Ерөнхийлөгчийн “шилэн” дансны мэдээллээс харвал төрийн одон, медаль үйлдвэрлэхэд зориулсан зардал 2017 онд өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгджээ. 2016 онд үүнд 292.3 сая төгрөг төсөвлөсөн бол өнгөрсөн онд 655.9 саяыг зарлагадсаныг доорх хүснэгтээс харж болно. Эдгээр дүнг нийлүүлбэл тэрбум руу тун дөхөж буйг бас анзаараарай.
Шилэн дансны тухай хуулийг 2015 оны эхнээс мөрдөж буй. Гэсэн хэдий ч тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн (уг нь Шилэн дансны хуулийг санаачлан батлуулсан) 2015 оны “шилэн” дансны хөтлөлтөд таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний талаарх мэдээлэл гэвэл ердөө нэгдүгээр сарынх нь л байна.
Тиймээс “шилэн” дансны хөтлөлтийн хүрээнд дээрх гурван онд хамаарах төрийн одон, медалийн зардлыг харьцуулах боломж бүрдсэнгүй. Нөгөө талаас Ерөнхийлөгч гэлтгүй ерөнхийдөө уг хуулийг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэн. Тухайлбал, Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жилдээ ганцхан удаа олгодог төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонгийн үнэ, зардлыг ердөө өнгөрсөн оны “шилэн” дансанд тусгасан байгаа юм.
Уг одонг 2015 онд хүртсэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2016 оны шагналын эзэн, дуучин Г.Ариунбаатар нарт гаргасан зардлыг дансалж, ил тод хөтлөөгүй нь Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд эргэлзэх нэг шалтгаан. Мөн өнгөрсөн жил Төрийн шагнал хүртсэн, түүхч Д.Өлзийбаатар, Ц.Санчир нараас бусдад нь холбогдох зардлыг 2015, 2016 оны данснаас хайгаад олсонгүй. Уг нь хүүхдийн зохиолч Ж.Дашдондог агсан, ОХУ-ын уран барималч Даши Намдаков нар тухайн онуудад тус шагналыг хүртсэн билээ. Тэгэхээр төрийн одон, медаль буюу “төмөр” хэвлэхэд зарцуулсан мөнгө хэдийнэ тэрбум давж, талийсан гэсэн үг.
Харин зарим одон, медаль үйлдвэрлэх нэг бүрийн үнэ өнгөрсөн жил 2016 оныхоос нэмэгдсэн нь зардлыг өсгөх шалтгаан байж мэдэх ч төдий л жин дарахгүй болов уу. Сонирхуулбал, өдгөө нэг бүрийг нь 4.9 сая төгрөгөөр захиалан хийлгүүлж буй Сүхбаатарын одонг 2016 онд 3.5 сая төгрөгөөр үйлдвэрлэж байжээ. Энэ нь одоогоор Чингис хаан одонгийн дараа орохуйц өндөр өртгөөр бүтэж буй одон юм.
Мөн Хөдөлмөрийн баатар цолны тэмдгийг 3.1 сая төгрөгөөр үйлдвэрлэж байсан ч 2017 онд өртөг нь 300 мянгаар нэмэгдсэн байна. Түүнчлэн Хөдөлмөрийн гавьяаны одонг 23 890-27 800, “Алтан гадас”-ыг 23 900-27 500, Хөдөлмөрийн хүндэт медалийг 9700-11 200, Цэргийн гавьяаны улаан тугийн одонг 23 890-27 400, Цэргийн гавьяаны одонг 18 900-21 800, Цэргийн хүндэт медалийг 9700-11 250 төгрөгөөр захиалах болж, нэг бүрийнх нь өртөг өсчээ.
Гэхдээ 2017 онд ээлжит сонгуулийн үр дүнд халаагаа өгч, авалцсан Ерөнхийлөгч нарын хэн хэн нь төрийн одон, медалийн зардлыг эрс өсгөхөд хувь нэмрээ оруулсан бололтой. Нэг нь явах гэж, нөгөө нь ирж буй учраас найр тавин наалинхайтахдаа одон, медалийг баруун, солгойгүй цацдаг гэх ойлголт нэгэнт тогтсон уу гэвэл бас үнэн. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр ч энэ жишгээс гажсангүй. Одон, медаль олгож буй хүний тоо жил ирэх бүр багасаж байгаа талаар өмнөх Ерөнхийлөгч хэлж байсан ч зардал нь нэмэгдээд байгаа нь хачирхалтай.
Энэ нь төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог одон, медаль, шагналын нэр хүндийг унагаж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз. Орон нутагт одоогийн Засаг дарга нь Тамгын газрынхаа хурлын танхимд одон, медаль гардуулж байхтай зэрэгцээд экс дарга нь намын хорооныхоо байранд бас бус хүмүүсийн энгэрийг цоолох нь энүүхэнд болчихсон. Ер нь томоохон баяр, ёслол бүрээр бараг байгууллага бүрт төрийн шагналын “хур” буудаг. Энэ болгоны дараа тэр тийм шагнал авах ёстой, ёсгүйн талаарх яриа хов болон хөвөрдөг.
Баяр, гомдол зэрэгцдэг. Шагнуулах гэж төрдөө илгээсэн тодорхойлолт нь тоосонд дарагдсаар эзэнтэйгээ хамт үгүй болох тохиолдол байхад утас цохиод л энгэрээ цоолчихдог нь бий гэх. Үүнийг дагаад шагналд хүргэх “зуучлагч” нар ч бий болж, тодорхой үнэ ханш тогтоосон талаар ярьдаг. Ер нь ингэсээр л байх уу.
Үүнийг засах гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх парламентын үед Төрийн шагналын тухай хуулийн төсөл шинэчлэн боловсруулж, дэмжлэг, зэмлэлийн аль алиныг нь хүртээд амжсан. Харин УИХ төслийг нь хууль болгон баталж амжаагүй. Монгол төр аливаа иргэнийхээ амжилт, гавьяаг шударгаар үнэлж, эрэмбэ, дараатайгаар, тодорхой хугацаанд л одон, медалиар шагная гэсэн агуулга нь тухайн үед нэлээд талархал хүлээж байсан юм.
Бүр жил бүрийн аль өдөр төрийн одон, медаль олгохыг нарийн тусгасан заалт тус төсөлд байлаа. Тэрбээр төсөлтэйгөө хамт төрийн цолны тэмдэг, одон, медалийн загварыг шинэчилж танилцуулсан. Үүний хүрээнд 14 төрлийн одон, медалийн загвар гаргаж, зохиогчдод нь урамшуулал олгосон талаар “шилэн” дансандаа бүртгэснийг доорх хүснэгтээс харж болно.