“Өмнөговь аймгийн Ноён сумын уулын хэц дагаад явж байтал ирвэстэй халз таарчихав. Ирвэсний бумбаанаас (цоохор ирвэс ялгадсаа хойд хоёр хөлөөрөө самардан булах үед үүссэн жижиг хэлбэрийн овоолсон шороо) дээж авч, шинжилгээ хийх санаатай явж байсан нь тэр. Балмагдсандаа хөдөлж чадаагүй ч харц далдирахгүйгээр түүн рүү ширтэж, аажмаар хойш ухарлаа. Харин өнөөх маань намайг гайхсан янзтай цоо ширтэнэ. Ер нь ирвэс их алмай амьтан. Дүрлийгээд хараад л байна.
Ганц хоёр гишгэснээ байн байн эргэж харсаар нэг л мэдэхэд уулын цаагуур ороод алга болсон. Ирвэс нуугдаж амьдардаг. Дэргэдээс нь 10 орчим метрийн зайтай зогсож байгаа ч эргээд харахад л бараа нь үзэгдэхгүй. Байгальтайгаа зохицсон өнгө зүстэй учир жижиг чулууны цаанаас ч ялгарч харагдахгүй. Малчид “Ирвэстэй таарвал аюултай юу” гэж их асуудаг. Амьтан л болсон хойно, хүнээс эмээж, аль болох дайжна. Мэдээж өөрт нь хор хүргэхгүй бол шүү дээ” хэмээн “уулын эзэн”-тэй 21 дэх жилдээ “найзалж” буй, “Ирвэс хамгаалах сан” ТББ-ын судалгаа, мониторинг хариуцсан менежер Л.Пүрэвжав ярив.
Цээж нь хүнгэнэн дуугарахаас биш, чоно, нохой шиг архирдаггүй, харин тэмээ шиг буйлдаг, бас лазан хэрнээ хүчирхэг, хэнэггүй гээд л ирвэсийг элдэвлэдэг юм билээ. Хамгийн гол нь дэлхийд маш ховор, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны нэн ховордсон ангилалд, Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийн худалдааг олон улсын хэмжээнд зохицуулах конвенцын нэгдүгээр хавсралтад багтсан, Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн ирвэс хэмээх энэ амьтан устах аюулд ойрхон байна.
Дэлхийд ердөө 12 улсад 4000 гаруй л тоо толгой бий гэдэг. Тэдгээрийн 1200 орчим нь Монгол орны Монгол Алтай, Ханхөхий, Хархираа, Түргэний уулс, Хангайн нуруу, Алтайн өвөр говьд амьдардаг. Манай улс цоохор ирвэсний тоогоороо БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог. Өндөр уул, хад асгатай газар амьдардаг учраас түүнийг “уулын эзэн” гэж нэрийддэг байна. Ирвэс их цэвэрч амьтан. Тиймдээ ч муур шиг шинж тэмдгээ үлдээдэг байна. Өөрөөр хэлбэл, тэрхүү шинж тэмдэг буюу бумбааных нь тоогоор тархац, тоо толгойг нь судалж иржээ. Харин орчин үед техник, технологи хөгжиж, судалгаанд үндэслэн ирвэсний тоо толгой, тархац нутгийн хэмжээг тооцон гаргаж буй.
...Цоохор ирвэс байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг бөгөөд эл амьтантай нутагт аргаль, янгир, бусад туурайтан элбэг. Ийм нутагт газрын гарц, бэлчээр ус сайтай учир онгон дагшин байдлыг илтгэнэ. Үүгээрээ зөвхөн ирвэсийг бус, уулсын экосистемийг бүхэлд нь хамгаалж буй хэрэг. Онгон дагшин газар нутаг, ус, агаар, хөрсөө хамгаалахгүй бол үр хойч минь хэрхэн амьдрах билээ. Гэтэл уул уурхайн компаниудын замбараагүй үйл ажиллагаанаас болж зэрлэг амьтны амьдрах газар нутаг хумигдсаар байна...
“Ирвэс хамгаалах сан” ТББ-ынхан 2008 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нуруунаас 23 цоохор ирвэс барьж, GPS суурилуулан сансрын хиймэл дагуулын хүзүүвч зүүжээ. Хүзүүвч зүүлгэх зөвшөөрөл БОАЖЯ-наас аваад аль болох амьтанд эрсдэлгүйгээр, ирвэсний булчинг нь сулруулж, унтуулсны дараа сансрын хиймэл дагуулын хүзүүвч зүүн, камераар хянаж, хэдэн ам метр газарт шилждэг, амьдралын идэвх нь ямар байгааг судалж эхэлжээ. Уг хүзүүвч нь 18 сарын турш мэдээлэл дамжуулж, хугацаа нь дуусахаар автоматаар унадаг байна.
Гурван цаг тутамд шинэ мэдээлэл ирүүлдэг аж. Нэг хүзүүвч ойролцоогоор 4500 ам.долларын үнэтэй гэнэ. Одоогийн байдлаар дөрвөн ирвэс л сансрын хиймэл дагуулын хүзүүвчтэй байгаа бөгөөд алхам бүрээ хүнд хянуулж буй. Ингэж хянасны дүнд нэг эр ирвэс буюу гэнд 255 ам метр газар нутаг эзэмшдэгийг тогтоожээ. Хүзүүвчтэй ирвэс нэг газартаа ойр ойрхон эргэлдээд байвал ямар нэг амьтан барьсан байдаг гэнэ. Ирвэс бумбаа дээрээ заавал эргэн ирдэг бөгөөд “Миний газар нутаг мөн үү, өөр ирвэс ирсэн үү” гэдгийг үнэрлэн мэддэг аж. Нэг гэндийн нутагт 3-4 эм буюу гинс байх магадлалтай гэнэ. Арванхоёр, нэгдүгээр сард ирвэсний үржил эхэлдэг бөгөөд Амь
бөөнөөрөө цугларч явдаг тул айлын мал барих нь элбэгшдэг аж. Энэ үед л ирвэсний “найзууд”-ын чих халууцдаг гэнэ лээ. “Та нар ирвэсээ аваач ээ”, “Энэ амьтныг ингэж хамгаалах хэрэг байна уу, эсвэл нэг ууланд бүгдийг нь хорь” гэх зэргээр малчид “Ирвэс хамгаалах сан” ТББ руу гомдол их тавьдаг аж.
“Уулын эзэн” голдуу аргаль, янгираар хооллоно. Түүнийгээ 4-5 хоног зооглодог байна. Янгирын амьдардаг орчин ирвэснийхтэй давхцдаг учир ийн “хоол” болж буй. Янгир хэдийгээр ховордож байгаа ч ирвэсийг бодоход тоо толгой нь хурдан өсдөг. Ирвэс тэмээ шиг, хоёр жилд нэг удаа үр төлөө үлдээдэг байна. Нүдээ нээгээгүй, 500-хан гр жинтэй гүем хүнд шалгуур давсны эцэст амьд үлддэг аж. Учир нь бяцхан гүемд өндөр хад асганаас унах, ёл, тас зэрэг шувуунд шүүрүүлэхээс эхлээд дайсан мундахгүй.
“Ирвэс хамгаалах сан” ТББ-ынхан өнгөрсөн онд хүзүүвчтэй нэг ирвэсийг дагаж яваад хоёр гүемийг нь барьж, арьсан доогуур нь бичил дамжуулагч суурилуулжээ. Нэг гүемийнх нь нүд сохорсон байсныг эм дусааж өгчээ. Эхийг нь хол явсан хойно гүемийг барьсан бөгөөд бичил дамжуулагчтай болсноор нас биед хүрсний дараа тусгай багажаар шалгаж, хүзүүвч зүүсэн ирвэсний үр зулзага мөн, эсэхийг мэдэх боломжтой аж. Сансрын хиймэл дагуулын хүзүүвчтэй ирвэсээ Заараа, Шонхор, Хашаа гэх зэргээр нэрлэжээ. Гүем хоёр нас хүртлээ эхтэйгээ хамт явж, ан ав барих, аюул ослоос өөрийгөө хэрхэн хамгаалахад суралцдаг байна.
Хээр хөдөө тасарч үлдсэн хонь, ямаа барьж, эсвэл хотонд нь сэм гэтэж, хэрэг хийсний балгаар хүн, ирвэсний хооронд хэзээнээсээ л зөрчил гарсаар ирсэн. Тиймээс ирвэсний тархац хамгийн их Тост, Тосонбумбын нуруун дахь малчин айлд хашаа хороог ирвэс ирэхээр цахилгаан цохидог болгожээ. Энэ нь ирвэсийг үргээхээс бус, ямар нэгэн хор нөлөөгүй. 1990 оноос өмнө хулгайгаар ирвэс агнах нь их байж. Баян-Өлгий аймагт гэхэд л нэг малчин 17 ирвэс агнасан аж. Одоо бол нэн ховор амьтан учраас агнавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон.
Гэвч ирвэсний арьс хилээр гаргах гэж байгаад Хятадын шоронд хоригдсон гэх мэдээлэл бий. Манай улс 1972 оноос ирвэс агнахыг хуулиараа хориглосон. Сонирхуулж хэлэхэд, “Цагаан шонхор”-ын гэх Ч.Энхтайваны “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт ирвэсний арьс олноороо байдаг гэж хүмүүс ярилцдаг. Гадаадын жуулчид ховор амьтны арьс яагаад ийм олноороо байгааг ихэд сонирхон асуудаг гэнэ.
Тэрбээр гаальчдын хураасан арьсыг худалдан авч, гадаад, дотоодын жуулчдын нүдийг хужирлаж байгаа нь тэр аж. Хэдийгээр хулгайн ан багасаж буй мэт боловч нууц хэлбэрээр гарсаар байгаа. Хил, гаалийн албаныхан хяналт, шалгалтаа сайжруулахгүй бол ирвэсний гоёмсог арьсыг худалдаж авах, эд эрхтнээр нь эм бэлдмэл хийх эрэлт их байгаа аж.
Цоохор ирвэс байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг бөгөөд эл амьтантай нутагт аргаль, янгир, бусад туурайтан элбэг. Ийм нутагт газрын гарц, бэлчээр ус сайтай учир онгон дагшин байдлыг илтгэнэ. Үүгээрээ зөвхөн ирвэсийг бус, уулсын экосистемийг бүхэлд нь хамгаалж буй хэрэг. Онгон дагшин газар нутаг, ус, агаар, хөрсөө хамгаалахгүй бол үр хойч минь хэрхэн амьдрах билээ. Гэтэл уул уурхайн компаниудын замбараагүй үйл ажиллагаанаас болж зэрлэг амьтны амьдрах газар нутаг хумигдсаар байна.
Уулыг нь дэлбэлж, усыг нь ширгээснээс болж ирвэс өөр газар руу дайжиж, замдаа өлбөрч үхэж буйг Л.Пүрэвжав судлаач хэлсэн. Өөрийн эзэмшил нутгаа “дээрэмдүүлсэн” ирвэсийг “гэртээ оруулах” төрөл садан үгүй. Тост, Тосон бумбын нуруу байгалийн өвөрмөц тогтоцтой, 1100 гаруй аргаль, янгир идээшилдэг. Янгир байна гэдэг нь ирвэс олноороо буйн шинж. Энэ нуруу нь Монголын төдийгүй дэлхийд маш чухалд тооцогддог. 2016 онд тус нутгийн байгалийн нөөцийг, 2017 онд хилийн цэсийг нь тогтоосон. Хилийн зааг дотор хайгуулын лицензтэй нэг компани бий.
Харин хилийн заагаас эхлээд хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулж буй. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийнх. “Саус гоби коэл транс” компани говийн ганц баянбүрд бүхий усны эх үүсвэрийг тойруулаад ашиглалтын лиценз авчихаад одоо болтол байгаль орчныхоо төлөө гэсэн нутгийн иргэдтэй шүүхээр маргалдаж байгаа. Хэдийгээр баянбүрдийг тойруулж ухаж буй нэртэй ч нидэр дээрээ уурхайн үйл ажиллагааны тоосжилт, газрын гүний усны нөөцөд халдсанаар баянбүрд ширгэх аюултайг нутгийн малчид хэлж байна.
“Гадаадын жуулчдад ирвэс харуулах гэсэн юм” гэх хүсэлт “Ирвэс хамгаалах сан” ТББ руу хэдэн арваараа ирдэг гэнэ. Дэлхийд данстай ч Монголд хорогдож буй “уулын эзэн”-ээ уйлуулах бус, хамгаалж, аялал жуулчлалаа хөгжүүлж, амьтны хүрээлэн ч нээж болмоор. Гэр орон болсон уулс руу нь халдаж, идэш хоолыг нь үргээгээд байхад тэд тэсэх болов уу даа.