэлт ихэссэнтэй холбоотойгоор хөдлөх бүрэлдэхүүн буюу зүтгүүр, вагон хүрэлцэхгүй байгаа гэдгийг дээр дооргүй л ярьдаг. Ийн хүрэлцээгүй байдлаас болоод УБТЗ-д ирсэн захиалга болгоныг биелүүлж чадахгүй байгаа. Тиймээс 1000 вагон авахаар болсон гэдгийг Д.Жигжиднямаа ярилцлагадаа дурдаж байв.
ЗТХЯ-ныхан ч салбарынхаа сайдын 2014 оны 234 дүгээр тушаалын хавсралтад заасныг зөрчин хуучин вагон оруулж ирснийг нь дэмжиж буй юм билээ. Бид өнгөрсөн баасан гаригт тус яамны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, дээрх тушаалыг зөрчин 1000 вагон оруулж ирсэн явдлыг тодруулахаар очсон юм. Тус яамны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнтэй уулзахад “Сайд, эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрөлгүйгээр хэвлэлд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Түүний удирдлагад ажилладаг, төмөр замын хяналтын инженерүүдийн нэг Энхболд ч бас даргатайгаа ижил хариулт өглөө.
Тус яамны хэд хэдэн эх сурвалж “Өнөөдөр манай төмөр замын салбарт ачааны 5000-6000 вагоны хэрэгцээ шаардлага бий. Улс орны эдийн засаг ямар байгаа билээ. Шинээр үйлдвэрлэсэн дээрх тооны вагон авах хөрөнгө улсын санд алга шүү дээ. Тиймээс ОХУ-д явж байсан хуучин 1000 вагон худалдаж авч байгаа юм. Тэдний явах анги нь ямар ч асуудалгүй. Харин ачаа ачих хэсэг нь доторх ачаандаа цохигдоод цөмөрсөн, хугарсан, сэргээн засах шаардлагатай байгаа нь үнэн. Үүнийг УБТЗ-ын харьяа Дархан болон Зүүнхараа дахь вагон депод засаж, үйлчилгээнд гаргахаар болсон.
Зам, тээврийн сайдын 2014 онд гаргасан тушаал одоо ч хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ уг журмыг баривал Монголд явах вагон байхгүй болно. Дийлэнх нь 1990-ээд оноос өмнө үйлдвэрлэсэн, зарим нь 1950- 1960-аад оных ч бий. Улс орны эрх ашгаа нэгдүгээрт тавьж, ачаа эргэлтийг сайжруулах алхам хийн, хуучирсан ч гэсэн 1000 вагон оруулж ирснийг бид буруушаахгүй. Ер нь ОХУ-д манайд нийцсэн ачааны вагон үйлдвэрлэхээ больж, энд тэнд байсан хэдийг нь Казахстан зэрэг орон хуучин гэлтгүй худалдаж аваад дууссан. Үлдсэн хэдийг нь манайх авсан юм билээ” хэмээсэн юм.
Ачааны 1000 вагон худалдаж авахдаа улс орны эдийн засаг, олон улсад хүлээсэн үүрэг хариуцлагаа бодолцож, ямар нэг зуучлагчийн оролцоогүйгээр ОХУ-аас шууд худалдан авчихаж болох л байсан баймаар. Юутай ч хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгалтаараа Д.Жигжиднямаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, эсэхийг тунгааж, шүүх гэм буруутай юу, үгүй юү гэдгийг эцэслэн шийдвэрлэнэ. Тэр болтол ачааны 1000 вагон аюул, осол битгий гаргачихаасай.